| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/05802/И |
| Дугаар | 101/ШШ2023/00075 |
| Огноо | 2022-12-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2023/00075
2022 12 26 101/ШШ2023/00075
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.П,
Хариуцагч: Б.М нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 15,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, Б.М, Б.П нарт өөрсдийнх нь хүсэлтээр 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 4 сарын хугацаатай 10,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу өгсөн. Мөн гэрээний хугацааг дахин 4 сараар сунган эцсийн хугацааг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болгосон. Зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан.
Хүүг тооцоход 2021 оны 6 дугаар сарын 28-наас 7 сарын 28-ны өдөр хүртэл хүү 800,000 төгрөг, 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хүү 800,000 төгрөг авсан, 8 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 3 сарын хүү 2,400,000 төгрөг 2021 оны 11 дүгээр сарын 30-нд дансанд орсон. 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацааны хүүг 2022 оны 3 дугаар сарын 17-нд 800,000 төгрөг төлсөн, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацааны хүү 800,000 хүүг 2022 оны 6 дугаар сарын 02-нд төлсөн 1,000,000 төлсөн төгрөгөөс тооцож, үүний 200,000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацааны хүүнд авсанд тооцож, 600,000 төгрөгийн хүү үлдэж байна.
Үндсэн зээл 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 600,000 төгрөг, нийт 15,600,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч нар нь Н.Бгаас 10,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж авахаар тохиролцож, нотариатаар орж гэрээ байгуулсан. Гэрээний дагуу зээлдүүлэгч нь 7,000,000 төгрөгийг бэлнээр, 3,000,000 төгрөгийг Голомт банк ХХК-ийн 3333333333 тоот дансаар өгөхөөр тохиролцсон боловч бэлнээр 6,200,000 төгрөгийг, 3,000,000 төгрөгийг Б.Мийн Хаан банк ХХК-ийн данс руу шилжүүлсэн байдаг. 10,000,000 төгрөгийг зээлэхээр тохиролцсон боловч бодит байдал дээр 9,200,000 төгрөгийг өгсөн. Үүнийгээ тайлбарлахдаа сарын 8 хувийн хүүтэй тул хүүгээ урьдчилж авч байна гэж хэлсэн байгаа юм. Зээлдэгч нар нь зээлдүүлэгчид 6,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж өгсөн байдаг. Гэсэн хэдий боловч нэхэмжлэгчийн зүгээс 15,600,000 төгрөг буюу хэт өндөр мөнгөн төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.
Зээлийн гэрээний ард талд байгаа бичвэрийг зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэх боломжгүй байна. Зөвхөн зээлийн гэрээний хугацаа сунгагдав гээд Б.Пгийн гарын үсэг байлаа гээд зээлийн гэрээ сунгагдсан гэж үзэх боломжгүй. Зээлийн гэрээний нөхцөл өөрчлөгдөөд байгаа тохиолдолд нэмэлт гэрээ хийх боломжтой байсан. Нэхэмжлэгч өөрөө хийгээгүй гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэлээ үгүйсгэж байна гэж үзэж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-т зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан байдаг тул анзыг багасгаж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд: Хариуцагч Б.М, Б.П нар 777777 тоот хаягт оршин суудаг болохыг олж тогтоосныг мэдэгдсэн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022.09.13№1111111 дугаартай албан бичиг /хх4-5/, 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Зээлийн гэрээ /хх6-7/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, хариуцагч Б.М, Б.П нараас 11,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд:
2.1. 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 4 сарын хугацаатай, сард 8 хувийн хүүтэй, 10,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу өгч, гэрээний хугацааг дахин 4 сараар сунган эцсийн хугацааг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болгосон. Зээлдэгч нарын төлсөн төлбөрөөс хүүг тооцоход 2021 оны 6 дугаар сарын 28-наас 7 сарын 28-ны өдөр хүртэл хүү 800,000 төгрөг, 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хүү 800,000 төгрөг авсан, 8 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 3 сарын хүү 2,400,000 төгрөг 2021 оны 11 дүгээр сарын 30-нд дансанд орсон. 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацааны хүүг 2022 оны 3 дугаар сарын 17-нд 800,000 төгрөг төлсөн, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацааны хүү 800,000 хүүг 2022 оны 6 дугаар сарын 02-нд төлсөн 1,000,000 төлсөн төгрөгөөс тооцож, үүний 200,000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацааны хүүнд авсанд тооцож, 600,000 төгрөгийн хүү үлдсэн хэмээн үндсэн зээл 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 600,000 төгрөг, нийт 15,600,000 төгрөгийг хариуцагч нараас шаардсан.
3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зээлийн гэрээний дагуу тохиролцсон 10,000,000 төгрөгийг олгоогүй буюу сарын 8 хувийн хүүг тооцно хэмээн тайлбарлаж бодит байдал дээр 9,200,000 төгрөг өгсөн, зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэх боломжгүй хэмээн мэтгэлцэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-т зааснаар анзын хэмжээг багасгахыг шүүхээс хүссэн.
4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Талууд 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Н.Б нь зээлдэгч Б.М, Б.П нарт 10,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сард 8 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон, зээлдэгч нар нь нийт 5,800,000 төгрөгийг зээлдүүлэгчид буцааж төлсөн байна.
4.2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөг өгөөгүй, бодитоор 9,200,000 төгрөг өгсөн гэх боловч Зээлийн гэрээний 3.4.-т 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зээлдэгчид 7,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл 3,000,000 төгрөгийг мөн өдөр Голомт банкны 4444444444 тоот дансанд шилжүүлэн өгсөн. гэж заасан ба зээлдэгч нар мөнгө хүлээн авсан тухай гарын үсэг зурагдсан зэргийг үгүйсгэж нотлоогүй.
4.3. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсанаар, зээл төлсөн үйл баримтыг бодьтой болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байна.
5. Талууд 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй буюу зээлийн гэрээний төгсгөл хэсэгт 2021.10.28-нд зээлийн гэрээний хугацаа дуусч байгаа тул 2022.02.28-ныг хүртэл дахин 4 сараар сунгав. Б.П гэх гараар бичсэн бичвэр нь зээлдэгч нарын хэн альны хүсэл зориг гэж үзэхээргүй буюу үүнд зээлдэгч Б.М оролцоогүй, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хэлцэлд төлөөлөх эрхийг Б.Мээс Б.Пд олгоогүй, зээлийн гэрээний хугацаа сунгах тухай зөвшөөрөл зээлдүүлэгчийн зүгээс тусгагдаагүй, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно., мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.-д Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно. гэж тус тус заасантай нийцэхгүй байна.
6. Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 232 дугаар зүйлийн 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги... гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
7. Дээр дурьдсанаар, зээлийн төлбөрт төлөгдсөн 5,800,000 төгрөгийг Зээлийн гэрээний 3.3-т заасан 8 хувийн хүү, гэрээний 3.1-д заасан 4 сарын хугацааны дагуу тооцоход, нэхэмжлэгч нь нийт 3,200,000 төгрөгийн хүү авах эрхтэй тул үндсэн зээл 7,600,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
8. Зээлийн гэрээний 3.7.-д алданги төлөхөөр талууд тохиролцсон тул үндсэн зээлээс төлөгдөөгүй 7,600,000 төгрөгт ногдох алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги... гэж тус тус заасныг баримтлан, 3,800,000 төгрөгийн алдангийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний дагуу төлөх алдангийн хэмжээг багасгах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д зааснаар, анзын хэмжээг илт их гэж үзэх, хэргийн ямар нөхцөл байдлыг харгалзан үзэхийг тодорхой илэрхийлээгүй, хуулийн энэхүү зохицуулалтын дагуу алдангийн хэмжээг багасгах үндэслэл тогтоогдоогүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан, хариуцагч Б.М, Б.П нараас 11,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М, Б.П нараас улсын тэмдэгтийн хураамж 197,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА