Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/04585

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: МЭ

Хариуцагч: Х ХХК-ийн дэргэдэх ҮЭХ.

Хариуцагч: 2 ТӨХК-ийн ҮЭХ

Хариуцагч: 4 ТӨХК-ийн ҮЭХ

Гишүүн байгууллагын татвар 241,868,651 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, МЭны гишүүнээс гарсан болохыг тогтоолгож, гишүүнээс хасахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Д, М.С, хариуцагчийн төлөөлөгч Д.Г, Б.А, М.С, өмгөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч МЭ нь хариуцагч Х ХХК-ийн дэргэдэх ҮЭХнд холбогдуулж гишүүн байгууллагын татварт 19,057,698 төгрөг, хариуцагч ..-2 ТӨХК-ийн ҮЭХнд холбогдуулж гишүүн байгууллагын татварт 23,318,988 төгрөг, хариуцагч ..-4 ТӨХК-ийн ҮЭХнд холбогдуулж гишүүн байгууллагын татварт 199,491,965 төгрөг нийт 241,868,651 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч МЭ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, М.С нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: МЭ нь гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрхийг хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилгоор сайн дурын үндсэн дээр эрчим хүчний үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгчид, металл болон металл биш эрдэс, газрын тос, химийн түүхий эд, эрдэс баялгийг цэвэршүүлж, хийн түлш боловсруулах ажилчид, нүүрсний ил ба гүний уурхайчид, геологичид болон тэдгээртэй хамаарал бүхий ажилчдын мэргэжил үйлдвэрлэлийн шинжээрээ эвлэлдэн нэгдсэн холбоо юм. Манай холбоо нь МҮЭ-ийн холбооны дүрмийг хүлээн зөвшөөрөн 1996 онд үүсгэн байгуулагдсан ба одоогийн байдлаар нийт 100 гаруй анхан шатны ҮЭ-ийн хороотой, 23 орчим мянган гишүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Манай салбарын ҮЭ-ийн холбоонд гишүүнээр элсэх анхан шатны ҮЭ-ийн хороо нь анх элсэхдээ МҮЭ-ийн холбооны дүрэм, МЭны дүрмийг мөрдөж ажиллахаа хүлээн зөвшөөрч гишүүн байгууллагаар элсдэг. Тухайлбал МҮЭ-ийн холбооны дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.1-т ҮЭХнд нь гишүүдийнхээ татварыг сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг ба түүнээс дээш хувьтай тэнцэх хэмжээгээр тогтоож сар бүр бэлэн бусаар хураана, 14.2-т ҮЭХд нь гишүүдээс хураасан татварынхаа 30-аас доошгүй хувийг эвлэлдэн нэгдсэн мэргэжил үйлдвэрлэл, салбарын болон аймаг, нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбоондоо сар тутам төлнө, Монголын эрчим хүч геологи уул уурхайн ҮЭХ-ны дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2-т Салбарын ҮЭ-ийн холбооны дүрмийн дагуу гишүүн байгууллагын татварыг сар бүр /Хариуцлага үр дүнгийн гэрээнд тохиролцсоны дагуу/ салбарын ҮЭ-ийн холбоонд төвлөрүүлнэ, 25 дугаар зүйлийн 25.1-д Салбарын ҮЭ-ийн холбооны гишүүн ҮЭ-ийн хороод нь ажилтны цалин хөлс түүнтэй адилтгах орлогоос сар бүр 1 буюу түүнээс дээш хувиар тогтоож ҮЭ-ийн гишүүний татварыг бэлэн бусаар хураана, 25.2-т Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг гишүүн ҮЭ-ийн хороо нь гишүүдээс хураасан татварынхаа 30 хувийг сар бүр Салбарын ҮЭ-ийн холбоонд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Хариуцагч Х ХХК-ийн ҮЭ-ийн хороо, ..-2 ТӨХК-ийн ҮЭХ, ..-4 ТӨХК-ийн ҮЭХд нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг манай гишүүн байгууллагууд юм. Эдгээр байгууллагууд холбооны дүрэмд заасан эрхээ эдэлж, үүргээ хүлээж явсан. 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ..-2 ТӨХК-ийн ҮЭХ МЭноос гарах хүсэлтээ бичгээр ирүүлсэн. Хариуцагч Х ХХК, ..-2 ТӨХК-ийн ҮЭХ, ..-4 ТӨХК-ийн ҮЭХд нь нэр бүхий өөр хоёр хороодтой нийлж 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дулаан цахилгаан үйлдвэрлэгч түгээгчдийн Үйлдвэрчний холбоо хэмээх хуулийн этгээд байгуулсан тухай албан бичгээ манайд 11 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн байна. МЭ нь гишүүн байгууллагад үзүүлэх үйлчилгээгээ ямар нэгэн хязгаарлалтгүйгээр бусад ҮЭ-ийн хороодын нэгэн адил тухайн хороодыг хамруулж бүхий л үйл ажиллагааны мэдээ, мэдээллээ тухай бүр хүргүүлж ажиллан үүргээ биелүүлж дүрмээр заагдсан гишүүн байгууллагын эрхийг хангаж ажилласаар ирсэн. Гишүүдийнхээ цугларсан татварыг дүрмийн дагуу зарцуулан нийт гишүүдийн жагсаал цуглаан, ҮЭ-ийн гишүүдийг чадавхжуулах, хөдөлмөрлөх эрхийг нь хамгаалахын тулд олон төрөлт сургалт, семинарт хамруулах, салбарын хамтын хэлэлцээр байгуулан эрчим хүчний салбарт ажиллагсадын хөдөлмөрлөх эрхийг Хамтын хэлэлцээр байгуулж хамгаалах гэх мэт дүрмийн зорилго, зорилтдоо хүрэхэд чиглэсэн үйл ажиллагаануудад зарцуулдаг. Гэтэл хариуцагч эдгээр байгууллагууд Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамтын хэлэлцээрийн 7.1-д заасны дагуу ҮЭ-ийн гишүүний татварыг ажил олгогчоор бэлэн бусаар хураалган өөрийн ҮЭ-ийн анхан шатны хорооны дансанд авсан хэдий ч дүрмийн дагуу эрх бүхий байгууллагад шилжүүлэхгүй байгаа нь гишүүдийнхээ татварыг дүрмийн бусаар ямар нэгэн хараа хяналтгүйгээр зарцуулж байх эрсдэлтэй юм. Хариуцагч байгууллагууд нь Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэмд зааснаар гишүүн байгууллагаас гараагүй тул 2022 оны гишүүн байгууллагын татвараа төлөх үүрэгтэй. Иймд хариуцагч Х ХХК-ийн дэргэдэх ҮЭХноос 19,057,698 төгрөг, хариуцагч ..-2 ТӨХК-ийн ҮЭХноос 23,318,988 төгрөг, хариуцагч ..-4 ТӨХК-ийн ҮЭХноос 199,491,965 төгрөг нийт 241,868,651 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч ..-2 ТӨХК-ийн ҮЭХ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: МЭ нь дүрмээ хэрэгжүүлж ажиллаагүй. Эвлэлдэн нэгдэх, холбоо байгуулахыг холбооны дүрмээр хязгаарлаагүй, Үндсэн хуульд заасан эрх. Дээрээс нь Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуульд заасан ажилчид өөрсдөө сайн дураараа эвлэлдэн нэгдэж ҮЭХг байгуулах эрхтэй. Энд хэн нэгнээс зөвшөөрөл авах шаардлагагүй. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 16 дугаар зүйлд Их хурлын бүрэн эрхийг зааж тайлан, төсвийг хэлэлцэж батлана гэсэн заалтын дагуу олон удаа татвар нэмж байгаа, татварын мөнгө юунд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй. Энэ талаар тайлбар хүсэхээр байгууллагын хувь нууцтай холбоотой гэдэг тул бид улсын хэмжээндээ ч юм уу өөрсдийн салбарын хэмжээнд тусдаа хороо гаргах нь зүйтэй гээд бусад хороодтой хэлэлцэж эрхийнхээ дагуу хэнээс ч зөвшөөрөл авахгүйгээр сайн дураар эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлсэн. Биднээс татвар нэхэмжилж байгаа тул юунд зарцуулсанг бид мэдэх эрхтэй. Дүрэмд яг 30 хувиар гишүүн байгууллагын татвар төлнө гэж байхгүй. Энэ 30 хувийн тал буюу 15 хувиар бид төлж Хариуцлага үр дүнгийн гэрээ байгуулж гишүүний татварт 8,500,000 төгрөг төлж ирсэн гэв.

3. Хариуцагч ..-4 ТӨХК-ийн ҮЭХ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: МЭны ажил нүдэнд харагдаж гарт баригддаггүй ажил мэт ярьж байна. Миний би холбооны тэргүүлэгчээр өмнөх сонгуулийн 4 жилд ажилласан. Татвараа хэдэн хувиар төвлөрүүлж авдаг, гишүүдийн татварыг бие биедээ яаж цалингийн зээл, орон сууцны зээл олгодог болохыг мэдэхийн хувьд шүгэл үлээж гаргаж ирсэн. Дүрмийг бид өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж байна. Нэхэмжлэгч тал болохоор та нар холбооноос гарах бол бүх гишүүдийн хурлаас шийдвэр гарна. Бүх гишүүдийн хурлын 3-ны 2-оос доошгүй саналаар шийдэж тогтоолоор баталгаажуулна гэж тайлбарлалаа. Гэтэл дүрмийн 10.2.3-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гишүүн байгууллагын татвараа 6 сар түүнээс дээш хугацаагаар төлөөгүй бол гишүүн байгууллагаас хасагдсанд тооцно гэж заасан байна. Гэтэл өөрсдөдөө ашигтайгаар гишүүнээс гарах бол бүх гишүүдийн хурлаар шийднэ гэж тайлбарлаад байгаа. Гишүүдийн төвлөрүүлсэн татварыг нэхэмжлэгч байгууллага ашиглаад байна, хяналтын зөвлөл гэх өөрсдийг нь шалгах хүмүүсээ кармаандаа хийчихсэн, мөн ажилчдын эрх ашгийг хамгаалахаар холбоонд албан бичиг хүргүүлэхээр хариу байхгүй. Бидний эрх ашгийг хамгаалдаггүй, ирж уулздаггүй. Тэгсэн мөртлөө татвараа нэхээд шүүхээр явж байгаадаа ичих хэрэгтэй. Гишүүний татвараа 6 сар төлөөгүй байхад яагаад хасахгүй байгаа юм. Энэ бол хуульчилсан татвар биш тул бид заавал төлөх ёстой татвар биш. Өмнөх жилүүдэд Хариуцлага үр дүнгийн гэрээ байгуулж жил бүр 72,000,000 төгрөг төлдөг байсан нь банкны хуулгаар байгаа. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

4. Хариуцагч Х ХХК-ийн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х ХХК-ийг гишүүн байгууллагаар элсүүлсэн тогтоол, шийдвэр байдаггүй. Бид 2013 оноос хойш гишүүн байгууллагын татварыг төлж ирсэн. Одоо гишүүнчлэлээс гаръя гэхээр энэ дүрмийнхээ заалтуудаар гаргахгүй, татвар нэхэмжилж байгаа нь харамсалтай байна. Эднийх дүрмээ барьж ажилладаггүй, шүүмжлэлтэй хандсанаас болж ийм асуудал үүсэж байгаа юм. 2022 онд гишүүнчлэлийн татвараа төлөөгүй 27, 28 байгууллага байсан байтал яагаад манай 3 байгууллагыг онцолж шүүхэд хандсанг гайхаж байна. Хүсэл зорилгоороо нийлээд тусдаа холбоо байгуулаад мэргэжил үйлдвэрлэлийнхээ чиглэлээр нэгдэж байгаа бидний хүсэл зоригийг няцааж байна. Тиймээс хүчээр гишүүн байгууллагыг шүүхэд хандаж татвар нэхэмжилж байгаа анхны тохиолдол нь энэ байх. Гишүүний татварыг 30 хувиар өгч байсан тохиолдол байхгүй. 30 хувиар авна гэвэл өнөөдөр холбоо гишүүн байгууллагагүй байгаа. Холбооны дарга байсан н.Б Хариуцлага үр дүнгийн гэрээ байгуулж 3,000,000 төгрөг төлсөн. 2022 онд энэ үнийн дүнгээр гэрээ байгуулсан. Энэ гэрээ танайд байдаг үгүйг мэдэхгүй гэв.

5. Хариуцагч Х ХХК-ийн ҮЭХ, ..-4 ТӨХК-ийн ҮЭХ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, өмгөөлөгч Ц.Э нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ..-4 ТӨХК-ийн ҮЭХ, Х ХХК-ийн ҮЭХдууд нь 2021 оны 12 дугаар сараас тус холбооноос гарч үйл ажиллагаа явуулах болсон бөгөөд шалтгаан нь тус холбоо манай гишүүдийн хуримтлуулсан татварын 30 хувийг тооцон авдаг боловч гишүүдийн эрх ашгийг хамгаалах болон ямар нэгэн дорвитой үйл ажиллага явуулдаггүй, эрчим хүчний салбарын хамтын гэрээ хэлэлцээрийг дээрдүүлэхгүй, салбарт ажиллаж байгаа ҮЭХ-дуудын санаа бодлыг тусгадаггүй, санхүүгийн ил тод байдалд шилэн данс байхгүйн дээр олон удаа санхүүгийн асуудал үүсгэж байсан. Үүнтэй холбогдуулан эрх бүхий байгууллагад гомдол гарган шалгуулж байсан. Гишүүнээс хасч өгөхийг олон удаа илэрхийлж байсан боловч холбооны зүгээс хууль бус эс үйлдэхүй гаргаж биднийг гишүүнээс хасаагүй. МЭны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2.2, 8.2.4, 8.4-т зааснаар ҮЭ-ийн холбооноос зохион байгуулсан үйл ажиллагаанд 1 жил буюу түүнээс дээш хугацаанд оролцоогүй тохиолдолд тус холбооны гишүүн байгууллагаас хасна, гишүүн байгууллагын татвараа 6 сар ба түүнээс дээш хугацаагаар төлөөгүй, салбарын ҮЭ-ийн холбоонд 1 жилийн хугацаанд гишүүнчлэлийн татвараа төлөөгүй тохиолдолд уг ҮЭ-ийн хороог гишүүн байгууллагаас хасагдсанд тооцно гэж зохицуулж өгсний дагуу бид 2022 оны 01 дүгээр сараас эхлэн гишүүн байгууллагын татвараа төлөөгүй, үйл ажиллагаанд нь оролцоогүй нь гишүүн байгууллагаас дүрэмд зааснаар хасагдсан нь харагдаж байна. Үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэх эрх, Үйлдвэрчний эвлэлүүдийн бие даасан байдлыг хангах зэрэг үндсэн эрхүүдэд ноцтой халдаж, хууль зөрчин төлбөр нэхэмжилж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10 дугаар зүйлд нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэг нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно гэх хуульд заасан үндсэн эрхүүдийг зөрчсөөр байна. Тус холбооноос гарахад гүйцэтгэх хорооны шийдвэрийг хүлээх шаардлагагүй. Энэ нь ҮХ болон дээр олгогдсон эрхийнхээ дагуу чөлөөтэй эвлэлдэн нэгдэж байгаатай холбоотой. Иймд хариуцагч Х ХХК-ийн ҮЭХ, ..-4 ТӨХК-ийн ҮЭХг нэхэмжлэгч МЭноос хасагдсан болохыг тогтоож, гишүүн байгууллагаас хасахыг нэхэмжлэгчид даалгаж өгнө үү гэв.

6. Нэхэмжлэгч МЭ шүүхэд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, М.С нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: МҮЭ-ийн холбооны дүрэм болон МЭХГУУ-ийн ҮЭ-ийн холбооны дүрмийн дагуу бид үүргээ биелүүлсээр ирсэн ба харин анхан шатны хороодын дарга нар буюу одоо нэхэмжлэл гаргаж буй субьектүүд ҮЭ-ийн гишүүн бүрийн эрх ашгийг байгууллага дээрээ хамгаалж, хамтын хэлэлцээрээр тогтоосон хэм хэмжээг өөрсдийн байгууллага дээрээ дээрдүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хамтын гэрээгээ байгуулан ажиллах үүрэгтэй. ҮЭийн холбооны дүрмийн 15, 16 дугаар зүйлд заасны дагуу 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Гүйцэтгэх хорооны II хуралдаанд 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа тайлагнасан, мөн гишүүн байгууллагаас гарах хүсэлтийг шийдвэрлэх тухай тотоол гарсан. Энэ талаар мэдээллээ 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн сонин, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны албан ёсны пэйж хуудсаар давхар мэдээлсэн. Уг хуралдаанд хариуцагч нар оролцож бүхий л мэдээллийг авсан ба энэ хуралд санал шүүмжлэл хэлж оролцсоныг хуралдааны тэмдэглэлээс харж болно. Манай ҮЭ-ийн холбоо нь ҮЭ-үүдийн эрхийн тухай хууль болон МҮЭ-ийн холбооны дүрмийн хүрээнд эрчим хүч, геологи уул уурхайн салбарын мянга мянган гишүүдийн эрх ашгийг 20 гаруй жил хамгаалан ажиллаж ирсэн ба ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагаар элсүүлэх, гишүүнчлэлээс гарах, хасах асуудлыг дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасны дагуу Гүйцэтгэх хорооны хуралдааны эрх үүргийн хүрээнд дотооддоо шийдвэрлэх заалтын дагуу дээрх ҮЭ-ийн хороодын асуудлыг авч хэлэлцээд дүрмийн 6.1-т заасны дагуу тус ҮЭ-ийн хороодын эрх барих дээд хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэснийг мэдэгдсэн. Гүйцэтгэх хорооны хурлаас гишүүн байгууллагаас хассан тухай тогтоол гарвал тэр тогтоолоо хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлээд энэ хүмүүс нөгөө дулаан цахилгаан үйлдвэрлэгч түгээгчдийн холбоондоо гишүүнээр элсэх ийм л процесс явагддаг. Гүйцэтгэх хорооны хурал хуралдаад шийдвэрүүд гарсан. Үүнтэй холбогдуулаад МҮЭ холбоо дээр эвлэрлүүлэн зуучлах ажлын хэсэг гараад 7 удаа хуралдаад үйл ажиллагаа хийгдээд дүгнэлтээ гаргаад явж байгаа. 6 сар гишүүний татвараа төлөөгүй хасах ёстой гэж яриад байгаа боловч үүнийг Гүйцэтгэх хорооны хурлаар шийддэг гэдгийг дахин хэлье. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

7. Нэхэмжлэгчээс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм, Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн МЭХГУУ ҮЭ-ийн холбооны Гүйцэтгэх хорооны II хуралдаан 2022 оны үйл ажиллагааны тайлан, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар 02 Гишүүн байгууллагаас гарах хүсэлтийг шийдвэрлэх тухай МЭХГУУ ҮЭ-ийн холбооны гүйцэтгэх хорооны 2 дугаар хуралдааны тогтоол, тус хуралдааны тэмдэглэл, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Гомдлын хариу өгөх тухай Прокурорын хариу мэдэгдэх хуудас,

8. Хариуцагч Х ХХК-наас 2020, 2022 оны Хариуцлага үр дүнгийн гэрээ, 2 ҮЭ-той 2022 онд байгуулсан Хариуцлага үр дүнгийн гэрээ

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Х ХХК-ийн дэргэдэх ҮЭХ, .. 4 ЦС-ын ҮЭХ, .. 2 ЦС-ын дэргэдэх ҮЭХ нь тус тус Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос гараагүй тухай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 1206 хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, хариуцагч ..-2 ТӨХК-ийн ҮЭХорооноос 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №07 Гишүүн байгууллагаас гарах тухай албан бичиг, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газраас 5 нэр бүхий байгууллагын Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн ҮЭ-ийн холбооны Удирдах зөвлөлийн тогтоол, ҮЭ холбоо байгуулахаар хуралдсан тэмдэглэл, хариуцагч 3 байгууллагын хамтын гэрээ,

10. Хариуцагчийн хүсэлтээр Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны Хаан банк, Голомт банк дахь 2020, 2021, 2022 оны дансны хуулга, Гүйцэтгэх хорооны хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулж, мөн СД-нд буулгаж үзлэг хийж бэхжүүлэх, Хяналтын хорооноос хариуцагч 3 байгууллагаас гаргаж байсан гомдол, хүсэлт байгаа эсэхийг тодруулахад гомдол хүсэлт гаргаж байгаагүй тухай албан бичиг, хариуцагч ..-4 ТӨХК-ийн ҮЭХ, Х ХХК-ийн ҮЭХ, ..-2 ҮЭХны Голомт банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк дахь 2022 оны дансны хуулга, Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос ..-2 ТӨХК-ийн захиралд хүргүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 105 дугаартай албан бичиг гэсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Нэхэмжлэгч Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны нэхэмжлэлээс 83,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 158,368,651 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь анхан шатны ҮЭХороод нь гишүүнээр элсэхдээ холбооны дүрэм, МЭХГУУҮЭХ-ны дүрмийг мөрдөж ажиллахаа хүлээн зөвшөөрч гишүүн байгууллагаар элсдэг. Дүрэмд зааснаар гишүүн байгууллагын татварыг сар бүр холбоонд төвлөрүүлнэ, гишүүнчлэлээс гарах бол ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралд бичгээр мэдэгдэж Гүйцэтгэх хорооны хуралдаанаар шийдвэрлэдэг. Хариуцагч нар 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөр холбоо байгуулан нэгдсэн гэсэн үндэслэлээр татвараа төлөхгүй гэдэг тайлбар нь үндэслэлгүй гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нар гишүүдийн татвар юунд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй, тайлангаа тавьдаггүй тул сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлсэн. Дүрэмд гишүүн байгууллагын татвараа 6 сар буюу түүнээс дээш хугацаагаар төлөөгүй бол гишүүн байгууллагаас хасах тухай заасан. Хариуцлага үр дүнгийн гэрээгээр тохирч татварыг шилжүүлдэг байсан. Түүнээс 30 хувиар төлж байгаагүй гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.1. Хариуцагч Х ХХК-ийн дэргэдэх ҮЭХ, ..-2 ТӨХК-ийн ҮЭХ, ..-4 ТӨХК-ийн ҮЭХд нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, дүрмийг хүлээн зөвшөөрч Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоонд гишүүнээр элсэж, МҮЭ-ийн холбоонд санхүүгийн зохих дэмжлэг үзүүлж, гишүүн байгууллагын татварыг тогтсон журмын дагуу төлж ирсэн байна.

4.1.2. Хариуцагч Х ХХК-ийн дэргэдэх ҮЭХ, ..-2 ТӨХК-ийн ҮЭХ, ..-4 ТӨХК-ийн ҮЭХд нь 2022 оны гишүүн байгууллагын татвараа 6 сар төлөөгүй тул дүрмээрээ хасагдана, эрхээ эдэлж сайн дураар эвлэлдэн нэгдэж холбоо байгуулсан, нэхэмжлэгч байгууллага гишүүддээ хандаж үйл ажиллагаа явуулдаггүй, татвараа тайлагнадаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1-т Мэргэжил үйлдвэрлэл, салбарын шинжээр болон нутаг дэвсгэрийн харъяаллаар эвлэлдэн нэгдсэн ҮЭХ нь МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага байна, 7 дугаар зүйлд зааснаар гишүүн байгууллага нь МҮЭ-ийн холбоонд санхүүгийн зохих дэмжлэг үзүүлж, гишүүн байгууллагын татварыг тогтсон журмын дагуу төлөх, МҮЭ-ийн Холбооны тусгай сангуудад орлого оруулж хуримтлал бий болгох, 9.1-д зааснаар МҮЭ-ийн Холбооны гишүүн байгууллагууд нь гишүүдийнхээ тоогоор жил бүр татвар төлнө гэж дүрэмд заасан үүргээ биелүүлэх учиртай.

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм, МЭны дүрэмд МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага нь тус холбооноос гарч болох боловч аль нэг холбоонд элсэх, гишүүнчлэлээс гарах саналаа тухайн хорооны бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж хуралд оролцогчдын гуравны хоёроос доошгүйн саналаар, гишүүн холбооныхоо гүйцэтгэх болон холбооны зөвлөлийн гишүүдийн 50-аас дээш хувийн саналаар тус тус шийдвэрлүүлж тогтоолоор баталгаажуулж, уг тогтоолыг гишүүн байгууллагаас гарах тухай албан хүсэлтийн хамт Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэж, хүсэлтийг Гүйцэтгэх хорооны хуралдаанаас гишүүдийн гуравны хоёрын саналаар шийдвэрлэхээр заасан тул дүрэмд заасан журмаар Гишүүн байгууллагаас гарах асуудлаа шийдвэрлүүлээгүй байна.

4.1.3. Хариуцагч нар нь Дулаан цахилгаан үйлдвэрлэгч түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбоог 5 гишүүний бүрэлдэхүүнтэй 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үүсгэн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч МЭны гишүүнчлэлээс гарах хүсэлтээ дүрэмд зааснаар гаргаж шийдвэрлүүлээгүй, ..-2 ТӨХК-ийн ҮЭХ 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гишүүн байгууллагаас гарах хүсэлтийг хүргүүлж 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Монголын Эрчим хүч Геологи уул уурхайн ҮЭ-ийн холбооны гүйцэтгэх хорооны II хуралдааны тогтоолоор 2 ТӨХК-ийн ҮЭХороо, 4 ТӨХК-ийн ҮЭ-ийн хороо, Эрдэнэтийн ДЦС ТӨХК, ДБЭХС ТӨХК-ийн ҮЭХ-ийн хороо Багануур ДС ТӨХК, Х ХХК-ийн ҮЭ-ийн хороод нь мэргэжил үйлдвэрлэлийн шинжээр давхардсан өөр холбоо байгуулан нэгдсэн, салбарын холбооны гишүүнчлэлээс гарах хүсэлт ирүүлсэн тухай асуудлыг нь МҮЭ-ийн Холбоо болон МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны хамтарсан ажлын хэсэг тухайн ҮЭ-ийн хороодод ажиллан дүрмийн дагуу бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэх хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн байна. /2 хавтас хуудас 119/

ҮЭ-ийн холбооны гишүүнээс гарах хүсэлтээ бүх гишүүдийн хурлаасаа гаргасан, гишүүн байгууллагын татвараа 6 сарын хугацаанд төлөөгүй аль ч тохиолдолд гишүүн байгууллагаас хасах асуудлыг Тэргүүлэгчид, Гүйцэтгэх зөвлөл, Хяналтын хороо шаардлагатай бол бага хурлаараа хэлэлцэж шийдвэрлэхээр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дүрмийн 8 дугаар зүйл, 10.4-т зааснаар шийдвэрлүүлэх нь зүйтэй.

МЭны дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2-т салбарын ҮЭ-ийн холбооны дүрмийн дагуу гишүүн байгууллагын татварыг сар бүр /Хариуцлага үр дүнгийн гэрээнд тохиролцсоны дагуу/ салбарын ҮЭ-ийн холбоонд төвлөрүүлнэ гэж зааснаар Хариуцлага үр дүнгийн гэрээ байгуулж гэрээгээр тохиролцсон гишүүний татвар буюу 2 ТӨХК-ийн ҮЭХороо 8,500,000 төгрөг, 4 ТӨХК-ийн ҮЭ-ийн хороо 72,000,000 төгрөг, Х ХХК-ийн ҮЭ-ийн хороо 3,000,000 төгргний гишүүний татварыг жилд төлдөг байсан болох нь банкны дансны хуулга, зохигчийн тайлбар, 2022 онд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо нөгөө талаас 2 ТӨХК, Х ХХК-ийн ҮЭ-ийн хороотой байгуулсан Хариуцлага үр дүнгийн гэрээгээр тогтоогдож байна.

4.1.4. Зохигч талуудын хооронд байгуулагдсан Хариуцлага үр дүнгийн гэрээгээр талууд 2022 онд ҮЭ-ийн гишүүний төлөх татварыг тухайн оны 12 дугаар сарын 30-ны дотор төвлөрүүлэхээр тохиролцсон, хариуцагч нар дүрэмд зааснаар Гишүүн байгууллагаас гарах, хасагдах асуудлыг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн холбооны Гүйцэтгэх хуралдааны 2 дугаар тогтоолоор дүрмийн дагуу бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр хойшлуулсан тул МЭны дүрэм, Хариуцлага үр дүнгийн гэрээнд тохиролцсон дүнгээр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Нэхэмжлэгч МЭ нь хариуцагч нараас нийт гишүүний 2022 оны татварт 241,868,651 төгрөг шаардсан боловч талууд дүрмийн 7.2-т зааснаар Хариуцлага үр дүнгийн гэрээгээр тохиролцож татварыг тогтоосон тул хариуцагч Х ХХК-ийн дэргэдэх ҮЭХорооноос 3,000,000 төгрөг, хариуцагч .. хоёрдугаар цахилгаан станцын дэргэдэх ҮЭХорооноос 8,500,000 төгрөг, .. дөрөвдүгээр цахилгаан станцын дэргэдэх ҮЭХорооноос 72,000,000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч МЭнд олгож, нэхэмжлэлээс үлдэх 158,368,651 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

5. Хариуцагч Х ХХК-ийн дэргэдэх ҮЭХороо, .. дөрөвдүгээр цахилгаан станцын дэргэдэх ҮЭХороо нь нэхэмжлэгч МЭнд холбогдуулж МЭны гишүүнээс гарсан болохыг тогтоолгож, МЭнд гишүүнээс хасахыг даалгах сөрөг нэхэмжлэл гаргасанг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Учир нь Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 8, 10 дугаар зүйл, Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 8 дугаар зүйлд Гишүүн байгууллагаас хасах, гарахдаа ҮЭ-ийн хороо нь гишүүнчлэлээс гарах, хороог гишүүнээс хасахад бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, хуралд оролцогчдын гуравны хоёроос доошгүйн саналаар, гишүүн байгууллага нь холбооноос гарахдаа энэ тухайгаа Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэж хүсэлтийг үндэслэн Гүйцэтгэх хорооны хуралдаанаар шийдвэрлэхээр зохицуулсан, СД-н үзлэг хийсэн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэл, хуралдаанаар 2022 оны үйл ажиллагааны тайлан, төсвийн гүйцэтгэл, хяналтын хорооны мэдээлэл салбарын хорооны 2023 оны төсөв батлуулах гэсэн асуудлыг хэлэлцэж, салбар хорооноос гарах тухай хариуцагч нарын хүсэлтийг шийдэхийг түр хойшлуулж 02 тоот тогтоол гаргасан байгаа тул сөрөг нэхэмлэлийн шаардлагыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулж зохигч талуудаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хангасан үнийн дүнгийн хэмжээгээр хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Үйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 7 дугаар зүйлийн 1-т зааснаар хариуцагч Х ХХК-ийн дэргэдэх ҮЭХорооноос 3,000,000 төгрөг, хариуцагч .. хоёрдугаар цахилгаан станцын дэргэдэх ҮЭХорооноос 8,500,000 төгрөг, .. дөрөвдүгээр цахилгаан станцын дэргэдэх ҮЭХорооноос 72,000,000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч МЭнд олгож, нэхэмжлэлээс үлдэх 158,368,651 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлий 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,008,305 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-ийн дэргэдэх ҮЭХорооноос 62,950 төгрөг, хариуцагч .. хоёрдугаар цахилгаан станцын дэргэдэх ҮЭХорооноос 150,950 төгрөг, .. дөрөвдүгээр цахилгаан станцын дэргэдэх ҮЭХорооноос 517,950 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч МЭнд олгосугай.

3. Үйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 7 дугаар зүйлийн 1-т зааснаар нэхэмжлэгч МЭнд холбогдох хариуцагч Х ХХК-ийн дэргэдэх ҮЭХороо, .. дөрөвдүгээр цахилгаан станцын дэргэдэх ҮЭХорооны МЭны гишүүнээс гарсан болохыг тогтоолгож, МЭнд гишүүнээс хасахыг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлий 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА