| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2023/01522/И |
| Дугаар | 102/ШШ2023/04647 |
| Огноо | 2023-12-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2023/04647
| 2023 оны 12 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2023/04647 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч Б.Азбаяр, Ч.Баярсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Т
Хариуцагч: Д ХХК
Гэм хорын хохиролд 12,191,930 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Т, хариуцагчийн өмгөөлөгч Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов. /хариуцагчийн төлөөлөгч Н.Э өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Д ХХК-нд холбогдуулж гэм хорын хохиролд 12,191,930 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна.
1.1. Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2023 оны 03 дугаар сарын 13-ны өглөө 10 цаг 12 минутын үед өөрийн өмчлөлийн ... улсын дугаартай чанган маркийн жийп ангилалын автомашинтай Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр гурвалжингийн гүүрний доорхи эргэлттэй замын зүүн талаас баруун руу явж байтал эргэлттэй замын баруунаас зүүн рүү чиглэлээс Д ХХК-ийн ... улсын дугаартай киа бонго маркийн бага оврын ачааны автомашин нь олон тооны баллонтой хийн түлш ачиж явахдаа үзэгдэх орчин хязгаарлалттай замд хурдтайгаар урсгал сөрж миний автомашиныг мөргөж тээврийн осол гаргасан. Би автомашинаа 2022 оны 06 дугаар сард Номин моторс ХХК-наас цоо шинээр худалдан авсан байсан. Тээврийн цагдаа, даатгалд дуудлага өгч осол болсон газарт үзлэг, хэмжилт хийж Д ХХК-ийн жолооч буруутай нь тогтоогдож, зөрчлийн хуулиар шийтгэл ногдуулсан. Автомашины хохирлын үнэлгээг Ашид билгүүн ХХК-иар үнэлүүлэхэд 2,821,990 төгрөгийн үнэлгээ гарсан. Уг үнэлгээг миний бие хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд анх машинаа худалдан авсан Номин моторс ХХК-нд хандаж үнэлгээг тогтоолгоход сэлбэг, ажлын хөлс 10,926,930 төгрөг болохыг тогтоосон. Гэтэл Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь хуулиа дутуу ойлгосон уу ямар ч байсан хуультайгаа танилцаагүй дүгнэлт гаргасан. Миний машиныг биет байдлаар 10 дугаар сарын 25-ны өдөр очиж шалгаад 11 дүгээр сарын 17-ны өдөр машиныг үзэж шалгасан гэж бичсэн байсан. Үнэлгээндээ миний машиныг 2022 онд үйлдвэрлэгдсэн, хохирол учирсан, сэлбэгийг бүгдийг солино гэсэнг нь харин зөвшөөрч байна. Ер нь Д ХХК нь бүрэн бус тормостой тээврийн хэрэгслийг аюултай ачаа тээвэрлэх хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа өгөлгүй ажилд гаргасан буруутай. Үүнээс болж зам тээврийн осол гарсан. Миний машиныг өмнө байсан байдалд оруулаад өгөөч гэсэн болохоос мөнгөндөө байгаа юм биш гэдгийг хариуцагч ойлгох хэрэгтэй. Одоог хүртэл машин маань засагдаагүй. Иймд хариуцагч Д ХХК-наас хохиролд 10,926,930 төгрөг, автомашины хуулга шинэчлэх хөлс 1,265,000 төгрөг нийт 12,191,930 төгрөгийг гаргуулна гэв.
2. Хариуцагч Д ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч Г.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Компаний борлуулагч авто осол гаргасан. Д ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Практикал даатгал ХХК-тай 23/26 тоот Автотээврийн хэрэгслийн болон хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, 23/25 тоот Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг тус тус байгуулж өөрийн компанийн нэр дээр бүртгэлтэй бүх автомашиныг даатгалд бүрэн хамруулсан. Мэргэжлийн байгууллага нь хохирлын үнэлгээ хийж, учирсан хохирлыг даатгалын компани барагдуулах тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбар гаргасан байсан. Хариуцагчийн хувьд гэм бурууд маргахгүй. Хохирлын үнийн дүнг зөвшөөрөөгүй учир шинжээч томилуулсан. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлсэн 6.895.220 төгрөгийг зөвшөөрнө. Автомашины хуулга шинэчлэх болон ажлын хөлс 1,265,000 төгрөгийг төлөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал,
4. Хариуцагчаас 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Практикал даатгал ХХК-нд даатгалын гэрээний төлбөр шилжүүлсэн Голомт банкны дансны хуулга, Практикал даатгал ХХК-тай байгуулсан автотээврийн хэрэгслийн болон хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, даатгуулсан тээврийн хэрэгслийн жагсаалт, автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ,
5. Хариуцагчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилж шинжээчийн дүгнэлт гаргуулах баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Тийн нэхэмжлэлээс 8,160,220 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 4,031,710 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч автын осол гаргасан буруутай нь тогтоогдсон. 2022 онд үйлдвэрлэгдсэн, цоо шинэ машин Номин моторс ХХК-наас худалдан авсан байсан. Номин моторс ХХК нь сэлбэг ажлын хөлс 10,926,930 төгрөг гэж тогтоосон. Машины хуулганы зардал 1,265,000 төгрөг, нийт 12,191,930 төгрөг гаргуулна гэж шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч гэм бурууд маргахгүй. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлсэн 6.895.220 төгрөг төлнө, Автомашины хуулга шинэчлэх болон ажлын хөлс 1,265,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр зарим хэсгийг няцаасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.1. 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүрэг 25 дугаар хорооны нутаг дэвсгэр гурвалжингийн гүүрний доод эргэлттэй тойрог замд Д ХХК-ийн өмчлөлийн ... улсын дугаартай киа бонго маркийн ачааны машин Д.Тийн эзэмшлийн ... улсын дугаартай 2022 онд үйлдвэрлэгдсэн чанган маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан.
Д ХХК-ийн эзэмшлийн киа бонго маркийн тээврийн хэрэгсэл нь ивүүргүй, нөөц дугуйгүй, газардуулга байхгүй, салхины шил хагарсан аюултай ачааны таних тэмдэг, стандарт бус, техникийн шаардлага хангаагүй, жолооч С.Б нь мэргэшсэн үнэмлэхгүй авто машиныг жолоодон явахдаа осол гаргасан тул Д ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 14.6 зүйлийн 3-д зааснаар 1,500,000 төгрөгөөр, жолооч С.Бийг Зөрчлийн тухай хуулийн 14.7-гийн 30-д зааснаар 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болох нь Баянгол дүүргийн Замын цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Зөрчлийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалаар тогтоогдож, дээрх үйл баримтад талууд маргаагүй байна.
4.1.2. Хэрэгт авагдсан Зөрчил шалган шийдвэрлэсэн материал, талуудын тайлбараар хариуцагч Д ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл осол гаргаж, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь нотлогдсон тул нэхэмжлэгч Д.Т Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар учирсан хохирлоо тээврийн хэрэгсэл эзэмшигч Д ХХК-наар арилгуулахаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь Номин моторс ХХК-ийн үнийн саналыг үндэслэн автомашинд учирсан хохиролд 10,926,930 төгрөг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар техникийн тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахаар томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн ... улсын дугаартай чанган CS маркийн суудлын зориулалттай автомашинд учирсан хохиролын зах зээлийн үнэ цэнийг өртгийн, зах зээлийн, орлогын хандлагаар тооцоолж 6.895.220 төгрөг болохыг тодорхойлж ирүүлсэн, зохигч шинжээчийн дүгнэлтийг эсэргүүцээгүй, хэн аль нь дахин шинжээч томилох хүсэлт гаргаагүй тул дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч машины хамгаалалтын хуулга наалгах үнийн саналыг үндэслэн 1,265,000 төгрөг шаардсанг хариуцагч зөвшөөрөхгүй гэж тайлбарласан боловч хариуцагчийн хууль зөрчсөн буруутай үйлдлээс нэхэмжлэгчийн автомашинд хохирол учирсан тул уг зардлыг хариуцагч төлж барагдуулах үүрэгтэй.
5. Иймд хариуцагч Д ХХК-наас гэм хорын хохиролд 8,160,220 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Тт олгож, нэхэмжлэлийн үлдэх 4,031,710 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хангасан үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Д ХХК-наас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
7. Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товийг мэдэгдэхэд эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул зохигчийн зөвшөөрлөөр эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд шинжээчийн зардал 350,000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар хариуцагч Д ХХК-наас гаргуулж Хөрөнгийн Үнэлгээний төв ХХК-нд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д ХХК-наас гэм хорын хохиролд 8,160,220 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Тт олгож, нэхэмжлэлийн үлдэх 4,031,710 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,021 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-наас 145,513 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Тт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар хариуцагч Д ХХК-наас 350,000 төгрөг гаргуулж Хөрөнгийн Үнэлгээний төв ХХК-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Ч.БАЯРСҮРЭН