Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 104/шш2024/00012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* өөрийн байранд байрлах, ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, *******, *******од оршин суух, ******* овогт *******ын д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны төлбөр 894,562 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.,

Хариуцагч: З.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч ******* ******* болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай дулааны станц нь дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах тусгай зөвшөөрөлтэй төрийн өмчит хувьцаат компани юм. Тус зөвшөөрлийнхөө хүрээнд 101344 хэрэглэгчийн кодтой, Налайх дүүргийн *******, ийн хажууд байрлах З.гийн гражид дулаан түгээдэг байсан. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ тухайн үед байгуулагдаагүй. Мөн манай борлуулалтын програм 2017 онд шинэчлэгдэж, 2017 оноос өмнөх хэрэглэгчдийн мэдээлэл байхгүй болсон. Дээрх иргэн нь 2015 оноос хойш дулааны төлбөрөө огт төлөөгүй, дулаан эрчим хүч хэрэглэхээ больж халаалтаа таслуулсан. Иймд хэрэглэгч З.гээс халаалтын төлбөр болох 894,562 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

2. Хариуцагч З. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасны дагуу 2005 онд дулааны станцитай машины грашид дулаанаар үйлчлүүлэх гэрээ хийж дулааны үйлчилгээ авч байсан. 2012 оноос дулааны халаалтаа авахаа больж, зогсоосон бөгөөд төлбөр тооцоо дуусгасан. Тухайн үед Дулааны станциас надад төлбөр нэхэмжлээгүй. Уг халаалтыг авахад талуудын хооронд заавал худалдах, худалдан авах гэрээ хийдэг. Би 2012-2023 онд огт дулаан аваагүй учраас ******* *******-ас 894,562 төгрөгийг энэ олон жилийн дараа нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг төлбөр нь ямар нэгэн гэрээ, санхүүгийн тооцоо байхгүй, хэдий хугацааны төлбөр нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй, олон жилийн дараа үндэслэлгүй төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

3. Шүүхээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

3.1. Налайхын дулаан станц *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-ийн 04 хуудас) нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* *******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч З.д холдбогдох дулааны төлбөр 894,562 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... хариуцагч З. нь манай байгууллагаас 2005-2012 онд өөрийн өмчлөлийн гражидаа дулаан авдаг байсан. 2012 оноос хойш дулаан хэрэглэхээ больсон, тухайн үед талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй тул 2005-2012 оны дулааны үлдэгдэл төлбөр 894,562 төгрөг гаргуулна... гэж,

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбартаа: ...Би 2012 оноос хойш дулаан аваагүй, өмнөх оны дулааны төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, олон жилийн дараа ямар нэгэн гэрээгүйгээр ийм төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй... хэмээн маргажээ.

3.Зохигч дулааны төлбөр төлөх үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

4.Нэхэмжлэгч Налайхын Дулаан станц төрийн өмчит хувьцаат компани нь Дулаан үйлдвэрлэх, түгээлт, хангалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

5. Нэхэмжлэгчийн байгууллага хариуцагчийн өмчлөлийн авто гражид дулаан түгээдэг байсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлах ба Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1.-д Хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүсэх бөгөөд талуудын хооронд үүссэн гэрээгээр нэхэмжлэгчийн шаардах эрх тодорхойлогдоно.

6.Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19.-д "Хэрэглэгч" гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.-т Хэрэглэгч нь зохицуулалттай хангалтын төлбөрийг нийтлэгдсэн тарифаар, зохицуулалтгүй хангалтын төлбөрийг гэрээний үнээр төлнө гэж заажээ.

Мөн дээрх хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна, 28.2.-т Иргэнтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр, тооцооны журам, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага тооцох журам, эрчим хүчний шугам сүлжээний эзэмшлийн зааг, шаардлагатай бусад асуудлыг тусгана гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн шаардаж буй 2005-2012 оны дулааны төлбөр 894,562 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэл талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр нотлогдсон байх учиртай.

7.Хариуцагч 2012 оноос хойш надаас дулааны төлбөр гэж огт нэхэмжлээгүй байж одоо нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй... гэх тайлбарыг гаргасан ба Эрчим хүчний тухай хуульд зааснаар дулааны төлбөр нэхэмжлэхэд талуудын хооронд гэрээ байгуулагдсан байхыг шаарддагаас гадна Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан, талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй энэ тухай баримт байхгүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлтэй юм.

8.Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар ******* ******* нь хариуцагч З.тэй 2005-2012 онд дулаан түгээх, хангах, худалдах, худалдан авах талаар гэрээ байгуулагдсан, хариуцагч нь дулаан эрчим хүчийг худалдан авахаар гэрээгээр хэрэглэгч болсон эсэх, дулааны төлбөр төлөх үүрэгтэй гэдэг нь нотлогдохгүй, дээрх хугацааны дулаан хэрэглэсэн талаарх төлбөрийн задаргаа байхгүй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж шүүх дүгнэлээ.

9.Иймд Эрчим хүчний тухай хуулийн Эрчим хүчний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3.-т Дулаан үйлдвэрлэх, түгээлт, хангалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага нь гэрээний үнээр цахилгаан, дулаан худалдах, мөн хуулийн 27.2.-т зааснаар Хэрэглэгч нь ....төлбөрийг гэрээний үнээр төлөхөөр зохицуулсан, нэхэмжлэгч нь хариуцагчтай дулаан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, төлбөрийг шаардах эрхтэй, хариуцагч уг төлбөрийг төлөх үүрэгтэй гэдгийг мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг үндэслэлээ нотлоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,020 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:  

1. Эрчим хүчний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар ******* *******-ийн хариуцагч З.гээс дулааны төлбөр 894,562 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.УРАНЗАЯА