Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2023/00985

 

 

 

 

     2023             11            28     

                        130/ШШ2023/00985

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.М даргалж, шүүгчид А.Ж, К.Б нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У аймаг, Д сум, 3 дугаар багт байрлах, гэрчилгээний 0, регистрийн 0 дугаартай, Х хоршоо /гүйцэтгэх захирал Н.П/

Хариуцагч: У аймгийн Д сумын Засаг дарга /Ч.Т/

Нэхэмжлэлийн шаардлага: Хохирол 176,088,689 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.П /У аймгаас цахимаар/,

Хариуцагч Ч.Т /У аймгаас цахимаар/, түүний өмгөөлөгч Л.Э,

Иргэдийн төлөөлөгч Х.Алпамыс

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Х хоршоо /гүйцэтгэх захирал Н.П/ нь хариуцагч У аймгийн Д сумын Засаг дарга /Ч.Т/-д холбогдуулан Хохирол 176,088,689 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. У аймгийн Д сумын Засаг даргаар ажиллаж байгаа Ч.Т 2017 оны өвөл надтай уулзаж “Д сумын нутаг дэвсгэрт 150 га эргэлтийн талбайтай, газар доогуур услалтын трубатай хадлангийн талбай байдаг. Энэ газрыг ашиглалтад оруулж өгөхийг санал болгож байсан. Энэ хадлангийн талбайг 1992-оноос хойш ашиглаагүй юм. Х услалтын системийг сэргээж хадлан өвс тарих ажлыг хийнэ гэж сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан байдаг. Та энэ ажлыг амжилттай хийвэл Засаг даргын мөрийн хөтөлбөрийн нэг томоохон ажил биелэх гээд байна” гэж хэлж байсан.

1.2. Миний бие 2018 оны намар Х багийн иргэдийн хуралд оролцож, Х усжуулах системийн 100 га газарт өвс хадлан ургуулж, сумын малчдад болон сумын аюулгүйн нөөцөд хямдралтай үнээр өвс нийлүүлэх тухай санал гаргасан. Хуралд оролцсон гишүүдийн 90 гаруй хувийн саналаар Х усжуулах системийн 100 га газрыг Х хоршоонд эзэмшүүлэхийг зөвшөөрсөн. Дээрх үйл явдлын дараа Д сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/36 тоот захирамжаар “Х” хоршоонд 100 га газрыг ердийн хадлангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.

1.3. Газрын гэрчилгээтэй болсон учраас миний бие эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглахаар 2019 оны намар 11 дүгээр сар, 2020 оны 2 дугаар сар, 5 дугаар саруудад Хөдөө аж ахуйг дэмжих санд удаа дараа очсоны үр дүнд 2 ширхэг усалгааны систем, 1 ширхэг өвс хаман боогч зээлийн гэрээ байгуулан худалдан авч У аймаг руу тээвэрлүүлэн хүргүүлсэн.

1.4. Өнөөдрийн байдлаар манай хоршоо нь У аймгийн Д сумын Х услалтын системд дараах хөрөнгө оруулалтыг хийсэн. Үүнд: Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 20,400,000 дамарт бороожуулагч /250м/+41,050,000 дамарт бороожуулагч /300м/ +21,560,000 хаман боогч 83,010,000 төгрөгийн үндсэн үнэтэй гурван тоног төхөөрөмж, ХААДСангийн тоног төхөөрөмжийн хуримтлагдсан хүүгийн /2 жилийн хүү/ зардал 10,608,000 төгрөг, үйл ажиллагааны зардлын 2% 408,000+821,000+539,000=1,768,000 төгрөг, хаман боогчийн урьдчилгаанд 5,390,000 төгрөг, даатгалын зардалд 155,760 төгрөг, нотариатын зардал 200,000 төгрөг, трактор 2ш 30,000,000 төгрөг, тракторын 1ш чиргүүлийн үнэ 3,000,000 төгрөг, тухайн ажлуудыг хийлгэхэд ажилчдын цалин, ажлын хөлсний үнэ 15,550,000 төгрөг, усны хаалт худалдан авахад 5,036,000 төгрөг, сэлбэг хэрэгсэлд 1,682,000 төгрөг, тээврийн зардалд 2,180,000 төгрөг, кранаар тоног төхөөрөмж өргүүлсэн хөлс 510,000 төгрөг, хөдөө аж ахуйн дагалдах тоног төхөөрөмж худалдан авсан 10,290,000 төгрөг, ажилчдын хоолны зардал 1,266,500 төгрөг, бензин, шатахуунд 4,482,429 төгрөг, Н.П миний бие тухайн ажлыг хийж гүйцэтгэх явцад энэ ажлаар 3 удаа Улаанбаатар хот явсан унааны зардал 510,000 төгрөг, Х услалтын системийн газрын үнэлгээ хийлсэн 450,000 төгрөг өдийг хүртэл нийт 176,088,689 /нэг зуун далан зургаан сая наян найман мянга зургаан зуун наян ёс/ төгрөгийн хөрөнгө оруулалт хийж дээрх ажлыг хийхэд эдгээр зардлуудыг гарсан байна. Дээрх гарсан зардлуудын мөнгөн гүйлгээг хийхдээ Х хоршооны гүйцэтгэх захирал Н.П миний хувийн харилцах дансаар хийгдэж байсан тул өөрийн Хаан банкны дансны хуулга хавсаргасан болно. 

1.5. Х хоршооны зүгээс нийт 176,088,689 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, усжуулалтын системийг 2021 онд 100% ашиглалтад оруулсан. Гэтэл Д сумын Засаг дарга Ч.Т нь манай хоршооны газар эзэмших эрхийн гэрчилгээг бидэнд сонсох ажиллагаа явуулалгүй 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүчингүй болгосон байна. Иймд Х услалтын системд оруулсан хөрөнгө оруулалтын нийт 176,088,689 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч У аймгийн Д сумын Засаг дарга Ч.Т хариу тайлбар, татгалзал: Нэхэмжлэгчийн хэлсэн тайлбар үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь “У аймгийн Д сум услалтын системээр газар тариалан эрхэлдэг газар байгаа юм байна. Миний бие уг газрыг ашиглах саналтай байна” гэж хэлсэн. Миний хувьд “тухайн газрыг яриад шийдчихдэг асуудал биш. Энэ нь өөрөө багийн иргэдийн Нийтийн хурлаар орж, Газрын тухай хууль зохицуулагдаж, багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр гарсны дараагаар сумын хуралд орж, сумын хурлаас аймгийн одоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд батлагдаж хууль ёсных нь дагуу газрын эзэмших эрхийг олгодог” гэж тайлбарласан. Багийн Иргэдийн Нийтийн Хуралаар хэлэлцэгдэж, ирц нь бүрдээгүй. Нэхэмжлэлд дурдагдсан газрын гэрчилгээг аймгийн иргэдийн төлөөлөгчийн хуралдаанаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй тул сумын Засаг дарга захирамж гаргаж гэрчилгээг хүчингүй болгосон. Дараа нь нэхэмжлэгч захиргааны шүүхэд хандаж хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан. Нэхэмжлэгч зээл авчихлаа, баахан тоног төхөөрөмж авчхаад би хохирч байгаа гэсэн тайлбар нь үндэслэлгүй гэжээ.

3. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Х.А: Нэхэмжлэгч Х хоршоо /гүйцэтгэх захирал Н.П/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У аймгийн Д сумын Засаг дарга /Ч.Т/-д холбогдох иргэний хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр оролцож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргажээ.

4. Нэхэмжлэгчээс 0000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 0000 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, У аймгийн Д сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/183 дугаартай захирамжийн хуулбар, зарлагын баримт, Х услалтын системийг ашиглалтад оруулахад Х хоршооны гүйцэтгэх захирал Н.Пийн харилцах данснаас гарсан мөнгөний тооцоо, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Х хорооны Хөдөө аж ахуйг дэмжих санд хандсан 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаартай албан бичгийн хуулбар, Трактор, хөдөө аж ахуйн техник дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, фото зургууд, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн БНХАУ-УТТ2020/01 дугаартай Усалгааны тоног төхөөрөмж зээлээг худалдах, худалдан авах гэрээ, барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Усалгааны тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 000147049 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, У аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 124/ШЗ2022/0107 дугаартай шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

5. Хариуцагчаас өмгөөлөгч Л.Э-тэй байгуулсан өмгөөллийн гэрээг гаргаж өгсөн байна.

6. Шүүхээс Б аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 110/ШШ2022/0040 дугаартай шийдвэрийг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

7. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

8. Нэхэмжлэгч Х хоршооны гүйцэтгэх захирал Н.П дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

8.1. Миний бие 2018 оны намар Х багийн иргэдийн хуралд оролцож, Х услалтын системд 100 га газарт өвс хадлан ургуулж, сумын малчдад болон сумын аюулгүйн нөөцөд хямдралтай үнээр өвс нийлүүлэх тухай санал гаргасан. Хуралд оролцсон гишүүдийн 90 гаруй хувийн саналаар Х услалтын системд 100 га газрыг Х хоршоонд эзэмшүүлэхийг зөвшөөрсөн. Дээрх үйл явдлын дараа Д сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/36 тоот захирамжаар “Х” хоршоонд 100 га газрыг ердийн хадлангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Үүний дагуу би ажлаа хийх зорилгоор тоног төхөөрөмж авсан. Дараа нь уг гэрчилгээг хүчингүй болгосон. Хүнд тоног төхөөрөмж авхуулж, хүнийг баахан өрөнд оруулчхаад одоо болохоор би огт мэдэхгүй, хохирол төлөхгүй гэж хэлж болохгүй. Ч.Тт газрыг надад өгвөл ажлаа хийж зардлаа олж чадна гэж хэлэхэд чамд өгөх боломж байхгүй гэж хэлж сууж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

9. Хариуцагч Хариуцагч У аймгийн Д сумын Засаг дарга Ч.Т нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

9.1. Нэхэмжлэлд дурдагдсан газрын гэрчилгээг аймгийн иргэдийн төлөөлөгчийн хуралдаанаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй тул сумын Засаг дарга захирамж гаргаж гэрчилгээг хүчингүй болгосон. Дараа нь нэхэмжлэгч захиргааны шүүхэд хандаж хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан. Нэхэмжлэгч зээл авчихлаа, баахан тоног төхөөрөмж авчхаад би хохирч байгаа гэсэн тайлбар нь үндэслэлгүй гэжээ.

10. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

10.1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар У аймгийн Д сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/36 дугаартай захирамжаар Х хоршоонд Х услалтын системд 100 га газрыг хадлангийн зориулалтаар эзэмшүүлсэн байна.

10.2. Улмаар уг газрыг сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн газрыг бусдад эзэмшүүлэхээр тусгагдаагүй гэсэн үндэслэлээр уг захирамжийг 2019 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн А/182 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна.

10.3. Дээрх газрыг хүчингүй болгосон захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Х хоршоо нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар Б аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн 110/ШШ2022/0040 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

10.4. Нэхэмжлэгч Х хоршооны зүгээс нийт 176,088,689 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, усжуулалтын системийг 2021 онд 100% ашиглалтад оруулсан. Гэтэл Д сумын Засаг дарга Ч.Т нь манай хоршооны газар эзэмших эрхийн гэрчилгээг бидэнд сонсох ажиллагаа явуулалгүй 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүчингүй болгосон байна. Иймд Х услалтын системд оруулсан хөрөнгө оруулалтын нийт 176,088,689 төгрөг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага тайлбарлаж, шаардаж байгаа боловч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “... эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” заасан.

10.5. Нэхэмжлэгч Х хоршоонд Х услалтын системд 100 га газрыг хадлангийн зориулалтаар эзэмшүүлж, дараа нь уг газрыг Д сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн А/182 дугаар захирамжаар хүчингүй болгосон байхад нэхэмжлэгч Х хоршоо нь уг газарт 2019 оны намар 11 дүгээр сар, 2020 оны 2 дугаар сар, 5 дугаар саруудад ажиллаж, Хөдөө аж ахуйг дэмжих санд удаа дараа очсоны үр дүнд 2 ширхэг усалгааны систем, 1 ширхэг өвс хаман боогч зээлийн гэрээ байгуулан худалдан авсан, хоршоо нь У аймгийн Д сумын Х услалтын системд хөрөнгө оруулалт хийсэн гэж хавтаст хэрэгт 2020, 2021 онуудын баримтуудыг  гарган өгч хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

11. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Алпамыс нь “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэсэн дүгнэлт гаргасан байх ба дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 

12. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч У аймгийн Д сумын Засаг дарга нэхэмжлэгч Х хоршооны нэхэмжлэлтэй У аймгийн Д сумын Засаг дарга Ч.Т нь Х хоршоонд 176,088,689 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х хоршоо /Н.П/-ны  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,038,393 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжлэгч Х хоршооны нэхэмжлэлтэй У аймгийн Д сумын Засаг дарга Ч.Таас хохирол 176,088,689 /нэг зуун далан зургаан сая наян найман мянга зургаан зуун наян есөн/ төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х хоршоо /Н.П/-ны  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,038,393 /нэг сая гучин найман мянга гурван зуун ерэн гурван/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Х.М

                                     ШҮҮГЧИД                                   А.Ж

                                                                                         К.Б