Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/00242

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/00242

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 19 дүгээр хороо М ХХК.

Хариуцагч: Баянгол дүүрэг 2 дугаар хороо 2 дугаар хороолол ММ ХК

... өрөөг хууль бус эзэмшлээс чөлөөлөх үндсэн, ... тоот хаягт байрлах 88 мкв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, тус үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгчид олгохыг даалгах сөрөг нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Т, хариуцагч ММ ХК-ийн гүйцэтгэх захирал Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч ММ ХК-нд холбогдуулж ... өрөөг хууль бус эзэмшлээс чөлөөлөх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тулга шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М ХХК ... тоотод бүртгэл бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийг давхар бүрээр нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж бусдад худалдаж, түрээслэх чиглэлээр үйл ажиллагааг явулж байна. Тус компанийн өмч болох үл хөдлөх хөрөнгийн 6 давхар 88 мкв талбай бүхий ...-д ..ММ. ХК нь 2020 онд нүүн орж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд компанийн зүгээс тухайн компанитай ямар нэгэн үүрэг бүхий гэрээ хэлцэл хийгээгүй, гэрээний харилцаанд ороогүй тул өөрийн өмчлөлийн 88 мкв талбай бүхий ... өрөөг суллаж өгөхийг шаардсан боловч шаардлагыг хүлээн авахгүй, манай өмчийг хууль бусаар эзэмшиж, тог цахилгаан хэрэглээний зардлаа ч төлөхөө больсон. Тухайн 88 мкв талбай бүхий ... өрөө манай өмч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдоно. Гэтэл хариуцагч нь Н ХХК-тай байгуулсан гэрээг үндэслэн чөлөөлөхгүй гэж маргадаг. Н ХХК нь манайхтай 2018 онд Тоног төхөөрөмж нийлүүлж суурилуулах гэрээ байгуулж бид төлбөрийг бартераар төлөх аман тохиролцоотой байсан тул 2020 онд Н ХХК нь ММ ХК-ийг оруулчих гэснээр оруулсан боловч одоог хүртэл ажлаа дүгнэж актаар хүлээлцээгүй, манайх гэрээний төлбөрийг мөнгөөр төлөх албан бичгээ хүргүүлж манай өрөөг сулал энэ компаниа гарга гэхэд Н ХХК нь хариуцагч ММ ХК-тай байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж албан бичгээ хариуцагчид хүргүүлсэн боловч өрөөг суллаж өгөөгүй. Н ХХК болон ММ ХК-ийн хооронд .. залуучуудын хороолол төсөлд оролцох тухай гэрээ байгуулагдаж энэ гэрээтэй холбоотой үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан юм байна лээ. Тэр гэрээгээр ММ ХК нь төслөө хэрэгжүүлээгүй, Н ХХК нь манайтай байгуулсан гэрээний маргаантай гэсэн асуудлаас шалтгаалж Н ХХК-нд гэрээнээс татгалзах саналаа хүргүүлсэн байдаг. Иймд ... өрөөг хариуцагч ММ ХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

2. Хариуцагч ММ ХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон гүйцэтгэх захирал Б.П шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2020 оны 12 дугаар сарын 21-нд Н ХХК-тай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж ... өрөөг 290,000,000 төгрөгөөр тохиролцон 100% хувьцаагаар бартерын гэрээ хийж худалдаж авсан. Тухайн үед гэрчилгээ гараагүй тул гэрчилгээ гармагц гэрээний дагуу 50%-ийн хувьцааг буцааж авах нөхцөлтэй хийгдэж манайх гэрээний үүргээ биелүүлж 100% шилжүүлж өгсөн. Үүнийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв буюу хувьцаат компаниудын бүртгэл, хадгалалт, шилжүүлгийг хариуцдаг улсын байгууллагад бүртгүүлж Улсын бүртгэлийн ерөнхий газарт баталгаажуулсан. Худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа Н ХХК нь ажлын гүйцэтгэлдээ бартераар авсан одоогоор үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх асуудал нь Нийслэлийн Прокурорын газарт хориглогдсон байгаа гэж тайлбарласан. Тэгээд М ХХК, Н ХХК-ийн зохих хүмүүс байлцаж ... оффисын талбайг хүлээлцэж манайх орсон. М ХХК нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг манайд шилжүүлэхэд татгалзахгүй гэсэн албан бичиг ирүүлж байсан. Энэ үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан нь өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа. Манайх Н ХХК-тай байгуулсан худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр актаар хүлээлцэж оффисын талбайд орсон. Манайх Прокурорын газарт хандахад шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй гэсэн хариу өгсөн. Бид гэрээний дагуу эзэмшиж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

3. Хариуцагч ММ ХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон гүйцэтгэх захирал Б.П шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...од байрлах 88 мкв талбай бүхий оффисын талбайг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Н ХХК-тай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж бартераар худалдаж авсан. Н ХХК нь тус талбайг бартераар М ХХК-наас ажлын хөлсөнд авч 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №970... тоот ТУЗ-ийн шийдвэрээр гүйцэтгэх захирал Б.Д зөвшөөрөл олгон манай компанид зарсан ба бартерийн төлбөрийг манай талаас 290,000,000 төгрөгөнд дүйцэх ММ ХК-ийн хувьцаагаар 100 хувь төлж барагдуулан харилцан тохиролцсон нөхцөлөөр гэрээ хийж хувьцаагаа шилжүүлж баталгаажуулсан. Тухайн үед үл хөдлөхийн гэрчилгээ нь гараагүй байгаа тул барилгыг барьсан М ХХК-иас 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр худалдах худалдан авах гэрээг хүлээн зөвшөөрсан тухайгаа мэдэгдэж тус давхарын 306 мкв үл хөдлөхийн хөрөнгийн гэрчилгээний хуулбар, мөн манайд шилжүүлэх талбайн зураг, оффисын өрөөг хүлээлцсэн акт, уулзалтын тэмдэглэл үйлдэн талууд гарын үсэг зурж албан ёсоор хүлээлгэн өгч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж хүлээлгэн өгөхөөр тохирсон. Шилжүүлэх хөдөлгөөн хүлээлттэй байгаа тул бид Прокурорт хандахад шилжилт хөдөлгөөн хийхгүй гэсэн хариу өгсөн. Иймд ... тоот хаягт байрлах 88 мкв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр манайхыг тогтоож, тус үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг нэхэмжлэгч М ХХК-нд даалгаж өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч М ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тулга тайлбарлахдаа: .. нь 306 мкв талбайтай улсын бүртгэлийн .. дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө. Үл хөдлөх хөрөнгө худалдах, шилжүүлэх гэрээг өмчлөгч болон худалдан авагч бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулж улсын бүртгэлийн байгууллагад өгснөөр хүчин төгөлдөр болдог. М ХХК нь хариуцагч ММ ХК-тай гэрээний ямар ч харилцаанд ороогүй тул хариуцагчийн өмнө үүрэг хүлээхгүй. Өөрөөр хэлбэл бидний дунд компаний өмчийн өмчлөлийг шилжүүлэх гэрээ байхгүй байхад бусдын өмчийг өөрийн өмч болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нь Н ХХК-тай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж Улсын бүртглийн газраар баталгаажуулж тус гэрээнд хамаатуулж гурвалсан гэрээ байгуулсан гэсэн үндэслэлгүй тайлбар гаргаж байна. М ХХК нь энэ хоёр компаний хооронд байгуулагдсан гэрээнд гэрээний нэг тал болж оролцоогүй, ямар нэгэн гэрээнд гарын үсэг зурж, үүрэг хүлээгээгүй. Тэгээд ч Н ХХК, ММ ХК-ийн хооронд хийгдсэн Бартераар үл хөдлөх хөрөнгө худалдах гэрээнд хоёр талын төсөлд оролцох гэрээ нь хэрэгжээгүй тул Н ХХК Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар гэрээнээс татгалзаж шилжүүлсэн хувьцаагаа буцаан авах тухай мэдэгдсэн. ММ ХК нь хэрэгжүүлэх ёстой .. Залуучуудын хороолол төслийг хэрэгжүүлж уг төсөлд Н ХХК нь давуу эрхээр оролцоогүй гэх шалтгаанаар татгалзсан албан бичиг хэрэгт баримтаар байна. Ер нь ч тэгээд бусдын өмчлөлийн хөрөнгийг хоёр компани хоорондоо гэрээ байгуулсан гэдгээр шийддэг асуудал биш. Н ХХК-нд манай өмчлөлийн байрнаас энэ компаниа гаргаарай гэхэд бидэнд танилцуулсан .. залуудын хороолол барих төслийг үндэслээд гэрээ хийгдэж хувьцааг нь шилжүүлж авсан боловч төсөл нь хэрэгжээгүй, ямар ч үнэ цэнэгүй хувьцааг нь авчихсан тул буцааж ав гэрээнээс татгалзлаа гэсэн албан бичиг өгсөн гэж тайлбарладаг. Танай хоёрын хооронд байгуулагдсан гэрээнээс үүдэн гарах үр дагавраа шүүхээр шийдвэрлүүлж эрхээ сэргээлгэх чинь нээлттэй. Н ХХК нь М ХХК-тай байгуулсан гэрээний ажлыг гүйцэтгэж байхдаа танай компанийг оруулчих гэж гуйснаар нь А.Сандагаа захирал бичиг хийж өгч оруулсан боловч танай хоёрын гэрээ хэрэгжээгүй тул ийм нөхцөл үүсээд байгааг ойлгох хэрэгтэй. Н ХХК-тай байгуулсан манай хоёрын гэрээ тусдаа асуудал. Бид төлбөрийг мөнгөөр төлөхөөр тохироод зарим нэг асуудлаас болж хойшлогдож байгаа. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

5. Нэхэмжлэгчээс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Н ХХК-наас ММ ХК-нд хүргүүлсэн гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл.

6. Хариуцагчаас 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ММ ХК, Н ХХК-ийн хооронд байгуулсан Бартераар үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Н ХХК-ийн ТУЗ-ийн албан ёсны зөвшөөрөл, М ХХК-наас ММ ХК-нд хүргүүлсэн албан бичиг, Уулзалтын тэмдэглэл, 2022 оны 04 дүгээр сарын 27, 06 дугаар сарын 24, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Н ХХК-наас ММ ХК-нд хүргүүлсэн албан бичиг, ММ ХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ТУЗ-ийн тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн албан бичиг.

7. Хариуцагчийн хүсэлтээр М ХХК, Н ХХК-ийн хооронд 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан Тоног төхөөрөмж нийлүүлж суурлилуулах гэрээг нотлох баримтаар нэхэмжлэгчээс гаргуулах ажиллагааг шүүх хийсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь манай өмчлөлийн улсын бүртгэлийн .. дугаарт бүртгэлтэй 6 давхарын ... өрөөг хариуцагч тал хууль бусаар эзэмшиж байна гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь Н ХХК нь М ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрт бартераар авсан 6 давхарын ... өрөөг худалдах худалдан авах гэрээ байгуулж манайд М ХХК-ийн зөвшөөрлөөр худалдсан. Байрны төлбөр төлөгдсөн боловч барилгыг бүхэлд нь Нийслэлийн Прокурорын газраас битүүмжилсэн үндэслэлээр өмчлөл шилжээгүй гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Н ХХК-тай байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ байгуулан бартераар худалдаж авч төлбөрийг хувьцаагаар 100% төлж, байрыг хүлээн авсан. М ХХК үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх үүрэг хүлээсэн тул өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулна гэж тодорхойлсон.

5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үл хөдлөх хөрөнгө худалдаж авч байгаа бол өмчлөгтэй гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлийн байгууллагад өгснөөр хүчин төгөлдөр болдог. Бид хариуцагчийн өмнө гэрээгээр ямар ч үүрэг хүлээгээгүй. Манай өмчлөлийн хөрөнгө болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдоно. Хариуцагчтай байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах гэрээнээс Н ХХК нь ч татгалзсан гэсэн үндэслэлээр няцаасан.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1. 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Н ХХК, М ХХК-ийн хооронд Тоног төхөөрөмж нийлүүлж суурилуулах гэрээ байгуулагдаж, захиалагч М ХХК нь гэрээний төлбөрт бартераар оффисын талбай шилжүүлэхээр тохиролцож, Н ХХК нь гэрээний төлбөрт бартерт авсан ... байр 6 давхар тоот хаягт байршилтай 306 мкв оффис үйлчилгээний зориулалттай .. гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн талбайгаас 88 мкв талбайг ММ ХК-нд худалдахаар 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ байгуулж, М ХХК, Н ХХК, ММ ХК-ийн төлөөлөл байлцаж Уулзалтын тэмдэглэл үйлдэн оффисын талбайг хүлээлцэж, талбайн үл хөдлөхийн гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон.

М ХХК-ийн өмчлөлийн ... байр нь бүхэлдээ Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1782 тоот тогтоолоор шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавигдаж өнөөг хүртэл тогтоол хүчинтэй байгаа болох нь шүүх хуралдаанд тайлбарлсан талуудын тайлбар, Н ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №302/22 дугаартай ММ ХК-нд хүргүүлсэн албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн М ХХК-наас ММ ХК-нд хүргүүлсэн албан бичгээр тус тус тогтоогдож, үйл баримтад талууд маргаагүй.

6.2. Н ХХК нь ММ ХК-тай ... тоот хаягт байрлах 88 мкв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Бартераар үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа талууд үл хөдлөх хөрөнгийн үнийг хувьцаагаар төлж, гэрээний 2.6-д А тал буюу Н ХХК нь Б тал буюу ММ ХК-ийн хэрэгжүүлж буй .. залуучуудын хороолол төсөлд хувьцаа эзэмшигчийн хувьд давуу эрхтэйгээр оролцох нөхцөлтэй тохиролцож гэрээ байгуулагдсан боловч хариуцагчийн төсөл хэрэгжээгүй, гэрээ байгуулагдах үед оффисын барилга бүхэлдээ үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, захиран зарцуулах эрхийг 2019 онд Прокурорын тогтоолоор хязгаарласан эрхийн зөрчилтэй хөрөнгөнд худалдах худалдан авах гэрээ байгуулснаа хэн аль нь мэдэж байсан нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул гэрээгээр үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Н ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Нийслэлийн Прокурорын газраас 2019 онд шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарласантай холбогдуулан гэрээ хэрэгжихгүй нөхцөл үүссэн мэдэгдэл, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр .. залуучуудын хороолол төсөл хэрэгжээгүй, уг төсөлд давуу эрхээр оролцоогүй, түүнчлэн гэрээний зүйл болох 88 мкв талбай үл хөдлөх хөрөнгийг М ХХК-наас салган авах боломжгүй тул уг талбайг шилжүүлэхгүй тус гэрээний 5.4-д зааснаар шилжүүлэн өгсөн хувьцаагаа бүхэлд нь буцаан авах тухай албан бичиг хүргүүлж, ММ ХК-тай Үл хөдлөх худалдах худалдан авах урьдчилсан гэрээнээс Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар татгалзсан байна. /хх-34/

7. ..ын 306 мкв оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь М ХХК болох нь .. гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар 6 давхарын ... 88 мкв талбайг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

8. Иймд хариуцагч ММ ХК-ийн хууль бус эзэмшлээс ... тоот хаягт байрлах 88 мкв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

9. Хариуцагч ММ ХК нь нэхэмжлэгчид холбогдуулж ... тоот хаягт байрлах 88 мкв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж өгөхийг М ХХК-нд даалгах сөрөг нэхэмжлэл гаргасан боловч Н ХХК нь хариуцагчтай байгуулсан Бартераар үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог тул хууль ёсны өмчлөгөөс өмчлөлийн хөрөнгийг нь шаардах эрхгүй байна.

10. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, зохигчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан хэмээгээр төлбөр гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагчийн илүү төлсөн төлбөрийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч ММ ХК-ийн хууль бус эзэмшлээс ... тоот хаягт байрлах 88 мкв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ММ ХК-иас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХК-нд олгосугай.

3. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 109 дүгээр зүйлийн 109.1-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-нд холбогдох ... тоот хаягт байрлах 88 мкв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахыг даалгах хариуцагч ММ ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,678,200 төгрөгнөөс 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 1,537,800 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч ММ ХК-нд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА