Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/67

 

Т.Мөнхбатад холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2021/0231/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Буянжаргал, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

                      Прокурор                                      Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгч                                       Т.Мөнхбат /онлайн/

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Б.Чинбаатар

                 Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолтой, Тайсийн Мөнхбатад холбогдох, 2118000430097 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 06-нд Төв аймгийн Архуст суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн механикч мэргэжилтэй, “Тайсу ман” ХХК-нд захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 10 дугаар байр, 75 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан- Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 07-ы өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар 1 жил хорих ял оногдуулсныг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан. РД: ХЛ70020670 регистрийн дугаартай, Шарнууд овогт Тайсийн Мөнхбат,

шүүгдэгч Т.Мөнхбатыг 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 10 дугаар байрны 75 тоотод иргэн Н.Цогзолбоогийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан, хүчиндэхийг завдах явцдаа Н.Цогзолбоогийн эрүүл мэндэд тархи доргилт, доод эрүү, хүзүү хоолой, зүүн бугалга, баруун бугалга, цээжний өмнө болон зүүн хажуу хэсэг, зүүн баруун сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 254 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Шарнууд овогт Тайсийн Мөнхбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнхбатад холбогдох эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнхбатыг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнхбатад оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утасны бичлэг бүхий 1 ширхэг сиди, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн 1 ширхэг сидийг тус тус хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан ногоон, цэнхэр өнгийн майкыг устгаж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хүзүүний дасгалын төхөөрөмжийг шүүгдэгчид буцаан олгож,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мөнхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Мөнхбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч Т.Мөнхбат нь эрх зүйн мэдлэг боловсролгүй, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өөрийн холбогдсон зүйл анги, хариуцлагын байдлыг бүрэн дүүрэн сайн ойлгоогүйн улмаас гэм буруугийн талаарх өөр ойлголттой байсан байна. Одоо өөрийн гэм буруутай үйлдлийн талаар дүгнэлт хийж, сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч Н.Цогзолбоо нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан бага хугацаагаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү.. .гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар тайлбартаа:

Т.Мөнхбат нь бусдад учруулсан хохирлыг төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар түүнд оногдуулсан ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.Мөнхбат:

Тайлбар байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй мэтгэлцэж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө төлсөн байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Т.Мөнхбат нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 10 дугаар байрны 75 тоотод иргэн Н.Цогзолбоогийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан, хүчиндэхийг завдах явцдаа Н.Цогзолбоогийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Н.Цогзолбоогийн “ ...  2021 оны 01 дүгээр сарын 23-ны шөнийн 23 цагаас хойш 30 минутын хугацаанд юу болсныг санахгүй байна. Би жаахан согтсон байсан.  23 цаг 30 минутын үед би 00 орчхоод гарч ирэхэд Т.Мөнхбат 00-н үүдэнд надтай тулчхаад намайг тэвэрч авахаар нь “ Та яах гээд байгаа юм вэ, Зүгээр бай” гэж хэлсэн чинь миний үгийг сонсохгүйгээр жижиг өрөө рүү оруулсан. Тэгээд намайг газар унагаагаад уруул, хацар дээр үнсэж, хувцас тайлах гэж оролдоод намайг эсэргүүцэхэд миний хөхийг базаад, дайраад байхаар нь би загнасан. Гэтэл миний хоолойг багалзуурдаж боогоод “Сүртэй гичий вэ. Ахтайгаа нэг унтчихад яадаг юм. Чи бараг янхан юм байж сүртэй юм вэ” гэж хэлээд эрүү рүү цохиод, цээжин дээр дараад байсан.

Т.Мөнхбат намайг явуулахгүй байхад нь би Тулгаа руу залгаж “Намайг ирээд аваачээ” гэж орилсон. 

Дуудлагаар ирсэн цагдаа нарыг Т.Мөнхбат “та нар яахаараа  хүний гэрт дайрч орж ирдэг юм. Та нарыг ажилгүй болгоно пиздануудаа. Та нар намайг яаж ч чадахгүй” гэж орилоод байсан. /хх 54,56/

-Гэрч Тулга “... миний гар утас Цогзолбоо залгаад “намайг ирж аваачээ” гээд орилоод, “Зайлаачээ. Би чамтай заавал унтах ёстой юм уу?” гээд уйлж байгаа сонсогдсон. Тэгээд ноцолдож байгаа бололтой байсан. Тэр үед би ажил дээрээ байсан ба маш хурдан Микрийн 10 дугаар байрны 4 давхарт 75 тоотод очсон. Мөнхөө гэх 50 орчим насны хүн хаалга тайлж өгсөн. Цогзолбоогийн эрүү нь хөхөрсөн, хүзүү нь боолгуулсан бололтой ором гарсан. Гар нь хөхөрсөн байдалтай байсан. Би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Мөнхөө гэх тэр хүн миний маскийг хуулж аваад “…Чамайг онигоо болгоно. Шившиг болгоно. Би их том хүн шүү. Чи их буруу хүнээр оролдлоо. “ гээд орилоод байсан. ” /хх-65 тал/,

Гэрч А.Шинэшагай “... 2021 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө 01 цаг 30 минутын үед дотоодын цэргийн тусгай салбарын ахлах ахлагч Б.Эрдэнэбаттай хамт үүрэг гүйцэтгэж явах үед Микрийн 10 дугаар байрны 75 тоотод “-Согтуу хүмүүс маргалдаад байна.” гэх дуудлага авсан. Дуудлагын дагуу очиход хар савхитай залуу хаалган дээр “Би дуудлага өгсөн” гээд зогсож байсан. 30 орчим насны эмэгтэй “намайг хүчиндэх гэж оролдлоо.” гэсэн байдалтай байсан. Тэр эмэгтэйн эрүү нь хөхөрсөн, хүзүү нь улайсан, зулгараад урагдсан байдалтай байсан. Намхан махлаг бор арьстай 50 орчим насны эрэгтэй  “ …чиний дээд талын хүмүүс миний найз ш дээ. Чамайг гөлөг болгоноо.” гэж занал хийж байсан. Тухай үед гадаа эргүүлд явж байсан тул хүйтэнд гар утас маань унтарчихсан тул гар утсаараа бичлэг хийж чадаагүй.” гэх мэдүүлэг /хх-70 тал/

-Хохирогч Н.Цогзолбоогийн биед учирсан гэмтлийг харуулсан фото зураг /хх-62 тал/,

-“..Н.Цогзолбоогийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон тухай Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дугаар сарын 28-ний өдрийн 78 дугаартай шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 108/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Т.Мөнхбатад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны байх, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний хүрээнд хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 254 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар давж заалдах журмаар гомдол гарсан ба гомдолд “... Шүүгдэгч Т.Мөнхбат нь эрх зүйн мэдлэг боловсролгүй, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өөрийн холбогдсон зүйл анги, хариуцлагын байдлыг бүрэн дүүрэн сайн ойлгоогүйн улмаас гэм буруугийн талаарх өөр ойлголттой байсан байна. Одоо өөрийн гэм буруутай үйлдлийн талаар дүгнэлт хийж, сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэжээ.

Хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх хугацаанд болон шүүх хуралдааны үед шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, улмаар хохирогчоос уучлалт хүсэж, хохирогч Н.Цогзолбоо “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тодорхойлолт ирүүлсэн байна.

Шүүгдэгч Т.Мөнхбат нь хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж хор уршгийг арилгасан, хохирогч гомдолгүй гэсэн нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, шүүхээс тодорхой төрлийн хязгаарлалт тогтоож, үүрэг болгох нь гэмт буруутай этгээдийн үйлдсэн хэрэгт тохирсон байхаас гадна гэмт хэргийн үр дагаврыг бүрэн ухамсарлан ойлгож, нийгэмд тогтсон  хууль ёс, дэг журмыг чанд сахиж, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэдэг, иргэний үүрэгтээ хүндэтгэлтэй хандаж сурах хүмүүжлийн үр дүнтэй арга хэмжээ болно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 254 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.д заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүдэгч Шарнууд овогт Тайсийн Мөнхбатыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын 4 дүгээр заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.1, 4-д зааснаар шүүгдэгч Т.Мөнхбат тэнссэн хугацаанд оршин суух газар, эрхэлж буй ажлаа өөрчлөх, зорчин явахдаа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид урьдчилан мэдэгдэж байх, хохирогч Н.Цогзолбоотой харилцахыг хязгаарласан хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

3. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид үүрэг болгосугай.

4. Шүүгдэгч Т.Мөнхбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.АМАРЖАРГАЛ

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД                            Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                                                 Б.МАНЛАЙБААТАР