Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2024/00181

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2024/00181

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ,,, *******,, тоотод оршин суух, Ирхэдтанд овогт ийн ******* /рд:/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ,, тоотод оршин суух, Боржигон овогт ийн /рд:/-т холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 210,745,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.******* оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

Хариуцагч Б. нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний найз болох Б. мөнгөний чухал хэрэг гараад байна найздаа туслаач, ОХУ-аас үсний бүтээгдэхүүн оруулан ирж байгаа би өөрөө бүх мөнгөөрөө бараагаа захиалаад мөнгөгүй болчихлоо, бараагаа авах гэсэн чинь мөнгө дутаад байна. Найздаа туслаад байраа барьцаалаад банкнаас зээл аваад өгөөч, байрыг чинь барьцаанд түр тавиад удахгүй найз нь буцаагаад аваад өгнө гэж манай нөхөр бид хоёроос удаа дараа гуйсан. Нөхөр Б.Ж дургүй байсан учир Б.т тусалж чадахгүй гэдгээ миний бие хэлсэн боловч Б. өөрийн ээжтэйгээ хүртэл гэрт ирж гуйж найдвартай бизнесийг алдаж болохгүй, энэ бол боломжтой бизнес би найздаа хоосон байхгүй гэх мэтээр гуйсан учир миний бие найздаа итгэж нэг удаа туслахаар болсон. Ингээд Ц.Аринзул миний бие өөрийн өмчлөлийн, Кристал таун хотхон, 801 дүгээр байр, 0000 тоотод байрлах, 140 м.кв орон сууцыг Богд банканд барьцаалж, 36 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй 180,000,000 төгрөгийг зээлж авч өгсөн. Богд Банкны зүгээс үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч зээлийн гэрээнд хамтран зээлдэгч байх ёстой гэсэн шаардлага тавьсан учир миний бие 2022 оны 5 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээнд Б.ын хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний дагуу 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 180,000,000 төгрөгийг Б.ын Богд Банкны дансанд шилжигдэн орсон. Гэтэл Б. нь Богд банкны зээлийн эргэн төлөлтөөс 33,262,509 төгрөгийг төлж үлдэгдэл 144,568,476 төгрөгийг огт төлөөгүй, зээлийн хуваарь зөрчсөн учир би өөрийн өмчлөлийн орон сууцыг алдахад хүрч, аргүйг эрхэнд зээлийн үлдэгдэл 200,911,120 төгрөгийг өөрөөсөө гаргаж 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Богд Банкинд төлсөн.

Б. нь авсан зээлээ надад удахгүй төлнө гэж уучлалт гуйж, зээлийн гэрээ байгуулж өдөр болгон орлогоосоо төлж байхаар тохирсон. Ингээд бид 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 210,745,000 төгрөгийг өдөр болгон 500,000- 1,000,000 төгрөг төлөх байсан боловч зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш нэг ч төгрөг төлөөгүй өнөөг хүрч байна. Би Богд банкинд 200,911,120 төгрөгийг Б.ын өмнөөс төлж зээлийг барагдуулсанаас гадна үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанаас чөлөөлөхөд бусад зардал гарч нийт 210,745,000 төгрөгийн зардлыг өөрөөсөө гаргасан. Иймд бид зээлийн гэрээний үнийн дүн 210,911,120 төгрөгөөр тохирсон. Уг зээлийн гэрээний дагуу Б. нь нэг ч төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Б.аас 210,745,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Анх Богд банкнаас намайг Б.т 180,000,000 төгрөгийн зээлийг авч өгөхөд надад 35,000,000 төгрөгийг надад бэлэг гэж өгсөн нь үнэн гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Богд банкнаас 180,000,000 төгрөгийн зээлийгЦ.*******тай хамтран авсан. Уг авсан мөнгөнөөс 35,000,000 төгрөгийг Ц.******* өөртөө шилжүүлж авсан. Миний бие уг зээлийн төлөлтөд 33,255,000 төгрөгийг төлсөн. 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр бид уулзаж шүүх, цагдаа болохгүйгээр надад тодорхой хугацаа өгч би зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэл нийт 210,000,000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан. Гэтэл одоо шүүхээр шийдүүлж байгаа учир нэхэмжилсэн 210,911,120 төгрөгөөс Ц.*******д шилжүүлсэн 35,000,000 төгрөг, банкны зээлийн төлөлтөд төлсөн 33,255,000 төгрөгийг хасч, үлдэх 141,738,000 төгрөгийг төлнө гэжээ.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан зээлийн гэрээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, зээлийн дансны хуулга, харилцагчийн дансны хуулга, Богд банкны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 810/23-655 тоот албан бичиг,

3.2 хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, зээлийн дансны хуулга, харилцагчийн дансны хуулга зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 210,745,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

3. Зохигчид 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Б. нь 210,745,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл өөрийн ажиллуулдаг салоноос олсон өдөр тутмын орлогоос 500,000-1,000,000 төгрөгөөр Ц.*******д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хх-10-12/

3.1 Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

Дээрх зээлийн гэрээг байгуулах болсон үндэслэлээ ...Б. нь Ц.*******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Богд банканд барьцаанд тавих замаар 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 180,000,000 төгрөгийг зээлдэж авсан. Уг зээлийн гэрээний үүргийг хуваарийн дагуу төлөөгүйгээс Ц.******* нь Б.ын өмнөөс банканд үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 210,745,000 төгрөгийг төлсөн. Уг банканд төлсөн зээлийн төлбөрийг Б. нь Ц.*******д төлөх үүргийг баталгаажуулж байгуулсан болохыг талуудын хэн аль нь тайлбарласан.

Нэхэмжлэгч Ц.******* нь Б.ын бусдад төлөх өр төлбөрийг төлөх замаар мөнгөн хөрөнгийг түүнд зээлдүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба хожим зээлийн гэрээг бичгээр байгуулах замаар талууд гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг тодорхойлсон байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

4. Зохигчдын хэн алинаас хэрэгт нотлох баримтаар бүрдүүлж өгсөн зээлийн дансны хуулгын баримтаар Ц.*******аас 200,911,120 төгрөгийг Богд банканд төлж, зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болгосон болох нь тогтоогдсон.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2-т зээлдэгчийн Богд банк ХХК-иас 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр авсан №ЗГ/1957 тоот зээлийн гэрээний дагуу үүссэн зээлийн үндсэн төлбөр хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг нийт 210,745,000 төгрөгийн өр төлбөрийг төлж барагдуулахад нь зориулан олгож байгаа болно гэж заажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс ...би банканд 200,911,120 төгрөгийг төлж зээлийг хаасан. Барьцаалбараас үл хөдлөх хөрөнгөө чөлөөлөхөд бусад зардал, шимтгэл гарсан. Энэ нь нийлээд 210,745,000 төгрөг болсон тул Б.тай тохиролцож зээлийн гэрээг энэ үнийн дүнгээр байгуулсан гэж тайлбарласан.

Хариуцагч Б.аас зээлийн гэрээний үнийн дүн болох 210,745,000 төгрөгийн хэмжээнд маргаагүй. Харин уг 210,745,000 төгрөгөөс банканд төлсөн 33,255,000 төгрөг, Ц.*******д өгсөн 35,000,000 төгрөгийг тус тус хасч тооцож, үлдэх 141,738,000 төгрөгийг төлнө гэж маргасан.

5. Нэхэмжлэгч Ц.******* нь шүүх хуралдаанд ...Б. нь намайг банканд үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж зээл авч өгсөний бэлгэнд 35,000,000 төгрөгийг өгсөн гэж тайлбарласан.

Хариуцагчаас гаргасан хариу тайлбараас үзэхэд 35,000,000 төгрөгийг Ц.*******д бэлэглэсэн талаар дурдаагүй, уг мөнгөн хөрөнгийг зээлийн төлбөрөөс хасч тооцуулна гэж маргасан байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь 35,000,000 төгрөгийг бэлэглэлийн журмаар шилжүүлсэн авсан болохоо баримтаар нотлох үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Б.аас 35,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.*******д бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн талаархи үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд уг мөнгөн хөрөнгийг зээлийн төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй байна.

6. Хариуцагч Б. нь Богд банкнаас 180,000,000 төгрөгийн зээлийн мөнгөн хөрөнгийг өөрийн бизнест ашиглах зорилгоор зээлдсэн авсан, нэхэмжлэгч Ц.******* нь банкнаас зээлийн мөнгөн хөрөнгө авах хэрэгцээ шаардлага байгаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Иймд уг банканд зээлийн гэрээний хуваарийн дагуу төлсөн төлбөр болох 33,255,000 төгрөгийг Ц.*******аас зээлсэн мөнгөн хөрөнгөөс хасч тооцуулна гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

7. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Б.аас 175,745,000 /210,745,000-35,000,000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 35,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас 175,745,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 1,036,675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,211,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

7. Хариуцагч Б. нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Шүүх хариуцагчийн мэтгэлцэх эрхийг хангах үүднээс уг шүүх хуралдааныг хойшлуулсан. Өнөөдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч Б.т баталгаат шуудангаар хүргүүлснийг тэрээр 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрөө хүлээн авсан, мөн шүүгчийн туслахаас түүний дугаар утас руу 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр захидал бичиж мэдэгдсэн байна. Хариуцагч Б. нь шүүх хуралдааны тов мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.аас 175,745,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 35,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,211,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,036,675 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ