Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/050

 

*******од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/596 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр *******од холбогдох эрүүгийн 2014004420428 дугаар хэргийг 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ******* овогт *******ы *******, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар *******,

******* нь 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Заг сумын Залаа-Овоо 4 дүгээр баг 10 дугаар гудамжны 616 тоотод оршин суух *******ы хашаанд иргэн ын зүүн шанаа орчимд гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д зааснаар шүүгдэгч *******од холбогдох хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор ******* бичсэн эсэргүүцэлдээ:

...Шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч дараах эсэргүүцэл бичиж байна. Үүнд: Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/596 дугаартай захирамжид заасан үндэслэлээр урьд нь буюу 2020 оны 12 дугаар сарын 18-нь өдөр тус шүүхийн шүүгчийн 2020/ШЗ/1257 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаасан. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч тус прокурорын газраас бичсэн эсэргүүцлийг Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 20251 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэж 2021/ДШМ/06 дугаартай магадлалаар “...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн хэр хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой байна... Иймд прокурор ын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авсан...” гэжээ. Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэснийг зөрчиж хэргийг прокурорт буцаасан байна.

Иймд шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/596 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж оролцоно. Шүүгчийн захирамж үндэслэлгүй, удаа дараа хэргийг буцааж байгаа, захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр хэргийг буцаана уу гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэргийг буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээнэ үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэг удаж байгаа, шүүгчийн захирамжийг хүчингүй болгоно уу гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд гаргасан Прокурорын эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж үзэхэд:

Mөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоовол зохих зүйлийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоосон, шүүгдэгч ******* 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Заг сумын Залаа-Овоо 4 дүгээр баг 10 дугаар гудамжны 616 тоотод оршин суух *******ы хашаанд иргэн ын зүүн шанаа орчимд гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэлд Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дагуу хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь харьцуулан хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн хэр хэмжээг тооцон эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Манай нөхрийг зодчихлоо гээд цээж рүү цохиод авсан чинь миний баруун шанаа руу цохиод авсан.... Тухайн үед дөнгөж цохисон байсан болохоор хөхрөөгүй байсан. Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөхдөө бодит зургаа барьж байгаад мэдүүлэг өгсөн. Баруун тал руу цохисон нь үнэн...” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан хохирогчийн өөрийнх нь биед үүссэн гэмтлийг харуулсан фото зураг зэргээс дүгнэхэд шүүгдэгч ******* нь хохирогч ын баруун талын шанаа эрүү орчимд цохисон болох нь нотлогдож байхад прокурор яллах дүгнэлтийн гэмт хэргийн товч агуулгад “******* нь....*******ы хашаанд иргэн ын зүүн шанаа орчимд гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-д заасан гэмт хэргийн товч агуулга гэсэн шаардлагыг хангаагүй буюу хохирогч нь “баруун шанаа эрүүнд” цохиулж гэмтэл авсан талаар мэдүүлсээр байтал яллах дүгнэлтэд “зүүн талын шанаа” гэж бичсэн учир хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй...” гэх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1-т “шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээ авна” гэж заасантай нийцэхгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцэхгүй юм.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасныг зөрчиж хэргийг удаа дараа прокурорт буцаасан, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 20251 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ДШМ/06 дугаар магадлалыг биелүүлээгүй зэрэг нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах зорилгод үл нийцнэ.

Иймд Прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/596 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9  дүгээр зүйлийн 1.3 -т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/596 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлан анхан шатны шүүхэд хэргийг очтол хугацаагаар шүүгдэгч *******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР

Л.НЯМДОРЖ