Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/63

 

Н.Алтаншагай, Б.Батмагнай нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, Д.Буянжаргал, шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                      Ц.Цэен-Ойдов

              Шүүгдэгчийн өмгөөлөгч               П.Батжаргал

          Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 555 дугаар шүүгчийн захирамжтай Нямсүрэнгийн Алтаншагай, Бат-Очирын Батмагнай нарт холбогдох, 2118000280188  дугаартай эрүүгийн  хэргийг шүүгдэгч Н.Алтаншагайн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 16-нд Баянхонгор аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг, Хүдэр сум, 1 дүгээр баг, Тарвагатай, Согоот 2 дугаар гудамжны 205 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй Тангад овогт Нямсүрэнгийн Алтаншагай. /ВЭ87071618 регистрийн дугаартай/

2.Монгол Улсын иргэн, 1970 оны 5 дугаар сарын 17-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, Өнөр хороолол, 25 дугаар байрны 15 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд:

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 325 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3.т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлснийг тэнсэж хянан харгалзсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1.т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 99 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1.т зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.2.т зааснаар холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгосон Боржигин овогт Бат-Очирын Батмагнай. /МЮ70051777 регистрийн дугаартай/

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Н.Алтаншагайг 2020 оны 12 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Шанд” гэх газраас 32 ширхэг буюу 49.486 метр куб нарс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 16.255.537 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1.т зааснаар,

-шүүгдэгч Б.Батмагнайг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутгаас Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Хустайн даваа” гэх газар 540 ширхэг 15x15 хэмжээтэй зүсмэл нарс палкийг 34-22 УАВ улсын дугаартай “Volvo” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1.т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд 555 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч Н.Алтаншагайн зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон дүгнэлт, шүүгдэгч Б.Батмагнайн гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон дүгнэлтүүд нь БОАЖ-ын сайдын 2020 оны 3 сарын 16-ны өдрийн А/176 дугаартай “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг батлах тухай” тушаалаар БОАЖ-ын сайдын 2009 оны 12 сарын 11-ний өдрийн 394 дугаартай “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг батлах тухай” тушаалыг хүчингүй болгосон байхад хүчингүй болсон тушаалыг үндэслэж үнэлгээ тогтоосон нь шүүгдэгч нарын байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг бодитой тогтоосон гэхэд эргэлзээтэй, 15x15 хэмжээтэй 540 ширхэг модон материалыг худалдах, худалдан авах ажиллагаанд гэрч Д.Гантөгсийн оролцоо байсан эсэх, шүүгдэгч Н.Алтаншагайн мод бэлтгэхдээ ашигласан техник, тоног төхөөрөмж, тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл зэргийг олж тогтоох, хураан авах, битүүмжлэх зэрэг мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнээд Дархан-Уул аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Алтаншагай, Б.Батмагнай нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 44.46 метр.куб, 15x15 сантиметр хэмжээтэй 540 ширхэг нарс модон материалыг “Хавцгай жаргалант” ХХК-ийн хашаанд хэвээр үлдээж, захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Алтаншагайн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхээс талуудын гаргасан хүсэлт гомдлоор, эсхүл шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй тул хэргийг шүүхэд шилжүүлсний дараа хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.т заасан хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна.

Учир нь хэргийн оролцогчоос нэмэлт мөрдөн ажиллагаа хийлгэх тухай хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэх тухай хүсэлт гаргаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12.т зааснаар уг хүсэлтийг хэлэлцэхгүй орхисон тохиолдолд гэм буруугийн шүүх хуралдаанаар уг хүсэлтийг шийдвэрлэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл урьдчилсан хэлэлцүүлэг явагдаагүй тохиолдолд гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргах эрх хэмжээ ЭХХШТХ-д хуульчлагдаагүй байх ба давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхээс ЭХХШТХ-ийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 40.8 дугаар зүйлийн 1.3.т зааснаар хэргийг прокурорт буцаах эрхтэй байхаар заасан байдаг.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.01-ний өдрийн 2021/ШЗ/555 дугаартай шүүгчийн захирамжийг ЭХХШТХ-ийн 39.5 дугаар зүйлийн 1.3.т заасны дагуу хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү... гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Яллагдагч Н.Алтаншагай нь 2020 оны 12 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Шанд” гэх газраас 32 ширхэг буюу 49.486 метр куб нарс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд өөрийн хашаандаа буулгасан талаар гэрчээр мэдүүлэхдээ ямар тээврийн хэрэгслийг ашигласан талаар мэдүүлэг авахад номер дугаар байхгүй, улсын бүртгэлгүй машинаар 4 удаа татаж хашаандаа авчирсан, яллагдагчаар мэдүүлэхдээ улсын дугаарыг санахгүй байна. “Бонго ж-2” маркийн 1992 онд үйлдвэрлэсэн, хэзээ орж ирснийг санахгүй байна, эвдрээд төмрийн сэлбэгт өгсөн талаар мэдүүлсэн байна. Иймд эд хөрөнгө битүүмжлэх болон хураан авах, үнэлгээ гаргах ажиллагаа хийгдэх боломжгүй болсон байна.

Шүүгчийн захирамжид ...хууль бусаар бэлтгэсэн модыг зүсэж палк болгон боловсруулсан техник, хэрэгслийг олж тогтоон битүүмжлэх ажиллагаа дутуу хийгдсэн... гэжээ.

Яллагдагч Н.Алтаншагай Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Шанд” гэх газраас 32 ширхэг буюу 49.486 метр куб нарс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж өөрийн хашаандаа авчирч буулгасан байна. Уг моднуудыг Ч.Батжаргалтай тохиролцоод зүсвэр хийж бэлтгэж палк болгосон талаар гэрч Ч.Батжаргалын мэдүүлэг авагдсан байна.

Иймд хууль бусаар бэлтгэсэн модыг Ч.Батжаргалтай тохиролцож палк болгосон байх тул техник, тоног төхөөрөмжийг хураан авах, битүүмжлэх ажиллагаа хийх шаардлагагүй байна.

Иймд шүүгчийн 555 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2.т зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шүүгчийн захирамжид тусгагдсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан авто машиныг хураагаагүй гэх үндэслэл нь гэрчийн мэдүүлгээр няцаагддаг. Тухайн авто машин байхгүй болсон эвдэрсэн сэлбэгт өгсөн гэдгийг гэрч мэдүүлсэн. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Алтаншагайн өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Алтаншагайн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Н.Алтаншагай, Б.Батмагнай нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Н.Алтаншагай, Б.Батмагнай нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн аваад талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, хэрэгт авагдсан бичгийн баримтын хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой, мөрдөн шалгах ажиллагааг явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзээд яллагдагч Н.Алтаншагай, Б.Батмагнай нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлосон байна.    

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой гэж дүгнэж, гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй атлаа хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2.т зааснаар эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Хэргийг хүлээн авсан шүүгч хэргийн материалтай танилцчихаад хэрэгт байгаа баримтууд нь анхнаасаа хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нь илэрхий, мэдэгдэж байсан, хэргийг прокурорт буцаасан захирамжид дурдагдсанаар шүүгдэгч Н.Алтаншагайн зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон дүгнэлт, шүүгдэгч Б.Батмагнайн гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон дүгнэлтүүд нь БОАЖ-ын сайдын 2020 оны 3 сарын 16-ны өдрийн А/176 дугаартай “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг батлах тухай” тушаалаар БОАЖ-ын сайдын 2009 оны 12 сарын 11-ний өдрийн 394 дугаартай “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг батлах тухай” тушаалыг хүчингүй болгосон байхад хүчингүй болсон тушаалыг үндэслэж үнэлгээ тогтоосон нь шүүгдэгч нарын байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг бодитой тогтоосон гэхэд эргэлзээтэй, 15x15 хэмжээтэй 540 ширхэг модон материалыг худалдах, худалдан авах ажиллагаанд гэрч Д.Гантөгсийн оролцоо байсан эсэх, шүүгдэгч Н.Алтаншагайн мод бэлтгэхдээ ашигласан техник, тоног төхөөрөмж, тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл зэргийг олж тогтоох, хураан авах, битүүмжлэх зэрэг мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн нь ойлгогдож байсан бол талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй байсан ч энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.д зааснаар шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоож хэргийг хэлэлцэх шаардлагатай, боломжтой байжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.т зааснаар гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлээд шүүхээс гарах шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байхаар хуульчилсан.

Иймд гэм буруугийн шүүх хуралдаанаас хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар шүүгдэгч Н.Алтаншагайн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

Прокурорын бичсэн эсэргүүцэлд энэ шүүх хуралдаанаас дүгнэлт өгөх боломжгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 555 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч Н.Алтаншагай, Б.Батмагнай нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүгдэгч Н.Алтаншагайн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, прокурорын бичсэн эсэргүүцэлд дүгнэлт өгөөгүй болохыг дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.БУЯНЖАРГАЛ

                                                                     ШҮҮГЧ                         Ц.АМАРЖАРГАЛ