Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/138

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох 201705000089 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 07 сарын 06-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

1. Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

2. Монгол Улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* ,

Холбогдсон хэргийн талаар :

1. Шүүгдэгч ******* нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Жаргалант хөндий” гэх газраас гийн эзэмшлийн 7 тооны адууг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор *******тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлж бусдад 2.800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2. Шүүгдэгч ******* нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Жаргалант хөндий” гэх газраас гийн эзэмшлийн 7 тооны адууг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор *******тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлж бусдад 2.800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

Хохирогч ийн мөрдөн байцаалтанд өгсөн … Миний нэр манай ач хүү Лувсангийн эзэмшлийн шарга азаргатай 28 тооны адуу тоологддог. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр манай ач хүүгийн 28 тооны адуу алдагдсан, уг адууг эрж хайж хажуу зэргэлдээ сумдын нутгаар эрж хайж явсаар байгаад 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр алдагдсан адуунаас 21 адуу нь хөлөөрөө гүйсэн байсныг олсон. Харин үлдсэн 7 адуу нь олдоогүй байж байгаад манай сумын *******, нар нь хулгайлсан байсан нь тогтоогдож манай хүүгээс уучлалт гуйж адууны хохирлыг барагдуулсан. Алдагдсан адууг эрж хайхад 4 сая төгрөг гарсан. Бензин шатахууны үнийг өгөх юм бол гомдолгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 150/,

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн .... Би хадам дүү Лувсангийн адууг хардаг байсан юм. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Гурванбулаг сумын 4 дүгээр баг Жаргалант хөндий гэх газраас уг адуунууд нь ор сураггүй алга болохоор нь Лувсанд утсаар мэдэгдээд хайж эхэлсэн юм. Хайхдаа байнга Лувсантай хамт явж байсан. Мөн Лувсантай хамт Эрдэнэхуяг гэж гэж хүн Хүрээмарал сумын урдуур хайсан байсан. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын сүүлээр уг алдсан 28 тооны адууны 21 нь гүйгээд ирсэн. Үлдсэн 21 тооны адууг нь тухайн үед хайгаад олоогүй юм. Баянхонгор аймгийн Хүрээмарал, Бууцагаан, Баацагаан, Бөмбөгөр, Галуут, Жаргалант, Архангай аймгийн Чулуут, Тариат, Хангай, Говь-Аптай аймгийн наагуур, Завхан аймгийн Отгон сумдаар мотоцикльтой болон машинаар эрж хайсан ...  гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39-41/,

Гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 10 дугаар сарын дундуур Лувсан над дээр ирээд Жаргалант хөндийн хавиас 28 тооны шарга азаргатай адуугаа хайгаад олдоггүй, хамт хайлцаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би хамт Гурванбулаг, Заг, Галуут, Архангай аймгийн Цахир, Хангай, Завхан аймгийн Отгон сум зэрэг газруудаар хайлцаад өгье гээд мотоциклиор хэд хоног хамт хайлцсан боловч олж чадаагүй. Тэгээд би ар гэрийн ажил хэцүүдлээ гэж Лувсанд хэлсэн чинь за за би одоо Галбадрах ахтай хамт хэсэг хайгаад эргээд утсаар холбогдоноо гэж хэлээд салцгаасан. Сүүлд нь 20 гаран адуу нь олдсон, зарим нь олдоогүй гэж хүнээс сонссон. Адуу хайхад нэлээн хэдэн төгрөгний зардал гарсан гэсэн. Галбадрал, Лувсан 2 л гаргасан ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 43/,

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Манай найз охин Завхан аймагт байдаг юм. Би Завхан аймагруу найз охин дээрээ очих гээд г машинаараа яваад өгөөч гээд гуйсан чинь зөвшөөрч явахаар болсон. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өглөө Гурванбулаг сумын төв дээр гийнд очиж мөнгө байна уу гээд асуутал мөнгө байхгүй гэж надад хэлсэн. Тэгээд би гэрээс нь гарч яваад орой буцаж орой 19 цагийн үед гийн гэрт очиж д 2-уулаа цуг айлд очиж мөнгө асуучихаад ирье гээд хэлтэл тэгье гэж зөвшөөрч явахаар болсон юм. Тэгээд миний мустанг 5 маркийн саарал өнгийн 44-80 БНЗ улсын дугаартай мотоцикльтой бид 2 сумын төвөөс урагшаа гарч явж байгаад зогсож би д адуу хулгайлж зараад мөнгө олохуу гэтэл зөвшөөрч бид 2 адуу хулгай хийхээр болоод Гурванбулаг сумын 2 дугаар баг Жаргалант хөндий гэх газарт явж байсан чинь нилээн олон тооны адуу тааралдахаар нь бид 2 тэр олон тооны адуунаас хулгай хийхээр болоод захад байсан 7 тооны адууг тууж Шар усны даваагаар давж Архангай аймгийн Хангай сумруу оруулж ирж байхад өглөө болж байсан. Тэгээд бид 2 хулгайлсан 7 тооны адууг тэр хавьд орхиод Хангай сумруу явж байсан чинь морь унасан эрэгтэй хүн явж байхаар нь бид 2 танай суманд адуу мал авч байгаа хүн байна уу гээд асуутал Хангай суман дээр адуу авч байгаа хүн байна гэсэн. Тэгэхээр нь бид 2 Хангай сум дээр очиж адуу авч байгаа хүнтэй уулзаж адуу авах уу гэтэл тэр хүн гарал үүслийн бичиг байхгүй адуу авахгүй гэхээр нь бид 2 тэр хүнээс гуйж бид 2-ын адуу байгаа юм. Ямар нэгэн хулгайн адуу биш гэж худал ярьж гуйсаар байгаад адуугаа зарахаар болсон. Тэр хүн бид 2-т хэлэхдээ ах нь явуулын хүн байгаа юм ямар нэгэн асуудалгүй юм байгаа биздээ гэхээр нь бид 2 ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлээд адуун дээрээ очиж 7 тооны адууны 3 гүүг 400.000 төгрөгөөр 3 морь 1 азаргыг 450.000 тооцож нийт 3.000.000 төгрөгөөр зарж мөнгөө бэлнээр авсан. Тэгээд бид 2 тэр өдөртөө буцаж Гурванбулаг сумруу явсан. Тэгээд адуу зарсан 3.000.000 төгрөгөө 1.500.000 төгрөгөөр хувааж аваад Завхан аймаг руу гийн машинаар явж бензин шатахуун хоол хүнсэндээ хэрэглэж адуу хулгайлсан мөнгөө дуусгасан. бид 2-ын хулгайлсан адуу нь шарга зүсмийн азарга, 2 хүрэн зүсмийн гүү, хээр зүсмийн гүү, сартай хар зүсмийн морь, хээр зүсмийн 2 морь байсан тамгыг нь сайн ажиглаж хараагүй. Тухайн үед би д адуу хулгайлж мөнгөтэй болъё гэж хэлхэд зөвшөөрч бид 2 ярилцаж байгаад адуу хулгай хийхээр болсон юм. ******* бид 2 адуу зарсан хүнээ танихгүй тухайн үед тэр адуу авч байсан хүн Хангай сум дээр адуу мал авч байсан тэр хүн өөрийгөө явуулын хүн байгаа юм гэж байсан би танихгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59/,

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... *******ийн найз охин нь Завхан аймагт байдаг юм. Тэгээд ******* намайг Завхан аймаг руу машинаараа явчихаад ирье мөнгө муутай байна гээд байхаар нь би тэгвэл миний машинд ирж очихын бензин шатахуун хийгээд өгчих гэсэн нь тэгье гэж тохиролцсон. 2016 оны 10 сарын 13-ны өглөө манайд ******* нь ирээд надаас мөнгө байна уу 2 уулаа Завхан аймаг явчихаад ирье гэхээр нь надад мөнгө байхгүй гэсэн чинь ******* гараад явсан. Тэр өдөр би гэртээ байж байтал орой 19 цагийн үед ******* манайд мотоцикльтой ирээд хөдөө айлруу явчихаад ирье гэхээр нь ******* бид 2 *******ийн мустанг 5 маркийн мотоцикльтой сумын төвөөс урагшаа явж байгаад зогссон. ******* надад хэдэн адуу хулгайлж зарж мөнгөтэй болъё гэхээр нь би зөвшөөрч бид 2 адуу хулгайлахаар болоод Гурванбулаг сумын 2 дугаар баг “Жаргалант хөндий” гэх газар нилээн олон тооны адуу байхаар нь ******* бид 2 тэр олон тооны адуунаас хулгай хийхээр болоод адууны захад байсан 7 тооны адууг мотоциклоор тууж Гурванбулаг сумын Шар усны даваа гэх газраар давж Архангай аймгийн Хангай сумруу ортол өглөө болсон. Тэнд нь адууг орхиод ******* бид 2 мотоцикльтой Хангай сумруу явж байтал морь унасан үл таних эрэгтэй хүнтэй таарч ******* бид 2 танай суманд адуу мал авч байгаа хүн байгаа юу гэж асуутал хаанаас ирсэн нь мэдэхгүй Хангай суман дээр адуу авч байгаа хүн байсан гэж хэлэхээр нь ******* бид 2 мотоцикльтойгоо Архангай аймгийн Хангай сум ороход Хангай суманд нэрийг нь мэдэхгүй 30 гаран насны эрэгтэй хүн адуу авч байна гэхээр нь ******* бид 2 очиж уулзаад адуу авахуу гэж тэр хүнээс асуутал тэр хүн гарал үүслийн бичиггүй адуу мал авахгүй гэхээр нь ******* бид 2 ямар нэгэн хулгайн адуу биш манай адуу байгаа юм. Ямар нэгэн асуудал байхгүй гэж гуйсаар байгаад адуугаа зарахаар болоод адуу орхисон газраа цуг очиж уг 7 тооны адууны 3 гүү байсныг 1 гүүг 400.000

төгрөгөөр бодож 1.200.000 төгрөг болсон. Харин 3 морь 1 азаргыг 1-ийг нь 450.000 төгрөгөөр бодож 1.800.000 төгрөгөөр зарж нийт 7 тооны адууг тэр хүнд 3.000.000 төгрөгөөр зараад мөнгийг бэлэн тоолж аваад ******* бид 2 буцаад Гурванбулаг сумруу явж гэртээ ирсэн. Адуу зарсан мөнгөө Завхан аймаг явж машинд бензин шатахуун хийж хоол унданд зарцуулсаар байгаад дуусгасан. Уг 7 тооны адуу нь 3 гүү, 3 морь, 1 азарга байсан уг адуу нь бөөрөнхий дотор Т үсгэн тамгатай адуунд байсан шарга зүсмийн азрага, сартай хар зүсмийн морь, хээр зүсмийн 2 тооны морь, 3 гүү нь бараан зүсмийн гүүнүүд байсан. Анх гэрээс гарахдаа хулгай хийх санаагүй байсан хөдөө явж байтал мотоциклио зогсоож ******* адуу хулгайлж зарж мөнгө олъё гэж ******* санааг нь гаргаж бид 2 адуу хулгай хийхээр тохиролцсон. Хэний адуу байсан талаар мэдээгүй тухайн шөнө харанхуй орой 22 цагийн үед байсан санагдаж байна. Би одоо адуу зарсан хүнээ танихгүй тухайн үед Хангай сум дээр адуу авч яваа явуулын хүн гэсэн. Би тэр хүнийг танихгүй. Тухайн үед өөрийнхөө нэрийг хэлж байсан одоо би тэр хүний нэрийг санахгүй байна. Уг хүнийг би танихгүй хаана байгаа талаар мэдэхгүй байна .... гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65/,

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47/,

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мустанг 5 маркийн 44-80 БНЗ улсын дугаартай мотоциклийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 12-15/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-21/,

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримт /хх-ийн 73-113/,

Хохирогч ийн шүүгдэгч нар хохирол барагдуулсан талаархи шүүхэд гаргасан хүсэлт зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч *******, ******* нар нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Жаргалант хөндий” гэх газраас ийн 7 тооны адууг бүлэглэн, машин механизм хэрэглэн хулгайлж бусдад 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл холбогдолийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба уг хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал дээрдэж байх тул шүүгдэгч *******, ******* нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.     

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан 7 тооны адууны хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлсөн байх ба алдагдсан адууг ирж хайх явцад гарсан 4.000.000 төгрөгийн зардалыг төлж барагдуулсан талаархи хүсэлтийг хохирогч шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч ******* нь өөрийн эзэмшлийн мустанг-5 маркийн 44-80 БНЗ улсын дугаартай мотоциклийг гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн байх тул тухайн тээврийн хэрэгсэлийг хурааж улсын орлого болгож шийдвэрлэж, хэргийн 12 дугаар хуудсанд авагдсан 2017 оны 05 сарын 01-ний өдрийн мотоцикль битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээв.

Шүүгдэгч ******* нь өмнө нь 1 удаа ял шийтгэгдэж ялтай байдал арилаагүй байхад гэмт хэрэг шинээр үйлдсэн боловч түүний ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болох тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэлгүй гэж үзэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч  нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарын эд хөрөнгийг хураахгүйгээр ял оногдуулсан тул хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн 5 ханатай монгол гэр, шүүгдэгч *******гийн эзэмшлийн 6 ханатай монгол гэр зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож хэргийн 16-20 дугаар хуудсанд авагдсан 2017 оны 05 сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь хэргийн учир 13 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарын эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй .

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосугай. 

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан *******, ******* нарын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн мустанг-5 маркийн 44-80 БНЗ улсын дугаартай мотоциклийг хурааж, улсын орлого болгосугай.

7. Хэргийн 12 дугаар хуудсанд авагдсан мустанг-5 маркийн 44-80 БНЗ улсын дугаартай мотоцикль битүүмжилсэн 2017 оны 05 сарын 01-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн эзэмшлийн 5 ханатай монгол гэр, шүүгдэгч *******гийн эзэмшлийн 6 ханатай монгол гэр зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож хэргийн 16-20 дугаар хуудсанд авагдсан 2017 оны 05 сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир 13 хоног цагдан хоригдсон болоыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА