Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2023/00074

 

 

 

 

 

 

 

 

2022 12 26 101/ШШ2023/00074

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Э-д холбогдох

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 15,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Б.Н, Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид С.Б, Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Э-ыг Т -д 00 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн Б/000 тоот тушаалаар Аж ахуйн албаны даргаар томилсон ба албан тушаалын Шатлал II-ын дагуу сарын 1,760,000 төгрөгийн цалин авахаар Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан.

Б.Э нь энэхүү албан тушаалд томилогдсоноос хойш ажлаа байнга таслан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байхад байгууллагаас цалинг нь бүтэн олгосоор байсан. Б.Э нь өөрийн хүсэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажлаас гарах өргөдлөө өгснийг хүлээн авч манай байгууллагын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/999з ахирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Байгууллагын 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийгдсэн аудитын зөвлөмжийн дагуу удаа дараа ажлаа тасалж байхад 2016 оны 11 сард үндсэн цалинд 2.4 сая төгрөг, хоол унааны зардалд 210,0 мянган төгрөг, 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 12 сарыг дуустал үндсэн цалинд 1.7 сая төгрөг, хоол унааны зардалд сард дунджаар 207.0 мянган төгрөг, бүгд 23.5 сая төгрөгийг цалин болгож авсан байна. Дээрх төлбөрийг Т ТӨҮГ-ийн ХХБ- ны 44444444444 тоот дансанд тушаан зөрчлийг арилгуулах" тухай 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/1111 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн.

Дээрх мэдэгдлийг Б.Э хүлээн зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 24- ний өдөр 4,100,000 төгрөгийг, мөн тус тус 16,000 төгрөгийг, 48,000 төгрөгийг, 35,000 төгрөгийг, 75,000 төгрөгийг, 326,400 төгрөгийг, 3,499,600 төгрөгийг буюу нийт 4,000,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлсэн байдаг. Ийнхүү Б.Э нь дээрх төлбөрөөс нийт 8,100,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 15,400,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй байна.

Б.Эд удаа дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/1111 дугаар мэдэгдэл, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/411 дугаар мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч ямар нэгэн үр дүнд хүрэхгүй болох нь тодорхой байгаа.

Иргэн Б.Э нь Т -ийн Ерөнхий захирлын 2016 оны 11 дүгээр сары 16-ны өдрийн Б/55555 тоот тушаалаар Аж ахуйн албаны дарга албан тушаалд томилогдсон бөгөөд өөрийн тушаал гарсан цагаас хойш тус ажлын байранд ажил олгогчтой огт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, байгуулахыг шаардаагүй төдийгүй ажил үүрэг огт гүйцэтгээгүй боловч байгууллагын ажилтны орон тоонд бүртгэлтэй байж, цалин авсаар байсан.

Энэхүү нөхцөл байдал нь Үндэсний аудитын газар-аас 2018 онд Т -д хийсэн гүйцэтгэлийн аудитаар илэрсэн бөгөөд тус хяналт шалгалтаар ...Б.Э Т ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/22222 дугаар тушаалаар дотоод аудиторын албан тушаалаас чөлөөлөгдөн, мөн өдрийн Б/55555 дүгээр тушаалаар аж ахуйн албаны даргаар томилогджээ. Гэвч Т ТӨҮГ, Б.Э нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, албан тушаалын ажлын байрны тодорхойлолт байгаа боловч няравын хийх ажлыг хуулан бичсэн, ёс төдий хийгдсэн байна.Б.Э нь 2016 оны 11 дүгээр сараас эхлэн ажилдаа нэг ч удаа ирээгүй, цагийн бүртгэлгүй байхад түүнд 2016 оны 11 дүгээр сард үндсэн цалинд 2,400,000 төгрөг, хоол унааны зардалд 210,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг дуустал үндсэн цалинд 1,700,000 төгрөг, хоол унааны зардалд сард дунджаар 207,000 төгрөг, бүгд 23,500,000 төгрөгийг олгосон байна.

Дээрх зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д Ажил олгогч нь ажилтныг ажлаар ...хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох ...үүргээ биелүүлэх үүрэгтэй, 49 дүгээр зүйлийн 49.1-д Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж заасныг Т" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Х, Захиргаа, санхүүгийн газрын дарга Р.Б нар зөрчсөн байна... гэх утга бүхий дүгнэлт гарч, дээрх зөрчлийг арилгах зөвлөмжийг ирүүлсэн байдаг.

Хариуцагч нь ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил үүрэг огт гүйцэтгээгүй гэх үйл баримт нь үндэсний аудитын газрын тайлангаас гадна хэд хэдэн нөхцөл байдлаар тогтоогдож байгаа бөгөөд үүнд тус иргэн нь ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй, байгуулах талаар ажил олгогчоос шаардаагүй, 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарыг дуустал хуруу бүртгэлийн машинд хурууны хээг огт уншуулаагүй, ээлжийн амралт авч байгаагүй, авах талаар ажил олгогчоос шаардаагүй зэрэг баримтууд багтаж байна.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн баримт болох Б.Эын ажлаас чөлөөлөгдөх өргөдөлд хариуцагч нь хүүхэд асрах чөлөөтэй байсан талаар дурьдсан байх боловч хүүхэд асрах чөлөөг албан ёсоор олгосон эрх бүхий этгээдийн тушаал, шийдвэр гараагүй буюу хүүхэд асрах чөлөөг огт олгоогүй байх бөгөөд энэ талаар ч хариуцагч нь шаардсан зүйл огт байхгүй байна.

Түүнчлэн Б.Э нь Т -иас 2018 оны 10 дугаарсарын 24-ний өдөр түүнд үргүүлсэн мэдэгдлийн дагуу 23.5 сая төгрөгнөөс 4,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн бөгөөд энэхүү үйлдэл нь хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг анхнаасаа хүлээн зөвшөөрснийг илтгэж байгаа юм.

Үүнээс үзвэл Т болон Б.Э нарын хооронд Аж ахуйн албаны дарга албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, тус шалтгаанаар нэхэмжпэгч нь Б.Эаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаагүй, тус иргэн нь ч ажил үүрэг гүйцэтгээгүй боловч нэхэмжлэгч талаас цалин авсан байх тул иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д "хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй..." гэж заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн энэхүү үйлдлэзс улбаалан нэхэмжлэгч талд эд хөрөнгийн бодит хохирол үүсээд байгаа бөгөөд түүний төлөхөөс татгалзсан 15,400,000 төгрөгийн хохирол болон Үндэсний Аудитын Газар-аас 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн Зөрчил арилгах тухай албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тус газраас Т -д акт топгоох /торгууль/ зэрэг бодит эрсдэл бий болоод байна.

Иймд хариуцагч Б.Эаас түүнд үндэслэлгүйгээр олгосон цалингийн үлдэгдэл 5олох 15,400,000 төгрөгийг гаргуулж Т -д олгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Б.Э миний бие нэхэмжлэгч байгууллагад 2014 оноос Захиргаа удирдлагын газарт Захиргаа удирдлагын газрын дарга, Тамгын газрын даргын үүрэгт ажил, албан тушаалуудыг амжилттай хашиж тухайн үедээ Т ТӨҮГ-ийн хэрэгжүүлж байсан бүхий л төсөл хөтөлбөрүүдийг амжилттай удирдан нийслэл болоод 21 аймагт томоохон бүтээн босголтуудыг баг хамт олны хүчээр амжилттай бий болгож хэрэгжүүлсэн.

Тухайн үед буюу 2016 онд Улсын Их хурлын сонгуулийн жил болж, нам солигдсонтой холбоотойгоор миний эрхэлж байсан ажил албан тушаалд өөр хүн томилогдож байгаа бөгөөд ажлаа өгөхийг шаардсан. Миний бие алдаа дутагдал зөрчил гаргаж байгаагүй, тухайн байгууллагын зорилгын төлөө өөрийн цаг хугацаа, мэдлэг чадвар бүхнээ дайчлан гурван жил гаруй хугацаанд ажилласан учраас зөвхөн нам өөрчлөгдсөн гэх шалтгаанаар ажлаа хүлээлгэж өг гэсэн тэдний тавьсан шаардлагыг хүлээн аваагүй.

Ингээд 2016 оны 10 дугаар сард байгууллагын удирдлагууд солигдож, миний хамтарч ажиллаж байсан баг хамт олон маань нам солигдсонтой холбоотойгоор хууль бусаар бүгдээрээ халагдсан нь маш харамсалтай байсан. 2016 оны 10 дугаар сард Б.Э намайг Тамгын газрын үүрэгт ажлаас чөлөөлөн Дотоод аудитор, сүүлд 2016 оны 11 дүгээр сард Аж ахуйн албаны даргаар томилон ажиллуулж байгаад миний бие 2018 оны 11 дүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаар чөлөөлөгдсөн.

Түүнээс ажиллаж байх хугацаанд алдаа дутагдал гаргасан, удаа дараа сануулсаар байхад зөрчлөө арилгаагүй зэрэг шалтгааны улмаас биш ажилтан Б.Э миний бие өөрийн санаачилгаар ажлаа хүлээлгэж өгсөн гэдгийг зайлшгүй тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна.

Хоёр. Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь намайг 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарыг дуустал хууль бусаар цалин хөлс авсан мэтээр тайлбарлан 15,400,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Маргааны бүхий үйл явдал болсон гэх цаг хугацаанд Б.Э нь Т ТӨҮГ-т Аж ахуйн албаны даргаар томилогдон, ажил олгогчтой байгуулсан хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж байсан.

Тухайн үед үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох .... үүрэгтэй, 6 дугаар зүйлийн 6.1-т Ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах эрхтэй гэж заажээ.

Дээр дурдсан холбогдох хуулийн заалтуудын дагуу Б.Э нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил, албан тушаал хашиж байсан учраас 1 жилийн хугацаанд ажил олгогч нь сар бүр цалин хөлс тооцож олгох үүргийнхээ дагуу цалин хөлс олгож байсныг миний бие гэрээгээр тохирсон цалин хөлсөө авснаас өөр хууль зөрчсөн зүйл байхгүй.

Мөн нэхэмжлэгч нь удаа дараа ажил тасласан байхад цалин хөлс олгосон байна гэж үндэслэлээ тайлбарласан байна. Ажилтны хувьд ийм зөрчил гаргаж байсан зүйл огт байхгүй. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуульд ажилтан зөрчил гаргасан бол сахилгын хариуцлага ногдуулах, цаашлаад ажлаас халах хүртэл арга хэмжээг авах эрх ажил олгогчид бий. Гэтэл Б.Эын хувьд маргаан бүхий хугацаанд нэг ч удаа сахилгын зөрчил, алдаа дутагдал гаргаж байгаагүй гэдэг нь ажил олгогчийн зүгээс сар бүр цалин тооцож өгч байснаар хангалтаай нотлогдож байна гэж үзэж байна.

Б.Эын хувьд тухайн байгууллагад өөрийн цаг хугацаа, мэдлэг чадвараа бүрэн зориулж ажиллаад, хуулийн дагуу цалин хөлсөө тооцуулж авснаас өөр зүйл байхгүй. Гэтэл Т ТӨҮГ-т гүйцэтгэж байсан ажил, албан тушаалаа хүлээлгэж өгснөөс хойш буюу ажлаас гараад 3 жил өнгөрсөн байхад ажил олгогчийн зүгээс гүтгэлгийн шинжтэй худал хуурмаг нөхцөл байдлуудыг үндэслэл болгоод хөдөлмөрийн гэрээгүй, тухайн байгууллагад ажиллах ёсгүй хүн цалин хөлс авч байсан мэтээр тайлбарлан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж гүтгэн их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаад маш их гомдолтой байгаа төдийгүй гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: Т-ийн ерөнхий захирлын 2016.11.16№Б/55555 дүгээр тушаал, хавсралт /хх7-9/, хүүхэд асрах чөлөөтэй гэх Б.Э Т-ийн Аж ахуйн албаны даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр 2018.11.12 өдрөөр дуусгавар болгон чөлөөлөгдөх, хөдөлмөрийн гэрээг цуцлуулах тухай Б.Эын хүсэлт /хх10/, Б.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Т-ийн ерөнхий захирлын 2018.11.14№Б/999дугаартай тушаал /хх11/, Т ТӨҮГ-аас АТГ-д хүргүүлсэн 2019.06.06№1/1045 дугаар албан бичиг /хх12/ Т-д даалгасан Зөрчил арилгуулах тухай Үндэсний Аудитын газрын албан шаардлага 2021.03.015№3333333333 /хх13/, Т-ийн гүйцэтгэх захирлын 2021.06.10№А/37 тушаал, хавсралт /хх14-15/ Т -иас Б.Эд хүргүүлсэн Мэдэгдэл 2021.06.15/№1/411 /хх16-17/, Б.Эын цалингийн дэлгэрэнгүй /хх18-21/, 8,100,000 төгрөгийг цалингийн буцаалт утгаар 2018.12.24-2019.01.02 хугацаанд Т-д шилжүүлсэн тухай Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх21/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын бичгээр гаргасан хариу тайлбар /хх32-33/, нэхэмжлэлийн тодруулга /хх36-37/, Ээлжийн амралтын хуваарь батлах тухай Т-ийн ерөнхий захирлын 2017.02.20№А/30, 2016.03.17№А/29,тушаал, хавсралт /хх38-45/, Үндэсний аудитын газрын тайлан /хх46-68/, Т -ийн 2016.11-2016.12, 2017.01-2017.05, 2017.06-2017.10 хугацааны цалин, ирцийн бүртгэл /хх69-117/, Б.Эыг Тамгын газрын даргын үүрэг ажлаас чөлөөлөх тухай Т-ийн ерөнхий захирлын 2016.10.18№Б125 тушаал /хх120/, Б.Эыг дотоод аудиторын ажилд 2016.10.18 өдрөөр томилох тухай Т-ийн ерөнхий захирлын 20016.10.10№Б/127 дугаар тушаал /хх121/, Тамгын газрын даргын албан тушаалт томилогдсон Б.Этай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ 2016.03.31№003 /хх123-126/, Захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалт томилогдсон Б.Этай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /хх127-128/, Т-ийн ерөнхий захирлын 2016.02.22№Б/18 тушаал, хавсралт /хх155-156/ Т-ийн ерөнхий захирлын 2016.02.22№Б/17 тушаал, хавсралт /хх157-158/, Б.Эын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх159-160/, Х ХХК дахь Т -ийн эзэмшдэг 44444444444 дугаартай дансанд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 4,110,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөгийг тус тус Цалингийн буцаалт Б.Э 99999999999-Т (1111111111111-Б.Э) утгаар шилжүүлсэн дансны хуулга /хх163-164, 168-170/, Хны 2022.05.09№1583 албан бичиг /хх167/, У газрын 2022.05.06№10/4000 албан бичиг, лавлагаа /хх171-172/, Үндэсний аудитын газрын 2022.03.15№555555555555 дугаартай Зөрчил арилгах тухай албан шаардлага /хх175/, Тны 2022.05.20№21/06-22/116 албан бичиг, харилцагчийн дансны хуулга /хх176-178/, Тны 022.06.21№18/2991 албан бичиг /хх-199/, Хны 2022.06.20№6/6012 албан бичиг, авизын баримт, дансны хуулга /хх200-202/, ажил олгогчийг төлөөлж Захиргаа, санхүүгийн газрын дарга Р.Б, ажилтныг төлөөлж Аж ахуйн албаны дарга Б.Э нар гарын үсэг зурсан, огноо, дугааргүй хөдөлмөрийн гэрээ /хх205-207/, Т ТӨҮГ-н ерөнхий захирал Ж.Хтэй байгуулах контраки (гэрээ) /хх216-222/

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Т нь хариуцагч Б.Эд холбогдуулан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 15,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

 

2. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

- Б.Э нь Т -ийн Ерөнхий захирлын 2016 оны 11 дүгээр сары 16-ны өдрийн Б/55555 тоот тушаалаар Аж ахуйн албаны дарга албан тушаалд томилогдсон бөгөөд өөрийн тушаал гарсан цагаас хойш тус ажлын байранд ажил олгогчтой огт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, байгуулахыг шаардаагүй төдийгүй ажил үүрэг огт гүйцэтгээгүй боловч байгууллагын ажилтны орон тоонд бүртгэлтэй байж, цалин авсаар байсан нь Үндэсний аудитын газар-аас 2018 онд Т -д хийсэн гүйцэтгэлийн аудитаар илэрч, Үндэсний Аудитын Газар-аас 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн Зөрчил арилгах тухай албан шаардлага ирсэн,

- Б.Э нь 2016 оны 11 дүгээр сараас эхлэн ажилдаа нэг ч удаа ирээгүй, цагийн бүртгэлгүй байхад түүнд 2016 оны 11 дүгээр сард үндсэн цалинд 2,400,000 төгрөг, хоол унааны зардалд 210,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг дуустал үндсэн цалинд 1,700,000 төгрөг, хоол унааны зардалд сард дунджаар 207,000 төгрөг, бүгд 23,500,000 төгрөг олгогдсон, хүүхэд асрах чөлөөг албан ёсоор олгосон эрх бүхий этгээдийн тушаал, шийдвэр гараагүй.

- Б.Э нь Т -иас 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр түүнд хүргүүлсэн мэдэгдлийн дагуу 23,500,000 төгрөгөөс нийт 8,100,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг анхнаасаа хүлээн зөвшөөрснийг илтгэнэ.

- Хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгч нь Б.Эаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаагүй, Б.Э ажил үүрэг гүйцэтгээгүй боловч нэхэмжлэгч талаас цалин авсан байх тул иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д "хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй..." гэж заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэв.

 

4. Хариуцагч нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Үүнд:

- Алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй, зөвхөн нам өөрчлөгдсөн гэх шалтгаанаар ажлаа хүлээлгэж өг гэсэн тэдний тавьсан шаардлагыг хүлээн аваагүй. 2018 оны 11 дүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаар чөлөөлөгдсөн.

- Маргааны бүхий үйл явдал болсон гэх цаг хугацаанд Б.Э нь Т ТӨҮГ-т Аж ахуйн албаны даргаар томилогдон, ажил олгогчтой байгуулсан хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж, цалин хөлсөө авснаас өөр хууль зөрчсөн зүйл байхгүй.

- Удаа дараа ажил тасласан гэх зөрчил огт байхгүй нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын хариуцлага тооцож байгаагүйгээр нотлогдоно.

- Аудитаар илрүүлсэн зөрчил 23,500,000 төгрөгөөс Т ТӨҮГ-т буцаан шилжүүлсэн гэх 8,100,000 төгрөгийг хариуцагч Б.Э шилжүүлээгүй гэв.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр дараах үйл тогтоогдож байна.

 

5.1. Т Төрийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд хийсэн Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын 2018 оны 5 дугаар сарын тайлангийн 2 дугаар бүлгийн 2.6.11-д Байгууллагад ажилладаггүй хүнд буюу Б.Эд олон сарын турш цалин олгож байсан талаар дурджээ.

Тодруулбал, Үндэсний аудитын газрын дээрх тайланд:

-       Б.Э нь Т ТӨҮГ-ын Тамгын газрын даргаар 2014 оны 3 дугаар сард анх томилогдон ажиллаж, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр уг албан тушаалаас чөлөөлөгдөн, мөн өдрөөс дотоод аудитороор томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулсан,

-       Б.Э Т ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/22222 дугаар тушаалаар дотоод аудиторын албан тушаалаас чөлөөлөгдөн, мөн өдрийн Б/55555 дүгээр тушаалаар аж ахуйн албаны даргаар томилогдсон байх боловч Т ТӨҮГ, Б.Э нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, албан тушаалтын ажлын байрны тодорхойлолт байгаа боловч нярвын хийх ажлыг хуулан бичсэн, ёс төдий хийгдсэн,

-       Б.Э нь 2016 оны 11 дүгээр сараас эхлэн ажилдаа нэг ч удаа ирээгүй, цагийн бүртгэлгүй байхад түүнд 2016 оны 11 дүгээр сард үндсэн цалинд 2,400,000 төгрөг, хоол унааны зардалд 210,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг дуустал үндсэн цалинд 1,700,000 төгрөг, хоол унааны зардалд сард дунджаар 207,000 төгрөг, бүгд 23,500,000 төгрөг олгогдсон,

-       Дээрх зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 49 дүгээр зүйлийн 49.1-д тус тус заасныг Т ТӨҮГ-ын ерөнхий захирал Ж.Х, Захиргаа, санхүүгийн газрын дарга Р.Бнар зөрчсөн

-       Мөн цагийн бүртгэлгүй хүнд цалин бодсон, түүнийг хянасан цалингийн нягтлан бодогч Б.Уянга, ерөнхий нягтлан бодогч С.Ерөөлт нарын ажлын хариуцлагатай шууд холбоотой,

-       23,500,000 төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, байгууллагыг хохиролгүй болгож, алдаа зөрчлийг цаашид давтан гаргуулахгүй байх зөвлөмжийг Т ТӨҮГ-т өгөхөөр шийдвэрлэсэн гэжээ.

 

5.2. Б.Э нь Б.Э Т ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/22222 дугаар тушаалаар дотоод аудиторын албан тушаалаас чөлөөлөгдөн, мөн өдрийн Б/55555 дүгээр тушаалаар аж ахуйн албаны даргаар томилогдсон хугацаанаас хойш буюу 2016 оны 11 дүгээр сараас эхлэн ажилдаа нэг ч удаа ирээгүй, цагийн бүртгэлд ирц бүртгэлгүй.

 

5.3. Х ХХК дахь Т -ийн эзэмшдэг 44444444444 дугаартай дансанд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 4,110,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөгийг тус тус Цалингийн буцаалт Б.Э 99999999999-Т (1111111111111-Б.Э) утгаар шилжүүлсэн байх ба 1111111111111 тоот данс нь банк хооронд дамжин өнгөрүүлэх түр данс тул 2018.12.24-2019.01.02-ны өдрийн хугацааны гүйлгээг гаргах боломжгүйг Т ХХК 2022.06.21№18/2991 дугаартай албан бичгээр тодорхойлсноор уг 8,110,000 төгрөгийн гүйлгээг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлэгч нь тодорхой бус, хариуцагч Б.Э уг 8,110,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлээгүй гэх хариуцагчийн тайлбар, татгалзлыг нэхэмжлэгч үгүйсгэж нотлоогүй.

 

6. Зохигч талуудын хооронд Хөдөлмөрийн харилцаа үүссэн буюу Б.Эыг Т -ийн Ерөнхий захирлын 2016 оны 11 дүгээр сары 16-ны өдрийн Б/55555 дүгээр тушаалаар Аж ахуйн албаны дарга албан тушаалд томилсон байх бөгөөд ажил олгогчийг төлөөлж Захиргаа, санхүүгийн газрын дарга Р.Б, ажилтныг төлөөлж Аж ахуйн албаны дарга Б.Э нар гарын үсэг зурсан, огноо, дугааргүй хөдөлмөрийн гэрээ болон Аж ахуйн албаны дарга Б.Эын гаргасан хүсэлтийн дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөр дуусгавар болгон цуцлах тухай Т-ийн ерөнхий захирлын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №Б/999дугаартай тушаал хэрэгт авагдсан.

 

7. Нэхэмжлэгч нь хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагч шаардаж байгаагүй хэмээн мэтгэлцсэн нь хууль зүйн үндэслэлгүй буюу Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. гэж зааснаар үгүйсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуульд зааснаар, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний хувийг ажилтанд өгөх үүргийг ажил олгогч хүлээх тул хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй нөхцөл байдалд ажилтныг буруутгах үндэслэлгүй.

 

8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын 2018 оны 5 дугаар сарын тайланд тусгагдсан хугацаа, хэмжээгээр 23,500,000 төгрөг Б.Эд олгогдсон, хүүхэд асрах чөлөөг албан ёсоор олгосон эрх бүхий этгээдийн тушаал, шийдвэр гараагүй, байгууллагын ажилтнуудын цагийн бүртгэлд Б.Эын ирц бүртгэгдээгүй үйл баримт тогтоогдож байх ба ажил үүргээ гүйцэтгэж байсан гэх хариуцагчийн тайлбар нотлогдоогүй, хэрэгт авагдсан ирцийн бүртгэлийг хариуцагч үгүйсгэж нотлоогүй.

 

9. Дээр дурьдсанаар, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн, ажилтан ирцийн бүртгэлд бүртгэлгүй үйл баримт тогтоогдож байх ба тухайн ажилтанд цалин олгогдсон зөрчлийн талаар хийгээд, зөрчил гаргасан албан тушаалтнуудыг тодорхой дурьдсан Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын 2018 оны 5 дугаар сарын тайлан гарсан, харин ...Т -иас 23,500,000 төгрөгийн цалин авсан Б.Э нарын хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон, хүчин төгөлдөр бус болсон... гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

 

10. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж тухайлан заасан үйл баримт тогтоогдоогүй тул Б.Эыг 23,500,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн шаардаж буй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.Эаас 15,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА