Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 33

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир, улсын яллагч Б.*******, шүүгдэгч М.*******, хохирогч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн М.*******т холбогдох 201713000038 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, 33 настай, ******* боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй, эхнэр 2 хүүхдийн хамт амьдрах, Улиастай сумын ******* багийн ******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд өмнө ял эдэлж байгаагүй. ******* овогт *******ын *******.РД://

Шүүгдэгч М.******* нь Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан буюу бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.*******т холбогдох хэргийн хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Б.******* “...гадаа хаалгаар нь гараад ирсэн чинь ******* нь намайг чулуугаар зүүн шанаа руу цохичихсон.”, “******* намайг чулуугаар хацар луу нэг удаа цохисон” , “******* нь намайг гадаа гараад ирэнгүүт чулуугаар цохиод авахаар нь би зөрүүлээд бариад авсан” гэж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...******* зогсож байснаа шууд чулуу аваад намайг цохисон” гэж мэдүүлжээ. Мөн хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Э. “...би тэнд байсан хүмүүсийг ийш тийш нь болгоод байж байгаад эргээд нөгөө залуу руу харсан чинь хамар орчмоос нь цус гоожсон байсан.” гэж, гэрч Д. “...тэгээд араас нь гарсан чинь ...******* зоогийн газрын гадаа барилгын материалын чигтээ харанхуйд намайг чулуугаар цохичихлоо гээд хацраас нь цус гоожсон байдалтай зогсож байсан” гэж, гэрч Х. “...гадаа гарсан чинь зоогийн газрын үүдэнд ******* чулуугаар цохиулчихлаа гэсэн. Би араас нь гараад цохисон гэх *******ыг нь барьж аваад цагдаа дуудаад цагдаад өгсөн. ******* нь баруун гартаа чулуу атгасан байсан. Намайг чулуугаар цохичихлоо гээд хэлэхээр нь би *******ыг очоод бариад авахад ******* гартаа чулуу барьчихсан байсан.” гэж мэдүүлсэн байна. Хохирогч болон гэрчүүдийн дээрх мэдүүлэг болон тэдний мэдүүлгийн бусад хэсгээр 2017 оны 04 дүгээр сарын 20-ны шөнө 00 цаг 30 минутын орчимд Завхан аймгийн Улиастай сумын ******* багт үйл ажиллагаа явуулдаг Оргил худалдааны төвийн байрны гадаа талбайд/камерийн бичлэгт хамрагдахгүй хэсэгт/ шүүгдэгч М.******* нь хохирогч Б.ийн зүүн хацарт чулуугаар гэмтэл учруулж, уг гэмтлээс цус гарч байсан болох нь тогтоогдож байна. Түүнчлэн шүүгдэгч М.******* сэжигтнээр болон яллагдагчаар байцаагдах үедээ ”******* ... болон нэг эмэгтэйгийн хамт над руу дайрсан. Тэгэхээр нь би хэсэг ухраад болиоч гэж хэлж яваад дайраад байхаар нь газраас чулуу таарахаар нь аваад холдоорой, цохино шүү гээд савлаад айлгаад байж байсан чинь ******* дайрч хүрч ирээд гараараа хий савлаж байсан чулуугаар хацар руугаа цохиулчихсан. Тэгээд тэд нар цагдаа дуудаад цагдаа ирээд намайг аваад явсан” гэж мэдүүлжээ. Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн энэ мэдүүлгүүд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн гэрчүүдийн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болгох боломжтой. Мөн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 201720072 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.ийн биед тархины доргилт, зүүн хацарт өнгөц шарх, зулгаралт, зүүн нүдний алим болон доод зовхинд цус хуралт, хүзүүний зүүн талд, зүүн эгмэнд цус хуралт буюу гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогджээ. Гэрч Э., Д., Х., хохирогч Б.******* нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, тэдний мэдүүлгүүд шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл зэрэг хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болголоо. Ийнхүү дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.******* нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны шөнө 00 цаг 30 минутын орчимд Завхан аймгийн Улиастай сумын ******* багт үйл ажиллагаа явуулдаг Оргил худалдааны төвийн байрны гадаа/Кристал зоогийн газрын гадаа/ хохирогч Б.ийн зүүн хацар хэсэгт чулуугаар цохиж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдсэн энэ гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг мөн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжтэй дүйцэж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн эрүүгийн хариуцлага/ял шийтгэл/ нь 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ”хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэснээс хөнгөрсөн байх тул шинэ эрүүгийн хуулийг хэрэглэх нь шүүгдэгч М.*******ын эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. Иймд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.*******ын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шинэ эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй. Хохирогч Б.******* нь хэрэг бүртгэлтийн шатанд “эм тарианд 53000 төгрөгний зардал гарсан” гэж мэдүүлсэн байсан боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Мөн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ шүүгдэгчээс 2500000 төгрөг гаргуулахыг хүсч “лазер эмчилгээний нэг удаагийн үнэ 250000-300000 төгрөг, 4-6 удаа хийлгэнэ, 2017.4.20- ноос 2017.7.18-ийг хүртэл 6 удаа дуудагдаж ирсэн, ирж буцахын 150 км байдаг” гээд 354150 төгрөгийн шатахууны 8 ширхэг баримт хавсаргасан бөгөөд үлдэх 2145850 төгрөгийн хохиролд холбогдох нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Иймд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор аймгийн төвд ирэх буцахдаа зарцуулсан шатахууны зардал гэх 354150 төгрөгийн зардлыг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзээд гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцон шүүгдэгчээс гаргуулахаар тогтов. Харин ямар нэгэн нотлох баримтгүй нэхэмжилж байгаа 2145850 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэсгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Ийнхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, уг гэмт хэрэгт шүүгдэгч М.*******ыг гэм буруутайд тооцох үндэслэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тогтоогдсон байдал, шүүгдэгчээс гаргуулах хэмжээ зэргийн талаар тогтоолын дээрх хэсэгт дүгнэлээ. Шүүгдэгч М.*******т эрүүгийн хуульд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай. 4. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд уг ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч М.*******т өмнө авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч М.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.*******аас 354150 төгрөг гаргаж хохирогч Б.*******д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 2145850 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий DVD/ногоон өнгийн артай/ хавтанг хэрэгт хавсарган үлдээж, 15см*11см*10см хэмжээтэй байгалийн саарал өнгийн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, түүний дээд шатны прокурор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Д.НЯМ