Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 148/ШШ2024/00058

 

 

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 148/ШШ2024/00058

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн А танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Автохудалдааны цогцолбор, Автоком центр Б блок, 202 тоотод байрлах ******* инвестмент ББСБ ХХК /РД: *******/

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг, 2 дугаар хэсэг, 107а тоотод оршин суух, Алаг адуу овогт *******ийн ******* /РД: *******/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 18,962,897.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, *******, *******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* инвестмент ББСБ ХХК нь Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 8,267,074.15 төгрөг, зээлийн хүү 10,695,823.04 төгрөг, нийт 18,962,897.19 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Б.******* нь ******* инвестмент ББСБ ХХК-с 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ЗГ2019070034 тоот зээлийн гэрээгээр 12,400,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Зээлдэгч Б.******* нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө огт төлөөгүй бөгөөд манай зүгээс ковид 19-н нөхцөл байдлыг харгалзан уян хатан байдлаар шийдвэрлэж 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлийн хугацааг 24 сараар сунган зээлийн график шинэчлэн өгсөн боловч тухайн өдрөөс хойш ердөө 2 удаа зээлийн төлөлт төлсөн. Иймд үндсэн зээлийн 8,267,074.15 төгрөг, түүний хүү болох 10,695,823.04 төгрөг нийт 18,962,897.19 төгрөгийг зээлдэгч Б.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.******* нь Рич капитал инвестмент банк бус санхүүгийн байгууллагаас 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ЗГ2019070034 тоот зээлийн гэрээгээр 12,400,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Зээлдэгч Б.******* нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө огт төлөөгүй бөгөөд манай зүгээс ковид 19-н нөхцөл байдлыг харгалзан уян хатан байдлаар шийдвэрлэж хариуцагч Б.*******ын бичгээр гаргасан хүсэлтийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлийн хугацааг 24 сараар сунган зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн өгсөн боловч тухайн өдрөөс хойш ердөө 2 удаа зээлийн төлөлт төлсөн. Иймд үндсэн зээлийн төлбөр 8,267,074.15 төгрөг,зээлийн хүүнд 9,934,668.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 581,770 төгрөг нийт 18,962,897.19 төгрөгийг зээлдэгч Б.*******аас нэхэмжилж байна гэв.

2. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Тус шүүхэд гаргасан ******* инвестмент ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд дурдсан 18,962,897 төгрөгийг бүрэн төлөх боломжгүй. Учир нь 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн зээлийн хугацааг 24 сараар сунгасан нь үндэслэлгүй байна. Мөн зээл авснаас хойш коронавирус өвчин гарснаас болж ажил зогсож заасан хугацаанд төлбөр төлөх боломжгүйд хүрсэн. Иймд энэ байдлыг харгалзан үзэж зээлийн хүүг багасгаж өгнө үү гэжээ.

2.1. Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би приус 20 машин зээлээр авсан нь үнэн. Тухайн үед авсаны дараа 2-3 удаа төлсөн. Би Өмнөговь аймагт шалаанз том машин барьдаг байсан. Ковидоос болж ажил зогсоод зээлийн төлөлтөө хийж чадаагүй. ******* банк бус байгууллагатай нэг удаа очиж уулзсан. Тэр үед би хувиараа нэг ажило хийж байсан. Тэр газраасаа цалин мөнгөө авч чадаагүй. Дараа нь автобус 2 ХХК-д ажилд орсон. 2022 оны 10 дугаар сард самарт явж төлбөрөө төлье гэсэн чинь манай захирал зөвшөөрөхгүй байна. Чамайг шүүхэд өгнө гэж мессеж үлдээсэн байсан. 2022 оны 8 сард зээлийн гэрээ сунгах хүсэлт гаргасан боловч ахин сунгах боломжгүй байна гээд хүсэлтийг минь хүлээн аваагүй гэв.

3. Нэхэмжлэгчээс ******* инвестмент ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээний хуулбар, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ2019070034 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ2019070034А дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлүүд, ******* инвестмент ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн тогтоол, зээлдэгчийн анкет, ******* инвестмент ББСБ ХХК-д гаргасан Б.*******ын өргөдлүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа, зээлийн бүртгэлийн карт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас ирүүлсэн баримтгүй.

Зохигчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримт байхгүй байна

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* инвестмент ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 8,267,074.15 төгрөг, зээлийн хүү 10,114,053,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 581,770 төгрөг, нийт 18,962,897.19 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн зээлийн хугацааг 24 сараар сунгасан нь үндэслэлгүй, хүүг багасгаж өгнө үү гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: ******* инвестмент ББСБ ХХК нь хариуцагч Б.*******тай 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ЗГ2019070034 дугаартай зээлийн гэрээ байгуулан 12,400,000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай авто тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар зээлсэн, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр 2 жилийн хугацаагаар сунгасан болох нь 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ2019070034 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ2019070034А дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, ******* инвестмент ББСБ ХХК-д гаргасан Б.*******ын өргөдлүүд, зохигчийн зээлийн гэрээг 2 жилийн хугацаагаар сунгасан талаарх шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргээр тогтоогдож байна.

Гэвч Б.******* нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээг сунгаснаас хойш сар бүр хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 800,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 350,000 төгрөг тус тус төлсөн нь хүү болон нэмэгдүүлсэн хүүнээс хасагдсан, зээлийн гэрээ 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болоход үндсэн зээлээсээ огт төлбөр төлөөгүй болох нь зээлийн бүртгэлийн картаар нотлогджээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу тус зээлийн гэрээний хугацаа 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр дууссан байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэлх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл хуульд зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүг буцаан төлөх үүрэгтэй бөгөөд ******* инвестмент ББСБ ХХК, Б.******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр дууссан тул хугацаа дуусах хүртэлх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй гэж шүүх дүгнэлээ.

Тус зээлийн гэрээний хугацаа 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр дуусахад Б.******* нь үндсэн зээл 8,267,074.15 төгрөг, зээлийн хүү 8.996.978.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 358,355.15 төгрөг, нийт 17,622,408.12 төгрөгийг төлөх байсан тул уг мөнгийг гаргуулан ******* инвестмент ББСБ ХХК-д олгох зүйтэй.

Харин Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж заасан нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш дахин хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохыг зөвшөөрсөн агуулга биш тул нэхэмжлэлийн шаардлагаас 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх зээлийн хүү 1,117,074.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 223,414.85 төгрөг, нийт 1,340,489.07 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд хариуцагч Б.*******аас үндсэн зээл 8,267,074.15 төгрөг, зээлийн хүү 8.996.978.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 358,355.15 төгрөг, нийт 17,622,408.12 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч гаргуулж нэхэмжлэгч ******* инвестмент ББСБ ХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,340,489.07 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,765 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 246,062 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* инвестмент ББСБ ХХК олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******аас үндсэн зээлийн 8,267,074.15 төгрөг, зээлийн хүү 8.996.978.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 358,355.15 төгрөг, нийт 17,622,408.12 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* инвестмент ББСБ ХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,340,489.07 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,765 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 246,062 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* инвестмент ББСБ ХХК олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА