Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2024/00166

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2024/00166

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т ХХК

Хариуцагч: О ХХК.

Хариуцагч: Э ХХК

Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд авсан О орон сууцны барилгын 3 давхарын үйлчилгээний талбайн баруун талд байрлах 74,2 мкв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Л, хариуцагчийн төлөөлөгч Т.Л, хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч О ХХК, Э ХХК-нд холбогдуулж Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд авсан О орон сууцны барилгын 3 давхарын үйлчилгээний талбайн баруун талд байрлах 74,2 мкв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т ХХК болон О ХХК-ийн хооронд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр Т ХХК нь гэрээнд заасан барилгын ажлыг хийж гүйцэтгэх О ХХК нь гэрээний хавсралт 7-д заасан төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Т ХХК нь гэрээний үүргийг биелүүлж барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7-д зааснаар төлбөрийг бэлэн мөнгө болон бартер буюу О ХХК-ийн барьж буй хотхоны орон сууцны 3 дугаар давхарын худалдааны заал, авто зогсоолоор төлөх үүргийг хүлээсэн. О ХХК нь худалдааны заалны 274,2 мкв үйлчилгээний талбайг бүхэлд нь шилжүүлэх үүргийг бүрэн биелүүлээгүй. 200 мкв талбайг шилжүүлж, 74,2 мкв талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг манай компанид гаргаж өгөөгүй. Уг талбайг шилжүүлээгүй үндэслэлээ гэрээнд огт хамааралгүй буюу гуравдагч этгээдийн хууль бус шаардлагын улмаас гэрээний үүргээ биелүүлэхгүй гэдгээ илэрхийлсэн. Тодруулбал манай компаний хувьцаа эзэмшигч нь Э ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээтэй холбоотой маргаан үргэлжилж Э ХХК нь О ХХК-нд хандаж зээлийн маргаанд 74,2 мкв талбайг барьцаанд авах, өмчлөх эрхийг шилжүүлэх албан бичиг хүргүүлснийг үндэслэн өмчлөлийг Э ХХК-нд шилжүүлсэн байдаг. Энэ нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний эрх, эрх чөлөөний зарчмыг шууд зөрчсөн хууль бус үйлдэл. Уг зээлийн маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж шүүхийн шийдвэр гараагүй. Хариуцагч Э ХХК барьцааны гэрээний дагуу өмчлөлийг шилжүүлж авсан гэж байгаа боловч барьцааны гэрээнд тодорхой заагаагүй, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй. О ХХК Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т заасан үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, шаардах эрхтэй гэж заасан. Иймд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн О ХХК Т ХХК-ийн хооронд байгуулагдсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд авсан Оршин хотхон орон сууцны барилгын 3 давхарын үйлчилгээний талбайн 74,2 мкв талбайн өмчлөгчөөр Т ХХК-ийг тогтоож, талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Оршил констрашн ХХК, Э ХХК-нд даалгаж өгнө үү гэв.

2. Хариуцагч О ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхагвачулуун шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О ХХК, Т ХХК-ийн хооронд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 3,468,241,145 төгрөгийн ажлын хөлс бүхий түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр Баян-Зүрх дүүрэг 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай О үйлчилгээтэй орон сууцны барилгын Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2017 онд барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авсан. Гэрээт ажлын явцад Т ХХК мөнгөний хувьд дэмжлэг хүсч О ХХК-ийн ерөнхий захирал М.Насантогтох 300 хүртэл сая төгрөгийн зээл олгож байсан бөгөөд Т ХХК-ийн хүсэлтээр ажлын хөлсөнд өгөхөөр тохирсон үйлчилгээний талбайг Т ХХК барьцаалан Э ХХК-иас зээл авахад нь татгалзалгүй дэмжин оролцсон. Гэтэл Т ХХК зээлээ хугацаанд барагдуулалгүй их хэмжээний өглөг үүсгэж Э ХХК гэрээгээр барьцаалсан барьцааны зүйлийг шилжүүлэхийг манай компанид мэдэгдэж Т ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 018/185 тоот албан бичгийг үндэслэн зээлийн төлбөрт нь тооцож 74,2 мкв үйлчилгээний талбайг шилжүүлж, бичиг баримтын бүрдлийг зохих журмын дагуу холбогдох байгууллагад хүргүүлсэн. Тийм учир Т ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн төлбөр болон, Т ХХК-наас Эн Эм Эф Эс ХХК-нд төлөх зээлийн төлбөрөөс 74,2 мкв талбай хасагдаж тооцогдсон. Тухайн гэрээнүүд байгуулагдаж байх үед барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байсан тул барьцаа гэрээ Улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч Эн Эм Эф Эс ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Билэгдэмбэрэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т ХХК-ийн ТУЗ-ийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ Э ХХК, Т ХХК-ийн хооронд байгуулагдсан. Зээлийн гэрээгээр 400,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлдэж, зээлийн барьцаанд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Үйлчилгээний талбайн болзолт захиалгын гэрээ байгуулж ... зүүн 4 замын зүүн хойд талд баригдаж буй О үйлчилгээтэй орон сууцны барилгын 3 дугаар давхарын 400 мкв талбайг барьцаалсан. Талбайн хэмжээнд 74,2 мкв талбай орж байгаа. Т ХХК зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, барьцаалсан 400 мкв талбайгаас 274,2 мкв талбайг Б.А, Л.Э нарт 548,400,000 төгрөгөөр худалдсан байсан. Иймд О ХХК-наас бусдад шилжүүлээгүй 3 давхарын .. хаягт байрлах үлдсэн 74,2 мкв үйлчилгээний талбайг барьцааны гэрээг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг манай компанид гаргаж өгөхийг шаардаж О ХХК 74,2 мкв талбайг 118,720,000 төгрөгөөр худалдах гэрээ хийж 2019 оны 01 дүгээр саын 11-ний өдөр уг талбайн өмчлөх эрхийн гэрчилгээ Э ХХК-ийн нэр дээр гарсан. Энэ мөнгө зээлээс хасагдаж тооцогдсон. Мөн Т ХХК нь С ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт С ХХК-наас авах 247,003,136 төгрөгийг Э ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний төлбөрт төлөх үүргийг С ХХК хүлээж 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Зээлийн гэрээний төлбөр шилжүүлэх тухай гэрээ байгуулагдсан. 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төлбөр авагч С ХХК, .. ХХК, Э ХХК, төлбөр төлөгч Т ХХК тохиролцон Зээлийн гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээнүүдийн төлбөрийн үлдэгдлийг барагдуулах тухай хэлцэл байгуулж төлбөр төлөгч Т ХХК нийт 1,336,532,400 төгрөгийг төлөхөөр тохирч уг гэрээтэй холбоотой маргаан Баян-Зүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байна. Т ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг үндэслэн барьцаа хөрөнгө 74,2 мкв талбайг шилжүүлэн авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

4. Нэхэмжлэгчээс 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Т ХХК, О ХХК-ийн хооронд байгуулагдсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, Т ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн О ХХК-нд хүргүүлсэн хүсэлт, О ХХК-наас Т ХХК-нд хүргүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хүсэлт, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдэл, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт гаргах тухай албан бичиг, Т ХХК Л.Э, Б.А нарын хооронд байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Үйлчилгээний талбай захиалах, захиалага гүйцэтгэх гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 18, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Т ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай албан бичиг,

5. Хариуцагч Э ХХК-аас 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Т ХХК-ийн зээлийн хүсэлт, мөн өдрийн Т ХХК-ийн ТУЗ-ийн хурлын шийдвэр, Т ХХК-наас Э ХХК-нд гаргасан өргөдөл, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн бэлэн мөнгө хүлээлцсэн акт, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Үйлчилгээний талбайн болзолт захиалгын гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Зээлийн гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээнүүдийн төлбөрийн үлдэгдлийг барагдуулах тухай хэлцэл, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээний төлбөр шилжүүлэх тухай гэрээ, Т ХХК зээлийн үлдэгдлийн тооцоо, Т ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн С ХХК-нд хүргүүлсэн албан бичиг, Т ХХК-тай зээлийн үлдэгдэл тулган баталгаажуулалт,

6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хамтран хариуцагчаар Э ХХК-ийг татах, хариуцагч Э ХХК-ийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас 74,2 мкв талбайн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтаар гаргуулж баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Т ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр О ХХК-тай байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлсэн, тус гэрээгээр гэрээний төлбөрийг тухайн баригдаж буй барилгын 3 давхарын 274,2 мкв үйлчилгээний талбай, авто зогсоол, бэлэн мөнгөөр төлөхөөр тохирсон боловч 74,2 мкв талбайн өмчлөлийг шилжүүлээгүй, Э ХХК нь манай хувьцаа эзэмшигтэй байгуулсан зээлийн гэрээг үндэслэн маргаан бүхий талбайн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч О ХХК нь Т ХХК манайхтай байгуулсан гэрээний санхүүжилтэнд дэмжлэг авах зорилгоор компаний захиралтай тохиролцож орон сууцны талбайг барьцаалж Э ХХК-наас зээл авч, зээлийн барьцаанд 3 давхарын 400 мкв талбайг барьцаалсан. Зээлийн эргэн төлөлтөө хуваарийн дагуу хийгээгүй тул барьцаалагдсан 74,2 мкв талбайн өмчлөлийг Т ХХК-ийн төлөх төлбөрт тооцож шилжүүлсэн. Тиймдээ ч Т ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн төлбөрөөс 74,2 мкв талбай хасагдаж, мөн Т ХХК-ийн Эн Эм Эс Эф ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний төлөлтөөс ч хасагдаж тооцогдсон

4. Хариуцагч Э ХХК нь Т ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 400,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж Оы 3 давхарын 400 мкв үйлчилгээний талбайг барьцаалж зээл авсан. Зээлээ хугацаанд нь төлөөгүй бөгөөд 400 мкв талбайгаас 274,2 мкв талбайг бусдад худалдсан байсан. Барьцааны гэрээнд зааснаар манайх бусдад шилжээгүй 74,2 мкв талбайн өмчлөлийг өөрийн нэр дээр авсан гэсэн үндэслэлээр тус тус няцаасан.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Нэхэмжлэгч Т ХХК нь О ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 3,468,241,144 төгрөгний ажлын хөлстэй Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ...ны нутаг дэвсгэр зүүн 4 зам .. зочид буудлын зүүн талд байрлах 3968 мкв талбай бүхий газар үйлчилгээтэй орон сууцны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, гэрээний төлбөрийг үнийн дүнгийн 35%-ийг бэлэн мөнгөөр, 65%-ийг захиалагч О ХХК-ийн барьж буй барилга ашиглалтанд орсон хэсгүүдэд гүйцэтгэгчийн сонгосон орон сууц, авто зогсоол болон үйлчилгээний талбайгаар тооцоог барагдуулахаар тохиролцжээ.

2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд тооцож О үйлчилгээтэй барилгаас А блокын 7 давхарын А1-1 сууц буюу 50,8 мкв 2 өрөө, А1-9 сууц буюу 45,5 мкв 2 өрөө, Б блокын 11 давхарын А2-12, 13 сууц буюу нийт 124,35 мкв 5 өрөө орон сууц, Б блокын 14 давхарын пентхаус загварын А1-3 сууц буюу 169,2 мкв орон сууцны байрыг, мөн А блокын 13, 14, 15 давхарын А1-3, А1-2, Б блокын 12, 13 давхарын А2-13, А2-14 орон сууцнууд 4 ш дулаан зогсоолыг тус тус Т ХХК худалдан борлуулах, захиран зарцуулах эрхтэй тухай тодорхойлолт албан бичгийг О ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 18, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Т ХХК-нд хүргүүлсэн. /хх-37, 38/

5.2. Т ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр ажлыг гүйцэтгэх явцдаа барилгын санхүүжилтэнд зориулж 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр О ХХК-ийн захирал М.Н-оор Э ББСБ ХХК-наас 250,000,000 төгрөгийн зээл авахуулах хүсэлт тавьж, Оы 3 давхарын үйлчилгээний зориулалттай талбайгаас 400 мкв талбайг барьцаалахаар түүнтэй тохиролцож /хх-75 хуудас/, Т ХХК-ийн ТУЗ-ийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр зээл авахаар шийдвэрлэж, мөн өдрөө Э ХХК-нд О 3 давхарын үйлчилгээний зориулалттай 400 мкв талбайг барьцаалан 400,000,000 төгрөгний зээлийг олгох тухай албан бичиг хүргүүлж, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээ байгуулагдсан.

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Э ХХК, Т ХХК-ийн хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ, Үйлчилгээний талбайн болзолт захиалгын гэрээгээр зээлдэгч Т ХХК нь 400,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлдэж, үүрэг гүйцэтгэгч Т ХХК нь ... ... хойд талд баригдаж буй О үйлчилгээтэй орон сууцны барилгын 3 дугаар давхарын зүүн талын 400 мкв үйлчилгээний талбайн зориулалттай талбайг 1 мкв-ыг 1,000,000 төгрөг буюу талбайн нийт үнэ 400,000,000 төгрөг гэж тохиролцон Зээлийн гэрээний 6.2-т заасан нөхцөл буюу Үйлчилгээний зориулалттай барилгын талбайн болзолт захиалгын гэрээ нь Зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусгавар болоход гэрээний үүргийн гүйцэтгэлийн 70%-иас бага эргэн төлөлттэй тохиолдолд хэрэгжих-ээр гэж тохиролцон байгуулсан байна.

Т ХХК нь зээлийн 400,000,000 төгрөгийг компаний дансаар авах боломжгүйг харгалзан бэлнээр олгож өгөх хүсэлт гаргаж хүсэлтийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 400,000,000 төгрөгийг Т ХХК-ийн ерөнхий захирал Д.Б, гүйцэтгэх захирал М.Тр нар зээлдүүлэгч Э ХХК-наас бэлнээр хүлээн авч Бэлэн мөнгө хүлээлцсэн актаар баталгаажуулсан.

5.3. Т ХХК нь хариуцагч Э ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй тул зээлдүүлэгч Э ХХК нь зээлдэгч Т ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Үйлчилгээний талбайн болзолт захиалгын гэрээний 1.4.1, Зээлийн гэрээний 3.2.4, 6.1, 6.2-д зааснаар 400 мкв үйлчилгээний талбайг захиран зарцуулах эрхийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 74,2 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 153.3-т зааснаар Т ХХК нь барьцаагаар хангагдсан үүргээ зохих ёсоор гүйцэтггээгүй тул гэрээнд зааснаар шилжүүлэх, Э ХХК нь болзол тавьсан шаардлагыг хангаж барьцааны зүйлийг шилжүүлж авсан нь хууль зөрчөөгүй.

5.4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарласан боловч Т ХХК нь О ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд хөрөнгө оруулах зорилгоор Э ХХК-тай зээлийн гэрээ байгуулж зээлийг шилжүүлэн авч ашигласан тул Үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага гэсэн үндэслэлээр өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй.

Мөн Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3 Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд улсын бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч маргаагүй тул Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг үнэн зөв гэж үзнэ.

6. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Т ХХК нь Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд авсан О орон сууцны барилгын 3 давхарын үйлчилгээний талбайн 74,2 мкв талбайн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч О ХХК, Э ХХК-наас шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

7. Хэрэгт хариуцагч Э ХХК-наас 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Э ХХК, ...ан ХХК-тай байгуулсан Зээлийн гэрээний төлбөр шилжүүлэх тухай гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ... ХХК, .. ХХК, Э ХХК, Т ХХК-ийн хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээнүүдийн төлбөрийн үлдэгдлийг барагдуулах тухай хэлцлийг нотлох баримтаар ирүүлсэнг нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж үзэн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

8. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 109 дүгээр зүйлийн 109.1-т зааснаар хариуцагч О ХХК, Э ХХК-нд холбогдох Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд авсан О орон сууцны барилгын 3 давхарын үйлчилгээний талбайн 74,2 мкв талбайн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА