Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/00126

 

 

 

 

 

 

 

                         2024     01         04      

                                     182/ШШ2024/00126

 

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ......тоот хаягт оршин суух, Б.Р,

 

Нэхэмжлэгч: ...... тоот хаягт оршин суух, Д.М нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...... тоот хаягт байрлах, “Ж” ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилласан хугацааны цалин 5,360,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Б.Р, Д.М нар нь хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин 5,360,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Б.Р, Д.М нар нь “Ж” ХХК-д хамгаалалтын ажилтнаар ажиллаж байсан. Б.Р нь 2023.05.01-ний өдөр, Д.М нь 2023.04.01-ний өдөр тус тус ажилд орцгоосон. Нэхэмжлэгч Б.Р, Д.М нарын гэрээгээр ажилладаг газар нь Баянзүрх дүүргийн Улаанхуаранд байрлах “О” ХХК-ийн барилгын хашаанд байрладаг байсан.

“Ж” ХХК-ийн гэрээт харуул хамгаалалтын албаны даргатай хамгаалагч нар хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар удаа дараа хэлдэг боловч гэрээ огт хийгээгүй, дансаар цалингаа авдаг, дансны хуулга дээр “Ж” ХХК-ийн 0000 тоот дансны хуулгаар эрх зүйн харилцаа үүсгэж байсныг нотлох баримт болно.

Нэг гарааны цалингаа 80,000 төгрөгөөр тохирсон. Б.Р ажилд орсон хугацаанаас хойш 2023.05.31-ний өдөр цалин гэж 1,120,000 төгрөг авах ёстой байснаас 560,000 төгрөг авч, үлдэгдэл 560,000 төгрөгөөс 2023.07.08-ны өдөр 360,000 төгрөг өгсөн, үлдсэн 200,000 төгрөгийг огт өгөөгүй.

Тэгээд цааш ажилласаар  2023.6 дугаар сард 10 гараатай, 7 дугаар сард 14 гараатай, 8 дугаар сард 4 гараатай, нийт 29 гарааны 2,520,000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн.

Нэхэмжлэгч Д.М нь ажилд орсноос хойш 5 дугаар сард 1,120,000 төгрөг авах ёстой байснаас 560,000 төгрөгийг өгсөн, үлдсэн 560,000 төгрөгийг огт өгөөгүй. Тэгээд цааш үргэлжлүүлэн ажиллаж байгаад түүнээс хойш 6 дугаар сард 11 гараатай гэж бичсэн ба тулгалт хийхэд 10 гараатай байсан. 7 дугаар сард 14 гараатай, 8 дугаар сард 4 гараатай, нийт 28 гарааны 2,840,000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй байна.

“Ж” ХХК-ийн захирал н.Г-с цалингаа асуухад, “О” ХХК нь цалингаа өгөөгүй гэдэг. Гэтэл “О” ХХК-ийн захирал н.Я, нягтлан н.Ө нараас цалингийн талаар асуухад, “Ж” ХХК-ийн хамгаалалтын алба руу шилжүүлсэн гэдэг. Ийм байдлаар нэхэмжлэгч нарын ажилласан хугацааны цалинг өгөхгүй байсаар өнөөдрийг хүргэсэн.

Иймд, “Ж” ХХК-иас нийт 5,360,000 төгрөг буюу Б.Р-д 2,520,000 төгрөг, Д.М-д 2,840,000 төгрөгийн цалинг гаргуулж өгнө үү...” гэв.

           

2. Хариуцагч “Ж” ХХК шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манай компани нь нэхэмжлэгч Б.Р, Д.М нартай хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй. Мөн манайх “О” ХХК-д 2022.10.14-2023.10.14-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаанд “К” хотхоны төслийн харуул хамгаалалтыг үзүүлэх гэрээтэйгээр хамтран ажилласан.

Гэтэл “О” ХХК нь 2023.06 дугаар сараас эхлэн төлбөр мөнгөө өгөхгүй асуудал үүсгэж эхэлсэн. Түүнээс үүдэлтэйгээр бид нар 2023.07.17-ны өдрийн 23/17 албан тоот бичиг болоод 2023.08.08-ны өдрийн 23/19 тоот албан бичгээр удаа дараа мэдэгдэж үйл ажиллагаа дуусгавар болгон зогсоосон байдаг.

Нэхэмжлэгч нар 1 өдрийн цалинг 80,000 төгрөг байсан гэж хэлдэг. Гэтэл “Ж” ХХК-ийн захирал н.Г нь 50,000 төгрөгөөр анх тохиролцсон талаар хэлдэг бөгөөд үндсэн ажилчдадаа 80,000 төгрөгөөр цалинжуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж байгаа ажилчдадаа 50,000 төгрөгөөр цалинжуулдаг гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч Д.М-д 12 гарааны 640,000 төгрөг, үүнээс 600,000 төгрөг нь цалин, 40,000 төгрөг нь унаа болон хоолны мөнгө нэмж өгдөг байсан. 2023.05.31-ний өдөр 11 гарааны 560,000 төгрөгийг өгсөн, үүнээс 10,000 төгрөг нь унааны мөнгө.

Нэхэмжлэгч Б.Р-д 2023.5.31-ний өдөр 11 гарааны 560,000 төгрөгийг өгсөн, үүнээс 10,000 төгрөг нь унааны мөнгө болгож өгсөн. 2023.06 сарын 7 гарааны 360,000 төгрөгийг 2023.07.08-ны өдөр өгсөн.

Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас тогтсон хугацаанд цалин олгодоггүй, тохирсон тохиролцоо байхгүй байсан. Тухайн үед “О” ХХК-иас мөнгө орж ирсэн үед нь боломжоороо цалин өгдөг байсан. Манай компанийн зүгээс 2023.07.26-ны өдрөөр үйл ажиллагаагаа зогсоосон байхад нэхэмжлэгч нар ажилласаар байсан.

Яагаад ажилласан талаар үндсэн ажилчдаасаа асуухад “Ж” ХХК цалингаа тогтмол өгдөггүй, “О” ХХК санал тавьсан учраас тухайн компанид ажиллая, цалингаа илүү найдвартай өгдөг, 80,000 төгрөгийн цалин авч чадах юм байна...” гэдэг зүйлсийг ярилцаад, н.М, н.Э нарыг ятгасан асуудал байдаг.

 

Гэтэл эдгээр хүмүүсийг “О” ХХК-д ажиллаж байх үед нь 30,000,000 төгрөгийн бараа материал алга болж, тухайн үед харуулд гардаг байсан бүх ажилчдыг шалгасан асуудал гарсан. Тэгэхээр “О” ХХК нь гэрээгээр тохиролцсон цалингаа өгөхгүй байгаа шалтгаан нь өөрсдөө харуул хамгаалалтын тусгай ажилчидтай болсныг илтгээд байна. Тэр талаар ч гэсэн “Ж” ХХК-ийн захиралд илэрхийлсэн асуудал байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

           

            3.Нэхэмжлэгч нар нь шаардлагатайгаа холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2 х/

            -Иргэний үнэмлэхийн хуулбар болон лавлагаа /хх-ийн 3, 4 х/

            -Хаан банкны дансны хуулга /хх-ийн 5-10 х/

            -Нэхэмжлэгч нараас 2023.09.18-ны өдөр олгосон итгэмжлэл /хх-ийн 11, 12 х/

            -“О” ХХК-ийн 2023.12.20-ны өдрийн 23/259 тоот албан бичиг /хх-ийн 54 х/

            - 5, 6, 7, 8 сарын гарааны бүртгэл /хх-ийн 56 х/ зэрэг баримтуудыг,

 

3.1. Хариуцагч татгалзалтайгаа холбогдуулан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 0000 дугаартай гэрчилгээ /хх-ийн 23 х/

-Хариу тайлбар /хх-ийн 27-28 х/

-”Ж” ХХК-ийн “О” ХХК-тай байгуулсан 2022.10.14-ний өдрийн 0000 тоот “Харуул хамгаалалт үзүүлэх гэрээ” /хх-ийн 29-34 х/

-”Ж” ХХК-ийн 2023.07.17-ны өдрийн 23/15, 2023.08.08-ны өдрийн 0000 тоот “О” ХХК-д хүргүүлсэн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг /хх-ийн 35, 36 х/,

-”Ж” ХХК-иас 2023.12.06-ны өдөр 23/29 тоот албан бичгээр Б.С-д олгосон итгэмжлэл /хх-ийн 43 х/ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

 

3.2. Тус шүүхийн 2023.12.07-ны өдрийн 182/ШЗ2023/16047, 2023.12.21-ний өдрийн 182/ШЗ2024/00061 дугаартай шүүгчийн захирамжуудаар Д.Б-ыг асуусан тэмдэглэл /хх-ийн 66-67 х/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс нэхэмжлэгч нарт холбогдох эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа эсэх талаар лавлагаа /хх-ийн 68 х/ тус тус шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Б.Р, Д.М нар нь хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин 5,360,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Р, Д.М нар нь нэхэмжлэлийн шаардлагаа “Ж” ХХК-ийн хамгаалалтын объектод 2023 оны 5, 6, 7, 8 сард харуул, хамгаалагчаар ажиллаж байсан. Нэг хүнд өдрийн 80,000 төгрөгийн цалин олгохоор захирал Н.Г-тай харилцан тохиролцсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэхээр байгуулдаггүй байсан.

2.а. Нэхэмжлэгч Б.Р-ий хувьд 2023.05.31-нд 1,120,000 төгрөг авах байснаас 560,000 төгрөг, 2023.07.08-нд 360,000 төгрөг тус тус өгсөн. 6 сард 10 хоног, 7 сард 15 хоног, 8 сард 4 хоног, нийт 29 хоног /гараа/-ийн цалин 2,520,000 төгрөг,

2.б. Нэхэмжлэгч Д.М-ы хувьд 2023.05.31-нд 1,120,000 авах ёстой байснаас 560,000 төгрөг авсан. 5 сарын цалингийн үлдэгдэл 560,000 төгрөг, 6 сард 11 хоног, 7 сард 14 хоног, 8 сард 4 хоног, нийт 29 хоног /гараа/-ийн цалин 2,840,000 төгрөгийн цалингаа аваагүй тул нийт 5,360,000 төгрөгийг хариуцагч “Ж” ХХК-иас гаргуулна гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч “Ж” ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: Нэхэмжлэгч нар нь түр хугацаагаар манай компанид 1 хоног /гараа/-ийн 50,000 төгрөгийн хөлстэйгөөр ажиллахаар тохирсон.

Компанийн зүгээс нэхэмжлэгч Б.Р-д 19 хоног /гараа/-ийн хөлсөнд 920,000 төгрөг, Д.М-д 23 хоног /гараа/-ийн хөлсөнд 1,120,000 төгрөгийг өгсөн учраас ямар нэгэн өглөг байхгүй.

Мөн “О” ХХК нь 2023.06 дугаар сараас эхлэн төлбөр мөнгөө өгөхгүй асуудал үүсгэж эхэлсэн. Түүнээс үүдэлтэйгээр бид нар 2023.07.17-ны өдрийн 23/17 албан тоот бичиг болоод 2023.08.08-ны өдрийн 23/19 тоот албан бичгээр удаа дараа мэдэгдэж 2023.07.26-ны өдрөөр үйл ажиллагаа дуусгавар болгон зогсоосон гэж тайлбарлан маргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хаан банкны 0000, 0000 тоот “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-ууд /хх-ийн 5-7, 8-10 х/, хариуцагч “Ж” ХХК-ийн “О” ХХК-д 2023.07.17-ны өдөр хүргүүлсэн 23/15, 2023.08.08-ны өдөр хүргүүлсэн 23/19 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоот /хх-ийн 35, 36 х/, О” ХХК-ийн 2023.12.20-ны өдрийн 23/259 тоот албан бичиг /хх-ийн 54 х/, нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн 5, 6, 7, 8 сарын гарааны бүртгэл /хх-ийн 56 х/, гэрч Д.Б-ы мэдүүлэг /хх-ийн 66-67 х/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2023.12.20-ны өдрийн 30ж4/4514 тоот албан бичиг /хх-ийн 68 х/ зэрэг баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо.Үүнд:

 

5. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д “талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно” гэж тус тус заасан бөгөөд зохигчийн тайлбараар талууд хөлсөөр ажиллах гэрээ байгуулах хэлцлийг бодит үйлдлээр илэрхийлж хийсэн гэж үзэхээр байна.

 

6. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 359.2-т “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно”, 360 дугаар зүйлийн 360.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө”, 360.2-т “Шаардлагатай бол хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно” гэж заасан.

 

Энэхүү заалтаас үзэхэд талуудын хийх ажил нь тодорхой байх, ажлын хөлсийг тохирсон байх шаардлагатай байна.

 

7. Нэхэмжлэгч Б.Р, Д.М нь 2023.05.01-ний өдрөөс 2023.08.08-ны өдрийг хүртэл “Ж” ХХК-д харуул, хамгаалагчаар ажиллаж, тус компанийн “О” ХХК-тай байгуулсан 2022.10.14-ний өдрийн 22/101401 тоот “Харуул хамгаалалт үзүүлэх гэрээ”-ний дагуу ..... урд талд К хотхоны 8 блок орон сууцны барилгын талбайд харуул, хамгаалалтын ажилтны үүрэг гүйцэтгэж байжээ.

 

8. Зохигчийн маргааны зүйл нь ажилласан хугацааны цалин байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч нарт 1 хоног /гараа/-ийн цалинг 50,000 төгрөгөөр тохирсон. Манай үндсэн ажилтнууд 1 хоногийн 80,000 төгрөгийн цалин авдаг байсан. Нэхэмжлэгч нар нь манай үндсэн ажилтнуудыг ажиллах боломжгүй үед ирж ажилладаг байсан учраас ажилласан хугацааны цалинг нь хоол, унааны мөнгөтэй нь хамт өгсөн. 2023.07.17-ны өдрөөр “О” ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдсан учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй.

 

а. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж тус тус заасан.

 

б. Хариуцагч нь шүүх хуралдаан дээр “үндсэн ажилтнууд нэг хоног /гараа/-ийн 80,000 төгрөгийн цалин авдаг байсан, мөн харуул, хамгаалалтад ажиллаж байгаа ажилтнуудын бүртгэлийг хийдэггүй байсан. Мөн “О” ХХК-тай байгуулсан гэрээг 2023.07.26-ны өдөр цуцлагдсан” гэж тус тус тайлбарласан боловч тус компанид хэдэн ажилтан нь үндсэн ажилтнаар, хэдэн ажилтан нь хөлсөөр ажиллаж байсан талаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

в. Тодруулбал, “Ж” ХХК-иас 2023.07.17-ны өдөр 23/15 дугаартай “Гэрээт харуул хамгаалалтын “Ж” ХХК нь “О” ХХК-тай 2022.10.14-ний өдөр 22/101401 дугаартай, “К” төслийн харуул хамгаалалт үзүүлэх гэрээ байгуулсан билээ.

“О” ХХК нь тус гэрээний 2.9-д заасан төлбөрөө “Ж” ХХК-д тогтоосон хугацаанд шударгаар зохих ёсоор төлөөгүй байна.

Иймд зохих хугацааны төлбөрүүдээ уг гэрээний 6.2-д заасан журмын дагуу хугацаа хэтэрсэн хоног тутмын алдангийн хамт 2023.07.25 өдрийн дотор “Ж” ХХК-ийн Голомт банкны 0000 тоот төгрөгийн данс руу шилжүүлэхийг шаардаж байна.

Шаардлагыг тогтоосон хугацааны дотор үл биелүүлсэн тохиолдолд гэрээний 7.1-д заасан үндэслэлээр гэрээг хамгаалалтын албаны зүгээс энэхүү мэдэгдлээр 2023.07.26-ны өдөр цуцалж буйгаа илэрхийлж ажилчдаа татан объектыг орхин явахаа мэдэгдэж байна.

Цаашид объектод ямар нэг зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гарсан тохиолдолд манай компани хариуцахгүй болохоо давхар мэдэгдэж байна” гэсэн бол 2023.08.08-ны өдөр 23/19 тоот “Ж” ХХК нь тус компанитай хийсэн 22/101401 дугаартай.К төслийн харуул хамгаалалтын гэрээг цуцлах саналыг үүгээр мэдэгдэн хүргүүлж байна. Үндэслэх нь:

1.Тус компани нь өнөөдрийг хүртэл төлбөр тооцоогоо 2023.07.17-ны өдрийн 23/15 тоот мэдэгдэлд заасан шаардлагын дагуу биелүүлээгүй.

2.Бусад аж ахуйн нэгжүүдийн танай компанитай хийх төлбөр мөнгөний маргааны улмаас харуул хамгаалалтын ажил хийхэд хүндрэл учирсан.

3.Тус компанийн эрх бүхий хүмүүс нь харуул хамгаалалтын ажилтантай хамтран ажиллах уялдаа холбоо муу зэрэг үндэслэлээр бид хамтран гэрээг цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна” гэсэн агуулга бүхий мэдэгдлүүдийг “О” ХХК-д тус тус хүргүүлж байжээ.

 

г. Дээрх мэдэгдлүүдийн агуулгаас үзэхэд талуудын байгуулсан гэрээ 2023.07.26-ны өдөр цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй. Энэ нь “О” ХХК-ийн тус шүүхэд ирүүлсэн 2023.12.20-ны өдрийн 23/259 тоот “Д.М, Б.Р нар нь 2023.05.01-нээс 2023.08.08-ны өдөр хүртэл “О” ХХК-ийн хэрэгжүүлж буй “К хотхон” төслийн харуулаар ажилласан...” гэх албан бичиг, нэхэмжлэгч нарын тайлбараар үгүйсгэгдэж байна.

 

д. Мөн Б.Р-ий Хаан банкны 0000 тоот “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-аар хариуцагч нь 2023.05.31-ний өдөр 560,000 төгрөгийг “5 сар 1 с 15 ны мөнгө, жаран хас ХХК”, 2023.07.08-ны өдөр 360,000 төгрөгийг “ж” гэх гүйлгээний утгаар,

Д.М-ы Хаан банкны 0000 тоот “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-аар 2023.05.31-нд 560,000 төгрөгийг “5 сар 1 с 15 ны мөнгө, жаран хас ХХК” гэх гүйлгээний утгаар тус тус шилжүүлсэн. Мөн гэрч Д.Б-ы “нэг гарааг 80,000 төгрөгөөр тооцдог байсан...” гэх мэдүүлгээр хариуцагч нь 1 хоног /гараа/-ийн цалинг 50,000 төгрөгөөр тооцдог байсан гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

9. Харин нэхэмжлэгч нар нь нэг хоног /гараа/-ийн 80,000 төгрөгийг цалинтай ажиллаж байсан болох нь дээрх 2023.05.31-ний өдрийн Хаан банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-ын “5 сар 1 с 15 ны мөнгө, жаран хас ХХК” гэх утгаар шилжүүлсэн гүйлгээний баримт, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарын шүүхэд гаргаж өгсөн 5, 6, 7, 8 сарын гарааны бүртгэл гэсэн баримтаар Б.Р нь 5 сарын цалингийн үлдэгдэл 260,000 төгрөг, 6 сарын 10 хоног /гараа/-ийн 800,000 /10 хоног х 80,000/ төгрөг, 7 сарын 14 хоног /гараа/-ийн 1,120,000 /14 хоног х 80,000/ төгрөг, 8 сарын 4 хоног /гараа/-ийн 320,000 / 4 хоног х 80,000/ төгрөг, нийт 2,500,000 төгрөг,

Нэхэмжлэгч Д.М 5 сарын үлдэгдэл 560,000 төгрөг, 6 сарын 10 хоног /гараа/-ийн 800,000 /10 хоног х 80,000/ төгрөг, 7 сарын 14 хоног /гараа/-ийн 1,120,000 /14 хоног х 80,000/ төгрөг, 8 сарын 4 хоног /гараа/-ийн 320,000 /4 хоног х 80,000/ төгрөг, нийт 2,800,000 төгрөгийг тус тус хариуцагч “Ж” ХХК-иас шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч “Ж” ХХК-иас нийт 5,300,000 төгрөг буюу нэхэмжлэгч Б.Р-д 2,500,000 төгрөг, нэхэмжлэгч Д.М-д 2,800,000 төгрөгийг тус тус гаргуулан олгож, Б.Р-ий шаардлагаас 20,000 төгрөг, Д.М-ы шаардлагаас 40,000 төгрөг, нийт 60,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзсэн болно.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Р-ий төлсөн 56,230 төгрөг, Д.М-ы төлсөн 61,030 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж” ХХК-иас 114,700 төгрөгийг гаргуулан Б.Р-д 54,950 төгрөг, Д.М-д 59,750 төгрөгийг тус тус олгох нь хуульд нийцнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 359.2-т заасныг баримтлан “Ж” ХХК-иас нийт 5,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Р-д 2,500,000 төгрөг, нэхэмжлэгч Д.М-д 2,800,000 төгрөгийг тус тус олгож,

Б.Р-ий шаардлагаас 20,000 төгрөг, Д.М-ы шаардлагаас 40,000 төгрөг, нийт 60,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Р-ий төлсөн 56,230 төгрөг, Д.М-ы төлсөн 61,030 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж” ХХК-иас 114,700 төгрөгийг гаргуулан Б.Р-д 54,950 төгрөг, Д.М-д 59,750 төгрөгийг тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                    Х.ДАШДЭЧМАА