Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/64

 

Х.Болормаа, Н.Сүхбаатар, Ч.Мөнгөнзул

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2021/0157/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, Д.Буянжаргал, шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                      Б.Батсүх

              Шүүгдэгч                                       Н.Сүхбаатар /онлайн/

              Шүүгдэгчийн өмгөөлөгч               П.Батжаргал, Ө.Өлзиймаа

          Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолтой Нямаажавын Сүхбаатар, Чимэдцэрэнгийн Мөнгөнзул, Хичигийн Болормаа нарт холбогдох, 2118000450129 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Сүхбаатарын өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1975 оны 3 дугаар сарын 23-нд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүх нийгэм судлалын багш мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 6 дугаар сургуульд захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 4 дүгээр хэсэг гудамж, 10а тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 172 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1.т зааснаар 30.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан Түмэн овогт Нямаажавын Сүхбаатар. /регистрийн дугаар Т375032393/

2.Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 24-нд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Санжинт баг, Ойчид, 17 дугаар гудамж, 34 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй Зуутраг овогт Хичигийн Болормаа. /регистрийн дугаар ОЙ77022403/

3.Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 16-нд Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, уламжлалтын сувилагч мэргэжилтэй, “Шарын гол” ХК-нд үйлдвэрийн бага эмч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Дархан баг, Уурхайчдын 5 дугаар гудамж, 9 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй Товуу овогт Чимэдцэрэнгийн Мөнгөнзул /регистрийн дугаар ИБ95041603/,

Дархан-Уул аймгийн прокуророос шүүгдэгч Н.Сүхбаатарыг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Ерөнхий боловсролын 6 дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн Шарын гол сумын 6 дугаар сургуулийн захирлын албан өрөөнд хахууль өгөгч Ч.Мөнгөнзулын ашиг сонирхлын үүднээс Ерөнхий боловсролын сургуулийн эмчийн ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагад заасан мэргэшил болон туршлага /төрөлжсөн мэргэжлийн сургалтад тусгагдаагүй, мэргэшлийн үнэмлэхгүй, 1 жилийн хугацаатай сувилах үйл ажиллагаа эрхэлсэн/ шаардлага хангахгүй байхад эмчээр түр томилон ажиллуулах тухай тушаал гаргаж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж 200.000 төгрөгийн хахууль авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар, мөн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын албан өрөөнд хахууль өгөгч Х.Болормаагийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2020 оны 09 сарын 23-ны өдөр 170.000 төгрөгийн хахууль авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2.т заасан,

-шүүгдэгч Ч.Мөнгөнзулыг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн эмчийн албан тушаалд шинээр ажилд орохын тулд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн захирал Н.Сүхбаатарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний албан өрөөнд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийн хахууль өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1.т заасан,

-шүүгдэгч Х.Болормааг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн өлгүүрчин албан тушаалд шинээр ажилд орохын тулд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн захирал Н.Сүхбаатарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний албан өрөөнд 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 170.000 төгрөгийн хахууль өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2.т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Түмэн овогт Нямаажавын Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2.т зааснаар зүйлчилж,

-Шүүгдэгч Түмэн овогт Нямаажавын Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2.т заасан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Товуу овогт Чимэдцэрэнгийн Мөнгөнзул, Зуутраг овогт Хичигийн Болормаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1.т заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Н.Сүхбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2.5.д зааснаар шүүгдэгч Х.Болормаа, Ч.Мөнгөнзул нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1.т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Х.Болормаа, Ч.Мөнгөнзул нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ял оногдуулж,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Н.Сүхбаатарт оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Х.Болормаа, Ч.Мөнгөнзул нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Н.Сүхбаатараас 370.000 /гурван зуун далан мянга/ төгрөг гаргуулж улсын орлого болгож,

-Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Сүхбаатар, Х.Болормаа, Ч.Мөнгөнзул нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Сүхбаатарын өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч Н.Сүхбаатарын гэрчээр өгсөн “ ...Энэ нь хамт олноо дайлах хонь мал, мөнгө төгрөг өгдөг юм байна лээ. Надад мөнгө өгсөн гэх Мөнгөнзул, Болормаа нарын хувьд гэхэд Мөнгөнзулаас 200.000 Болормаагаас 170.000 төгрөг, нийт 370.000 төгрөгийг авч, 240.000 төгрөгөөр сургуулийнхаа багш нарын өрөөнд шарх шүүгээ авсан. Үлдсэн 100.000-аар багш нарын байрны засварын төсвийн хөлсөнд өгч үлдсэн мөнгөөр нь хяналтын улсын байцаагчийг авч ирээд буцааж хүргэж өгөхөд зориулж тээврийн хэрэгсэлдээ бензин хийсэн” гэх мэдүүлэг / Хх- 32-34/,

-шүүгдэгч Ч.Мөнгөнзулын гэрчээр өгсөн “ ... ажилд авъя, сургуулийн засварын ажил их байгаа, боломжоороо хэдэн төгрөг өгөөч... гэж хэлсэн” гэх мэдүүлэг/ ХХ-26/,

-шүүгдэгч Ч.Мөнгөнзулын яллагдагчаар өгсөн “ ...чамайг ажилд авъя, намрын ажил эхэлж сургуулийн засварын ажил их байгаа, сургуульдаа боломжоороо хэдэн төгрөг өгчих, хандив болгоод... гэж хэлэхээр нь би “за” гэж хэлээд өрөөнөөс нь гарсан.” гэх мэдүүлэг /ХХ-133-135/,

-шүүгдэгч Х.Болормаагийн яллагдагчаар өгсөн “... Хахууль өгөхийг шаардаагүй. Би өөрөө санал тавьсан. Би захирал Сүхбаатарт хэлэхдээ “байгууллагын ажилчдын баяр ёслолын үеэр би нэг хонь өгье” гэж хэлсэн” гэх мэдүүлэг / XX-121 -123/,

-гэрч Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай сургуулийн хажууд байдаг цагаан байрыг “өөр орон нутгаас ирж байгаа багш, ажилчдын байр болгоно. Үүний төсвийг хүнээр хийлгэнэ. Мөнгө хэрэгтэй байна” гэхэд нь ”сургуулийн төсөвт ийм их мөнгө байхгүй” гээд өгөөгүй.... захиралд багш нар хүсэлт тавьж байсан” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт “ ...Болороо багшийн ангийн засварын мөнгө байсан. Буцааж авсан” гэх 100.000 төгрөгийн зарцуулалтын талаарх мэдүүлэг, гэрч Д.Туяагийн шүүхийн хэлэлцүүлэгт “ ...Пэйч хэрэгтэй, ашигладаг...” гэх мэдүүлэг,

-төсөвчин Ц.Энхбаяртай харилцсан мессенжер, 100,000 төгрөг шилжүүлсэн баримт, Шарын гол сумын 6 дугаар сургуулийн багш нарын 4 айлын орон сууцны барилгын төсөв / ХХ-42,43, 156-232/

-Сонгуулийн хорооны “... гэрэлтүүлгийг лед гэрлээр солих ”-ыг үүрэг болгосон албан бичиг, МХГ-т хүргүүлсэн албан тоот, Дархан-Уул аймгийн БСУГ-ын албан бичиг, МХГ-ын улсын байцаагчийн “Барилгын төлөв байдлын тухай” дүгнэлт, багш нарын өрөөний тохижилтын төсөв зэрэг нотлох баримтууд / XX- 44,45,46/

Дээрх нотлох баримтуудаар сургуулийн төсөвт суугаагүй боловч сургуулийн хэвийн үйл ажиллагааг явуулах болон багш ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах хөрөнгө, мөнгө олох ажлыг хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд сургуулийн захирал ажиллаж байсан нь тогтоогдсон. Ийнхүү шүүгдэгч Н.Сүхбаатар нь ажлын шаардлагаар хандив авч, хандивын мөнгөө багш ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл дээрх 370.000 төгрөгийг Н.Сүхбаатар хувийн хэрэгцээндээ аваагүй, хэрэглээгүй ба харин багш ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зориулалтаар хандив авч, уг зориулалтынх нь дагуу нийтийн ашиг сонирхлын төлөө зарцуулсан.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Н.Сүхбаатарын хандив авсан үйлдлийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3.т заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн. Гэтэл тухайн зөрчилд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3.т зааснаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулахаар заасан байна.

Өөрөөр хэлбэл Шүүгдэгч Н.Сүхбаатар нь дээрх хууль болон БСШУ-ны Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 дугаар тушаалаар батлагдсан “Сургууль, цэцэрлэгийг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”-ээр зохицуулсан хандив авах журмыг зөрчсөн байж болно. Гэхдээ энэ зөрчилд нь тохирсон захиргааны шийтгэл оногдуулж болохоос бус түүний үйлдлийг /ЭХТА-ийн 22.4 дүгээр зүйл/ хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь шүүгдэгчийн эрх байдлыг дордуулсан, эргэлзээтэй дүгнэлт болсон.

Иймд шүүгдэгч Н.Сүхбаатар нь хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд үндэслэн хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2.т зааснаар шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Сүхбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Сүхбаатарын өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:

Анхан шатны шүүх хэрэгт хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Миний үйлчлүүлэгч хахууль биш сургуульдаа хандив авсан гэдгээ хэрэг шалгаж эхэлсэн үеэс мэдүүлж ирсэн. Түүний үйлдэл нь эрүүгийн гэмт хэрэг биш зөрчлийн арга хэмжээ авахаар зөрчил байсан юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч нарыг хахууль өгсөн гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоос үзэхэд хэрэгт дахин дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Сүхбаатар тайлбартаа:

            Өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан шүүгдэгч Н.Сүхбаатарын өмгөөлөгч П.Батжаргалын гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.Сүхбаатар, Х.Болормаа, Ч.Мөнгөнзул нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Дархан-Уул аймгийн прокуророос шүүгдэгч Н.Сүхбаатарыг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Ерөнхий боловсролын 6 дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн албан өрөөнд хахууль өгөгч Ч.Мөнгөнзулын ашиг сонирхлын үүднээс тус сургуулийн эмчийн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй хүнийг эмчээр түр томилон ажиллуулах тухай тушаал гаргаж, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ төлөө 200.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар, мөн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын албан өрөөнд хахууль өгөгч Х.Болормаагийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2020 оны 09 сарын 23-ны өдөр 170.000 төгрөгийн хахууль авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2.т зааснаар,

-шүүгдэгч Ч.Мөнгөнзулыг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн эмчийн албан тушаалд шинээр ажилд орохын тулд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн захирал Н.Сүхбаатарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний албан өрөөнд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийн хахууль өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1.т зааснаар,

-шүүгдэгч Х.Болормааг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн өлгүүрчин албан тушаалд шинээр ажилд орохын тулд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн захирал Н.Сүхбаатарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний албан өрөөнд 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 170.000 төгрөгийн хахууль өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан  тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Н.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 болгон зүйлчилж, Н.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2.т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 600.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Н.Сүхбаатараас 370.000 төгрөг гаргуулж улсын орлого болгохоор, шүүгдэгч Ч.Мөнгөнзул, Х.Болормаа нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2.5.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1.т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, нийтийн албанд томилогдох эрхийг тус тус 2 жилийн хугацаагаар хасах ял оногдуулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хээл хахууль, авлига нь нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулж, аюул занал учруулж, ёс зүйн үнэт зүйлсийг алдагдуулж, шударга ёсыг сулруулж, хууль дээдлэх ёсонд хохирол учруулж, эдийн засгийн бусад гэмт хэрэг үйлдэгдэх хангалттай нөхцөлийг бүрдүүлж өгдөг.   

Энэ гэмт хэрэг нь эрх мэдэлтэй албан тушаалтнаар хууль бусаар хахууль авагч тал нь бусдын нэрийн өмнөөс амлах байдлаар үйлдэл хийж, өөртөө материаллаг эдийн болон эдийн бус, үйлчилгээний эрх, давуу байдал, санхүүгийн ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй хийлгэж, нийгмийн шударга ёсыг зөрчсөн, олон нийтийн итгэлийг алдагдуулсан хор уршигтай байдаг. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзвэл шүүгдэгч Н.Сүхбаатар нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Ерөнхий боловсролын 6 дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн эмчийн сул орон тоонд эмчээр ажилд орохыг хүссэн Ч.Мөнгөнзулаас 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн албан өрөөнд 200.000 төгрөгийн хахууль авч, эмчээр түр томилон ажиллуулах тухай тушаал гаргаж, өөртөө эдийн ашигтай байдал бий болгосон, мөн 2020 оны 09 сарын 23-ны үед тус сургуулийн өлгүүрчнээр ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан хүний оронд ажиллахыг хүссэн Х.Болормааг өлгүүрчнээр ажиллуулсны хариуд 170.000 төгрөгийн хахууль авсан, шүүгдэгч Ч.Мөнгөнзул нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн эмчийн албан тушаалд шинээр ажилд орохын тулд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн захирал Н.Сүхбаатарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний албан өрөөнд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийн хахууль өгсөн, шүүгдэгч Х.Болормаа нь мөн сургуулийн өлгүүрчин албан тушаалд шинээр ажилд орохын тулд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн захирал Н.Сүхбаатарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний албан өрөөнд 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 170.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

-гэрч Н.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн...Манай сургуулийн багш нарын өрөөнд 2021 оны 1 сард сургуулийн захирал Н.Сүхбаатар цагаан өнгийн шарах шүүгээ авчирсан. “Энэ юун шарах шүүгээ вэ” гэхэд захирал Н.Сүхбаатар “би авчирсан” гэж хэлж байсан. Баталгааны хуудас нь надад байгаа, 2020 он өнгөрчихсөн болохоор 2021 онд сургуулийн эд хөрөнгийн бүртгэлд бүртгэж авна. Одоогоор бүртгэж аваагүй. Надад багш нараас “шарах шүүгээ авъя” гэсэн хүсэлт тавьж байгаагүй...багш нарын байр гэж байхгүй, Сургалтын цагаан байр гэж байдаг. Тэрэнд засвар хийгээгүй...гэх мэдүүлэг /1-р хх, 49-50, 110/,

эрч Д.Нарантуяагийн өгсөн:...2020 онд манай байгууллагад урсгал засварын зардалд улсын төсвөөс 5.800.000 төгрөг тусгагдаж, 3.686.000 төгрөгөөр сургуулийн гадна 2 ширхэг металл хаалга худалдаж авсан. 2.113.400 төгрөгөөр цайны газрын засварын материал худалдаж авсан. Иргэд болон аж ахуй нэгж, байгууллагаас хандив, тусламж аваагүй. Багш ажилчид, сурагчдаас мөнгө хураах, авахыг хатуу хориглосон байдаг... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37/,

-гэрч Б.Уламбаярын өгсөн:...2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр манай эхнэр Мөнгөнзул над руу яриад “АТМ ороод 200.000 төгрөг аваад ирээч” гэхээр нь би ХААН банкны АТМ-аас 200.000 төгрөг аваад эхнэр Мөнгөнзулд сургуулийнх нь гадаа аваачиж өгсөн. Тухайн үед Мөнгөнзулыг захиралдаа хахууль өгөх гэж байгааг мэдээгүй. Сүүлд цагдаа сэргийлэх болоод яваад байхаар нь юу болсон талаар асуухад тэр мөнгийг захиралдаа өгсөн гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106/,

-гэрч Б.Зүйбадагийн мөрдөн байцаалтад өгсөн ...Миний мэдэж байгаагаар захирал Сүхбаатар нь сургуулийн эмч Мөнгөнзулаас “ажилд авсан” гэж 200.000 төгрөг бэлнээр авсан гэж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25/,

-шүүгдэгч Х.Болормаагийн гэрчээр өгсөн: ...Би анх 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шарын гол сумын 6 дугаар сургуульд жирэмсний амралттай хүний оронд өлгүүрчнээр ажилд орсон. Тэгээд 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад ээлжийн амралтаа авсан, энэ үед миний өмнө ажиллаж байсан хүн дахиад 1 жилийн чөлөө үргэлжлүүлж авна гэхээр нь би сургууль дээр очиж захиралтай уулзсан. Тэгтэл “нөгөө хүн чинь өргөдлөө бичиж өгөөгүй байна, чи түр хүлээж бай” гээд намайг явуулсан. Үүний дараа 2020 оны 9 дүгээр сард Сүхбаатар захиралтай дахин очиж уулзахад “чи хүлээж бай, өнгөрсөн жил чамтай хамт өргөдөл өгсөн хүмүүсээс нэг нь ажилд орно гэж ярьсан. Ажил гарвал чамайг дуудна” гэхээр нь би түүнийг гар хараад байгаа юм байна гэж бодоод өөрөө ажилтай болохын тулд “та ажилд авах юм бол танд нэг хонь өгье” гэж хэлэхэд өөдөөс “хонь яах вэ, зүгээр мөнгийг нь өгчих. Тэгвэл ажилд авъя” гэсэн. Тэгэхээр нь би 2020 оны 9 дүгээр сарын 20-нд улсаас олгодог хүүхдийн мөнгөө Төрийн банкнаас бэлнээр нь аваад гэртээ хадгалчихсан байсан 200.000 төгрөгөөсөө 170.000 төгрөгийг захирал Сүхбаатарын өрөөнд 2020 оны 9 дүгээр сарын 22-оос 24-ний аль нэг өдөр нь оруулж өгөөд тэр өдрөө ажилдаа эргэж ороод одоог хүртэл ажиллаж байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31, 39-40/,

-шүүгдэгч Ч.Мөнгөнзулын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: ...2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр би Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд ажилд орохоор захирал Н.Сүхбаатартай очиж уулзсан. Тэгэхэд намайг “сувилагч мэргэжилтэй, эмчлэх эрхгүй болохоор ажилд авах боломжгүй. Гэхдээ би энэ асуудлыг чинь хариуцаад чамайг ажилд авъя. Сургуулийн засварын ажил их байгаа, боломжоороо хэдэн төгрөг өгөөрэй” гэж хэлэхээр нь би “нөхөртэйгээ ярьж байгаад болъё” гэхэд “манай өрөөнд утсаар ярьчих” гэхээр нь би захирлын өрөөнд сууж байгаад нөхөртэйгээ ярихад “болно, болно” гэсэн. Тэгээд Н.Сүхбаатар захирал намайг “өгөх боломжтой мөнгөн дүнгээ хэл” гэхээр нь “200.000 төгрөг болох уу?” гэхэд “болно болно” гэсэн. Тэгээд би аав Чимэдцэрэнтэйгээ утсаар яриад “сумынхаа сургуульд эмчээр ажилд орохоор боллоо, мөнгө хэрэгтэй байна, 200.000 төгрөг өгчих” гэхэд “яах гэж байгаа мөнгө юм бэ” гэхээр нь “захирал нь мөнгө өгөөд ажилд ор” гэсэн гэж хэлсэн. Тэгээд манай аав миний ХААН банкны 5496070511 тоот дансанд 200.000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр захирал Н.Сүхбаатар намайг өрөөндөө дуудаж ”нөгөө асуудал юу болсон бэ” гэж асуухаар нь “бэлэн байна, та дансаа өгчих” гэхэд “дансаа өгөхгүй, бэлнээр нь аваад ир” гэхээр нь нөхөр Б.Уламбаяраар АТМ-аас 200.000 төгрөг бэлнээр авчруулж захирал Н.Сүхбаатарт өрөөнд нь оруулж өгсөн. Тэр өдөр намайг сургуулийн эмчээр томилсон тушаал гарсан. Намайг анх ажилд орох хүсэлт тавихад “ажилд авъя, мөнгө өгчих” гэж шаардсан. Дараа нь удаа дараа “болж байна уу, нөгөөдөх чинь яасан” гэх мэтээр байнга асуугаад байхаар нь өгөхөөс өөр аргагүй болсон. Өгөхгүй бол намайг ажилд авахгүй, тушаал гаргахгүй байх гэж бодоод 200.000 төгрөг өгсөн. “Эмчээр ажиллах хүсэлтэй хүмүүс ирж уулзаж байгаа” гэж хэлж байсан.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26, 44-45/,

-шүүгдэгч Х.Болормаагийн өөрийн гараар бичиж Цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн “Миний бие 2019 оны 11 дүгээр сард тус сургуульд жирэмсний амралт авсан хүний оронд өлгүүрчнээр ажиллаад 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс ээлжийн амралтаа аваад эргээд 9 дүгээр сард ажилдаа орохоор очсон боловч “өөр хүн авах гэж байгаа” гээд авахгүй байсан тул “1 мал өгье” гэж хэлсэн боловч “мал авахгүй, бэлэн мөнгө өг” гэхэд нь 170.000 төгрөг өгч ажилд орсон” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 9/,

-шүүгдэгч Н.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: ... Мөнгөнзулаас 200.000 төгрөг, Х.Болормаагаас 170.000 төгрөг, нийт 370.000 төгрөг авч 240.000 төгрөгөөр сургуулийнхаа багш нарын өрөөнд шарах шүүгээ авсан, үлдсэн 100.000 төгрөгийг багш нарын байрны засварын төсвийн хөлсөнд  өгч, үлдсэн мөнгөөр нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг авч ирээд буцааж хүргэж өгөхөд тээврийн хэрэгсэлдээ бензин хийсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34/,

-Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн багш ажилчдын төлөөллөөс Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга Б.Лхамсүрэнд гаргасан өргөдөл /1-р хх-ийн 6-8/, шүүгдэгч Х.Болормаагийн Төрийн банк дахь 140500172784 дугаартай дансны хуулга /1-р хх-ийн 42/, шүүгдэгч Ч.Мөнгөнзулын ХААН банк дахь 5496070511 дугаартай дансны хуулга /1-р хх-ийн 48/, Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт /1-р хх-ийн 73-80/, Н.Сүхбаатарыг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлаар түр томилох тухай аймгийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 01-Б/49 дугаартай захирамжийн хуулбар /1-р хх-ийн 87-88/, Х.Болормааг өлгүүрчин албан тушаалд томилсон тухай Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирал байсан Н.Сүхбаатарын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/15 дугаартай тушаалын хуулбар /1-р хх-ийн 81/, Ч.Мөнгөнзулыг эмчийн албан тушаалд түр томилсон тухай тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Н.Сүхбаатарын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай тушаалын хуулбар /1-р хх-ийн 83/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Шүүгдэгч Х.Болормаа, Ч.Мөнгөнзул нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн байх ба харин анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Сүхбаатар, түүний өмгөөлөгч П.Батжаргал нар дээрх 2 шүүгдэгчээс авсан 370.000 төгрөгийг хандив болгон авч, багш ажилчдад шарах шүүгээ худалдаж авах, багш нарын байрны засварын ажлын төсвийг хийлгэхэд зарцуулсан тул хахууль авах гэмт хэргийн шинжгүй, хандив байсан гэж мэтгэлцжээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.д “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно” гэж, 17.2.т “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага албан үүрэгтэй нь холбогдолгүй гуравдагч этгээдээс үзүүлж байгаа нийтийн албаны хэрэгцээнд, ажилтны сургалт, үйл ажиллагааны зохион байгуулалт, техникийн дэмжлэг зэрэг албан тушаалтныг ашиг сонирхлын зөрчилд оруулахгүй хандив, бусад санхүүгийн туслалцааг энэ хуулийн 17.1.д заасан хязгаарлалтад хамаарахгүй бол авч болно” гэж, 17.3.т “Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна” гэж тус тус заажээ.

Гэтэл нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан Н.Сүхбаатар нь нийтийн хэрэгцээнд буюу багш, ажилчдын ажлын байрны нөхцөлийг сайжруулах үйл ажиллагаанд зориулж биш, өөрийн байгууллагын сул орон тоонд ажилд орохыг хүссэн Х.Болормаа, Ч.Мөнгөнзул нараас мөнгө авсан үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн дээрх заалтуудыг зөрчсөн үйлдэл байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.т “Хувийн ашиг сонирхол” гэдэг нь нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг., 3.1.3.т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг., мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8.д “Хандив” гэж “Нийтийн албан тушаалтанд тодорхой зориулалтаар, үнэ төлбөргүй, эсхүл нийтэд санал болгож байгаа хөнгөлөлтөөс илүү хөнгөлөлттэй үнээр санхүүгийн эх үүсвэр, эд хөрөнгө шилжүүлэх болон үйлчилгээ үзүүлэхийг.” хэлэхээр тодорхойлж томьёолсон байх ба “хандив” авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байх, харилцан ашиг сонирхлын зөрчилгүйгээр хандив өгөгч, авагч нь сайн дурын үндсэн дээр, хэний ч дарамт, шахалтгүйгээр өгч, авах, олон нийт, эсхүл байгууллага, хамт олонд хандив авах, эсхүл өгсөн талаар урьдчилан, нээлттэй, ил тод мэдэгдсэн байх шинжийг агуулах юм.

Гэтэл сургуулийн байранд засвар огт хийгээгүй, улсын төсвөөс сургуулийн урсгал засварын зардалд тухайн жилд 5.800.000 төгрөг тусгагдсанаас 3.686.000 төгрөгөөр сургуулийн гадна 2 ширхэг металл хаалга, 2.113.400 төгрөгөөр цайны газрын засварын материал худалдаж авсан байх ба иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас хандив, тусламж аваагүй болох нь, түүнчлэн багш нарын өрөөнд авсан гэх шарах шүүгээг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн багш, ажилчдын төлөөлөл болсон 9 хүний гарын үсэгтэй сургуулийн захирал Н.Сүхбаатарын тухай захирлын үүргээ хангалтгүй биелүүлж байгаа, шинээр ажилд орсон багш, ажилчдаас мөнгө нэхэж авсан, авахаар завдсан талаарх гомдлыг Шарын гол сумын Засаг дарга Б.Лхамсүрэнд 2020 оны 11 сарын 27-ны өдөр гаргасны дараа, мөн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Цагдаагийн байгууллага 2021 оны 01 сарын 14-ний өдөр хүлээж авснаас хойш худалдан авч сургуульдаа аваачсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байна.

Иймд шүүгдэгч Н.Сүхбаатарын өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан ...Ч.Мөнгөнзул,  Х.Болормаа нараас 370.000 төгрөгийн хандив авч, багш нарын ажиллах нөхцөлийг сайжруулахад ашигласан, хувийн хэрэгцээндээ зарцуулаагүй, уг үйлдэлд хахууль авах гэмт хэргийн шинжгүй тул шүүгдэгч Н.Сүхбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдол үндэслэлгүй юм.

Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/494, А/761 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн эмчийн ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар /1-р хх-ийн 234-238/-ын тавигдах шаардлагыг Ч.Мөнгөнзул нь хангасан, эсхүл хангаагүй гэх нөхцөл байдлыг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж, холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй, гэрч Ч.Туяагийн “...манай сургуульд эмч олдохгүй байсан учир Ч.Мөнгөнзулыг ажилд авах асуудлыг хурлаар хэлэлцээд эмчийн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан гэж үзээд ажилд авсан...” гэж мэдүүлснийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч Н.Сүхбаатарыг ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй хүнийг ажилд томилж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнээд Прокуророос шүүгдэгч Н.Сүхбаатарын энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй, байгууллагын сул орон тоонд ажилд орохыг хүссэн Ч.Мөнгөнзул, Х.Болормаа нараас мөнгө авсан үйлдэл нь   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2.т заасан хахууль авах гэмт хэргийн, шүүгдэгч Ч.Мөнгөнзулын сургуулийн эмчийн албан тушаалд томилогдохын тулд захирал Н.Сүхбаатарт 200.000 төгрөг өгсөн үйлдэл, шүүгдэгч Х.Болормаагийн сургуулийн өлгүүрчний албан тушаалд томилогдохын тулд захирал Н.Сүхбаатарт 170.000 төгрөг өгсөн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1.т заасан хахууль өгөх гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан гэж зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, тэднийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэргийн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, болсон хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, үйлдэл тус бүрд үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэгт тохируулан шүүгдэгч Н.Сүхбаатар, Ч.Мөнгөнзул, Х.Болормаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, эсхүл нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Сүхбаатарын өмгөөлөгч П.Батжаргалын ...шүүгдэгч Н.Сүхбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” ...гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Сүхбаатарын өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.БУЯНЖАРГАЛ

                                                                         ШҮҮГЧ                         Ц.АМАРЖАРГАЛ