Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2024/00727

 

 

 

 

 

 

2024 01 31

101/ШШ2024/00727

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух З-ийн У-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт байрлах А ХХК,

Хариуцагч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух Д-ийн Н-д холбогдох,

Гэрээний үүрэгт төлсөн 24,000,000 төгрөг, алданги 12,000,000 төгрөг нийт 36,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.

Хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

З.У миний бие 2017 оны 12 сарын 12-ны өдөх ОС/А дугаартай А ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр Б айлын орон сууцны үйлчилгээний 10 давхар Хос цайз 1 гэсэн хотхоны А блокын 6 давхарт 19 тоотын 73.87 мкв талбайтай орон сууцыг захиалсан. Захиалгын гэрээний дагуу нийт 27 сая төгрөгийг төлсөн ба байрандаа орох байтал байрандаа орох боломжгүй болсон буюу үлдсэн төлбөр дээр банкны зээл миний нэр дээр гарах боломжгүй гэсэн хариу өгсөн.

Ингээд байрандаа орох боломжгүй болсон тул гэрээгээ цуцлаад мөнгөө авъя гэхэд хүлээн зөвшөөрч 1 сая төгрөг, 1.5 сая төгрөг гэх мэтчилэн 3 сая төгрөгийг буцаан шилжүүлсэн. Үлдэгдэл 24 сая төгрөгөө авах гэтэл Хан-Уул дүүрэгт байрлалтай бартерийн байр байгаа. Энэ байрыг авна гэвэл Н ХХК-тай гэрээ байгуулж болно. Буцаан өгөх 24 сая төгрөгийг тэр байранд өгөх төлбөрт тооцож болно гэх саналыг А ХХК гаргасан. Ингээд 2022 оны 9 сарын 11-ны өдөр надад тодорхойлолт гаргаж өгсөн. Энэ саналыг нь би хүлээн авч орон сууцны урьдчилгаанд өгсөн 24 сая төгрөгийг тооцож үлдсэн 99,228,000 төгрөгийг сард 500,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцож Н ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулснаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 106б байрны 45 тоотод 58.68 мкв байранд орсон. Тухайн орон сууцанд бид нүүж орсон ба гэрчилгээг нь шалгаагүй, цахилганы төлбөр, СӨХ-ийн төлбөрт 1 сая орчим төгрөг төлсөн. Ингээд манай зүгээс 2020 оны 9 сараас хойш 2021 оны 1 сар хүртэл хугацаанд сар бүр 500000 төгрөгийг Н ХХК-нд төлж явсан. Гэтэл 2022 онд шийдвэр гүйцэтгэлээс амьдарч байгаа орон сууцыг маань битүүмжлэгдсэн орон сууц гэсэн ба удахгүй дуудлага худалдаанд орно гэдгийг мэдэгдсэн. Энэ талаар мэдээд Н ХХК-ийн захирал н.Алтансүх болон А ХХК-ийн захирал н.Нтай нартай уулзахад энэ хүмүүс нийлж 30 багшид орон сууц худалдсан байсан. Энэ байранд хууль бусаар оруулсан нь тодорхой болсон.

Энэ бүх нөхцөл байдлаас болоод Н ХХК-ийн энэ байранд цаашид зээл төлөөд авах боломжгүй болсон. Энэ компанид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ компанид төлсөн 13,500,000 төгрөгөө буцааж авч чадаагүй байгаа.

Ингээд би А ХХК-нд ч мөнгөө алдсан, Н ХХК-д ч мөнгөө алдсан. Орон байргүй болсон болсон тул алдангид 12 сая төгрөгийг авах үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн орон сууцны зах зээлийн ханш их өссөн байдалтай байна.

Анх гэрээ байгуулахад Хос цайз хотхоны байр ашиглалтанд орчихсон байсан. Гэхдээ энэ байрнаас нь авах хүсэл зориг одоо байхгүй байна. Мөнгөө буцаан авах сонирхолтой байгаа. Тухайн үед гэрээ байгуулахад байрны үлдэгдэл төлбөрийг орон сууцны 8 хувийн зээлээр төлөх байсан. Гэтэл миний бие жирэмсэн байсан тул зээл гарах боломжгүй гэсэн. Ингээд гэрээгээ цуцлаад мөнгөө буцааж авахаар болсон. Хэрэгт хариуцагч талын гаргаж өгсөн баримтаар 24 сая төгрөгийг буцаан аваагүй үлдэгдэлтэй байгаа нь нотлогдох болно.

Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 24,000,000 төгрөг, алданги 12,000,000 төгрөг нийт 36,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү.

Хариуцагч Д.Нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.

 

2.2017 оны 12 сарын 20-ны өдрийн Захиалгаар орон сууц бариулах гэрээ, 2020 оны 09 сарын 11-ний өдрийн орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээ, захиалагчтай хийсэн тооцоо нийцэх акт, хувьцаа эзэмшигчийн орон сууцны сонголтын гэрээ, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, А ХХК-ийн 2020 оны 9 сарын 11-ний өдрийн 126/20 тоот тодорхойлолт, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, А ХХК-ийн кассын орлогын ордер зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч З.У нь хариуцагч А ХХК-нд холбогдуулан А ХХК-тай байгуулсан захиалгаар орон сууц бариулах гэрээний үүрэгт төлсөн 24,000,000 төгрөг, алданги 12,000,000 төгрөг нийт 36,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №ОС/А дугаартай захиалгаар орон сууц бариулах тухай гэрээнээс татгалзсан тул гэрээний үүрэгт төлсөн 24,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тодорхойлж байна.

А ХХК болон З.У нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр захиалгаар орон сууц захиалан бариулах тухай №ОС/А дугаартай гэрээ байгуулагдаж, нэг талаас буюу А ХХК нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Доржийн гудамж, 90 айлын орон сууцны үйлчилгээтэй 10 давхар хос барилгын А блок 106/2 дугаар байр, 6 давхар, 19 тоот хаягт байрлах 73,87 мкв 2 өрөө орон сууцыг захиалагчийн өмчлөлд хүлээлгэн өгөх, нөгөө талаас захиалагч нь орон сууцны үнэ төлөх үүрэг хүлээсэн байна. /хх-ийн 7-8 дугаар тал/

Нэхэмжлэгчээс гэрээ байгуулагдах үед орон сууц нь баригдсан байсан гэх тайлбарыг гаргаж байна. Иймд зохигчын гаргасан тайлбар, гэрээний агуулгаас үзэхэд тус гэрээ нь орон сууц захиалгын гэрээ гэх нэртэй боловч агуулга болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийж үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан

Иймд зохигчид хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

Гэрээний дагуу талуудын ашиг сонирхлыг хангахын тулд гэрээ хуулийн хүрээнд байгуулагдсан, хүчин төгөлдөр байх ёстой бөгөөд тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

Нэхэмжлэгчээс гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 27 сая төгрөг төлснөөс 3 сая төгрөгийг буцаан авсан. Орон сууцны үлдэгдэл төлбөрийг 8 хувийн зээлээр төлөхөөр тохиролцсон боловч зээл олгогдоогүй. Мөн хариуцагч А ХХК-ийн зүгээс өөр орон сууцыг өгөх зорилгоор Н ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулах санал тавьсан боловч тухайн байрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас битүүмжилсэн байгаа тул гэрээнээс татгалзаж гэрээний үлдэгдэл төлбөр болох 24 сая төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан захиалгаар орон сууц бариулах тухай гэрээ, орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээ, А ХХК-ийн 2020 оны 9 сарын 11-ний өдрийн ...Уас 58.68 мкв байрны урьдчилгаа 24 сая төгрөг гэх утгатай кассын орлогын ордер гэх баримтуудаар нэхэмжлэгчийн дээрх тайлбар нотлогдож байна гэж үзэхээр байна. /хх-ийн 9-13, 26 дугаар тал/

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

Нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан үйл баримттай хариуцагч тал маргаагүй, энэ талаар холбогдох тайлбарыг ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэл, холбогдох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зохицуулсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсан ба холбогдох тайлбар, баримтыг ирүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-аас 24,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

4.Нэхэмжлэгчийн алдангид 12,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд, энэ шаардлагыг гэрээгээр алданги төлөхөөр тохиролцсон. Мөн хохирол гэж тодорхойлж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцсон анзыг алданги гэнэ гэж заасан.

Талууд гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т захиалагч энэ гэрээний 5 дугаар заалт зөрчигдсөн тохиолдолд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс хоног тутамд 0.1 хувийн алданги төлнө гэж тохиролцсон байна.

Нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон баримтаар нэхэмжлэгчээс тухайн орон сууцыг худалдан авах үнийн бүрэн төлөөгүй ба 8 хувийн зээл олгогдоогүй үндэслэл нь нэхэмжлэгчийн өөрийн эдийн засгийн байдалтай холбоотой байсан байна.

Мөн нэхэмжлэгчээс хариуцагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр Н ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөр орон сууц авах хүсэл зоригийг илэрхийлж байсан зэрэг үйл баримтуудаас дүгнэлт хийхэд хариуцагчийн үүргийн зөрчлөөс гадна нэхэмжлэгчийн орон сууцны үнийг бүрэн төлөөгүй үүргийн зөрчил байна.

Иймд нэхэмжлэгчээс гэрээнд заасан орон сууцыг гэрээгээр тохиролцсон хугацаанд хүлээлгэн өгөөгүй гэх үндэслэлээр алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байх тул алдангид 12,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

5.Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-иас 24,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6.Нэхэмжлэгчээс Д.Нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул Д.Нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-иас 24,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож даалгасугай.

 

2.Нэхэмжлэгч нь Д.Нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А ХХК-иас 277,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Уд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА