Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 118/ШШ2023/0022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч     Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Цэдэндамбын Батхуяг

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөл

Гуравдагч этгээд: Балжиннямын Бадамгарав

Төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Батхуяг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Батцэцэг /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү, бүртгэлийн тасгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, эрх бүхий албан тушаалтанд Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү, бүртгэлийн тасгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч Ц.Батхуяг нь Завхан Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэлийн тасгийн даргын сул орон тоон дээр тусгай шалгалт өгч онооны дарааллаар 2-т орсон. Тусгай шалгалтаар 1-д орсон иргэн Б.Бадамгарав тухайн албан тушаалд томилогдохоос татгалзсан, томилох эрх бүхий албан тушаалтан Б.Бадамгаравыг томилохоос татгалзсан тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар салбар зөвлөлөөс миний нэрийг дэвшүүлэх ёстой гэж маргасан байна.

3. Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү, бүртгэлийн тасгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэхгүй байгаа эс үйлдэхүйн талаар Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хандан 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаар албан бичгээр хариу авч улмаар Төрийн албаны зөвлөлд гомдол гарган 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 02/659 дүгээр албан бичгээр хариу авснаар 2023 оны 04 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Би Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү, бүртгэлийн тасгийн даргын орон тоон дээр 2022 оны 12 дугаар сарын 15-нд шалгалт өгч онооны дарааллаар 2 дээр байсан. Тухайн үед шалгалт өгсний дараа буюу 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн хүний нөөцөөс над руу залгаад 1-т жагссан хүн ажилдаа орохгүй гэсэн. Та манай энэ орон тоон дээр сонгон шалгаруулалтад орсон хүн байна, та ажилд орох боломжтой юм уу, та ажилд орох боломжтой бол шаардлага хангасан байгаа учраас төрийн албаны зөвлөлтэй уулзаарай гэдэг хариу хэлсэн. Түүний дагуу би 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн даргатай уулзах гээд очиход дарга нь Улаанбаатар хот явсан байсан. Ингээд утсаар салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Я.Батцэцэгтэй утсаар холбогдсон. Я.Батцэцэгт өөрийн байгаа байдлаа танилцуулахад эхлээд боломжтой юм байна, манайх зөвлөлөөрөө хуралдаад шийдэх байх, манай зөвлөлийнхөн Улаанбаатар хот руу ажлаар явсан байгаа гэж хэлсэн. Тэгээд дараа нь уулзсан чинь таныг томилох боломжгүй юм байна, дахин сонгон шалгаруулалт зарлана гэсэн. Тэгэхээр нь би Төрийн албаны хууль, журмыг судалж байгаад шалгалтад ороод 2 дээр орсон байхад намайг ажилд авах байх гэсэн үүднээс төв Төрийн албаны зөвлөлд 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргасан. Төв Төрийн албаны зөвлөлөөс 1 дээр байгаа хүн тухайн ажилд томилогдохоос татгалзсан юм бол 2 дээр орсон хүнийг ажилд томилох боломжтой гэдэг хариу бичиг ирсэн. Тэгээд би ажилд томилогдоогүй учраас дараагийн шат болох шүүхэд хандсан. Хамгийн гол нь төрийн албаны зөвлөл дахин сонгон шалгаруулалт зарлана, шалгалтдаа бэлдээрэй гэсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрвээ нэг дээр байсан хүн тухайн ажлын байрнаас татгалзсан бол яагаад дахин сонгон шалгаруулалт зарлах ёстой юм бэ, тухайн үед нэг дээр байгаа хүн ажилдаа орох гэж байна гэж тайлбарласан бол би Төрийн албаны зөвлөл болон шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байсан. Дахин сонгон шалгаруулалт зарлана гэсэн учраас л Төрийн албаны төв зөвлөл болон шүүхэд хандсан гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Энэхүү маргаан нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1-р хавсралтад заасан төрийн албаны тусгай шалгалтыг өгөх болзол журамтай холбоотой маргаан байгаа. ... Хариуцагчийн тайлбарлаж байгаа нь тогтоол гарахаас өмнө татгалзсан тохиолдолд дараагийн хүнийг нэр дэвшүүлнэ, бусад тохиолдолд ямар ч боломжгүй шууд сонгон шалгаруулалт зарлана гэдэг байдлаар тайлбарлаж байна. Үүнийг хүлээн авах боломжгүй байна. Тухайн журмын 7 дугаар зүйл дээр нэр дэвшүүлэх томилох талаар зохицуулсан байгаа. Журмын 7.2-т салбар зөвлөл сонгон шалгаруулалтын тайланг хянаж шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ гэж заасан байгаа. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 72 тоот тогтоолоор нэр дэвшүүлж санал болгох тухай гэсэн тогтоол гарсан. Уг тогтоолоор тухайн хүнийг нэр дэвшүүлсэн. Нэр дэвшүүлсний дараа буюу журмын 7.3-д зааснаар  томилох эрх бүхий байгууллага албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно гэж заасан байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэр дэвшүүлээгүй байхад татгалзах ямар ч боломж байхгүй. Заавал нэр дэвшүүлэх тогтоол нь тухайн байгууллага дээр ирж байж татгалзах эрх нь нээгдэж байгаа. Татгалзах эрх нь нээгдээгүй байхад нөгөө хүн нь  татгалзах хүсэлт гаргасан бол манайх шийднэ гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй, уг журмыг буруу тайлбарлаж байна гэж мэтгэлцэж байна. Өөрөөр хэлбэл нэр дэвшүүлэх хуралдаан болоогүй байхад  нэр дэвшигч татгалзсан тохиолдолд манайх дараагийн хүнийг томилно, бусад тохиолдолд ямар ч боломжгүй гэдэг тайлбарыг манайх хүлээн авах боломжгүй. Яагаад гэвэл журмын 7.2-т заавал нэр дэвшүүлнэ гэж заасан. Нэр дэвшүүлнэ гэдэг нь нэр дэвшүүлэх тогтоол гарсан байхыг хэлнэ. Нэр дэвшүүлснээс хойш эрх бүхий албан тушаалтан буюу Нийгмийн даатгалын байгууллага дээр очоод дараа нь тухайн хүнийг томилох эсэх асуудал нь тухайн байгууллагын бүрэн эрхийн асуудал. Журамд заасны дагуу нэг удаа татгалзаж болно гэдэг зохицуулалтаар нэг удаа татгалзсан байна. ... Нэхэмжлэгчийн хувьд төрийн албаны сонгон шалгаруулалтад орсон, нэр дэвшигч болсон. ... Нэр дэвшигчийн эрх ашиг хаана хөндөгдөж байгаа вэ гэхээр татгалзсан тохиолдолд дараагийн нэр дэвшигчийг онооны дарааллаар нэр дэвшүүлнэ гэж 7.4-т заасан нөхцөл байдал хангагдсан байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ нэхэмжлэгч тайлбарлахдаа хэзээний асуудал ярьж байгаа вэ гэхээр тухайн албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарлана, чи нэр дэвших эрхгүй гэдэг байдлаар үндсэн маргаан гарч байна. Дахин сонгон шалгаруулалтын талаар Төрийн албаны зөвлөл тайлбарласан. 2023 оны 25 дугаар тогтоолд нарын зохицуулалтай болсон, би дараа нь томилогдох ямар ч боломжгүй нөхцөл үүсэж байгаа юм байна гэдэг. 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаартай тогтоол 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдсөн. Түүнээс өмнөх нь 2019 оны 14 дүгээр тогтоолоор хэрэгжинэ. 2019 оны 14 дүгээр тогтоол дээр тухайн 1-р гарч ирсэн хүн татгалзсан байна уу гэдэг хүний асуудал огт яригдаагүй. Нэр дэвшигчийн татгалзах эсэх асуудал огт хамаа байхгүй. Энэ асуудал дээр шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Яагаад гэвэл дээрх журмын 7.3 дээр томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан гээд албан тушаалтны асуудал байгаа. Томилох эрх бүхий албан тушаалтан нь хэн юм бэ гэхээр Нийгмийн даатгалын байгууллага. Нийгмийн даатгалын байгууллага татгалзсан байсан. 2023 оны 25 дугаар журам энэ асуудалтай ямар ч хамаарал байхгүй. Түүнээс өмнө болсон асуудал. Нэр дэвшиж байгаа хүн өөрөө татгалзсан бол дараагийн сонгон шалгаруулалтыг зарлана гэж журам дээр байхгүй, өөрөө татгалзсан тохиолдолд дараагийн хүнийг томилно гэсэн журам байхгүй. Тийм учраас нэр дэвшигч дээр ач холбогдол өгөх шаардлага байхгүй гэж үзэж байгаа.  Яагаад гэвэл 14 тоот журмын 7.3 дээр эрх бүхий албан тушаалтан буюу байгууллага нь татгалзсан гэж заасан байгаа. Гэтэл байгууллага нь татгалзсан гэдэг албан бичгээ төрийн албаны зөвлөл рүү өгсөн байна. ... Татгалзсан эсэх асуудлыг хэзээ өгөх вэ гэхээр 14 дүгээр журмын 7.3-т заасны дагуу 14 хоногийн дотор бичгээр хариу өгнө гэж заасан байгаа. Үүний дагуу эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор татгалзсан бичиг өгсөн байгаа, өгснөөс хойш ийм асуудал яригдсан учраас нэхэмжлэгчийн буруу гэж байхгүй. ... Нэр дэвшүүлэхгүй байгаа шалтгаанаа юу гэж тайлбарласан гэхээр нөгөө хүн чинь татгалзаагүй, тэр хүн ажилдаа орно гэж байна гэдэг байдлаар. ... Тийм учраас нэхэмжлэгчийн зүгээс би дараагийн журмаар томилогдох боломжгүй юм байна. Одоо энэ журмаар томилогдох боломжтой юм байна, сонгон шалгаруулалт зарлах шаардлага байхгүй, намайг нэр дэвшүүлэх ёстой гэдэг маргаан үүсэж анх нэхэмжлэл гаргасан. ... Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.

6. Хариуцагчийн төлөөлөгч Я.Батцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам батлах тухай" 14 дүгээр тогтоолын дагуу Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү, бүртгэлийн тасгийн даргын албан тушаалын сул орон тооны тусгай шалгалтыг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан. Тус сонгон шалгаруулалтад 2 иргэн оролцож Б.Бадамгарав 111 оноо, Ц.Батхуяг нь 61.5 оноо авсан бөгөөд "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам"-ын 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн хуралдаанаар тусгай шалгалтын дүнг хэлэлцүүлэн хамгийн өндөр оноо авсан иргэн Балжиннямын Бадамгаравыг томилуулахаар нэр дэвшүүлэх хамтын шийдвэр гарган томилох эрх бүхий албан тушаалтанд буюу аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Нямжавт томилж хариу ирүүлэхийг санал болгосон. ... Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь сонгон шалгаруулалтаар өндөр оноо авсан иргэн Б.Бадамгаравыг тус албан тушаалд одоог хүртэл томилохгүй байгаа тухай өргөдлийг Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлд 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр иргэн Б.Бадамгарав ирүүлсэн бөгөөд салбар зөвлөлөөс тус иргэнд хариуг нь хүргүүлж ажилласан.Төрийн албаны тухай хууль болон "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам"-д зааснаар төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд бусад тохиолдолд тус албан тушаалд томилохоор зохицуулсан. Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү, бүртгэлийн тасгийн даргын албан тушаал нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан 457 дугаар тогтоолоор төрийн захиргааны дэс түшмэлийн ангилал, Т3-7 зэрэглэлд хамаарч байх тул тус албан тушаалыг удирдах албан тушаал гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэхүү албан тушаалд сонгон шалгаруулалтаар өндөр оноо авсан иргэнийг аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсийн дарга томилох үүрэгтэй, түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан томилох эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзах болон өөр хүнийг томилох зохицуулалт байхгүй тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

7. Гуравдагч этгээд Б.Бадамгарав шүүхэд гаргасан тайлбартаа: ...2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Санхүү, бүртгэлийн тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна. Тус хэлтсээс төрийн албаны салбар зөвлөлд ахлах нягтлан бодогчийн сул орон тоог зарлуулсан бөгөөд уг орон тоонд тавигдах шаардлагыг хангаж байсан тул тусгай шалгалтад орж хамгийн өндөр оноо авч тэнцсэн. Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 123 тоот тухайн албан тушаалаар нэр дэвшүүлж томилуулахаар тогтоол Нийгмийн даатгалын хэлтэст албан бичиг ирсэн. Үйл ажиллагааны нягтлан бодогч, санхүү, бүртгэлийн тасгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа ажлын ачаалал маш их байдлыг маань хэлтсийн дарга ойлгохгүй тухайн ажил үүргээ хийхгүй байгаа мэтээр утсаар болон биеэр дуудан албан тушаалын дарамт удаа дараа үзүүлсэн. Иймд 2023 оны 1-р сарын 17-нд хэлтсийн даргад хавсран хийж байгаа ажлаас чөлөөлж өгөх тухай өргөдлийг өгсөн. 2023 оны 3-р сарын 27-ны өдрийн 150 тоот өргөдлийн хариуг хэлтсийн даргаас хүлээн авсан боловч одоог хүртэл санхүү бүртгэлийн тасгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэж байна. Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөл болон Нийгмийн даатгалын хэлтсийн даргад Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү, бүртгэлийн тасгийн даргын албан тушаалаас татгалзсан өргөдөл өгөөгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Батхуяг нь Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдуулж “Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү, бүртгэлийн тасгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, эрх бүхий албан тушаалтанд Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү, бүртгэлийн тасгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

2. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчөөс тусгай шалгалтаар хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигч томилогдохоос татгалзсан, эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзсан тохиолдолд хариуцагч салбар зөвлөлөөс нэхэмжлэгч Ц.Батхуягийн нэрийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 болон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 7.3, 7.4-т зааснаар Завхан Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү, бүртгэлийн тасгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэх ёстой гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тусгай шалгалтаар 1-д орсон иргэн Б.Бадамгарав тухайн албан тушаалд томилогдохоос татгалзсан өргөдөл салбар зөвлөлд өгөөгүй. Маргаж буй албан тушаал нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 457 дугаар тогтоолоор төрийн захиргааны дэс түшмэлийн ангилал, Т3-7 зэрэглэлд хамаарах тул удирдах албан тушаал гэж үзэхгүй ба энэ албан тушаалд сонгон шалгаруулалтаар өндөр оноо авсан иргэнийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга томилох үүрэгтэй, томилохоос татгалзах болон өөр хүнийг томилох зохицуулалт байхгүй гэж, гуравдагч этгээд Б.Бадамгарав түр орлон гүйцэтгэж байсан Санхүү, бүртгэлийн тасгийн даргын ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн. Салбар зөвлөл болон Нийгмийн даатгалын хэлтсийн даргад Санхүү, бүртгэлийн тасгийн даргын албан тушаалаас татгалзсан өргөдөл өгөөгүй гэж маргаж байна.

4. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.3-т “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэжээ.

5. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.12-т “... Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол, журам, төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журмыг Засгийн газартай зөвшилцөн төрийн албаны төв байгууллага батална” гэжээ. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 7.2-т “Зөвлөл, Салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ”, 7.3-т “Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харьяалах Салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ”, 7.4-т “Нэр дэвшигчийг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй бол Зөвлөл, Салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтад оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлнэ”, 7.5-д “Нэр дэвшигчийг томилохоос татгалзсан үндэслэл хуульд нийцээгүй бол энэ тухай Зөвлөл, Салбар зөвлөл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд энэ журмын 7.2-т заасан шийдвэрийг биелүүлэхийг даалгана” гэж журамласан байна.

6. Нэхэмжлэгч Ц.Батхуягийн нэр дэвшүүлэхийг даалгах шаардлага гаргаж буй Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү, бүртгэлийн тасгийн даргын албан тушаал нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 275 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтын дэс түшмэл, ТЗ-7 удирдах албан тушаалд хамаарч байсан боловч гуравдагч этгээд Б.Бадамгаравыг Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү, бүртгэлийн тасгийн даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн салбар зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаар тогтоолыг томилох эрх бүхий албан тушаалтнаас хэрэгжүүлээгүй байх үед Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоол гарч дээрх 275 дугаар тогтоолыг хүчингүй болгосон ба уг 487 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн маргаж буй албан тушаал нь дэс түшмэлийн ТЗ-7 гүйцэтгэх албан тушаалд хамаарч байх ба 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.

7. Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү, бүртгэлийн тасгийн даргаар томилуулахаар Б.Бадамгаравын нэрийг дэвшүүлсэн салбар зөвлөлийн 2022 оны 72 дугаар тогтоолын хүрээнд томилох эрх бүхий албан тушаалтан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын хүрээнд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшсэн иргэнийг хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болох ба татгалзсан үндэслэлийг салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлэх зохицуулалттай байхад 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр буюу Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоол 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж Санхүү, бүртгэлийн тасгийн даргын албан тушаал гүйцэтгэх албан тушаалд хамаарах болсноос хойш Б.Бадамгаравыг өөрийн хүсэлтээр томилогдохоос татгалзсан гэх үндэслэлээ ажлын 14 хоног өнгөрсний дараа буюу 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр салбар зөвлөлд ирүүлснээр Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 7.3 дахь заалтыг зөрчсөн ба Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалт Төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчид хамаарах зохицуулалт тул нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд хамаарахгүй.

8. Тодруулбал; Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаар тогтоолын хавсралтад нэхэмжлэгчийн томилогдохоор маргаж буй албан тушаал нь ТЗ-7 удирдах албан тушаалд хамаарч байх үед 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тусгай шалгалт явагдсан ба дээрх 275 дугаар тогтоол 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүчингүй болж, Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн маргаж буй албан тушаал ТЗ-7 гүйцэтгэх албан тушаал болсон тул Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 7.3-т “Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг ..., Салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ” гэх зохицуулалт 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс үйлчилж эхэлсэн Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолын хүрээнд эрх зүйн үйлчлэлгүй байна.

9. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон ба 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам” 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж эхэлсэн ба журмын 12.6-д “Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харьяалах Салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ”, 12.7-д “Нэр дэвшигчийг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй бол Зөвлөл, Салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтад тэнцсэн оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлнэ” гэх заалт нь нэхэмжлэгчийн томилогдохоор маргаж буй ТЗ-7 гүйцэтгэх албан тушаалын хувьд эрх зүйн үйлчлэлгүй байна.

10. Мөн гуравдагч этгээд Б.Бадамгарав тус хэлтэст Төсвийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхад нь Санхүү, бүртгэлийн тасгийн даргын албан тушаалыг түүнд түр орлон гүйцэтгүүлж байсан гэж тайлбарлаж байх ба тухайн албан тушаалд сул орон тоо зарлаж түүнд тэнцэж, томилуулахаар нэр дэвшсэн Б.Бадамгарав нь түр орлон гүйцэтгэж буй албан тушаалаас чөлөөлүүлэх хүсэлтийг Нийгмийн даатгалын хэлтсийн даргад гаргасныг томилох эрх бүхий албан тушаалтнаас салбар зөвлөлийн 72 дугаар тогтоолоор нэр дэвшүүлсэн тухайн албан тушаалаас татгалзсан гэж үзэж томилолгүй сул орон тооны захиалга өгч байгаа нь ойлгомжгүй, хуульд заасан татгалзах үндэслэл биш ба Б.Бадамгарав тухайн албан тушаалдаа томилогдох өргөдөл, гомдлоо салбар зөвлөлд гаргаж, салбар зөвлөл томилох эрх бүхий албан тушаалтанд хууль хэрэгжүүлж нэр дэвшүүлсэн шийдвэрийг биелүүлэхийг даалгасан байна.

11. Түүнчлэн уг хэргийн гуравдагч этгээд Б.Бадамгарав салбар зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Нэр дэвшүүлж санал болгох тухай” 72 дугаар тогтоолоор нэр дэвшсэн тухайн албан тушаалд томилогдохоос татгалзсан саналыг салбар зөвлөл болон томилох эрх бүхий албан тушаалтанд гаргаж байгаагүй, харин түр орлон гүйцэтгэж байсан Санхүү, бүртгэлийн тасгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт удирдлагадаа гаргасан ба салбар зөвлөлийн 2022 оны 72 дугаар тогтоолыг томилох эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлэхгүй байгаа талаар салбар зөвлөлд гомдол гаргаснаас үзвэл тэрээр тухайн албан тушаалд томилогдохоос татгалзсан гэж үзэх үндэслэлгүй ба зүй нь томилох эрх бүхий албан тушаалтнаас уг хэргийн гуравдагч этгээд Б.Бадамгаравын хүсэлтээр түүнийг Санхүү, бүртгэлийн тасгийн даргын түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлснөөр салбар зөвлөлийн 2022 оны 72 дугаар “Нэр дэвшүүлж санал болгох тухай” тогтоолыг хэрэгжүүлж зохих албан тушаалд нь жинхлэн томилох байсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.12 дахь хэсэгт заасныг баримтлан Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлд холбогдох нэхэмжлэгч Ц.Батхуягийн “Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү, бүртгэлийн тасгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, эрх бүхий албан тушаалтанд Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү, бүртгэлийн тасгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Батхуягаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ч.ЦЭНД-ОЧИР