| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2022/05744/И |
| Дугаар | 102/ШШ2024/00017 |
| Огноо | 2023-12-22 |
| Маргааны төрөл | Зохиогчийн эрхийн тухай хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2024/00017
| 2023 оны 12 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2024/00017 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: АГ ХХК
Хариуцагч: Х
Гэрээний үүрэгт 31,525,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 11 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А, өмгөөлөгч П.Аб, гэрч Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов. /хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч АГ ХХК нь хариуцагч Х-нд холбогдуулж гэрээний үүрэгт 31,525,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг багасгаж 28,925,000 төгрөг шаардсан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч АГ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: АГ ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Х-тай Бүтээл ашиглах болон ашиглуулах зөвшөөрлийн гэрээ байгуулсан. Бүтээлийн нэр ... 2 цуврал нэвтрүүлгийн явагчдын дугаарууд, бүтээл ашиглагч нь өргөн нэвтрүүлгийн суваг, кабелийн суваг, агаарын сувгаар дамжуулан нэвтрүүлэх эрх. Мөн лицензийн үнэ 1 дугаар нь 300,000 төгрөг буюу 4 дугаар нь нийт 1,200,000 төгрөг байхаар заасан. АГ ХХК буюу ...гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Үүний дараа 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр уг гэрээг дахин хийж гэрээний 5-д лиценцийн үнэ 16 дугаар нь 250,000 төгрөг буюу нийт 4,000,000 төгрөг байхаар зааж бусад нөхцөл хэвээр, мөн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр талууд дахин гэрээ байгуулан гэрээний 5-д лицензийн үнэ 1 дугаар нь 300,000 төгрөг буюу 8 дугаар нийт 2,400,000 төгрөг байхаар заасан. 2019 оны 10 дугаар сарын 10-нд талууд мөн өмнө хийж байсан гэрээг дахин байгуулсан бөгөөд гэрээний 5-д лицензийн үнэ 20 дугаар 250,000 төгрөг буюу нийт 5,000,000 төгрөг байхаар заасан. Үүний дараа талууд харилцан тохиролцож 2020 оны 01 дүгээр сарын 01-нд гэрээ дахин байгуулан гэрээний 5-д лицензийн үнэ 1 дугаар 300,000 төгрөг байхаар буюу 7 хоногт 4-5 дугаар гаргах байдлаар зохицуулсан. Өмнө гэрээнд заасан нэвтрүүлгүүд гарсан тул 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дахин гэрээ байгуулан уг гэрээний 5-д лицензийн үнэ 1 дугаар 250,000 төгрөг буюу 20 дугаар 5,000,000 төгрөг байхаар заасан. Дээрх гэрээнүүдэд заасан үүргээ АГ ХХК буюу ...бүрэн биелүүлсэн. Гэрээний нөгөө талын хүсэлтийн дагуу гэрээнд заасан тооноос илүү нэвтрүүлгийг явуулж байсан. Хариуцагч Х дээрх 6 удаа байгуулсан гэрээний 5-д заасан лицензийн үнийг төлөлгүй өр үүсгэсэн. Тухайн үед дахин гэрээ байгуулахдаа удахгүй мөнгийг өгнө гэсэн итгэл найдварыг төрүүлдэг байсан. Х-ийн захирал А.А 2022 оны 05 дугаар сард манай байгууллагад дахин хандан өмнөх өр авлагаа тооцон нийлээд мөнгийг удаахгүй өгнө гэж тооцооны үлдэгдэл баталгаа гэх баримтыг талууд үйлдсэн. Тооцоо нийлсэн баримтаар 29,475,000 төгрөгийн өглөгтэйг хоёр талын нягтлан бодогч нар баталгаажуулсан. Тооцоо нийлсэн баримтыг үндэслэн удахгүй мөнгийг өгнө гээд дахин гэрээ байгуулах саналыг А.А тавьсан тул түүнд итгэж 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээний 1.1-д ...нь даваа, мягмар, лхагва гариг бүрийн 19.30 цагт Х-ын Улаачийн сорил 30 минутын нэвтрүүлгийг өөрийн эфирээр цацах, гэрээний 4.1-д МТ телевиз нь Улаачийн сорил 30 минутын нэвтрүүлгийг нэг дугаарыг 300,000 төгрөгөөр тооцож эфирт нэвтрүүлнэ гэж заасан бөгөөд АГ ХХК буюу ...нь гэрээний дагуу үүргээ биелүүлэн нэвтрүүлгийг гэрээ байгуулсан үеэс эхлүүлэн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл явуулсан бөгөөд Х-ийн захирал А.А нь мөнгөө төлөх боломжгүй өмнөх гэрээнүүдийн мөнгийг ч өгөхгүй гэсэн тул нэвтрүүлгийг зогсоож 2022 оны 08 дугаар сарын 03-нд А.А захиралд албан бичиг хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний үүрэгт хариуцагч 2,050,000 төгрөгийг манайд төлөх болоод байгаа юм. 2018 , 2019 оны гэрээний төлбөрийг тухай бүрд нь төлж ирсэн боловч 2020 оны гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөхгүй өр үүсгэж эхэлсэн. Манайхаас гэрээний төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, нэвтрүүлгийг зогсооно гэхэд хэрэв зогсоовол бид хүмүүстэй харилцаж чадахгүй, санхүүгийн орлогогүй болно, нэвтрүүлэг гарч байж бид мөнгөтэй болох юм гэсэн хүсэлт тавьдаг тул бид нэвтрүүлгийг гэрээнд зааснаас илүү цагаар гаргаж байсан. Манай нягтлан бодогч Б.Э, М.Ү нарын хувийн данс руу шилжүүлсэн төлбөрөө тооцоо нийлсэн актаар хоёр талын нягтлангууд хасаж тооцож эцсийн байдлаар буюу 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар тооцоогоо актаар баталгаажуулсан. Тооцоо нийлснээс хойш нэвтрүүлгийг өөрсдийнх нь хүсэлтээр гаргаж байсан. 2022 оны 06 дугаар сарын 01-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан, уг гэрээний төлбөр 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 2,050,000 төгрөг болсон. Хариуцагч гэрээний төлбөрт 115,525,000 төгрөг төлөхөөс 83,950,000 төгрөг төлсөн. Тооцоо нийлсэн баримтаар 29,475,000 төгрөгний өглөгтэйг баталгаажуулсан. АГ ХХК-наас 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр Х-д 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 29,475,000 төгрөгний үлдэгдэл төлбөртэй байсан ба тооцоо нийлснээс хойш 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар нийт 31,275,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй, төлбөрийг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах тухай албан бичиг хүргүүлсэн. Энэ хугацаанаас хойш 08 дугаар сарын 03-нд 1,300,000 төгрөг, нягтлан М.Үгийн данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн дүнг хасаж гэрээний төлбөрт 28,925,000 төгрөг нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Төлбөрийн эргэн төлөлтийг төлбөр төлөгч Хийн захирал А.А өөрийн хувийн дансаар төлбөрийг цаг тухай бүрт нь шилжүүлдэг байсан. Тухайн төлбөрийг 2018 оны 05 дугаар сарын 19-нөөс 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх гэрээний үүргийн төлбөрийг АГ ХХК-ийн маткетингийн менежер Б.Эийн хувийн данс руу шилжүүлдэг байсан. Мөн түүний дараагаар Б.Э ажлаасаа гарч менежер М.Үгийн данс руу 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гэрээний үүргийн төлбөрийг цаг тухай бүр нь шилжүүлдэг байсан. Учир нь манай үйлчлүүлэгч байгууллага төлбөрөө бүрэн төлж барагдуулсан гэжээ.
3. Нэхэмжлэгчээс 2018 оны 05 дугаар сарын 19, 2018 оны 11 дүгээр сарын 20, 2019 оны 01 дүгээр сарын 01, 2019 оны 10 дугаар сарын 10, 2020 оны 01 дүгээр сарын 01, 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ХНҮТББ-тай Бүтээл ашиглах болон ашиглуулах зөшөөрлийн гэрээ, 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хамтран ажиллах гэрээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хи ТББ-д хүргүүлсэн Зээлийн төлбөр гаргуулах тухай албан бичиг, Авлагын дэлгэрэнгүй тайлан, бэлэн мөнгөний орлогын баримтыг ирүүлсэн.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр АГ ХХК-ийн нягтлан бодогч М.Үгийн эзэмшлийн мобикомын ... дугаартай гар утсаны мессэжэнд үзлэг хийж, гэрчээр М.Үг оролцуулах хүсэлтийг хангаж, Голомт банк, Хаан банк ХХК-наас Аийн дансны хуулгыг баримтаар авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 01, 2020 оны 09 дүгээр сарын 05, 2022 оны 06 дугаар сарын 01-ний гэрээний төлбөрийг нэхэмжилнэ. 2022 оны 05 дугаар сарын 30-нийг дуустал хугацааны төлбөрийг тооцож 29,475,000 төгрөгний өглөгтэй гарсанг баталгаажуулсан. Тооцоо нийлсэн актаас хойш төлсөн төлбөрийг хасаж хариуцагчаас 28,925,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодохойлсон.
3. Хариуцагч нь гэрээний үүргийн төлбөрийг цаг тухайд нь төлсөн. Одоо төлөх төлбөргүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.1. Зохигчийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 19, 2018 оны 11 дүгээр сарын 20, 2019 оны 01 дүгээр сарын 01, 2019 оны 10 дугаар сарын 10, 2020 оны 01 дүгээр сарын 01, 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ХНҮТББ-тай Бүтээл ашиглах болон ашиглуулах зөшөөрлийн гэрээ, 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, ... цуврал нэвтрүүлгийг ТМ телевизийн сувгаар дамжуулан нэвтрүүлэх, гэрээний 5-д лицензийн үнэ 16 дугаар 250,000 төгрөг буюу нийт 4,000,000 төгрөг, 1 дугаар 300,000 төгрөг буюу 8 дугаар 2,400,000 төгрөг , 2020 оны гэрээний 5-д 1 дугаар 250,000 төгрөг буюу 20 дугаар 5,000,000 төгрөг байхаар тохиролцож гэрээ байгуулж, нэхэмжлэгчээс үйлчилгээ үзүүлсэн болох нь тогтоогдож байна.
Гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх болон гэрээний үнийн дүнд талууд маргаагүй.
4.1.2. Хариуцагч Х нь гэрээний төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлөөгүйгээс талууд 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Хи 29,475,000 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан баталж, энэхүү тооцоог бэлнээр тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцож хоёр байгууллагын нягтлан бодогч нар гарын үсэг зурж Тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримтаар баталгаажуулсан боловч хариуцагчаас төлбөрийг төлөөгүй байна.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа гэрээний төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлсөн, одоо төлөх төлбөргүй гэсэн тайлбар ирүүлсэн боловч Тооцоо нийлсэн актаас хойш төлбөр төлөгдөөгүй, төлбөр төлсөн гэдгээ нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.
4.1.3. Шүүх хуралдаанд талуудыг байлцуулж үзлэг хийсэн тэмдэглэлээр АГ ХХК-ийн нягтлан бодогч М.Үгээс Х-ын захирал А.А, ня-бо Н.Т нарын эзэмшлийн гар утас руу 2020 оны 08 сарын 31-нээс 2022 оны 09 сарын 09 хүртэл хугацаанд гэрээний дагуу төлбөрөө төлөх мессэж, захидал илгээж, хариуд нь 550,000, 700,000, 1,000,0000 төгрөг шилжүүлсэн болон төлбөрийг мөнгө орж ирэхээр төлнө, мөнгөгүй болохоор утсаа авч чадсангүй, үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ гэсэн утга бүхий хариу зурвас бичигдсэн, гэрч М.Үгийн мэдүүлгээр гэрээний төлбөр хугацаандаа төлөгдөөгүй, хариуцагч төлбөрийг төлөхийг зөвшөөрч дахин гэрээ байгуулж, нэвтрүүлгийг үргэлжлүүлж байсан, гэрээний үүргийг удаа дараа шаардаж, хариуцагчаас түүний дансанд шилжүүлсэн төлбөрийг бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэж кассанд тушаасан үйл баримт тогтоогдож байна.
5. Хариуцагчийн төлбөрийг төлсөн гэсэн тайлбар баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн гэрээний төлбөр 28,925,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Х-аас 28,925,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч АГ ХХК-нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зохиогчийн Эрхийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасныг баримтлан хариуцагч Х-аас 28,925,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч АГ ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,575 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х-аас 302,575 төгрөг гаргуулж нэхэмжлэгч АГ ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА