Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2023/05376

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 о 12с 04 ө

Дугаар 101/ШШ2023/05376

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Г.Г,

Нэхэмжлэгч: С.Х нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э,

Хариуцагч: Х нарт холбогдох,

Автомашинд учирсан хохирол болох 1,934,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч Э СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, иргэдийн төлөөлөгч Х.М, нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 666666666 тоотод оршин суудаг. Тус байрны В1 давхар 44444444-р авто машины зогсоолд авто машинаа байршуулан зогсдог оршин суугч юм. 2021.10.17-ны өдөр 20 цаг 55 минутын үед гэр рүүгээ орох гээд авто машинтайгаа гараашийн орох хаалгаар чип уншуулан нэвтрэх үед хаалганы төхөөрөмж чипэндээ удирдагдахгүй хаалга гэнэт хаагдаж авто машины копуд, урд нүүрэн хэсэгт эвдрэл гэмтэл учруулсан. Тус эвдрэл гэмтлийг Х ХХК хөрөнгө даатгал, хохирлын үнэлгээ тогтоох газраар эвдрэл гэмтлийн үнэлгээ хийгдэж нийт хохирол 1,934,000 /нэг сая есөн зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийн хохиролтой байна гэж үнэлгээ тогтоогдсон. 2021.10.19-ны өдөр тус Эы ашиглалт үйлчилгээ бүрэн хариуцан ажилладаг гэх Х групп ХХК-д авто машин эвдрэл гэмтлийн үнэлгээг үндэслэн нэхэмжлэл үйлдэж албан бичгээр өргөдөл гаргасан. Тус өргөдлийн хариу 2021.10.25- ны өдөр албан бичгээр ирсэн. Тус албан бичигт Х групп нь Эы ашиглалт үйлчилгээг 2021.08 сарыг дуустал хариуцан ажиллаж байгаад 2021,09.01-нээс Эы СӨХ-нд бүрэн шилжүүлэн өгсөн. Тус үйл явдал нь 2021.10.17-ны өдөр болсон үйл явдал тул манай байгууллага хариуцахгүй гэх хариу ирсэн. Тус албан бичгийг үндэслэн 2021.10.26-ны өдөр Эы СӨХ-нд дахин нэхэмжлэл үйлдэж албан бичгээр өргөдөл гаргасан. Тус өргөдлийн албан ёсны хариуг одоог хүртэл өгөөгүй, одоог хүртэл учирсан хохирлыг барагдуулах ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Олон дахин холбогдож хохирлоо барагдуулах талаар ярилцахад Эы СӨХ-ийн зүгээс Манайд гараашийн хаалганы асуудал огтхон ч хамаагүй, манайх хариуцахгүй гэх хариулт байнга өгдөг. Арга буюу эрхэнд авто машинд учирсан эвдрэл гэмтлийг миний бие өөрийн хөрөнгө мөнгөөрөө сэргээн засварлахад хүрсэн. 2021.10.16-ны өдөр Эы СӨХ байгууллага нь өөрсдийн Эы СӨХ гэх фейсбүүк цахим хаягаараа Эы оршин суугчдын группэд 2021.10.17-ны өдрөөс грашийн орох хаалган дээр СӨХ-ийн мэдлийн шинэ чип төхөөрөмж ажиллаж эхлэх утга бүхий мэдээлэл пост нийтлэгдэж байсныг баримтжуулан уг нэхэмжлэлд хавсаргасан болно. Орох хаалга хэсэгт зөв зүгээр ажиллаж байсан чип төхөөрөмж дээр нэмэлтээр шинэ хаалга онгойлгох чип төхөөрөмж байршуулж удирдлагын функцэнд контакт үүсгэсэн байх магадлалтай тус үйлдэл нь Эы СӨХ-ийн хэлсэнчлэн хаалганы асуудал манайд ямар ч хамааралгүй, хариуцахгүй гэх хариулт няцаагдаж байна гэж миний бие хувьдаа үзэж байгаа юм. Иймд авто машинд маань учирсан хохирол болох 1,934,000 /нэг сая есөн зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийг Эы СӨХ болон Х ХХК нараас гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагч Э СӨХ-ны гүйцэтгэх захирал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Манай СӨХ нь 2021 оны 9-р сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба зөвхөн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллаж байсан билээ. Тухайн үед барилгын дундын эд хөрөнгийг хүлээж аваагүй байсан тул бид Г.Гд удаа дараа уулзаж тухайн үед хариуцаж байсан Х групп ХХК хариуцах болохыг тайлбарлаж байсан. Бид гараашийн хаалгыг 2021 оны 12-р сард хүлээж авсан байдаг тул 2021 оны 10- р сард болсон асуудлыг хариуцах боломжгүй ба тухайн үед хариуцаж байсан Х групп ХХК хариуцаж байсан болно. Г.Ггаас өмнө оршин суугч Ц.Зын машин дээр гараашийн гарах саалга буухад Х групп ХХК хариуцаж тухайн хүний хохирлыг барагдуулсан байдаг... гэжээ.

Хариуцагч Э СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гараашийн хаалга машин дээр буусан талаар ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй байх. Камерын бичлэгээс харахад грашийн хаалга бууж байх явцад түгжрэл үүсэж, грашийн хаалга авто машин дээр буусан. Мөн зогсож дахин уруудахад хаалгыг мөргөсөн зүйл бичлэг дээр харагдаж байдаг. Яг аль үйл явдлаас болж хохирол үүссэн гэж үзэж байгаа талаар сайн тодруулмаар байна. Мөн ажлын хөлс 400,000 төгрөг яг хаанаас гарч ирж байгаа болон хэргийн материалд авагдсан хохирлын үнэлгээнд тодруулга хийлгэх шаардлагатай байна. Нэхэмжлэгч талаас авто машины урд Сээтэг эвдэрсэн гэж байгаа, эвдрээд сольсон юм бол сольсон сээтэг нь хаана байгаа бэ, уг сээтгийг засах боломж байдаг эсэх талаар тодруулга хийх хэрэгтэй байна. Шинэ СӨХ байгуулагдаад нэг сар арав гаруй хоног өнгөрч байхад буюу 2021 оны 10 сарын 17-ны өдөр энэ осол болсон. Тухайн үед бид нар 6 жилийн турш СӨХ-ийн үйл ажиллагаа явуулсан Х ХХК-аас ажлыг гүйцэт хүлээж аваагүй, дундын эд хөрөнгийг бүрэн хүлээж аваагүй байсан. Энэ талаар шүүх харгалзаж үзнэ үү... гэв.

 

Хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Х ХХК нь 2018 оны 09 сараас 2021 оны 09 сар хүртэл тус байрны СӨХ-ны үйл ажиллагааг хариуцаж байсан бөгөөд иргэн Г.Ггийн авто машин гараашийн хаалга мөргөж сэвтэх үед буюу 2021 оны 10 сарын 17-ны өдөр Э СӨХ нь тус хотхоны гараашийг хариуцан ажиллаж байсан болно. Э СӨХ-ны менежер Б.Т 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гражийн автомат хаалганы онгойлгох чип төхөөрөмжийг сольсон, 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс ажиллаж эхлэх тухай зар гараашийн хаалган дээр наасны дараа өдөр буюу 17-ны өдөр уг хэрэг гарсан. Энэ нь шинэ гражийн хаалганы шинэ төхөөрөмжийн ажиллагаа жигдрээгүй, төхөөрөмж сольсон тухай мэдээллийг хэрэглэгчдэд хангалттай өгөөгүй болох нь харагдаж байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан камерийн бичлэгээс үзэхэд Г.Г нь өмнөх машин орсны дараа гараашийн хаалга бүрэн буугаагүй байхад хаалганы доогуур орсон нь урьд нь төхөөрөмж солиогүй үед ар араасаа залган авто машин орж болдог байсан учир хаалга бүрэн буугаагүй байхад араас нь орсон гэж үзэхээр байна. Г.Г хаалга хаагдсаны дараа машинаа гараашийн хаалганд мөргөсөн эсэхээ үзэхээр буугаад, дахин машиндаа суун хөдөлж, хааз гишгэж бүрэн хаагдсан гараашийн хаалгыг мөргөж байгаа нь бичлэгт үлджээ. Хариуцсан Э СӨХ 2021 оны 9 сараас төлбөр хураамжийг авч эхэлсэн тул хариуцах ёстой, манайх хариуцах ёсгүй. Манайх СӨх-ны эрхтэй байгууллага биш, барилга барьсан компаниас СӨХ ажлаа эхлэх хүртэлх дундын хугацаанд арга буюу СӨХ-ны хийх ажлыг түр хийж байсан... гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ... Э СӨХ 2021 оны 09 сарын 01-нээс оршин суугчдаас зохих хураамжаа авч байсан байх тул хохирлыг хариуцах үндэслэлтэй... гэв.

 

Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: Хэргийн 3-17-р тал.

Хариуцагч Э СӨХ-ноос хэрэгт өгсөн нотлох баримт: Хэргийн 26-29, 65-67, 73-р тал.

Хариуцагч Х ХХК-иас хэрэгт өгсөн нотлох баримт: Байхгүй.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Үзлэгийн тэмдэглэл 4 хуудас, хэргийн 97-99, 101-102-р тал.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Э СӨХ-нд холбогдох нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Х ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.Нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Э СӨХ-нд холбогдуулан гэм хорын хохиролд 1,934,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Х ХХК-ийг, хамтран нэхэмжлэгчээр С.Хыг татаж, нэхэмжлэгч Г.Г, С.Х нар хариуцагч Э СӨХ, Х ХХК нараас авто машинд учруулсан гэм хорын хохиролд 1,934,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа дэмжиж байна.

Хариуцагч Э СӨХ манай СӨХ-ны үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнө Х ХХК хариуцаж байсан гэх, хариуцагч Х ХХК Э СӨХ ашиглалтын зардал хурааж авч байсан учир хариуцах ёстой гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

Нэхэмжлэгч Г.Г, С.Х нар гэр бүлийн хүмүүс болох нь нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар маргаангүй.

2.1 улсын дугаартай Лексус Арикс 350 маркийн авто машинын 2019 оны 06 сарын 10-ны өдрөөс 2022 оны 01 сарын 03-ны өдрийг хүртэл С.Х өмчилж байсан болох нь нэхэмжлэгч тайлбар, Авто тээврийн үндэсний төвийн 2023.10.25-ны 136 тоот албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч С.Х, түүний гэр бүлийн хүн болох Г.Г нар авто машинд учирсан хохирлыг шаардах эрхтэй.

2021 оны 10 сарын 17-ны өдөр 20 цаг 50 минутын орчимд2222222222222222байрнуудын гарааш уруу нэхэмжлэгч Г.Г 1 улсын дугаартай авто машинаар орохоор гараашийн хаалгыг нээсэн үед гараашийн хаалга бууж С.Х, Г.Г нарын эзэмшил, өмчлөлийн 1 улсын дугаартай Лексус Арикс 350 маркийн автомашины авто машины улсын дугаар хугарч, урд буферийн будаг халцарч зурагдсан, нүүр сетка хагарч халцарч зурагдаж сэнжүүд хугарч, капут хонхойж халцарч зурагдсан, урд салхи зүсэгч хагарсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар, 2021.10.18-ны авто машин техникийн үнэлгээний тайлан, Х ХХК-ийн 2021.10.25-н77777777 тоот албан бичиг, үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /хх-7, 10, 80-81/

3.Баянзүрх дүүрэг, 6666666666666байрнуудын оршин суугчид Э СӨХ байгуулж, 2021 оны 08 сарын 02-ны өдөр гүйцэтгэх захирлаар Б.Тыг томилсныг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Бөөс баталгаажуулж, гэрчилгээ олгосон болох нь зохигчдын тайлбар, 0001 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй. /хх-21/

Х ХХК дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах, хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд заасан үйлчилгээ үзүүлэх эрхтэй болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-35/

Х ХХК-ийг Баянзүрх дүүрэг, 26-р хороо, 1111111111-р байрыг хариуцан ажиллах эрхтэй СӨХ гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй ба Х ХХК нь Э СӨХ-г 2021 оны 08 сарын 02-ны өдөр байгуулагдах хүртэл хугацаанд албан бусаар СӨХ-ны гүйцэтгэх үүргийг гүйцэтгэж байсан болох нь ба талуудын тайлбараар тогтоогдож байна.

4.Хариуцагч Э СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т ...2021 оны 9 сарын 1-ний өдрөөс тус СӨХ нь дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээний хураамжийг оршин суугчдаас авсан. Барилга барьсан С ХХК болон ашиглалтыг хүлээн авсан Х ХХК нараас дундын өмчлөлийн эд хөрөнгөө бүрэн хүлээж аваагүй... гэж маргаж байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал сууц өмчлөгчдийн нэрийн өмнөөс өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэх үүрэгтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тын ...дундын өмчлөлийн эд хөрөнгөө бүрэн хүлээж аваагүй... гэх тайлбараар Э СӨХ-г сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.2-т заасан дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийлгэх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй.

5.Нэхэмжлэгч Г.Г Баянзүрх дүүрэг, 26-р хороо, 111111111111-р байрнуудын гараашийн автомат хаалга 1 авто машин дээр нь бууж хохирол учирсан, хохирлыг барагдуулах талаарх өргөдлөө Э СӨХ-ны захирал, одоо энэ хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Б.Т болон Х ХХК нарт гаргахад Х ХХК-иас ....дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг Э СӨХ-нд шилжүүлэн өгсөн тул хариуцахгүй ..... гэх утга бүхий хариу өгсөн болох нь зохигчдын тайлбар, Х ХХК-ийн 7777777 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна. /хх-10/

2021 оны 9 сарын үед Баянзүрх дүүрэг, 26-р хороо, 111111111111-р байрнуудын гараашийн хаалга, зогсоолын нэвтрэх системийг засварлах шаардлагатайн улмаас Э СӨХ-ноос 2021 оны 09 сарын 07-ны өдөр Т ХХК-д гараашийн хаалгыг засварлуулах талаарх үнийн санал асуусны дагуу Т ХХК 6,755,000 төгрөгөөр засварлах боломжтой талаар хариу өгсөн, үүний дагуу Х ХХК, С ХХК нар Э СӨХ-нд засварлахад зориулж мөнгө өгсөн болох нь хариуцагч нарын тайлбар, Э СӨХ-ны 2021.11.30-ны 27, 2021.12.23-ны 27, 2021.12.23-ны 28 тоот албан бичгүүдээр тогтоогдож байна. /хх-27-29, 108/

Зохигчдын талын тайлбар, 2021.10.18-ны авто машин техникийн үнэлгээний тайлан, үзлэг хийсэн тэмдэглэл, Х ХХК-ийн 2021.10.25-ны 21/187 тоот албан бичиг, 2021 оны 9 сарын үед Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Э 214, 215, 220, 221-р байрнуудын гараашийн хаалга, зогсоолын нэвтрэх системийг засварлах шаардлагатай байсан үйл баримт зэргээс үзэхэд нэхэмжлэгч Г.Г гараашийн хаалгыг нээсэн байхад буцаж буун түүний авто машинд хохирол учирсан нь Э СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг зохих журмын дагуу хийгээгүйтэй холбоотойгоор авто машинд хохирол учирсан гэж үзэхээр байна.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч тал ...авто машины зах зээлийн ханшаас үнэ бууруулж бусдад худалдсан... гэж тайлбарлаж байх ба энэ нь Авто тээврийн үндэсний төвийн 2023.10.25-ны 66666666 тоот албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр тогтоогдож байх ба өмчлөгч эд хөрөнгөө үнэ бууруулж бусдад худалдсаныг буруутгах боломжгүй.

1 улсын дугаартай авто машинд учирсан хохирлын хэмжээг 1,840,000 төгрөгөөр тогтоосон, нэхэмжлэгч үнэлгээ хийлгэхэд 94,000 төгрөгийн хөлс төлсөн болох нь Х ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан, бэлэн мөнгөний орлогын баримт зэргээр тогтоогдож байна. /хх-6-7/

Хариуцагч тал авто машинд учирсан эвдрэлийг 1,840,000 төгрөгөөс бага зардлаар засварлах эсхүл солих боломжтой болохыг нотлоогүй.

Иймд хариуцагч Э СӨХ-ны болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгч С.Х, Г.Г нарын эд хөрөнгөнд хохирол учирсан, уг хохирлыг хариуцах үндэслэлтэй гэж дүгнэн, хариуцагч Э СӨХ-ноос 1,934,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г, С.Х нарт олгож, хариуцагч Х ХХК-ийн гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэдийн төлөөлөгчийн хариуцагч Э СӨХ хохирлыг хариуцах үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 45,894 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 1,934,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 45,894 төгрөгийг хариуцагч Э СӨХ-ноос 45,894 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны баримтлан хариуцагч Э Сууц өмчлөгчдийн холбооноос 1,934,000 /нэг сая есөн зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г, С.Х нарт олгож, хариуцагч Х ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 45,894 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э СӨХ-ноос 45,894 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

 

ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ