Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогтохын Гандиймаа |
Хэргийн индекс | 102/2023/00068/И |
Дугаар | 102/ШШ2023/03856 |
Огноо | 2023-10-26 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2023/03856
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг ... дугаар хороо ... эмнэлэг... давхар “ГРК” ХХК
Хариуцагч: Баянгол дүүрэг ... дугаар хороо ... хотхон ... дугаар байр ... тоотод оршин суух Ю.Э
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянгол дүүрэг ... дугаар хороо ... хороолол ... байр ... тоотод оршин суух Ц.Г
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:Сүхбаатар дүүрэг ... дугаар хороо ... дүгээр хороолол ... дугаартай барилга ... тоот “ИФ ББСБ” ХХК
Орон сууц чөлөөлүүлж, хохирол 38,500,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, орон сууц чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын төлөөлөгч Ж.Д, хариуцагч Ю.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Үүрийнцолмон
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ГРК” ХХК нь хариуцагч Ю.Э-д холбогдуулан орон сууц чөлөөлүүлж, хохирол 38,500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Хариуцагч Ю.Э-д нь 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ... тоот “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, Баянгол дүүрэг ... дугаар хороо ... хотхон ... дугаар байр/ дугаар байрны ... тоотод байршилтай 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 93,060,000 төгрөгөөр худалдан авсан.
1.2. Дээрх гэрээний төлбөрийг гэрээ байгуулах үед 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 11,500,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөг нийт 26,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 66,560,000 төгрөгийг банкны ипотекийн зээлд хамрагдаж төлөх үүрэг хүлээсэн.
1.3. Хариуцагч Ю.Э нь урьдчилгаа төлбөр 26,500,000 төгрөгийг төлж, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс орон сууцанд амьдарсан. Үлдэгдэл 66,560,000 төгрөгийн төлбөрөөс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 584,886 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 100,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2,447,449 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 465,453 төгрөг тус тус төлсөн.
1.4. Үлдэгдэл төлбөр 62,962,788 төгрөгийг төлөх боломж, хугацаа олгосон боловч хугацаанд нь төлбөрийг төлөөгүй тул 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гэрээнээс татгалзаж, орон сууц чөлөөлөх мэдэгдэл өгсөн. Иймд Баянгол дүүрэг ... дугаар хороо ... хотхон ... дугаар байр ... тоотод байршилтай орон сууцыг чөлөөлүүлнэ.
1.5. Дээрх орон сууцыг хариуцагч нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 55 сарын хугацаанд үүргээ биелүүлэлгүй эзэмшсэн. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдаж байгаатай холбогдуулан орон сууцыг бусдад түрээсэлж олох байсан орлогыг сарын 700,000 төгрөгөөр тооцож хохиролд 38,500,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
2. Хариуцагч Ю.Э нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
2.1. “ГРК” ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээгээр 93,060,000 төгрөгөөр 2 өрөө орон сууц авсан ба 2018 оны 4 дүгээр сарын 26-27-ны өдөр гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр 26,500,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 66,560,000 төгрөгийг 8 хувийн зээлээр төлөхөөр тохирсон.
2.2. Байрны зээлд хамрагдах хүртэл “ИФ ББСБ” ХХК-тай 65,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, орон сууцны үлдэгдэл төлбөрийг гаргаж өгөхөөр болсон. Ингээд 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “ИФ ББСБ” ХХК-тай 2 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж, энэ гэрээний дагуу зээл гарснаар 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “ГРК” ХХК-иас орон сууцыг хүлээж авсан.
2.3. Дээрх зээлийн гэрээний дагуу “ИФ ББСБ” ХХК-д 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сар бүр 625,000 төгрөг төлж байтал ковид-19 цар тахлын улмаас зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй болсон. Энэ талаараа “ГРК” ХХК-д мэдэгдэж, “ИФ ББСБ” ХХК-ийн зээлийн төлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хэвийн төлөлт хийж, гэрээг 1 жилийн хугацаагаар сунгаж өгөхийг хүссэн боловч хүлээж аваагүй.
2.4. “ИФ ББСБ” ХХК-иас орон сууцны үлдэгдэл төлбөрийг “ГРК” ХХК-д гаргаж өгсөн гэж бодож зээл төлж байтал зээлийг гаргаж өгөөгүй юм байна. Мөн 65,000,000 төгрөгийн зээлийг надад бэлнээр олгосон гэсэн баримтад гарын үсэг зуруулсан боловч энэ мөнгийг надад өгөөгүй болно. “ГРК” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Г нь төрсөн дүү Г-гийн хамт “ИФ ББСБ” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг бөгөөд миний хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж залилан мэхлэсэн байна.
2.5. “ГРК” ХХК-тай байгуулсан гэрээгээр байрны ордерыг арилжааны банкинд барьцаалж ипотекийн зээлийн санхүүжилтээр үлдэгдэл төлбөрийг төлөх байсан. Гэтэл дээрх нэгдмэл сонирхолтой 2 компани намайг хууран мэхлэж “ИФ ББСБ” ХХК нь Монгол банкны мэдээллийн санд 65,000,000 төгрөгийн өртэй гэсэн мэдээллийг оруулж ипотекийн зээл авах эрхийг хаасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.
2.6. Нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 26-27-ны өдөр урьдчилгаа төлбөрөөс гадна 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 584,886 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 100,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2,447,449 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 465,453 төгрөг нийт 3,597,788 төгрөгийг нэмж төлсөн гэдэг боловч би ийм мөнгийг “ГРК” ХХК-д төлж байгаагүй. Энэхүү мөнгөн дүн нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл “ИФ ББСБ” ХХК-д төлсөн зээлийн хүүгийн төлбөртэй таарч байгаа. Надад өгсөн гэрээгээр урьдчилгаа төлбөрт нийт 27,918,000 төгрөг төлсөн болох нь нотлогдож байгаа, “ИФ ББСБ” ХХК-д төлсөн 14,375,000 төгрөгийг нэмээд 42,293,000 төгрөг төлсөн байна. Иймд үлдсэн төлбөрийг “Төрийн банк” ХК-ийн ипотекийн зээлээр төлөх саналыг тавьж эвлэрэх хүсэлтэй байна гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Г нь хариуцагчид холбогдуулан дараах шаардлагыг гаргажээ.
3.1. Ю.Э нь орон сууцны үнийг төлөх үүргээ биелүүлэхгүй байсан тул “ГРК” ХХК-иас маргаж буй орон сууцны анхны өмчлөгчөөр намайг бүртгүүлж, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэрчилгээ олгосон.
3.2. “ГРК” ХХК-тай байгуулсан гэрээгээр төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа орон сууцны өмчлөх эрхийг Ю.Э-д шилжүүлэхээр заасан байсан. Иймд намайг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд Ю.Э-ын зөвшөөрөл шаардлагагүй.
3.3. Дээрх маргаж байгаа орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлснээс хойш хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2,447,449 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 465,453 төгрөг төлсөн, үүнээс өөр төлбөр төлөөгүй байна. Миний бие “ГРК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч тул тухайн орон сууцны үнийг төлж дууссан тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй байсан. Харин Ю.Э нь сүүлийн 3 жилийн хугацаанд ямар ч төлбөр төлөөгүй орон сууцанд үнэ төлбөргүй, хууль бусаар амьдарч байх тул түүний хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.
4. Гуравдагч этгээдийн шаардлагыг хариуцагч дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна.
4.1. “ГРК” ХХК-тай байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөрийг “ИФ ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр гаргасан 65,000,000 төгрөгөөр төлөгдсөн гэж ойлгож байсан. Шүүх хуралдааны явцад зээлээр төлөгдөөгүйг ойлгосон бөгөөд үлдэгдэл төлбөрийг “ГРК” ХХК-д төлөх үүрэгтэй байна. Миний бие гэр бүлийн орлого, бусад баримт бичгийн хувьд “Т банк” ХК-ийн ипотекийн зээлийн шаардлагыг хангаж байгаа тул орон сууцны гэрчилгээг гаргаж өгч, банкны зээлээр төлбөр төлөх нөхцөлийг хангаж өгөхийг хүсэж байна.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ИФ ББСБ” ХХК нь нэхэмжлэгчийн тайлбарыг дэмжиж оролцсон бөгөөд зээлийн төлбөрт 14,376,000 төгрөг төлөгдсөн, үүнээс өөр төлбөр төлөөгүй гэсэн тайлбарыг гаргасан байна.
6. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: “ГРК” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн * дугаартай орон сууц захиалгын гэрээ, орон сууцны тодорхойлолт, хөрөнгө оруулах журам, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Ю.Э-с гаргасан өргөдөл, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Ю.Э-с гаргасан өргөдөл, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн мэдэгдэл, 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн “ГРК” ХХК-ийн * дугаартай мэдэгдэл, 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн түрээсийн гэрээ, 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн түрээсийн гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээ, 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн түрээсийн гэрээ, зээлийн дансны хуулга, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн * дугаартай орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсийн * дугаартай албан бичиг, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “ГРК” ХХК-ийн * дугаартай албан бичиг, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /I-ХХ-ийн 3-17, 53-56, 58-61, 63-66, 68-71, 72-75, 130-135 дугаар тал, II-ХХ-ийн 65 дугаар тал /
7. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн * дугаартай орон сууцны зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээ, замын унаа үйлчилгээ үзүүлэх гэрээ, ачаа тээвэрлэлтийн гэрээ, хамтран ажиллах гэрээ, Хаан банкны виз мэдүүлэгчийн дансны хуулгын хураангуй, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны орлогын мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Ю.Э-ын гаргасан өргөдөл, Т банкны орлогын мэдүүлэг, 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн * дугаартай Х банкны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн дуудлагын жолооч үйлчилгээний гэрээ, даатгалын гэрээ, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн замын унаа үйлчилгээ үзүүлэх гэрээ, ачаа тээвэрлэлийн гэрээ, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, зээлийн дансны хуулга, “Ю” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн * дугаартай тодорхойлолт, Төрийн банкны орлогын мэдүүлэг, зээлийн мэдээллийн лавлагаа, 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Ю.Э-с гаргасан хүсэлт, “ГРК” ХХК болон “ИФ ББСБ” ХХК-д төлсөн төлбөр, Г банкны төлбөрийн баримт / I-ХХ-ийн 27-49, 84-125, 127-128, 136-137, 147, 150 170-172, II-ХХ-ийн 41-44 дугаар тал/
8. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс дараах нотлох баримтуудыг цуглуулсан байна. Үүнд: Ц.Г хилээр орсон гарсан лавлагаа /II-ХХ-ийн 17 дугаар тал/
9. Хариуцагчийн хүсэлтээр шүүхээс дараах нотлох баримтуудыг цуглуулсан байна. Үүнд: Л.О-с гэрчийн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл / II-ХХ-ийн 63-64, 66-68 дугаар тал/
10. Шүүх дараах баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн “Орон сууц захиалгын гэрээ”, “Орон сууц захиалгын нэмэлт гэрээ”-ний дагуу хариуцагч Ю.Э-ын төлбөр төлсөн баримтууд, Ю.Э-той2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Орон сууцны зээлийн гэрээний дагуу 65,000,000 төгрөгийг зээлдэгчид олгосон баримт, уг зээлийг бэлэн олгосон бол бэлэн мөнгөний тайлан, зээлийн дансны хуулга, зээлийн төлбөр төлсөн баримтууд, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн * дугаартай барьцааны гэрээний дагуу барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Баянгол дүүрэг ... дугаар хороо ... хотхон ... дүгээр байр ... давхарт ... тоотод байршилтай 47 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны хувийн хэрэг, уг орон сууцанд барьцааны эрх бүртгэгдсэн эсэх талаарх баримтууд /I-ХХ-ийн 164, 165, 173-177, 181-229, 233, 234 дугаар тал, II-ХХ-ийн 63-64, 66-68, 81-82 дугаар тал /
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. Учир нь:
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нь худалдан авсан орон сууцны үлдэгдэл төлбөр болох 66,560,000 төгрөгийг банкны ипотекийн зээлд хамрагдаж төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн, 2018-2020 онд 3,597,788 төгрөг төлж үлдэгдэл нь 62,962,212 төгрөг болсон. Үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж боломж олгосон боловч төлөөгүйгээс гэрээнээс татгалзаж буйгаа мэдэгдсэн. Иймд хариуцагч нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхгүй болох нь илт болсон тул гэрээнээс татгалзаж, орон сууц чөлөөлүүлэх, 55 сарын хугацаанд олох байсан орлого 38,500,000 төгрөг гаргуулна.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Орон сууцны үлдэгдэл төлбөрийг “ИФ ББСБ” ХХК-ийн зээлээр төлөгдсөн гэж ойлгож зээлийн төлбөр төлж байсан, ковидын улмаас зээл төлж чадахгүй болсноор орон сууц чөлөөлөхийг шаардаж эхэлсэн, нэгдмэл сонирхол бүхий 2 компани намайг хууран мэхэлж, ипотекийн зээл авах боломжгүй болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “ГРК” ХХК, Ю.Э нарын хооронд “Орон сууц захиалгын гэрээ” бичгээр байгуулагдсан байх ба уг гэрээгээр “ГРК” ХХК нь Баянгол дүүрэг ... дугаар хороо ... хороолол ... дүгээр байр ... дугаар давхарт ... тоотод байршилтай 47м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2018 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх, Ю.Э нь орон сууцны үнэ болох 93,060,000 төгрөгийг төлөх үүрэг тус тус хүлээсэн байх ба урьдчилгаа төлбөрт 26,500,000 төгрөг төлж, үлдсэн 66,560,000 төгрөгийг 8%-ийн зээлд хамрагдаж төлөхөөр тохиролцсон байна.
Дээрх гэрээний 1.1-д “бэлтгэгч “ГРК” ХХК нь гэрээний хавсралт №1-д заасан орон сууцны барилгыг өөрийн материалаар захиалагчийн захиалсан нөхцөлийн дагуу чанарын шаардлагад нийцүүлэн барьж, ашиглалтад хүлээлгэн өгөх, захиалагч гэрээний 1.2-т заасны дагуу хөрөнгө оруулалтыг хийж, захиалсан орон сууцыг хүлээн авахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна” гэсэн байх ба тухайн гэрээг талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлжээ. /ХХ-ийн 5-10 дугаар тал/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Үүнээс үзвэл ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байх бөгөөд энэхүү ажлын үр дүн нь захиалагчийн захиалгаар ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагааны үр дүнд бий болдог. Өөрөөр хэлбэл дээрх гэрээний зүйл нь захиалагчийн хүссэн шинж чанар, тоо хэмжээ бүхий нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд зүйл байна. Талуудын тайлбар болон гэрээний тохиролцооноос үзвэл хариуцагч нь орон сууц захиалан бариулах захиалга өгөөгүй, харин нэхэмжлэгчийн барьж буй орон сууцны барилгаас 2 өрөө орон сууц авах зорилготой байх бөгөөд түүний үнийг төлөх, нэхэмжлэгч нь 2018 оны 2 дугаар улиралд багтаан орон сууцны эзэмших эрхийг шилжүүлэх, орон сууцны үнэ бүрэн төлөгдөх хүртэл тухайн орон сууцны өмчлөгч нь “ГРК” ХХК байх агуулга бүхий гэрээ байна. Энэхүү гэрээний агуулга, шинж, нөхцөл, талуудын хүлээсэн үүргээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Дээрх үүргээс нэхэмжлэгч нь орон сууцыг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчийн эзэмшилд шилжүүлж үүргээ биелүүлсэн, хариуцагчийг орон сууцны үнээс гэрээ байгуулах үед 26,500,000 төгрөг, орон сууцыг эзэмшилд шилжүүлсэнээс хойш 3,597,788 төгрөг нийт 30,097,778 төгрөг төлсөн, үлдсэн 62,962,212 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш огт төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн нь гэрээнээс татгалзах үндэслэл болсон гэж тайлбарлав.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагчийн хувьд худалдаж буй эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх нь тэдний үндсэн үүрэг болно. Энэхүү үндсэн үүргээ зөрчсөн тохиолдолд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, мөн хуулийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хэн аль нь гэрээнээс татгалзах эрхтэй. Мөн үүнээс гадна Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөлийг зохицуулсан байна. Иймд худалдан авагч буюу хариуцагч гэрээний үндсэн үүргээ зөрчсөн эсэх, зөрчсөн бол худалдагч, худалдан авагчийн хэнийх нь буруутай үйл ажиллагаатай холбоотой буюу гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай байна.
Хариуцагч нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “ИФ ББСБ” ХХК-тай “Орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулсан байх ба уг гэрээгээр 65,000,000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар 24 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй төлөхөөр тохирч, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг маргаан бүхий орон сууц болох Баянгол дүүрэг ... дугаар хороо ... хороолол ... дүгээр байрны ... дугаар давхарт ... тоотод байршилтай 47м2 талбай бүхий 2 өрөө орон сууцаар хангуулах агуулга бүхий барьцааны гэрээг байгуулсан байна. Тухайн барьцааны гэрээгээр хариуцагчийн өмчлөлд шилжээгүй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон байхаас гадна хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн газарт бүртгэгдээгүй байна. Хариуцагч нь дээрх “орон сууцны зээлийн гэрээ”-ний зээл, хүүгийн төлбөрт нийт 75,111,125 төгрөг төлөх үүрэг хүлээж сар бүрийн 25-ны өдөр 625,000 төгрөгөөр нийт 14,375,000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлөх, үлдсэн 60,736,125 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр тохирсон байх ба 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 13,751,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 625,000 төгрөг нийт 14,376,000 төгрөгийг “... хороолол ... тоот Ю.Э-оос зээл төлөлт” гэсэн утгаар төлсөн үйл баримт тогтоогдов. /ХХ-ийн 89-114, 175-176 дугаар тал/
Дээрх зээлийн гэрээгээр хариуцагчид олгох 65,000,000 төгрөгийг “ГРК” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу авсан орон сууцны төлбөрт шилжүүлж, хариуцагч нь ипотекийн зээлд хамрагдах хүртэл “ИФ ББСБ” ХХК-д 2 жилийн хугацаанд зээлийн төлбөр төлөх үүргийг хүлээсэн гэж маргаж байгаа бол нэхэмжлэгч нь “ИФ ББСБ” ХХК-тай зээл авах асуудлаар хариуцагчийг зуучилж өгсөн, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу авсан 65,000,000 төгрөгийг “ГРК” ХХК-д шилжүүлээгүй гэж маргасан.
“ИФ ББСБ” ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 65,000,000 төгрөгийг Ю.Э-д бэлнээр олгосон гэж кассын зарлагын ордер, бэлэн мөнгөний дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч дараах үндэслэлээр үгүйсгэгдэж байна гэж үзлээ. Үүнд: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ” гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл зээл эргэн төлөгдөх баталгаа болгож барьцаа эсхүл батлан даалттайгаар, хүүтэй, тодорхой хугацаатай олгодог зээлийг банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл гэж ойлгоно.
Хариуцагчтай байгуулсан барьцааны гэх гэрээгээр барьцаалсан орон сууц /одоо маргаж буй орон сууц/ нь тухайн үед хариуцагчийн болон бусад этгээдийн өмчлөлд бүртгэгдээгүй байсан болох нь орон сууцны хувийн хэргээр тогтоогдсон. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн эд хөрөнгө байж болох боловч уг этгээдээс зөвшөөрөл авч барьцааны гэрээг байгуулж, тухайн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны эрх үүсэх болохыг мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан. Иймд “ИФ ББСБ” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх үүсээгүй гэж үзнэ. Үүнээс үзвэл “ИФ ББСБ” ХХК нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт нийцээгүй буюу зээлийг буцааж төлүүлэх нөхцөлийг бүрэн хангаагүй гэрээ байгуулсан байна. Мөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн гэрээ нь зээлдүүлэгч, зээлдэгчийн хэн алинд нь харилцан ашигтай байх зарчмыг баримтлах бөгөөд ийм үйл ажиллагаа эрхлэгч этгээдийн “нийтлэг тогтоогдсон зээлийн хүү”-гээс хэд дахин бага хувьтай зээлийг хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь бодит нөхцөлд нийцэхгүй байна. Иймд дээрх гэрээгээр хариуцагчид бодитоор 65,000,000 төгрөгийн зээлийг олгоогүй гэж үзэв.
Мөн нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч Ю.Э-ын “ГРК” ХХК-д гаргасан өргөдөлд “ИФ ББСБ” ХХК-иас 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 65,000,000 төгрөгийн зээл гаргаж өгснөөр “ГРК” ХХК-иас орон сууцаа хүлээн авч байсан талаар дурджээ. Үүнээс үзвэл “ИФ ББСБ” ХХК-иас зээлийг бэлнээр хариуцагчид олгоогүй нь тодорхой байх бөгөөд харин тухайн хуулийн этгээдтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн гэсэн итгэл үнэмшилтэй байсан нь илэрхий байна. Үүнээс гадна хариуцагч нь “ИФ ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүртэл зээл, зээлийн хүүгийн төлбөр болох 625,000 төгрөгийг сар бүр тасралтгүй төлсөн нь “ИФ ББСБ” ХХК-тай байгуулсан гэрээгээр орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн гэж үзэж байсныг нотолж байна. Иймд “ГРК” ХХК нь “ИФ ББСБ” ХХК-иас 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 65,000,000 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй, хариуцагч нь “ИФ ББСБ” ХХК-д 65,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг төлж байгааг мэдсээр атлаа 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хариуцагчийг удаа дараа худлаа ярьж үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.
Дээрх өргөдөлд дурдсанаар хариуцагч нь 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл “ИФ ББСБ” ХХК-тай байгуулсан гэрээгээр орон сууцны үнэ төлөгдсөн гэж үзэж байсан ба үүнээс хойш орон сууцны үнэ төлөгдөөгүйг мэдсэн боловч ковид-19 цар тахлын улмаас ипотекийн зээлийн хүсэлт гаргах, уг зээлд хамрагдах бодит боломжгүй болсон нийтэд илэрхий үйл баримт тогтоогдож байна. Мөн “ИФ ББСБ” ХХК-д бодитоор олгоогүй зээлийн төлбөрийг төлөх үүрэг үүсч, уг зээлийг ковид-19 цар тахлын улмаас төлөх чадваргүй болсноор “анхаарал хандуулах” зээлийн ангилалд хамаарч ипотекийн зээлийн шалгуурыг хангахгүй нөхцөл байдалд хүрчээ. Иймд дээрх нөхцөл байдлуудыг бий болоход нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн бөгөөд хариуцагчийг “ИФ ББСБ” ХХК-д зээлийн төлбөр төлж байсныг нэхэмжлэгчийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй болно. Энэ талаар мэдэж байсан болох нь “ГРК” ХХК-ийн борлуулалтын менежер Л.О-н гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй. Мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг “ГРК” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Г-ын нэр дээр 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр бүртгүүлсэн байх ба уг орон сууцыг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс “С.ф ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны эрхэд бүртгүүлсэн, одоог хүртэл барьцааны эрх бүртгэлтэй болох нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч нь орон сууцны үлдэгдэл төлбөр 66,560,000 төгрөгийг 8 хувийн зээлд хамрагдаж төлөх хариуцагчийн саналыг хүлээн авч гэрээ байгуулсан атлаа хариуцагчийг ипотекийн зээлийн шалгуурыг хангах нөхцөлийг бүрдүүлээгүй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай” гэж заасан гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэл тогтоогдсон гэж үзэв.
Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 584,886 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 100,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2,447,449 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 465,453 төгрөг нийт 3,597,788 төгрөгийг төлсөн гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд ийм хэмжээний төлбөрийг “ГРК” ХХК-д төлөөгүй, харин зээлийн хүүгийн төлбөрт “ИФ ББСБ” ХХК-ийн дансанд төлж байсан гэжээ. Иймд дээрх хугацаанд орон сууцны төлбөрийн үлдэгдлийг “ГРК” ХХК-д төлөхийг хариуцагч мэдэж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах эрхгүй байх тул хариуцагчийн эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол 38,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Бие даасан шаардлагын талаар:
Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг “ГРК” ХХК-ийн зөвшөөрлөөр уг хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Г нэр дээр 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Тухайн орон сууцны барилгын дугаарыг талууд гэрээгээр 801 гэж тодорхойлсон боловч Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсээс олгосон хаягжилтаар орон сууцны барилгыг 502 гэж тогтоосон байгааг дурдах нь зүйтэй.
Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ба энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, өмчлөгч нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь өмчлөгчийн эд хөрөнгийг эзэмших эрхгүй байх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн урьдчилсан нөхцөл юм.
Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж зааснаар хариуцагч үнийг бүрэн төлж дууссанааар нэхэмжлэгч нь хариуцагчид өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ биелүүлэхгүй байсан үндэслэлээр орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн гэж байгаа боловч хариуцагчийг үүргээ биелүүлээгүйд нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөнөөс гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон. Иймд гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзаж гэрээний харилцаа дуусаагүй байхад маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч хууль бус шилжүүлгээр гуравдагч этгээдэд өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч энэ талаар өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй, мэдэх боломжгүй нөхцөлд эд хөрөнгийг шударгаар олж авсан гэж үзнэ. Энэ талаар Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт “Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй” гэж зохицуулсан. Гуравдагч этгээд болох Ц.Г нь “ГРК” ХХК, Ю.Э нар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг асуудлаар маргаантай байгаа буюу гэрээний харилцаа дуусгавар болоогүй гэдгийг мэдсэн атлаа өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авсан тул Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн эрхийг Ц.Г хэрэгжүүлэх эрхгүй этгээд байна.
Харин хариуцагч Ю.Э нь “ГРК” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу маргаан бүхий орон сууцыг эзэмшиж байгаа болох нь тогтоогдсон. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний худалдагчийн үндсэн үүрэг нь худалдаж буй эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлөх үүрэг хүлээнэ. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хувьд худалдагч нь эд хөрөнгийг худалдан авагчийн бодит эзэмшилд шилжүүлэхээс гадна өмчлөл шилжүүлэх үүргийг хүлээж байдаг. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд үндэслэдэг тул зөвхөн эзэмшил шилжүүлэх нь хангалтгүй бөгөөд хуульд заасан журмын дагуу худалдан авагчид өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг хүлээнэ. Энэхүү үүргээс нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшилд орон сууцыг шилжүүлэх үүргээ биелүүлсэн ба 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хариуцагчийн бодит эзэмшилд байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж зааснаар маргаан бүхий орон сууцыг хариуцагч хууль ёсоор эзэмшилдээ авчээ. Энэхүү эрх дуусгавар болоогүй буюу нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах эрхгүй болох талаар үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсэгт дүгнэсэн. Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ”, мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэж зааснаар хариуцагч нь орон сууцны хууль ёсны эзэмшигч бөгөөд түүнээс эзэмших эрхээ шилжүүлэхийг шаардаж болохгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Гантулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ю.Э-д холбогдох Баянгол дүүрэг ... дугаар хороо ... хороолол ... гудамж ... дугаар байр ... тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлж, хохирол 38,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ГРК” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ю.Э-д холбогдох Баянгол дүүрэг... дугаар хороо... дугаар хороолол .. ...гудамж ... дугаар байр ... тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,650 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА