| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2023/02890/И |
| Дугаар | 102/ШШ2023/04317 |
| Огноо | 2023-11-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2023/04317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг ... дугаар хороо ... гудамж өөрийн байр “КБ” ХК /РД:*/
Хариуцагч: Баянгол дүүрэг ... дугаар хороо... дүгээр хороолол ... гудамж 8 дугаар байр ... тоотод оршин суух П.Г /РД:*/
Зээлийн гэрээний үүрэгт 3,937,506 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Х, хариуцагч П.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ч.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Намуун
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “КБ” ХК нь хариуцагч П.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. П.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Зээлжих эрхтэй картын гэрээгээр 2,000,000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, 1,997,000 төгрөгийн зээлийг ашигласан ба үүнээс 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 850,315.95 төгрөг төлж, зээлийн төлбөрт 1,146,684.05 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс хойш уг гэрээний үүргээ биелүүлээгүй 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 1,146,684.05 төгрөг, хүү 559,887.02 төгрөг байсныг 47,000 төгрөгийн хүүгийн залруулга хийж, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдлийг 1,193,684.05 төгрөг, хүүгийн үлдэгдлийг 515,837.46 төгрөгөөр тохирч, уг зээлийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ”-гээр кредит картын гэрээ рүү шилжүүлсэн.
1.2. Энэхүү гэрээгээр ашигласан зээлийн үлдэгдэл 1,193,684.05 төгрөгийг 24 сарын хугацаатай, бэлэн бус худалдан авалтын сарын хүүг 2 хувь, бэлэн мөнгөний сарын хүүг 3 хувь, хугацаа хэтрүүлсний шимтгэлийг 1 хувиар тооцож төлөхөөр тохирсон. Уг гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч үүргээ гүйцэтгээгүй байна.
1.3. Дээрх гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй тул зээлийн үлдэгдэл 1,193,684 төгрөг, хүүг жилийн 24 хувиар тооцож 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 1,542,901 төгрөг, хугацаа хэтрүүлсний шимтгэл 1,200,921 төгрөг нийт 3,937,506 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
2.1. 2017 онд Салхи хамтлагийн тоглолтыг зохион байгуулах менежерээр ажиллаж байхдаа заалны түрээсийн төлбөрийг төлөх зорилгоор 2,000,000 төгрөгийг зээлж авч өгсөн. Үүнээс 1,000,000 төгрөгийг “КБ” ХК хариуцахаар тухайн үеийн салбарын захиралтай тохирсон, зээлийн үлдэгдлийг “КБ” ХК-ийн шинэ жилийн арга хэмжээнд Салхи хамтлагийг дуулуулснаар дууссан гэж ойлгосон. Гэтэл 2019 оны 5 дугаар сард 1,000,000 төгрөгийн өрөнд орсноо мэдсэн бөгөөд кредит карт руу шилжүүлээд тодорхой хэмжээний мөнгө оруулчихвал хүү бодогдохгүй гэсний дагуу тодорхой ойлголтгүй 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн гэрээг байгуулсан.
2.2. Дээрх гэрээгээр 1,000,000 төгрөг төлнө гэсэн ойлголттой байсан, хүү тооцогдож ийм хэмжээнд хүрнэ гэж бодоогүй, хүнд авч өгсөн зээлийг хүүтэй өссөн дүнгээр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.
2.3. Гэрээний 6.2, 6.3-т зааснаар нэхэмжлэгч нь гэрээг хугацааны өмнө цуцлах, зээл төлүүлэх арга хэмжээ аваагүй тул хүү төлөх үндэслэлгүй гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: “КБ” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээл, зээлийн хүүний тооцоолол, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр * дугаартай “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ”, оршин суугаа хаягийн тодорхойлолт, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн * дугаартай зээлжих эрхтэй картын гэрээ, кредит дансны хуулга, зээл төлөх тухай 2018 оны 6 дугаар сарын 13, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн мэдэгдлүүд /ХХ-6-11, 28, 29-30, 38-43 дугаар тал/
4. Хариуцагч нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр * дугаартай “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ” байгуулсан, уг гэрээгээр үндсэн зээлийн төлбөрт 1,193,684 төгрөг, хүүгийн төлбөрт 1,542,901 төгрөг, хугацаа хэтрүүлсний шимтгэл 1,200,921 төгрөг нийт 3,937,506 төгрөг төлөх үүрэгтэй байна.
3. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: 2017 онд 2,000,000 төгрөгийн зээлийг хүнд авч өгсөн, үүнээс 1,000,000 төгрөгийн зээлийг “КБ” ХК хариуцахаар болж, зээлийн төлбөрийг 1,000,000 төгрөг гэж ойлгосон, хүнд авч өгсөн зээлийг хүүтэй өссөн дүнгээр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байхад нэхэмжлэгч нь гэрээг хугацааны өмнө цуцлах, зээл төлүүлэх арга хэмжээ аваагүй тул хүү төлөх үндэслэлгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчийн хооронд 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр * дугаартай “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээгээр “КБ” ХК нь 2,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг 24 сарын хугацаатай, бэлэн бус гүйлгээний сарын хүү 2 хувь, бэлэн мөнгө авсны зарлагын сарын хүү 3 хувиар ашиглуулах, П.Г нь кредит картад үүссэн зээлийн зарцуулалт, түүний хүү, кредит картын ерөнхий нөхцөлд заасан шимтгэл, хураамжийг гэрээнд заасан хугацаа, нөхцөлийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ. Уг гэрээний агуулга, шинж, талуудын эрх, үүргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээг байгуулсан асуудлаар талууд маргаагүй, харин хариуцагч нь зээлийн үлдэгдэл төлбөрийг 1,000,000 төгрөг гэж тохирсон, нэхэмжлэгч нь гэрээг хугацааны өмнө цуцлаагүй, зээл төлүүлэх арга хэмжээ аваагүй үндэслэлээр хүү төлөх үндэслэлгүй гэж маргав.
Талууд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Зээлжих эрхтэй картын гэрээ” байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 2,000,000 төгрөгийн зээлжих эрхтэй картыг 12 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй ашиглуулах, хариуцагч нь ашигласан зээл, түүний хүүг сар бүр төлөх үүрэг тус тус хүлээсэн байна. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч зээлийг ашигласан болох нь талуудын тайлбар, зээлийн дансны хуулгаар тогтоогдов. /ХХ-ийн 29, 38 дугаар тал/
Дээрх зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр үндсэн зээлийн төлбөрт 850,315.56 төгрөг, хүүгийн төлбөрт 132,943.56, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 16,740.49 төгрөг нийт 1,000,000 төгрөгийг “салхи хамтлаг Болотек” гэсэн утгаар төлж, зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,146,684.05 төгрөг болсон байна. Үүнээс хойш зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй байх бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн хүү 562,837.46 төгрөг болсныг хүүгийн залруулга хийж, зээлийн үндсэн төлбөрөөс 47,000 төгрөгийг хүүд суутгаж, үндсэн зээлийн үлдэгдлийг 1,193,684.05 төгрөг гэж тохирч, уг үүргийг өөр төрлийн зээлийн гэрээгээр гүйцэтгэхээр талууд тохиролцож, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ”-г байгуулжээ. Энэ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцнэ. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Харин талуудын байгуулсан Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний 3.1-д “хугацаа хэтрүүлсний шимтгэл 1 хувиар тооцож төлөхөөр заасан байх ба энэхүү заалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасанд нийцээгүй байна. Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр үүрэг гүйцэтгэх хугацааг зээлдэгч хэтрүүлсэн бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй ба эдгээрээс өөр хугацаа хэтэрсэнтэй холбоотой хүү, шимтгэл төлөх талаар хуульд заагаагүй. Иймд нэхэмжлэгч нь гэрээний 3.1-д заасан хугацаа хэтрүүлсний шимтгэл гэх 1,200,921 төгрөг шаардсан нь үндэслэлгүй.
Хариуцагчийн шүүх хуралдааны үед гаргасан тайлбараар зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй болохоо мэдэж байсан үйл баримт тогтоогдсон, мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдэж, ийнхүү биелүүлэхгүй бол хэтэрсэн хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдох болохыг сануулж байсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд зээлийн гэрээгээр хариуцагчийн гүйцэтгэх үүргийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь гэрээг хугацааны өмнө цуцлах, зээл төлүүлэх арга хэмжээ аваагүй гэсэн хариуцагч талын тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв. Иймд хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр 1,193,684 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл бодогдсон хүү 1,542,901 төгрөг нийт 2,736,585 төгрөг гаргуулж, хугацаа хэтрүүлсний шимтгэл гэх 1,200,921 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Г 2,736,585 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “КБ” ХК-д олгож, нэхэмжлэлээс 1,200,921 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,952 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч П.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 58,735 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “КБ” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА