| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2023/02326/И |
| Дугаар | 102/ШШ2024/00144 |
| Огноо | 2024-01-05 |
| Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2024/00144
| 2024 оны 01 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2024/00144 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.Б
Хариуцагч: Д.У
61,694,536 төгрөг гаргуулж, У ХХК-ийг үүсгэн байгуулах хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцож компаний хувьцаа эзэмшигчээс Ч.Быг хасахыг хувьцаа эзэмшигч Д.Уд даалгах үндсэн, эд хөрөнгө албадан гаргуулах, олох байсан орлого 15,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Д.Уд холбогдох 61,694,536 төгрөг гаргуулж, У ХХК-ийг үүсгэн байгуулах хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцож компаний хувьцаа эзэмшигчээс Ч.Быг хасахыг хувьцаа эзэмшигч Д.Уд даалгах нэхэмжлэл гаргасан Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд
1.1. Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Утай тохиролцон компани байгуулж салоны үйл ажиллагаа явуулж ашгаа хуваахаар тохирсон. Хоёр талаасаа 20,0, 20,0 төгрөгийн хөрөнгө оруулалт гаргая гэж ярилцаад би өөрийн оногдох 20,000,000 төгрөгийг гаргасан. Тухайн үед Д.У мөнгөгүй байна, мөнгө бүтэхгүй байна гээд миний гаргасан мөнгөөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Миний хувьд салоны үйл ажиллагааг эхлүүлэхээр таних танихгүй хүнээс мөнгө зээлж 36,694,536 төгрөгний хөрөнгө оруулалт хийж үүнийгээ гарын үсэг зурж бид хоёр баталгаажуулсан. Салоны үйл ажиллагаа 2022 оны 10 дугаар сарын 20-нд Д.У 60%, би 40% эзэмшихээр У ХХК-ийг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс салоны үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн. Салоны үйл ажиллагааг эхлүүлж олсон орлогоос ашиглалтын зардлыг төлнө гэсэн боловч Д.У 2023 оны 01 дүгээр сар гэхэд нэг ч зардал төлөөгүй байсан. Түрээсийн төлбөр төлөөгүйгээс байрны эзэд уурлаж байраа буцааж авъя гэсэн шаардлага тавьсан. Бэлэн бус орлогын карт уншдаг пос машиныг Ука бьюти арт салоны данстай холбоно гэсэн боловч өөрийн хувийн данстай холбосон байсан. Салоны орлогыг өөрийн хувийн дансаар Д.У авдаг байснаас шалтгаалж бидний дунд маргаан үүсэж үйл ажиллагаа эхэлснээс хойших бүх орлого, зарлагын тайланг үзье гэхэд янз бүрийн шалтаг тайлбар хэлж гаргаж үзүүлээгүй тул хамтарч ажиллахаас татгалзаж 2023 оны 01 дүгээр сарын 14-нд салоныг татан буулгаж түрээсийн байрыг буцааж өгсөн. Наймайг түрээсийн байранд очиход дулаан нь хаагдчихсан, цахилгаан нь унтраатай, бүх юм задгай, Д.У юм хумаа аваад нүүсэн байсан. Түүнээс би ажлаа хийж байхад нь очоод хаалга үүд түгжээд явсан зүйл байхгүй. Түрээсийн байрыг буцааж өгөх засварын зардлыг би гаргаж 2023 оны 02 дугаар сарын 05-нд түрээслэгчид хүлээлгэн өгсөн. Анхнаасаа компанийг 50, 50 хувиар эзэмшинэ гэж байснаа 60, 40 хувиар эзэмшихээр бүртгүүлсэн байсан. Бид оруулсан хөрөнгө, олсон ашгаа тэнцүү хоёр хуваах ёстой. Ашиг болохоор авчихаад эрсдэл болохоор хүлээхгүй гэж болохгүй. Иймээс У ХХК-ийг үүсгэн байгуулсан хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг хүчингүй болгож, хувьцаа эзэмшигчээс Ч.Б намайг хасахыг У ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Уд даалгах нэхэмжлэл гаргасан. Би өөрийн оруулсан 36,694,536 төгрөгнөөс 10,711,580 төгрөгний хөрөнгөө буцааж авсан. Үлдэгдэл нь 27,582,956 төгрөгний 50 хувийг энэ хүн хариуцаж төлөх ёстой. Энэ 27,582,956 төгрөгөнд орсон хүснэгтэд байгаа материал, Д.У зээл төлөх гэж шилжүүлсэн тусдаа 2,000,000 төгрөг буюу нийт 4,000,000 төгрөг салоны үйл ажиллагаанд хамаагүй, энэ хүн зээлээ төлөх гэж шилжүүлж авсан мөнгө тул хоёр хуваагдахгүй. Оруулсан хөрөнгө, олсон ашиг бид хоёрт тэнцүү 50/50 хувиар хуваагдах ёстой. Хамтарч ажилласан 90 хоногийн ашгаас өөрт ногдох 25,000,000 төгрөг нэхэмжилнэ. Анх оруулсан хөрөнгө 36,694,536 төгрөг, оногдох ашигт 25,000,000 төгрөг нийт 61,694,536 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан гэв.
2. Хариуцагч Д.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 61,694,536 төгрөг нэхэмжилж байгааг огт зөвшөөрөхгүй. Компани байгуулж салон нээж ажиллуулахад би хөрөнгө оруулалт оруулаагүй, 20,000,000 төгрөгөөр үйл ажиллагаа явуулахаар тохирч Ч.Б мөнгөө оруулсан. Би ч анхнаасаа 20,0 төгрөг оруулъя гэж хэлээгүй. Компаниа 50/50 хувиар эзэмшихээр тохироод бүртгүүлэхээр очиход 60/40 хувиар эзэмшихээр бүртгүүлдэг тэр журмаар хий гэж бүртгэлийн хүн зөвлөгөө өгч зөвлөснөөр нь бүртгүүлсэн. Ч.Б тухайн үед ажилтай болоод иргэний үнэмлэхээ Наташагаар өгч явуулж утсаар ярьж зөвшөрч н.Наташагаар гарын үсэг зуруулсан. Хаан банкны 5753700996 данс манай нөхрийн данс. Энэ данснаас над руу орлого гэж шилжүүлсэн мөнгө салоны ашигт орохгүй. Гоо сайхан, маникюр хоёрын орлого ашиг гэж 50/50 хувиар хуваагдана. Үсчин анхнаасаа хүн татах зорилгоор ажиллаж өөрөө бүх орлогоо авахаар надтай тохирсон тул үсчиний орлого бид хоёрын ашигт хамаагүй. Бас 5753700271 гэсэн данс нь миний өөрийн данс. Өөрийн данс руу хуримтлалаа шилжүүлдэг. Тэгэхээр энэ хоёр дансны гүйлгээ салоны үйл ажиллагаанд огт хамаагүй. Ч.Б нөхөр бид хоёрын хоорондоо шилжүүлсэн мөнгийг салоны орлого гэж нэмээд нэхээд байгааг зөвшөөрөхгүй. Салон нээчихээд өөрөө дур мэдэн надад хэлэлгүй татан буулгаж намайг ажлын ямар ч байргүй болгож дээрээс нь өрөнд унагасан. Ярьж тохирсоноор ажилласан бол өөр байсан байх. Шивээсний орлогыг би дангаараа авна гэж тохирсон. Эхний 3 сар ашиг хувиарлахгүй үйл ажиллагаа жигдэрсэн 4 дэх сараас орж ирсэн орлогоо ашиг гэж хуваахаар тохирсон. Би Ч.Баас дансаар авсан бүх мөнгөө салоны үйл ажиллагаанд хэрэглэсэн. 4,000,000 төгрөгөөр зээлээ төлсөн нь үнэн. Хөрөнгө оруулсан гэж байгаа тэр гаргасан мөнгөөрөө авсан бүх зүйлсээ өөрөө хураагаад аваад явсан. Ажилласан хугацаанд орлого гэж 2,000,000 төгрөг л орсон. У ХХК-ийг үүсгэн байгуулах хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцож компаний хувьцаа эзэмшигчээс Ч.Быг хасахыг зөвшөөрнө гэв.
3. Хариуцагч Д.У шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.Б анх хамтарч салон байгуулж ажиллая, би хөрөнгө оруулалт хийе гэсэн саналыг нь зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс салоны гадна болон тохижилтын, засал чимэглэлийн ажлыг эхлүүлж өөрийн бичиг баримтыг Наташад өгч явуулан компани байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн. Байр түрээслэх гэрээ байгуулж 4 дэх сараас түрээсийн төлбөр 1,700,000 төгрөг болох тухай түрээслэгч хэлсэн. Тухайн үед пос машиныг компаний данстай холбох гэтэл заавал хөрөнгө оруулагч биечлэн байх талаар Ч.Бд хэлэхэд би амжихгүй ажил ихтэй чи өөрийн данстайгаа холбочих гэсэн. Үүнээс хойш 2022 оны 11 дүгээр сарын 26-наас албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Салоныг үүдний ресепшин, гоо сайханч, үсчин, миний бие ажиллуулсан. Эхний 3 сар үйлчлүүлэгчээ татах тул ямар ч ашиггүй, эхний ээлжинд сандал ширээ түрээслэх зарчимаар ажиллаж хүнээ татсаны дараа 4 дэх сараас хуваах, бусад ажилчдыг хувь тохирч цалинжуулах салоны ашгийг нэмэгдүүлэх тохиролцоотой байсан. Би хувийн ажлаар 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Орос улс яваад иртэл Ч.Б салоны бүх зүйлийг авч яваад ажлыг зогсоосон байсан. Салоны эд хөрөнгийг авч явахдаа миний гоо сайхны 3 ор, 3 сандал, уурын аппарат, лазерийн аппарат, тэргэнцэр 2 ш, цахилгаан аппаратыг авч явсан байсан. Миний эдгээр хөрөнгийг хууль бусаар авч яваагүй бол миний бие тухайн төхөөрөмжөөр орлого олоод болох байсан. Иймд ажилгүй байсан 6 сарын олох байсан орлого 15,000,000 төгрөг, гоо сайхны 3 ор, 3 сандал, уурын аппарат, лазерийн аппарат, тэргэнцэр 2 ш, цахилгаан аппаратыг тус тус гаргуулна гэв.
4. Нэхэмжлэгч Ч.Б шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Гоо сайхны 3 ор, 3 сандал, уурын аппарат, лазерийн аппарат, тэргэнцэр 2 ш, цахилгаан аппаратаа ав гэж зөндөө хэлсэн өөрөө авахгүй байгаа. Аваад хүний грашийг султгаж өгөх хэрэгтэй. Бүгдийг нь өгнө, зөвшөөрнө. 4 сар шахам салонд ажиллаад ашиг олоогүй юм бол 6 сар ажиллаад 15,000,000 төгрөг олох уу. 15,000,000 төгрөгний ашиг олдог гэдэг нь яаж нотлогдоод байгаа юм. Нотлох л хэрэгтэй тул зөшөөрөхгүй гэв.
5. Нэхэмжлэгчээс У ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, У ХХК-ийн салонд оруулсан хөрөнгө оруулалтын жагсаалт, Ч.Бын Хаан банкны депозит дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт, барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,
6. Хариуцагчаас Т ХХК-ийн ажлын байр түрээслэх гэрээг тус тус ирүүлсэн.
7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн газраас У ХХК-ийн гэрчилгээ, дүрэм, лавлагаа баримт, Д.Угийн банк дахь дансны хуулга,
8. Хариуцагчийн хүсэлтээр Б.Н, С.Ж, А.Э нараас гэрчийн мэдүүлэг авах, салонд оруулсан хөрөнгө оруулалтын хөрөнгийг үзлэг хийж бэхжүүлэх гэсэн ажиллагааг шүүх хийж гүйцэтгэсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Бын нэхэмжлэлээс У ХХК-ийг үүсгэн байгуулах хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцож компаний хувьцаа эзэмшигчээс Ч.Быг хасахыг хувьцаа эзэмшигч Д.Уд даалгах болон 19,319,978 төгрөгний нэхэмжлэлийг хангаж, үлдэх 42,374,558 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Угийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас эд хөрөнгө гаргуулах шаардлагыг хангаж, олох байсан орлого 15,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нь компани байгуулахад тус тусдаа 20,000,000 төгрөг оруулж хамтран ажиллахаар тохирсон боловч хариуцагч өөрийн хөрөнгө оруулалтаа хийгээгүй. Олсон бүх орлогыг ашиг гэж хуваахаар тохирсон. Салоны үйл ажиллагаа зогссон тул оруулсан хөрөнгө оруулалт, олсон ашгийг 50/50 хувиар тэнцүү хуваах ёстой гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч нь анхнаасаа Ч.Б 20,000,000 төгрөгний хөрөнгө оруулалтаар салоныг ажиллуулж ашгаа 50/50 хувиар хуваахаар тохирсон. 2 сарын хугацаанд 2 сая гаруй төгрөгний ашиг олсон. Үсчин, миний шивээсний орлого орохгүй, маникюр, гоо сайханчаас орсон орлогыг ашиг гэж хуваахаар тохирсон, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ миний орлого олдог эд хөрөнгийг авч явсан тул гаргуулна, 6 сар ажилгүй байсан хугацааны орлого 15,000,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.
5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг эд хөрөнгө гаргуулах шаардлагыг зөвшөөрч, орлого олдог гэдэг нь баримтгүй тул зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр няцаасан.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1. Зохигч хэн аль нь 20,000,000 төгрөгний хөрөнгө оруулалт оруулж гоо сайхны бүтээгдэхүүн худалдаа, үсчин гоо сайхны салоны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар У ХХК-ийг үүсгэн байгуулж хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж, ашгийг тэнцүү 50/50 хувиар хувиарлахаар тохиролцож 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж үйл ажиллагааг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн.
Нэхэмжлэгч Ч.Б хамтын үйл ажиллагаанд 36,694,536 төгрөгний хөрөнгө оруулалт оруулж, 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлүүлсэн болох нь тэдний тайлбараар тогтоогдсон.
Хариуцагч Д.У 20,000,000 төгрөг оруулахаар тохироогүй, шивээсний орлогыг дангаар авах, гоо сайхан, маникюрын орлогыг ашигт тооцохоор тохирсон гэсэн тайлбар гаргасан боловч уг тохиролцоог баталгаажуулсан баримтгүй, гэрч А.Эрдэм-Энхийн Д.У салоныг танилцуулж хүнтэй хамтарч 45,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж хамтарч ажиллаж байгаа талаар ярьсан гэсэн мэдүүлэг, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн У ХХК-ийн үүсгэн байгуулагчдын шийдвэрээр компани нь 2 хувьцаа эзэмшигчтэй, байгууллагын үйл ажиллагааны ашиг орлогыг 2 тал 50/50 хувиар хуваан авахаар тохирч компани байгуулсан тул зохигч хөрөнгө оруулалтыг тэнцүү гаргаж, ашгаа хуваахаар тохиролцож, үйлчилгээ явуулж Д.Угийн Хаан банк дахь 5753700271 дансаар орлогыг авдаг байсан байна.
6.2. У ХХК-ийн салоныг хариуцагч Д.У хариуцан ажиллаж байх хугацаанд үсчин, маникюр, гоо сайхан, ажиллаж түүний компанитай холбосон Хаан банк дахь 5753700271 дансанд 2022 оны 11 дүгээр сарын 10-наас 2023 оны 01 дүгээр сарын 14-нийг хүртэл хугацаанд салоны орлого гэсэн гүйлгээгээр 7,627,000 төгрөг, зарлага 570,000 төгрөг зарлагдсан болох нь дансны хуулгаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Ука биюти салонд оруулсан Хөрөнгө оруулалт 36,694,536 төгрөгний эд зүйлийг жагсаасан жагсаалтаас 10,711,580 төгрөгний үнэ бүхий зарим эд хөрөнгийг авч зарсан тул хасаж тооцоод 27.582.956 төгрөгний зардлыг 2 хуваана, хүснэгтийн 6, 7-д тус бүр 2,000,000 төгрөг буюу нийт 4,000,000 төгрөгийг Д.У зээлээ төлөхөөр хувиараа авсан тул /27,582,956-4,000,000/ хасаж 23,582,956 төгрөгийг хоёр тэнцүү хуваана гэсэн тайлбарыг нь хариуцагч эсэргүүцээгүй.
Нэхэмжэгч Ч.Бын У ХХК-ийг үүсгэн байгуулах хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцож компаний хувьцаа эзэмшигчээс Ч.Быг хасахыг хувьцаа эзэмшигч Д.Уд даалгах шаардлага гаргасанг хариуцагч Д.У зөвшөөрсөн болно.
Зохигч хэн аль тэнцүү хөрөнгө оруулалт оруулж, ашгаа 50/50 хуваахаар тохиролцсон тул У ХХК-ийг үүсгэн байгуулж, салоны үйл ажиллагаанд оруулсан 23,582,956 төгрөг, Д.Угийн Хаан банк дахь 5753700271 дансанд холбосон пос машинаар салоны орлого гэсэн гүйлгээгээр 7,627,000 төгрөг нийт 31,209,956 төгрөгнөөс салоны үйл ажиллагааны зарлага гэж шилжүүлсэн 570,000 төгрөгийг хасаж 30,639,956 төгрөгний /30,639,956:2=15,319,978/ тал хувь 15,319,978 төгрөгийг хариуцагч Д.У нь нэхэмжлэгчид төлөх нь зүйтэй байна.
7. Иймд хариуцагч Д.Угаас гаргуулах 15,319,978 төгрөгт түүний шилжүүлж авсан 4,000,000 төгрөгийг нэмж нийт 19,319,978 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бд олгож, үлдэх 42,374,558 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8. Хариуцагч Д.Угийн нэхэмжлэгч Ч.Бд холбогдуулж гоо сайхны 3 ор, 3 сандал, уурын аппарат, лазерийн аппарат, тэргэнцэр 2 ш, цахилгаан аппаратыг тус тус гаргуулах шаардлагыг нэхэмжлэгч зөвшөөрсөн тул гаргуулж, ажилгүй байсан 6 сарын олох байсан орлого 15,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, орлогоос татвар төлдөг талаар баримтгүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
9. Зохигчоос хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйлүүд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7-д зааснаар хариуцагч Д.Угаас 19,319,978 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бд олгож, үлдсэн 42,374,558 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, У ХХК-ийг үүсгэн байгуулах хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцож компаний хувьцаа эзэмшигчээс Ч.Быг хасахыг хувьцаа эзэмшигч Д.Уд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 696,056 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Угаас 254,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бд олгосугай.
3. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Баас гоо сайхны ор 3 ширхэг, сандал 3 ширхэг, уурын аппарат, лазерийн аппарат, тэргэнцэр 2 ширхэг, цахилгаан аппаратыг тус тус гаргуулж хариуцагч Д.Уд олгож, ажилгүй байсан 6 сарын олох байсан орлого 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Угаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Баас 70,200 төгрөг гаргуулж хариуцагч Д.Уд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА