| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2023/07220/И |
| Дугаар | 101/ШШ2024/00041 |
| Огноо | 2023-12-22 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2024/00041
| 2023 12 22 | 101/ШШ2024/00041 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн *******,*******,*******,******* байранд оршин байрлах, ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн *******,*******,*******, тоотод оршин суух, Нэрсэн овогт Дэндэвийн /ИБД:/-т холбогдох,
Сургалтын төлбөр 10,653,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
олон улсын сургуулын үндэс суурь анх 2005 оны хичээлийн жилд тавигдаж 18 дахь жилдээ Монгол улсын боловсролын салбарт анхан, дунд, ахлах шатны боловсрол сургалтын үйл ажиллагааг эрхэлж байна. Иргэн Н.ын хүүхэд нь манай сургуульд 2018-2020 онд суралцсан. Манай сургуулийн 1 жилийн сургалтын төлбөр 13,265,000 төгрөг байдаг. Сурагч О. нь 2020 онд 12 дугаар ангийг төгсөж, дүүргэсэн. Сурагчийн асран хамгаалагч болох Н. нь 2018-2019 оны сургалтын төлбөрийг төлөөгүй байсан тул 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, 2 жилийн сургалтын төлбөр 26,530,000 төгрөгөөс ковидын үеийн хөнгөлөлт үзүүлж, 5,306,000 төгрөгийг хасч, үлдэх 21,224,000 төгрөгийг хуваарь гаргаж төлөхөөр тохирсон. Уг 21,224,000 төгрөгөөс 10,571,000 төгрөгийг төлж, үлдэх 10,653,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд дээрх сургалтын төлбөрийн үлдэгдэл болох 10,653,000 төгрөгийг иргэн Н.аас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хариу тайлбартаа:
Миний төрсөн охин болох О. нь ХХК-ийн ерөнхий боловсролын дунд сургуульд суралцаж байсан. Сургуулиас хүүхдийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль төгссөн гэрчилгээг хугацаандаа гаргаж өгөөгүй тул гэрчилгээгээ авахын тулд шахалтанд орж нөхөж төлбөр барагдуулах гэрээ гэгчийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан. Ингээд сургалтын төлбөрийг төлбөр барагдуулах гэрээний дагуу 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус төлсөн. Үүнээс хойш үлдэгдэл төлбөрөө төлөөгүй ба төлбөрөө төлөх талаар ямар нэгэн мэдэгдэл надад ирүүлээгүй болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргаж, улмаар шүүх 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна. Хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна, Хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76 дугаар зүйлийн 76.2-т "... шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн, гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан. Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх ба хөөн хэлэлцэх хугацааг сэргээх болон тасалдсан талаар ямар нэгэн нотлох баримт шүүхэд гаргаагүй байх тул хөөн хэлэлцэх хугацаагаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлбөр барагдуулах гэрээ, нэхэмжлэх, бүрэн дунд боловсролын үнэмлэх, суурь боловсролын гэрчилгээ, дансны хуулга,
3.2 хариуцагчаас гаргасан Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.т холбогдуулан сургалтын төлбөр 10,653,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.1 Хариуцагч Д.ын охин О.Наранжаргал нь *******д суралцаж, 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхийг эзэмшиж гэрчилгээ олгосон байна. /хх-11-14/
Талууд охин О.Наранжаргалыг *******д суралцаж төгссөн үйл баримтыг хэн аль нь тайлбарлаж, маргаагүй. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.
2.2 Тус сургуулийн 1 жилийн сургалтын төлбөр 13,265,000 төгрөг болох нь талуудын тайлбараар тогтоогдсон ба хариуцагч Д. нь охин О.ын 2018-2019 оны хичээлийн 2 жилийн сургалтын төлбөрийг төлөөгүй байсан байна.
Ингээд талууд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр 2018-2019 оны хичээлийн жилийн нийт 26,530,000 төгрөг төлөхөөс 20 хувийн хөнгөлөлт үзүүлж, 21,224,000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор хуваарь гаргаж төлж дуусгахаар тохиролцсон байна. /хх-8-9/
2.3 Талуудын хооронд төлбөр барагдуулах гэрээ байгуулснаас хойш хариуцагч Д. нь 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус төлсөн болох нь нэхэмжлэгчээс гаргасан дансны хуулга, хариуцагчаас гаргасан Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримт, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон. /15-16,-34/
2.4 Хариуцагч нь төлбөр барагдуулах гэрээний дагуу охин О.ын сургалтын төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй байгаа үйл баримтад маргаагүй боловч тэрээр гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан.
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гэрээний үүрэг шаардаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ.
2.4а Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Төлбөр барагдуулах гэрээгээр тохирсон төлбөр төлж дуусгах сүүлийн хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байна. Үүнээс хойш хариуцагч Д. нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөгийг хамгийн сүүлд төлсөн байна.
Хариуцагч Д.аас 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр сүүлийн төлөлтийг төлсөн буюу уг өдрөөс хойш гэрээний үүргийг шаардах эрх нэхэмжлэгч ******* ХХК-д үүссэн байна.
2.4б Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад заасан 3 жилийн хугацаанд гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг 14 хоног хэтрүүлж гаргажээ.
2.4в Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, эсхүл сэргээх нөхцөл байдал үүссэн талаархи баримт авагдаагүй болно. Нэхэмжлэгч нь төлбөр төлөхийг хариуцагчид удаа дараа утсаар мэдэгдэж байсан гэж тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
2.5 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад тус тус зааснаар хариуцагч Д.т холбогдох 10,653,000 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ