| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 195/2026/0279/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/265 |
| Огноо | 2026-01-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2026/ШЦТ/265
|
|
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгч **********, түүний өмгөөлөгч Б.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **********од холбогдох эрүүгийн 2508027961375 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ********** оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 39 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ********** дугаар хороо, 4 дүгээр хороолол ********** гудамж ********** дүгээр байр ********** тоотод оршин суух бүртгэлтэй боловч ********** дүүргийн ********** хорооны нутаг дэвсгэр ********** тоотод оршин суудаг, урьд Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ********** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 24/197 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, ********** овогт ********** ********** (**********),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Шүүгдэгч ********** нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэв.
Эрүүгийн 2508027961375 дугаартай хэргээс:
Улсын яллагч: Хохирогч **********оос цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 3 дугаар тал), хохирогч **********ын мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40, 43 дугаар тал), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Т-1- 25/323 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 46-48 дугаар тал), “**********” гэх нэртэй эмнэлэг дотор байх хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10-16 дугаар тал), яллагдагч **********ын мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дугаар тал), яллагдагчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дугаар тал),
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 29 дүгээр тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дүгээр тал), хохирогч **********ын мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дүгээр тал), **********ын хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 69-71 дүгээр тал), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол (хавтаст хэргийн 81 дүгээр тал), хохирогч **********ын хүсэлт (хавтаст хэргийн 96 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн 2508027961375 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
шүүгдэгч ********** нь 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ********** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “**********” гэх нэртэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа тус эмнэлгийн эмч хохирогч **********т “..гар утсаараа яриулаач, эмнэлгийн төлбөрөө төлөх гэсэн юм..” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн эзэмшлийн Самсунг АЗЗ загварын гар утсыг авч, бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч **********ын “..Би 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ байхад манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ********** миний өрөөнд орж ирээд намайг гар утсаараа яриулаач би эмнэлгийн төлбөрөө төлөх гэсэн юм гэхээр нь би хүн үзээд завгүй байсан болохоор гар утсаа өгөөд гаргасан. 20-30 минут болоод удаад байхаар нь би хүнээ үзэж дуусагдчихаад араас нь хэвтэж байгаа гэх өрөөнд нь очтол байхгүй гараад явсан гэж байсан. Тэгээд би араас нь гараад эмнэлгийн ойр орчмоор хайсан чинь байхгүй харагдахгүй байсан. Тэгэхээр нь надад дээр үйлчлүүлж байсан хүний гар утсаар залгасан чинь утсаа авахгүй, мессеж бичсэн чинь миний утсыг унтраасан. ********** гэх эмэгтэй урьд өмнө надаар үзүүлж үйлчлүүлж байсан болохоор аваад ирэх байх гээд би 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагат өргөдөл бичиж өгсөн. Би 2024 оны 10 сард ********** төвөөс шинээр нь Самсунг А-33 гэх гар утсыг 1,800,000 төгрөгөөр авч байсан, гомдолтой байна... миний сэтгэцэд хохирол учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40, 43 дугаар тал),
хохирогч **********оос цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 3 дугаар тал),
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Т-1- 25/323 дугаартай “..нийт хохирол 350.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 46-48 дугаар тал),
“**********” гэх нэртэй эмнэлэг дотор байх хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10-16 дугаар тал),
яллагдагч **********ын “..үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна миний буруу, их харамсаж байна, одоогоор хохирол барагдуулаагүй, хохирлыг барагдуулна..” гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дугаар тал),
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ЦХШЗ/4233 дугаартай шүүгчийн захирамж (хавтаст хэргийн 112 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
|
|
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.
Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хууран мэхлэх, итгэл эвдэх, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг буцаан өгөхгүй гэсэн гэмт санаагаа хэрэгжүүлж бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцогдоно.
Шүүгдэгч ********** нь хохирогч **********ыг гар утсаараа яриулаач би эмнэлгийн төлбөрөө төлөх гэсэн юм гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогчийн эзэмшлийн Самсунг А33 загварын гар утсыг авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн обьектив шинжийг бүрэн хангаж байна.
Харин энэ гэмт хэргийн субьектив шинж нь зөвхөн шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрдэг бөгөөд шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлж авах, захиран зарцуулах идэвхтэй үйлдлүүдийг ухамсартайгаар хийсэн нь **********ын өөрийн хууль бус үйлдлээ ухамсарлан мэдсэн атлаа үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч **********д холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал
Эрүүгийн 2508027961375 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон **********т 350,000 төгрөгийн хохирол (хавтаст хэргийн 46-48 дугаар тал), учирсан бөгөөд хохирогч нь “…********** овогтой ********** миний бие тус хэрэгт хохирол мөнгийг бүрэн барагдуулж авсан. Цаашид хохирол мөнгө, нэхэмжлэх зүйл байхгүй…” (хавтаст хэргийн 96 дугаар тал) гэсэн хүсэлт гаргасан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч **********ын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...торгох ялын 15,000 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон дүйцүүлж, 570 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 570,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр залилах гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.
Шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоо болно.
Иймд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, түүний хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 570 (таван зуун дал) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 570,000 (таван зуун далан мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 38 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, оногдуулсан торгох ялаас 570,000 (таван зуун далан мянга) төгрөг хасаж тооцов.
Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, даруй суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт ********** **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********д 570 (таван зуун дал) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 570,000 (таван зуун далан мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч **********ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 38 (гучин найм) хоногийг торгох ялын 15,000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, оногдуулсан торгох ялаас 570,000 (таван зуун далан мянга) төгрөг хассугай.
4. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, даруй сулласугай.
5.Шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ