Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 212/МА2019/00030

 

     Р.Г-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2019/00312 дугаар шийдвэртэй, Р.Г-ын нэхэмжлэлтэй, тус аймгийн Сум дундын ойн ангид холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.       

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч Р.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн төлөөлөгч С.Е  нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 дугаар “Р.Г-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар “Р.Г-ыг түр томилох тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нягтлан бодогчийн ажилд түр тушаалаар ажиллуулан цалингийн 40 хувиар цалинжуулж байгаа нь хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан нягтлан бодогч, дотоод ажил хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, бүрэн цалинжуулахыг ажил олгогчид даалгах” тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн сум дундын ойн ангийн нягтлан бодогчийн ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дарга С.Е нь надад Б/06 дугаар тушаалыг өгч "чиний цалинг 40 хувиар олгох болно, байгууллагын төсөв мөнгө нь хүрэлцэхгүй болсон" гэсэн. Би 40 хувиар цалинжихгүй, төсөв мөнгө хүрэлцэхгүй гэж миний цалин хөлсийг хасаж болохгүй гэхэд С.Е дарга "Чамайг би угаасаа 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас халчихсан'' гэж Б/04, Б/06 гэсэн 2 тушаалыг нэгэн зэрэг өгсөн. Б/04 гэсэн тушаалаар намайг цомхотголд оруулсан байсныг тэр үед л мэдсэн. Байгууллагын нягтлан бодогчийн орон тоо цомхотголд орно гэсэн ойлголт байхгүй бөгөөд орон тоо хасагдаагүй байхад намайг цомхотголд оруулсан байсан. Надад гэнэтийн цохилт болсон ажлаас чөлөөлсөн гэсэн тушаалын учрыг нь ойлгож чадалгүй дахин дахин уншиж суух үед С.Е дарга "чи цаашид ажиллахыг хүсвэл 40 хувиар цалин авахаар гэрээ байгуулах ёстой, байгууллагын төсвийг аймгийн ИТХ-ын хуралдаанаар удахгүй шийдвэрлэнэ. Тэр үед цалин хөлсийг чинь хэвээр нь өгнө, хэрэв энэхүү гэрээг байгуулахгүй гэвэл Б/04 дүгээр тушаалаар чамайг ажлаас чөлөөлчихсөн учраас цаашид ажиллуулахгүй" гэсэн. Би өрх толгойлсон ганц би эх хүний хувьд хүүхдээ идэх хоолгүй үлдээхгүйн төлөө түүний 40 хувиар цалинжуулахаар урьдчилан бэлтгэсэн гэрээнд нь гарын үсгээ зурсан. Удахгүй аймгийн ИТХ-ын хуралдаанаар төсвийн давсан хэсгийг хуваарилахдаа манай байгууллагын төсвийг бүрэн баталж өгсөн. Би ч гэсэн үүнд баярлан дарга С.Е-д хэлж, одоо миний цалин хөлсийг хэвээр нь өгөхийг удаа дараа шаардсан боловч дарга хэлсэндээ хүрээгүй. 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр энэхүү хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлэхээр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гомдлоо гаргасан. Улмаар 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01/146 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар "гомдлоо шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй" гэсэн хариу өгсөн. Иймд Баян-Өлгий аймгийн сум дундын ойн ангийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн сум дундын ойн ангийн нягтлан бодогчийн ажилд намайг түр тушаалаар ажиллуулж, цалингийн 40 хувиар цалинжуулж байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, бүрэн цалинжуулахыг ажил олгогчид даалгаж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад: “Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн сум дундын ойн ангийн нягтлан бодогч ажилд намайг түр тушаалаар ажиллуулж, цалингийн 40 хувиар буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалинжуулж байгаа нь хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан нягтлан бодогч, дотоод ажил хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгож, бүрэн цалинжуулахыг ажил олгогчид даалгаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “1.Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн "Ойн талбайн норматив, байршил батлах тухай" 255 тоот тогтоолын 2 дугаар заалтаар Сум дундын ойн ангийг байгуулан, орон тооны дээд хязгаар болон дүрмийг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулж, мөрдөх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Уг тогтоолоор Сум дундын ойн ангийн нягтлан бодогчийн цалинг 40 %-аар тооцож олгохоор зохицуулсан байдаг бөгөөд нийт ажиллагсдыг 5,5 орон тоотой тогтоосон. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 63 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар Баян-Өлгий аймгийн Ойн ангийн бүтэц орон тоог Засгийн газрын 2012 оны 255 тоот тогтоолд нийцүүлж 5,5 хүний орон тоогоор (албан тушаалаар ангилж) баталж, үүний дотор нягтлан бодогчийн орон тоог 0,5 буюу "хагас орон тоо"-оор баталж, ТҮ-8 ангиллаар цалингийн 40%-аар цалинжуулахаар тогтоосон. Эдгээр тогтоолын дагуу тус ойн ангийн нягтлан бодогч Р.Г нь анх томилогдсон 2017 оны 6 сарын 08-ны өдрөөс эхлэн ТҮ-8 ангиллаар 0,5 буюу хагас орон тоонд 40%-аар цалин хөлс авч байгаа. Харин бид өмнөх онд нягтлан бодогч Р.Г-т өөр ажил хавсруулах хэлбэрээр бүтэн орон тоонд ажиллуулж, зохих журмаар цалинг бүтэн олгож ирсэн. Нэгэнт Сум дундын ойн ангийн бүтэц орон тоог баталсан тогтоолууд хүчин төгөлдөр байгаа тул Р.Г-ыг Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн нягтлан бодогчоор 0,5 буюу "хагас орон тоо"-нд ажиллуулж, цалинг 40%-аар олгож байгаа нь хууль зөрчөөгүй болно.

2. Гомдол гаргагч Р.Г өөрөө Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн нягтлан бодогчийн орон тоо 0,5 буюу "хагас" орон тоогоор батлагдаж, цалингийн 40%-аар цалинжиж байгааг сайн мэдэж байгаа бөгөөд томилогдсон мөчөөс эхэлж Хөдөлмөрийн гэрээгээр цалингийн сүлжээний ТҮ-8 шатлалаар 40%-аар цалин хөлс авч Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж ирсэн.

3. Р.Г-ыг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Сум дундын ойн ангийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 тоот тушаалаар "дотоод ажил хариуцсан ажилтан" гэх "бүтэц орон тоонд батлагдаагүй" орон тооны ажлыг хавсарган гүйцэтгүүлэх хэлбэрээр бүтэн орон тоогоор 2018 онд ажиллуулж, цалинг бүтэн олгож ирсэн. Нягтлан бодогч Р.Г-т хавсруулан гүйцэтгүүлсэн "дотоод ажил хариуцсан албан тушаал" нь тус байгууллагын "бүтэц орон тоонд" огт байхгүй бөгөөд цааш нь тухайн албан тушаалыг хавсруулан ажиллуулах боломжгүй, Төсвийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болох тул энэ жилээс эхэлж, түүнийг батлагдсан орон тооны бүтэц, хязгаарын хүрээнд нягтлан бодогчийн 0,5 орон тоо буюу "хагас" орон тоонд, цалинг 40%-аар бодож олгохоор Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулж байна. 

4. Хэрэв Р.Г-ыг нягтлан бодогчийн бүтэн орон тоонд ажиллуулж, цалинг 100 хувь олговол Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5 дахь заалтуудыг зөрчинө. 

5. Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2019 оны 02 дугаар 15-ны өдөр "Бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай" А/72 тоот захирамж гаргаж, нягтлан бодогч Р.Г-ын 0,5 буюу хагас орон тоонд огт батлагдаагүй "дотоод ажилтан" хэмээх орон тоо нэмж бүтэц орон тоо болгосон. Энэ захирамж нь Засгийн газрын 2012 оны 255 тоот тогтоолыг зөрчиж гарсан, батлагдаагүй орон тоог зохиомлоор буй болгосон тул хууль бус захирамж юм. Уг асуудлыг холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх болно.

6. Р.Г нь урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, бүрэн цалинжуулахыг даалгах тухай гомдол гаргажээ. Гэтэл Р.Г нь одоо хүртэл Сум дундын ойн ангийн нягтлан бодогчийн албан тушаалд хэвээр ажиллаж байгаа. Ажилд буруу шилжүүлээгүй, ажлаас үндэслэлгүйгээр халаагүй тул түүний нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх боломжгүй. Иймд Р.Г-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2019/00312 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Г-ын Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 дугаартай Р.Г-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал болон 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаартай Р.Г-ыг түр томилох тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн нягтлан бодогчийн ажилд түр тушаалаар ажиллуулж, цалингийн 40 хувиар цалинжуулж байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан нягтлан бодогч, дотоод ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, бүрэн цалинжуулахыг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах зөрчлийг гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргаагүй буюу ажил олгогчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаартай "Р.Г-ыг түр томилох тухай" тушаалыг хүлээн зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ. Ажилтныг орон тоо хасагдсан гэж үзээд цомхотголд оруулсны дараа тухайн цомхотголд оруулсан орон тоо дахин бий болсон байжээ. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т "Энэ хуулийн 40.1.1-т зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно" гэж заасны дагуу ажил олгогчид өмнөх ажилд нь эгүүлэн авахыг шаардахад шаардлагыг биелүүлээгүй байна. Улмаар энэ асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт дараа нь шүүхэд гомдлоо гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасан хугацаанд орон тоо дахин бий болсон асуудлаар шүүхэд гомдол гаргахад 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Шүүх шийдвэрийн үндэслэлдээ "Аймгийн Засаг дарга нь Сум дундын ойн ангийн бүтэц орон тоог баталсан нь учир дутагдалтай байх тул Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/72 дугаартай захирамжаар аймгийн Сум дундын ойн ангийн бүтэц орон тоог баталсан нь хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ. Аймгийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт хамаарал бүхий байгууллагын бүтэц орон тоог батлах эрхтэй. Энэхүү захирамж хүчин төгөлдөр байсан. Гэтэл шүүх зөвхөн нэг талыг баримтлан, үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэр гаргасан. Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн анги нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Ойн талбайн норматив, байршил батлах тухай 255 тоот тогтоолын 2 дугаар заалтаар Сум дундын ойн ангийг байгуулан, орон тооны дээд хязгаар болон дүрмийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулж нийт ажиллагсдыг 5,5 орон тоотой ажиллахаар болсон боловч өнөөдрийг хүртэл илүү орон тоотой ажиллаж ирсэн. Угаасаа илүү орон тоотой ажиллаж ирсэн байгууллага гэнэт тушаал гаргаж ажилтнуудыг цомхотголд оруулж эхэлсэн. Бодит байдал дээр цомхотголд оруулсан гэж иргэдийн эрх ашгийг хөндөж шийдвэр гаргадаг атлаа шинээр ажилтан авч, илүү орон тоогоор ажилласан хэвээрээ байгаа нь хууль бус байна. Өөрөөр хэлбэл тус байгууллагын бүтэц орон тоог 5.5 гэж байгаа боловч 8 хүн ажиллуулж байна. Үнэхээр орон тоо хасагдсан гэж үзсэн бол бусад илүү орон тоонд ажиллаж байгаа хүмүүсийг яагаад цомхотголд оруулахгүй, шинээр Б.А гэгчийг ажилд томилж байна вэ? /Б.А-ыг томилсон тушаал хэрэгт авагдсан/. Эдгээр нөхцөл байдлуудаас харвал орон тоо хасагдаагүй, орон тоо нэмэгдсэн болох нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Р.Г-ыг нягтлан бодогч, дотоод ажил хариуцсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Г нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангид холбогдуулан тус ангийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нягтлан бодогчийн ажилд түр тушаалаар ажиллуулан 40 хувиар цалинжуулж байгаа нь хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан нягтлан бодогч, дотоод ажил хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, бүрэн /100 хувиар/ цалинжуулахыг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэл, гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.8.-д зааснаар шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаан мөн байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан боловч давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн тайлбарыг үндэслэн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт орууллаа.

 

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 255 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан нормативыг үндэслэн, харьяа нутаг дэвсгэртээ сум дундын ойн ангийг байгуулан орон тооны дээд хязгаар болон дүрмийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж мөрдөх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож, хавсралтаар сум дундын ойн ангиудын үйл ажиллагааны зардлыг баталсан ба ажиллагсдын нэг байгууллагад оногдох тоог 5,5-аар тогтоосон байна. Тогтоолын хавсралтад дурдсанаар Сум дундын ойн ангийн даргыг ТҮ-9, ахлах мэргэжилтэн ТҮ-7, мэргэжилтэн ТҮ-6, техникч-нярав ТҮ-5 гэсэн зэрэглэлээр цалин хөлсний хэмжээг тогтоож, нягтлан бодогчийг цалингийн 40 хувиар цалинжуулж ажиллуулахаар тооцон оруулж байна гэжээ. Энэ талаар талууд маргаагүй болно.

 

Уг тогтоолын дагуу 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 63 дугаар, 2013  оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаартай Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тогтоолоор Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн анги байгуулагдаж, тогтоолын хавсралтаар /17 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт/ Сум дундын ойн ангийн төсвийг баталжээ. Үүнд, Сум дундын ойн ангийг 5,5 хүний орон тоотойгоор баталж, нягтлан бодогчийн орон тоог 0,5-аар дүйцүүлэн тооцож, ТҮ-8-ийн 40 хувиар цалинжуулахаар тогтоосон байна. Уг тогтоолын дагуу нэхэмжлэгч Р.Г нь тус Сум дундын ойн ангийн нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа ТҮ-8-ийн 40 хувиар цалинжиж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь хууль зөрчөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь 2018 онд нягтлан бодогч, дотоод ажил хариуцсан ажилтнаар ажиллаж бүтэн орон тоогоор цалинжиж байсан, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/72 дугаар захирамжаар тус ойн ангийн бүтэц орон тоог шинэчлэн баталсан тул нягтлан бодогч, дотоод ажилтнаар томилон ажиллуулахгүй байна гэж маргаж байгаа боловч Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 255 дугаартай тогтоолын 2-т “... Сум дундын ойн ангийг байгуулан орон тооны дээд хязгаар болон дүрмийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулж мөрдөх арга хэмжээ авахыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон” байх тул дээр дурдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудыг аймгийн Засаг даргын 2019 оны А/72 дугаартай захирамжаас илүү чухал буюу хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Ажилтан Р.Г нь ажил олгогчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 дугаар, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гардаж авсан нь хэрэгт авагдсан баримтаар /хэргийн 7 хуудаст авагдсан хөдөлмөрийн гэрээ/ тогтоогдсон, тэрээр ажлаас буруу халагдсан тухай гомдлоо шүүхэд 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гаргасан зэргээс дүгнэвэл, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хууль ёсны, үндэслэлтэй дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч Р.Г-ын шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хэдий ч хариуцагч тус Сум дундын ойн ангийн дарга С.Е нь давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанд “...нэхэмжлэгчийг бүр томилж болно. Бүр томилогдон ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Засгийн газрын тогтоолын дагуу 40 хувиар цалинжуулна. Р.Г-ын ажиллаж байгаа нягтлан бодогчийн орон тоо нь цалинг 40 хувиар тогтоосон, гэхдээ байнгын орон тоо мөн...” гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн болно. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.-т “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна” гэж заасанд нийцсэн учраас нэхэмжлэлийн зарим шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, үүнд холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй учраас энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж найруулан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлүүдээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00312 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.8.-д заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “нягтлан бодогчийн орон тоонд түр тушаалаар ажиллуулсан нь хууль бус, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаалын зарим хэсгийг буюу тушаалын 1 дэх заалтаас “Р овогтой Г-ыг Сум дундын ойн ангийн ня-бо-гаар 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхэлж” гэсний дараах “...түр...” гэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын уг хэсэгтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож,

            нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 дугаар “Р.Г-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгох, нягтлан бодогчийн орон тоонд цалингийн 40 хувиар цалинжуулж ажиллуулж байгаа нь хууль бус болохыг тогтоох, урьд эрхэлж байсан дотоод ажил хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, бүрэн цалинжуулахыг ажил олгогчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                С.ӨМИРБЕК