Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2023/05487

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023о 12 с 07ө

Дугаар 101/ШШ2023/05487

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  О ХХК-д холбогдох,

42,242,307 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ш ХХК нь О ХХК-тай 2022 оны 09 сарын 19-ны өдөр 666 дугаартай барилга угсралтын ажлын зориулалтаар систем тулаас түрээслэх гэрээг 3 сарын хугацаатай мөн 444444 тоот нэмэлт гэрээнүүдийг тус тус 2 сарын хугацаатай байгуулсан. Дээрх гэрээнүүдийн дагуу Ш ХХК нь О ХХК-д барилга угсралтын ажлын зориулалтын систем тулаасыг 2022 оны 09 сарын 19-ны өдрөөс эхлэн 2023 оны 05 сарын 09-ны өдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 138,614,585 төгрөгөөр түрээсэлсэн байдгаас О ХХК-ийн барьцаанд байршуулсан үнийн болох 43,786,380 төгрөгийг зөвхөн төлж үлдэх 94,828,205 төгрөгийг огт төлөөгүй байгаа болно. Нэхэмжлэгчийн зүгээс өр төлбөрийг хариуцагчаас удаа дараа шаардсан албан тоотуудыг илгээж байсан боловч ямар нэг үр дүнд хүрэлгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосоор байна. 666 дугаартай барилга угсралт ажлын зориулалтаар систем тулаас түрээслэх гэрээ -ний 9.2-д ... Талуудын аль нэг нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талд хохирол учирсан бол буруутай тал хохирлын бүрэн төлж барагдуулна. 9.3-д Түрээслэгч тус гэрээний 5-р зүйлд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож түрээслүүлэгчид төлнө гэж заасан. Дээрх заалтын дагуу систем тулаас түрээсэлж буцаан хүлээлгэн өгч акт үйлдсэнээс хойш буюу 2023 оны 05 сарын 09-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан 2023 оны 09 сарын 06-ны өдрийг хүртэл нийт 119 хоногийн алдангийг тооцвол 94,828,205х.0.5хувь х 119 хоног = 56,422,781 төгрөг болохоор байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 94,828,205 төгрөгийн 50 хувиар тооцож 47,414,102 төгрөгийг алдангид нэхэмжилж байна. Иймд, О ХХК-иас Барилга угсралтын зориулалтын систем тулаас түрээсийн гэрээ-ний төлбөрт 94,828,205 төгрөг, алдангид 47,414,102 төгрөг, нийт 142,242,307 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагч О ХХК-ийн ерөнхий захирал Д.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Манай компани нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад татгалзлаа мэтгэлцэх зарчмаар нотлох болно... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Үндсэн төлбөр болох 94,828,205 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Алдангийг багасгаж өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 3-17-р тал.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт байхгүй.

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ш ХХК, хариуцагч О ХХК-д холбогдуулан барилга угсралтын систем тулаас, шатны түрээсийн төлбөрт 94,828,205 төгрөг, алдангид 47,414,102 төгрөг, нийт 142,242,307 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал үндсэн төлбөрийг зөвшөөрч, алдангийг хасуулах хүсэлт гаргаж байна.

 

О ХХК-ийн захирлаар Д.Н бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.opendata.burtgel.gov.mn сайтад бүртгэгдсэн нийтэд илэрхий үйл баримтаар тогтоогдож байх тул Д.Нг О ХХК-ийн захирал мөн гэж үзэхээр байна.

Хариуцагч талын өмгөөлөгч авах эрхийг урьд хангасан ба төлбөрийн асуудал шийдэгдэх нь тодорхойгүй байхад дахин өмгөөлөгч авах эрхийг хангах үндэсгүй гэж дүгнэн, өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

 

Зохигчид 2022 оны 09 сарын 19-ний өдөр барилга угсралтын ажлын зориулалтаар систем тулаас түрээслэх гэрээг 90 хоногийн хугацаатай, 2022 оны 10 сарын 05, 2022 оны 10 сарын 14, 2022 оны 10 сарын 19-нд барилга угсралтын ажлын зориулалтаар систем шат түрээслэх гэрээг тус тус 60 хоногийн хугацаатай байгуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан барилга угсралтын ажлын зориулалтаар систем тулаас түрээслэх гэрээ, барилга угсралтын ажлын зориулалтаар систем шат түрээслэх гэрээнүүд зэргээр тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй. /хх-7-14/

 

Зохигчдын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээ нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Хөлслүүлэгч тал болох Ш ХХК өөрийн өмчлөлийн гэрээнүүдэд заагдсан эд хөрөнгийг 2022 оны 09 сарын 19, 2022 оны 10 сарын 05, 2022 оны 10 сарын 14, 2022 оны 10 сарын 19-ний өдрүүдэд Баянгол дүүрэгт баригдаж байгаа Имарт барилгын талбайд угсралтын ажил хийж байгаа хариуцагч О ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.

 

2022 оны 09 сарын 19-ний гэрээний дагуу сард 13,200,000 төгрөгөөр 3 сард 39,600,000 төгрөг, 2022 оны 10 сарын 05-ны гэрээний дагуу сард 20,108,880 төгрөгөөр 2 сард 40,217,760 төгрөг, 2022 оны 10 сарын 14-ний гэрээний дагуу сард 3,712,500 төгрөгөөр 2 сард 7,425,000 төгрөг, 2022 оны 10 сарын 19-ний гэрээний дагуу сард 6,765,000 төгрөгөөр 2 сард 13,530,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, гэрээнүүд, гэрээний хавсралтаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

Хариуцагч тал 2022 оны 09 сарын 19-ний гэрээний барьцаа төлбөрт 13,200,000 төгрөг, 2022 оны 10 сарын 05-ны гэрээний барьцаа төлбөрт 20,108,880 төгрөг, 2022 оны 10 сарын 14-ний гэрээний барьцаа төлбөрт 3,712,500 төгрөг, 2022 оны 10 сарын 19-ний гэрээний барьцаа төлбөрт 6,765,000 төгрөг, нийт 43,876,380 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болно гэж заажээ.

Талууд гэрээнүүдийн хугацааг тодорхой тохирсон байх ба 2022 оны 09 сарын 19-ний гэрээний хугацаа 2022.12.19-нд, 2022 оны 10 сарын 05-ны гэрээний хугацаа 2022.12.05-нд, 2022 оны 10 сарын 14-ний гэрээний хугацаа 2022.12.14-нд, 2022 оны 10 сарын 19-ний гэрээний хугацаа 2022.12.19-нд тус тус дууссан байна.

 

Дээр дурдсанаар гэрээнүүдийн хугацаа дууссан боловч хөлслөгч тал болох О ХХК эд хөрөнгүүдийг гэрээнд заасан хугацаанд буцаан өгөөгүй, 2023 оны 05 сарын 09-нд бүрэн хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, түрээсийн тооцоо гэх баримтаар тогтоогдож байна. /хх-15/

 

Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4-т Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй гэж заасны дагуу хөлслүүлэгч тал дээрх 4 гэрээний хугацаа дууссанаас хойш эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн 2023 оны 05 сарын 09-ний өдрийг хүртэлх хөлсөө шаардах эрхтэй байна.

Талуудын гэрээний хавсралтаар тохирсон 100,772,760 төгрөг дээр гэрээний хугацаа дууссанаас хойш эд хөрөнгийг хүлээлгэн өгөх хүртэл ашигласан хугацааны түрээсийн төлбөрт 37,841,825 төгрөг, нийт 138,614,585 төгрөгөөс хариуцагч талын барьцаанд төлсөн 43,876,380 төгрөгийг хасвал 2023.05.09-ний өдрийг хүртэлх хөлсөнд 94,828,205 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байна.

 

Талууд гэрээний 9.3-т түрээслэгч гэрээний хавсралтад заасан хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөх-өөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байна.

Гэрээний үүрэг 94,828,205 төгрөгөөс алданги тооцох үндэслэлтэй байх ба алдангийг эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн 2023 оны 05 сарын 09-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2023 оны 09 сарын 06-ны өдрийг хүртэл бодоход 56,422,779 төгрөг /94,828,205*0.5%=474,141х1090хоног/ болж байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож, 47,414,102 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алдангийг хасуулах хүсэлт гаргаж байх боловч нэхэмжлэгч талтай алдангийг багасган эвлэрэх эрхтэй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад саналаа гаргаагүй, нэхэмжлэгч тал ...эвлэрэх саналыг удаа гаргасан, хүлээн аваагүй, хариу өгөөгүй... гэж тайлбарлаж байх тул алдангийг хэт өндөр гэж үзэн, бууруулах үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд хариуцагч О ХХК-иас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 94,828,205 төгрөг, алдангид 47,414,102 төгрөг, нийт 142,242,307 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 869,162 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 869,162 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Оороцог уул ХХК-иас 142,242,307 /нэг зуун дөчин хоёр сая хоёр зуун дөчин хоёр мянга гурван зуун долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 869,162 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 869,162 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2023 оны 10 сарын 30-ны өдрийн 444444444 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ