| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2023/02363/И |
| Дугаар | 102/ШШ2023/04362 |
| Огноо | 2023-11-30 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2023/04362
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг ... дугаар хороо ... тоотод оршин суух М.А
Хариуцагч: Баянгол дүүрэг ... дугаар хороо ... дүгээр байр ... тоотод оршин суух С.М
Шүүхийн шийдвэрээр төлөөгүй тэтгэлэгт 16,665,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Г, хариуцагчийн төлөөлөгч Н.Э, хариуцагчийн өмгөөлөгч Н.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Намуун
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.А нь хариуцагч С.М-т холбогдуулан 16,665,600 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 684 дугаар шийдвэрээр эцэг, эх болох С.М, Ч.Г нарын гэрлэлтийг цуцлаж, хуульд заасан хэмжээгээр эцэг С.М-аас тэтгэлэг гаргуулж охин М.А, хүү М.Х нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн.
1.2. Дээрх шүүхийн шийдвэрээр хариуцагч С.М нь 2010 оноос хойш тэтгэлэг төлөөгүй бөгөөд Ч.Г-гээр нэг бичиг бичүүлж 2013 онд тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хаалгасан байна. Үүнийг мэдэлгүй дахин шүүхэд хандаж гүйцэтгэх хуудас авч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн боловч давхардуулж гүйцэтгэх хуудас олгосон гэж хүчингүй болсон.
1.3. Нэгэнт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хаагдсан учраас шүүхийн шийдвэрээр М.А-д төлөөгүй тэтгэлгийг тооцоолж 16,665,600 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
2. Хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
2.1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн * дугаар шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг төлүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2009-2013 оныг хүртэлх хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансаар тэтгэлэг төлж байсан. Ингээд 2013 онд Ч.Г-тэй харилцан тохиролцсоны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргаж ажиллагааг дуусгавар болгож хаалгасан.
2.2. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг хаалгасан боловч 2013-2022 оныг хүртэлх хугацаанд 2 хүүхдийнхээ нэр дээр хадгаламж нээж хуримтлуулахыг хичээж, хичээлийн хэрэгсэл, сургалт болон дамжааны төлбөр, хэрэглээний мөнгийг Ч.Г болон охин М.А-гийн дансаар шилжүүлж байсан. Энэ хугацаанд нийт 17,553,800 төгрөгийг дансаар шилжүүлсэн байна. Тухайн үед охин М.А-гийн тэтгэлгийг авахгүй, хүү М.Х-гийн сургалтын төлбөрийг төлөх байдлаар эвлэрээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгаж байсан боловч хувиараа ажил хийж байх үедээ боломжоороо өгч байсан.
2.3. Ч.Г нь шүүхийн шийдвэрийг дахин гүйцэтгүүлэхээр 2022 онд хүсэлт гаргаж, дахин гүйцэтгэх хуудас олгогдсоны улмаас 2022 оны 8 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сарыг дуустал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрээр цалингаас 2,158,570 төгрөгийг суутгасан. Дахин олгогдсон гүйцэтгэх хуудсыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн * дугаар захирамжаар хүчингүй болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хаагдсан. Иймд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн * дугаар шийдвэрийн дагуу шаардаж байгаа 16,665,600 төгрөгийг төлөх үндэслэлгүй.
2.4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр шийдвэр байгаа тохиолдолд иргэний хэрэг үүсэхгүй гэж заасан. Энэ маргааны хувьд тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, тухайн шийдвэрийг талууд өөрсдөө хүсэлт гаргаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: суурь боловсролын гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн * дугаартай гүйцэтгэх хуудас, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлөр барагдуулах ажлын албаны 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн * дугаартай захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хуулийн дугаар шийдвэр, гэний хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн * дугаар шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн * дугаартай захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /I-ХХ-ийн 3-10 дугаар тал, II-XX-ийн 17-/
4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Ч.Г-ийн гаргасан хүсэлт, Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн * дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, Төр захиргааны авто бааз УТҮГ-ын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн * дугаартай албан бичиг, Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Шүүхийн тусгай архивын 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн * дугаартай албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн * дугаартай шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн * дугаартай захирамж, мөн өдрийн * дугаартай гүйцэтгэх хуудас, гүйцэтгэх хуудас хүлээн авсан тухай баримт гаргаж өгсөн байна. / I-ХХ-ийн 18-20, 23-247, II-XX-ийн 20-25 дугаар тал/
5. Шүүхийн санаачилгаар дараах нотлох баримтуудыг цуглуулсан байна. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн * дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа эсэх, одоо ямар ажиллагаа явагдаж байгаа болох, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож байсан эсэх, уг ажиллагааг сэргээж дахин явагдаж байгаа эсэх талаарх лавлагаа, холбогдох баримтууд, тухайн шийдвэрийн дагуу төлбөр төлөгчийн нийт төлсөн төлбөр / II-ХХ-ийн 33-48 дугаар тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. Учир нь:
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нь шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэг төлөх үүргээ 2010 оноос хойш биелүүлээгүй, 2013 онд Ч.Г-ээр нэг бичиг бичүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгасныг энэ хугацаанд мэдээгүй байсан, нэгэнт шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа хаагдсан учраас энэ шүүхийн шийдвэрээр М.А-д төлөх тэтгэлгийг тооцолоход 16,665,600 төгрөг болж байна. Иймд үүнийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Тухайн үед охин М.А-гийн тэтгэлгийг авахгүй, хүү М.Х-гийн сургалтын төлбөрийг төлөхөөр Ч.Г-тэй тохиролцож шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгасан. Шүүхийн шийдвэр биелүүлэхийг хаасан боловч 2013-2022 он хүртэл хугацаанд Ч.Г болон охин М.А-гийн дансаар 17,553,800 төгрөг шилжүүлсэн байна. С.М, Ч.Г нарын тохиролцоогоор 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөр охин М.А-гийн тэтгэлэг авах хугацаа дууссан, мөн хүүхдийн тэтгэлэг төлөх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг эцэг, эх харилцан тохиролцож дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.
4. Хэрэгт авагдсан болон талуудын тайлбараар нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч М.А нь хариуцагч С.М-ын төрсөн хүүхэд болох нь талуудын тайлбар, төрсний бүртгэлийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 27-ны * дугаар шийдвэрээр тогтоогдож байна.
Дээрх шүүхийн шийдвэрээр С.М, Ч.Г нарын гэрлэлтийг цуцлаж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар С.М-аас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж, 2000 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин М.А, 2006 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү М.Х нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ. Тухайн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн * дугаар захирамж гарсны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаад Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн * тоот тогтоолоор “төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрсэн” гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. Тухайн үед төлбөр авагч Ч.Г нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж “2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн * дүгээр шийдвэрээр С.М-аас 2 хүүхдийн нэхэмжлэл гаргаж Ч.Г-д олгохоор шийдвэрлэсэн. Ч.Г миний бие С.М-аас харилцан тохиролцсон тул гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгож өгнө үү. Дахин нэхэмжлэхгүй” гэсэн агуулга бүхий хүсэлтийг гаргасан байх ба уг хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн * дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болжээ. Энэ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь хэсэгт нийцсэн ба энэ үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон бол гомдол гаргахгүй талаар мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 16.1.1, 16.1.3-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрсэн, төлбөр авагч нь төлбөр авахаас татгалзсан бол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд энэ үндэслэлээр гомдол гаргах эрхгүй” гэжээ. Иймд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 684 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Төлбөр авагч Ч.Г нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн * дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг дахин 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн * дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ. Уг захирамжийг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 4,718,845 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчаас хүүхдийн тэтгэлгийн төлбөрт суутгасан байна.
Дээрх суутгал үндэслэлгүйгээр хийгдэж байгаа гэж үзэн С.М нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн * дугаар захирамжаар олгосон гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгох хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны * дугаар захирамжаар “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн * дугаар захирамжаар гүйцэтгэх хуудас олгосон байхад дахин гүйцэтгэх хуудас олгосон нь үндэслэлгүй” гэж үзэн дахин олгосон гүйцэтгэх хуудсыг хүчингүйд тооцсон байна. Энэ захирамжийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн * дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцжээ. Иймд Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт “Талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр өрийг хүчингүй болговол энэхүү үүрэг дуусгавар болно” гэж зааснаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн * дугаар шийдвэрээр хүлээсэн хариуцагчийн үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.
Нэхэмжлэгч М.А, эх Ч.Г нар нь хариуцагчийн эсрэг хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага гаргах эрхийн хувьд тус тусдаа бие даасан шаардлага гаргах эрх бүхий этгээдүүд биш юм. Тухайн үед Ч.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийнхээ хууль ёсны төлөөлөгчийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан охин М.А-гийн тэжээн тэтгүүлэх эрхийг хэрэгжүүлж нэхэмжлэл гаргаснаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн * дугаар шийдвэрээр хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсноор хариуцагч С.М-ын охин М.А гийн өмнө шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүрэг Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болно.
Иймд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн * дугаар шийдвэрээр төлөх тэтгэлгийг төлөөгүй үндэслэлээр уг шийдвэрээр төлөх байсан тэтгэлэг гэх 16,665,600 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэг төлөх үүрэг дуусгавар болсон нь Гэр бүлийн тухай хуульд заасан насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх эцгийн үүрэг /хуулиар хүлээсэн үүрэг/ дуусгавар болохгүй хэдий ч дахин нэхэмжлэл гаргаж тэтгэлэг тогтоолгох үндэслэл болохгүй бөгөөд үүргээ хэрхэн биелүүлэх нь хариуцагчийн эрхэд хамаарах болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч С.М-д холбогдох 16,665,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,278 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА