Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2024/00275

 

 

 

 

 

 

 

 

     2024     01      16                                            182/ШШ2024/00275

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ....... байрлах, Ч-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........ тоот хаягт байрлах, “У” ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 113,999,043.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, А.А,

Хариуцагчийн төлөөлөгч С.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ч нь хариуцагч “У” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 113,999,043.57 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.“У” ХХК нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг нийгмийн даатгалын хуулиар зохицуулна”, мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна”, 4.2.1-т “Өмчийн бүх хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн”. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйл “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”, Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын дансанд шилжүүлнэ”. Нийгмийн дааталын тухай хуулийн 17 дугаар зүйл “Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг”, 17.1.1 дэх хэсгийн “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэсэн заалтуудыг тус тус зөрчин 2023.10.25-ны өдрийн байдлаар 2020.04 дүгээр сараас 2023.09.30-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 77,724,880.38 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 36,724,163 төгрөг, нийт 113,999,043.57 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна.

Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл “Хууль тогтоомж зөрчигчид хүлээх хариуцлага”, 20.4-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.3-т заасны дагуу “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн тайлбар хэсэгт Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна”. 20.5-д Нийгмийн даатгалын тухай хууль зөрчигчид алданги торгох шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэл болон алдангийн төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлнэ. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр “Дүрэм, журам батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм”-ийн 3 дахь хэсгийн 3.3.1-д заасан “Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр Нийгмийн даатгалын байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн 113,999,043.57 төгрөгийг “У” ХХК-иас гаргуулж шимтгэл, алдангийг барагдуулж өгнө үү...” гэв.

 

2.Хариуцагч “У” ХХК-ийн захирал С.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Манай компани нь Чингэлтэй дүүрэгт Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг. 2021 оны 6 сарын байдлаар Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн хуримтлал үүссэн байгаа. 2019 оны сүүлээр 2020 оны эхэнд Дэлхий нийтээр тархан гарсан Ковид-19 цар тахалын хүрээнд олон улсын хил гаалиуд хаагдаж худалдаа борлуулалтын эргэлт эрс муудаж үйл ажиллагаа доголдоход хүрсэн ба хугацаагүйгээр түр зогсолт хийж цаашид үйл ажиллагаа хийхэд хүндрэлтэй нөхцөл үүсч мөн бидний борлуулалт хийж байсан Улсын их дэлгүүрийн 6 давхарт байрлах U71 тасаг шатан маш их хэмжээний хохирол учирч борлуулалтгүй болсон.

Манай компанийн гол борлуулалт нь гадаад болон дотоодын жуулчдын худалдан авалтанд тулгуурладаг байсан ба 2020 оноос 2021.06.21-ний өдрийг хүртэл хил хаалттайгаас гаднаас ирсэн захиалга, борлуулалт байхгүйгээс дотооддоо орж ирсэн цөөн тооны захиалгын ажлаар ажилчдынхаа ажлын байрыг хамгаалж үлдсэн.

2021.06.01-ний өдрөөс Улсын их дэлгүүрээс авах байсан нөхөн олговортоо түрээсийн төлбөргүй борлуулалт хийн ажиллах гэрээ байгуулан U71 тасаг маань ажиллаж эхэлсэн. 2020.11.12-2021.05.08-ны өдрийг хүртэл улс орон даяар хатуу хөл хорио тогтоож үйлдвэрлэл худалдаа борлуулалт бүрэн зогссон. 2019 онд ТНЕ НU хамтлагтай хамтран “Хүннү фэйшн” брэндийг үүсгэн байгуулж Монгол арьсан урлалыг дэлхий нийтэд таниулж эхэлсэн. 2021 оноос “Хүннү фэйшн” брэндийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд борлуулагдаж эхэлсэн байгаа ба цаашид уг брэндээ хөгжүүлэхийн тулд Швейцарийн хөгжлийн агентлагийн 300,000,000 төгрөгийн төслөөс санхүүжилт хийгдэхээр болсон...

Гэвч 2023.08.01-ний өдөр уг төслөө албан ёсоор хаасан ба тус төслийг хэрэгжүүлэх явцад бараа материал түүхий эдийн нөөцтэй болон үлдсэн. Энэ хугацаанаас хойш бид гадаад орнуудад бараа бүтээгдэхүүнээ сурталчилан таниулж борлуулалтаа өргөжин тэлэх зорилгоор ӨМӨЗО-ны Хөх хотын үзэсгэлэн, Франц Улсын Нант хотын үзэсгэлэнд оролцоод ирсэн.

Ковид-19 вирусийн дараах эдийн засгийн хямрал дэлхийн аль ч оронд бүрэн сэргээгүй хүнд байгаа тул үйл ажиллагаагаа зогсоохгүйн тулд түрээс, цалинг борлуулалт хийсэн орлогоороо нөхөж бусад өр зээлийг төлж барагдуулж чадахгүй байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 77,724,880.38 төгрөгийг хүлээн зөвшөөрч өнөөдрөөс 1 жилийн хугацаанд компанийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг төлбөрт тооцуулан нэхэмжлэгчид нийлүүлж, төлбөрийг барагдуулах боломжтой.

Манай компанийн хувьд 2020.06.08-ны өдөр Улсын их дэлгүүр гал гарсны улмаас борлуулалтанд байсан бэлэн бүтээгдэхүүнүүд маань шатсан. Мөн 2021.06.17-ны өдөр Үйлдвэр маань үерт өртөж давагдашгүй хүчин зүйл гарсан учраас алданги 36,724,163 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул төлөхгүй...” гэв.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан 2023.11.02-ны өдрийн 657 тоот М.О, Х.А нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 4 х/,

-Улсын бүртгэлийн 0000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 5 х/,

-Улсын бүртгэлийн 0000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 6 х/,

-“У” ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 10 дугаар сарын тайлан /хх-ийн 8 х/,

-“У” ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 9 дүгээр сарын тайлан /хх-ийн 9 х/,

-“У” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2023 оны 9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /хх-ийн 10 х/,

-2023.05.08-ны өдрийн 00000363 тоот “Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах тухай” албан бичиг /хх-ийн 11 х/,

-2023.03.21-ний өдрийн 82, 83 тоот “Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай” Хаан болон Голомт  банкинд хүргүүлсэн албан бичиг /хх-ийн 12 х/,

-2023.03.21-ний өдрийн 81 тоот “Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай” Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлсэн албан бичиг /хх-ийн 13 х/,

-2023.03.21-ний өдрийн 85, 84 тоот “Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай” Төрийн болон Капитрон банкинд хүргүүлсэн албан бичиг /хх-ийн 14 х/,

-Ч 2023.03.22-ны өдрийн данс хаах хавсралт /хх-ийн 15 х/,

-“У” ХХК-ийн 2023 оны нийт цалин /хх-ийн 16 х/

-Заавал даатгах даатгуулагчдын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл /хх-ийн 17-20 х/,

-Алданги тооцсон хүснэгт /хх-ийн 21 х/,

-2024.01.05-ны өдрийн 11 тоот Б.Э, А.А нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 38 х/,

 

-Хариуцагч “У” ХХК тайлбар татгалзалтайгаа холбогдуулан улсын бүртгэлийн 000214456 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 24 х/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 25 х/,

-“У” ХХК-ийн дүрэм /хх-ийн 26-27 х/,

-2023.12.11-ний өдрийн шүүхэд гаргасан хариу тайлбар зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

“У” ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр 77,724,880.38 төгрөг, алданги 36,724,163 төгрөг, нийт 113,999,043.57 төгрөг гаргуулах тухай Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлээс 77,724,880.38 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 36,724,163 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

1.Нэхэмжлэгч Ч нь хариуцагч “У” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 77,724,880.38 төгрөг, алданги 36,724,163 төгрөг, нийт 113,999,043.57 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

2.Нэхэмжлэгч Ч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

2.1.“У” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас 2020.04 сараас 2023.09.30-ны өдрийг хүртэл хугацаанд төлбөл зохих шимтгэлийг дутуу төлсний улмаас нийгмийн даатгалын шимтгэлийн 77,724,880.38 төгрөгийн өр үүссэн.

2.2.Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5-д Нийгмийн даатгалын тухай хууль зөрчигчид алданги, торгох шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэл болон алдангийн төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлнэ гэж заасан.

Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3-т Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно...гэж, дээрх хуулийн тайлбар хэсэгт Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж тус тус заасны дагуу алданги 36,724,163 төгрөгийг шаардарх эрхтэй гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч “У” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 77,724,880.38 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өнөөдрөөс 1 жилийн хугацаанд компанийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг төлбөрт тооцуулан нэхэмжлэгчид нийлүүлж, төлбөрийг барагдуулах боломжтой. Манай компанийн хувьд 2020.06.08-ны өдөр Улсын их дэлгүүр гал гарсны улмаас борлуулалтанд байсан бэлэн бүтээгдэхүүнүүд маань шатсан. Мөн 2021.06.17-ны өдөр Үйлдвэр маань үерт өртөж давагдашгүй хүчин зүйл гарсан учраас харин алданги 36,724,163 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул төлөхгүй гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

            4.1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 1-ийн 2-т “Нийгмийн даатгалын байгууллага” гэж ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл болон хуульд заасан бусад эх үүсвэрээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох үйл ажиллагааг эрхэлж байгаа хуулийн этгээдийг хэлнэ” гэж тодорхойлсон.

 

“У” ХХК нь арьсан эдлэлийн үйлдвэр, ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгүүлсэн, 0000 регистртэй ашгийн төлөө хуулийн этгээд учраас Ч-т ажил олгогчийн хувьд даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй этгээд болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хх-ийн 6 х/

Ч нь 2023.03.21-ний өдрөөс хариуцагч “У” ХХК-ийн дансны зарлагын гүйлгээг зогсоож, 2023.05.08-ны өдөр 00000363 тоот “Нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлага барагдуулах тухай” албан бичгийг хүргүүлжээ. /хх-ийн 11 х/

Хариуцагч “У” ХХК нь 2020.04 сараас 2023.09.30-ны өдрийг хүртэл хугацаанд тус компанид ажиллаж буй даатгуулагчдын төлбөл зохих Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 77,724,880.38 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын “Заавал даатгах дуутгуулагчдын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл (ШО-9) гэсэн баримтуудаар тогтоогдсон. /хх-ийн 17 х/

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д “Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ”, 17 дугаар зүйлийн 1.1-д “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас 2020.04 сараас 2023.09.30-ны өдрийг хүртэл хугацаанд төлбөл зохих Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 77,724,880.38 төгрөгийг шаардах эрхтэй байна.

            Хариуцагч нь Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 77,724,880.38 төгрөгийн хувьд маргадаггүй бөгөөд шүүх хуралдааны явцад компанийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг төлбөрт тооцуулан нэхэмжлэгчид нийлүүлж, төлбөрийг барагдуулах боломжтой гэж тайлбарласныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тул шүүхээс энэхүү тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

            Иймээс хариуцагч “У” ХХК-иас Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 77,724,880.38 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги 36,724,163 төгрөгийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5-д “Нийгмийн даатгалын тухай хууль зөрчигчид алданги, торгох шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэл болон алдангийн төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлнэ” гэж заасны дагуу шаардах эрхтэй гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй.

Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3-д “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно...” гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгч нь дээрх зохицуулалтын дагуу хариуцагчид нийгмийн даатгалын шимтгэлийн өр 77,724,880.38 төгрөгийн алданги 36,724,163 төгрөгт ногдох шийтгэл оногдуулсан талаар баримтгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлийн өр 77,724,880.38 төгрөгийн алданги 36,724,163 төгрөгт ногдох шийтгэл оногдуулсан талаар, хариуцагч компанийн хувьд 2020.06.08-ны өдөр Улсын их дэлгүүр гал гарсны улмаас борлуулалтанд байсан бэлэн бүтээгдэхүүнүүд маань шатсан. Мөн 2021.06.17-ны өдөр Үйлдвэр маань үерт өртөж давагдашгүй хүчин зүйл гарсан гэх тайлбаруудаа хэн аль нь баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Шүүхийн журмаар баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймээс хариуцагч “У” ХХК-иас Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 77,724,880.38 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 36,724,163 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “У” ХХК-иас 546,574 төгрөг /77,724,880.38 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид/-ийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасны удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч “У” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 77,724,880.38 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Чт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36,724,163 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “У” ХХК-иас 546,574 төгрөг /77,724,880.38 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид/-ийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ                                                Х.ДАШДЭЧМАА