Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/65

 

Ц.Батжаргалд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2021/0197/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Буянжаргал, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                     Ч.Мядагбадам

              Шүүгдэгч                                      Ц.Батжаргал /онлайн/

              Шүүгдэгчийн өмгөөлөгч              Б.Чинбаатар

         Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 219 дугаар шийтгэх тогтоолтой, Цэрэндоржийн Батжаргалд холбогдох, 2118000000180 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар баг, Сэргэлэнгийн 05 дугаар гудамжны 62 тоотод оршин суух хаягтай, урьд:

-Дархан хотын Дархан хорооны ардын 1 дүгээр шүүхийн 1980 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 2 жилийн хугацаатай хорих ял,

-Дархан хотын Дархан хорооны ардын 1 дүгээр шүүхийн 1982 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 5 жилийн хугацаатай хорих ял, -Өвөрхангай аймгийн эрүүгийн шүүхийн 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 зугаар зүйлийн 2, 153 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жил 04 сар 04 хоногийн хугацаатай хорих ял,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 06- ны өдрийн 384 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаатай хорих ял,

-Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 03-ны гдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 05 сарын хугацаагаар хорих ял,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 24- ний өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 лугаар зүйлийн 4, 181 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 10 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн. ТА66030419 регистрийн дугаартай, Боржигин овогт Цэрэндоржийн Батжаргал,

Шүүгдэгч Ц.Батжаргал нь согтуурсан үедээ 2021 оны 06 дугаар сарын 11-ний шөнийн 01 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Сэргэлэнгийн 8 дугаар гудамжинд Д.Нямцэрэнг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 219 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигин овогт Цэрэндоржийн Батжаргалыг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт Цэрэндоржийн Батжаргалд 6 жилийн /зургаан жил/ хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батжаргалд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батжаргалын энэ хэрэгт 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батжаргалаас 300000 /гурван зуун мянга/ төгрөгийг 'аргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Сэргэлэнгийн 3-111 тоотод оршин суух Дашхүүгийн Нямцэрэн /РД:ДП76050811/-д олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 цугаар зүйлийн 1.8, 1.9 дэх хэсгүүдэд тус тус зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн нимгэн босоо захтай 1 ширхэг хүрэм, хөх өнгийн цахилгаантай 1 ширхэг хантааз, хүрэн өнгийн урт ханцуйтай дотуур цамц 1 ширхэг, цагаан өнгийн иштэй 18,5 см урттай 1 ширхэг хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч Д.Нямцэрэн нь цаашид гарах эмчилгээний зардал болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батжаргалд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Батжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.Батжаргалын эдлэх ялыг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Батжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Батжаргал давж заалдах гомдолдоо:

...Манай ээж 87 настай даралт нь тогтворгүй байнгын асаргаанд байдаг бөгөөд би барилга дээр ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Миний даралт ихэсдэг, үе мөчөөр янгинаж өвддөг, сонсгол муудсан бөгөөд хоригдож байх хугацаанд эмчийн хяналтад байж  эмнэлгийн тусламж авч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, дахиж ийм алдаа гаргахгүй, хохирол барагдуулахаа байнга илэрхийлж ирсэн бөгөөд хохирлын мөнгө бэлэн болсон. Иймд дээрх байдлыг харгалзан ялыг багасгаж өгнө үү ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Батжаргал тайлбартаа:

Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар тайлбартаа:

Миний үйлчлүүлэгчийн хувьд ээж нь өндөр настай хүн байдаг. Миний зүгээс хохирогчид хохирол төлбөрийг өөрийн зүгээс төлсөн. Иймд түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж түүнд оногдуулсан ял шийтгэлээс хасаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Ц.Батжаргал нь согтуурсан үедээ 2021 оны 06 дугаар сарын 11-ний шөнийн 01 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Сэргэлэнгийн 8 дугаар гудамжинд Д.Нямцэрэнг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох:

шүүгдэгч Ц.Батжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр намайг шавхайнд унагаад боогоод тавихгүй байсан. Би үхлээ гэхэд тавихгүй байсан тэгээд хутга гаргаад хутгалсан. ...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Ногооны ажил хийлгэсэн хүн маань үертэй гээд ирж чадахгүй байгаа, ирчихвэл цалингаа аваад хохирлоо төлнө.” гэх мэдүүлэг,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 2-9/,

-Хохирогч Д.Нямцэрэнгийн хэрэг учрал болох үед өмсөж явсан хувцас болон хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан хутга зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 14/,

-Хохирогч Д.Нямцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дархан сумын 7дугаар багт байрлах Дархан захаас өөрийн гэр рүүгээ буюу Дархан сумын 7 дугаар баг Сэргэлэнгийн 8 дугаар гудамжаар явж байхад нэг бараан хувцастай эрэгтэй хүн тааралдсан. Тэгэхэд тэр хүн надтай маргалдах гээд байсан. Тэгээд би цаашаагаа эргээд алхаад явж байтал миний ар нуруу руу нэг юмаар хатгах шиг болсон.

...гэмтлийн эмч намайг үзээд баруун тал хэсэгтээ дотогшоо нэвтэрсэн шархтай байна. Дотуур цус алдалттай байна гэж хэлээд гуурс тавьсан.

Би гомдолтой байна, Эмчилгээний төлбөрөө гаргуулж авмаар байна.”гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 18-19/,

-Гэрч Д.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 11-ний 02 цаг 45 минутад Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад ирсэн хүний биед үзлэг хийхэд цээжний баруун ар талд далны доод ирмэгийн доод хэсэгт хөндлөн байрлалтай 1 см орчим хутгалагдсан шархтай. Шархыг шалгахад цээжний хөндий рүү нэвтэрч байв. Уг шарханд нэг оёдол тавигдсан. Рентгенд баруун уушги шалчийсан, цээжний хөндийд шингэнтэй харагдсан. Өвчтөнг хэвтүүлж цээжний хөндийд гуурс тавьсан. Гуурсаар 500 грамм орчим цус болон хийг соруулж авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22/,

-Д.Нямцэрэнгийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн талаарх эмнэлгийн баримтууд /хавтаст хэргийн 145-157/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.

Шүүгдэгч Ц.Батжаргалд сонсгосон зүйл анги тохирсон, анхан шатны шүүх гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын  хэмжээг зөв тооцож, гэмт хэргийн шинж, байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Шүүгдэгч Ц.Батжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “...Миний даралт ихэсдэг, үе мөчөөр янгинаж өвддөг, сонсгол муудсан бөгөөд хоригдож байх хугацаанд эмчийн хяналтад байж  эмнэлгийн тусламж авч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, дахиж ийм алдаа гаргахгүй, хохирол барагдуулахаа байнга илэрхийлж ирсэн бөгөөд хохирлын мөнгө бэлэн болсон. Иймд дээрх байдлыг харгалзан ялыг багасгаж өгнө үү ...гэжээ.

Шүүгдэгч Ц.Батжаргал гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо давж заалдах шатны шүүхэд хэргийг хянах хугацаанд төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрсөн, түүний биеийн эрүүл мэндийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж 5 жил болгон өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 219 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 2, 3, 7 дахь заалтыг:

“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4.т зааснаар шүүгдэгч Боржигин овогт Цэрэндоржийн Батжаргалд 5 жилийн /таван жил/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

“3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Ц.Батжаргалд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,

“7. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.т зааснаар шүүгдэгч Ц.Батжаргалд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар хорих ялыг өршөөн хассугай” гэж, тус тус өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Шүүгдэгч Ц.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.АМАРЖАРГАЛ

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                                                  Б.МАНЛАЙБААТАР