| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 195/2025/2324/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2578 |
| Огноо | 2025-11-17 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Жамьндорж |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2578
2025 11 17 2025/ШЦТ/.............
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,
Улсын яллагч: Б.Жамъяандорж /Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, томилолтоор/,
Шүүгдэгч: Д.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ** овогт Д-н М.А-т холбогдох эрүүгийн 2510023731232 дугаартай хэргийг ** оны ** дугаар сарын **-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
** овогт Д-ын М**(РД:********************),
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Ө нь “…** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** цагийн үед ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” хотхоны ** байрны автомашины зогсоолд байрлуулсан байсан иргэн Н.П-ын “******************” загварын тээврийн хэрэгслийн “Bridgestone” брэндийн 4 дугуйг отверкаар хатгаж хагалан, хохирогч Н.П-д ******* төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Ө нь “…** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** цагийн үед ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” хотхоны ** байрны автомашины зогсоолд байрлуулсан байсан иргэн Н.П-ын “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийн “Bridgestone” брэндийн 4 дугуйг отверкаар хатгаж хагалан, хохирогч Н.П-д 303,912 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М-ын “....маргахгүй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2510023731232 дугаартай хэргээс:
Хохирогч Н.П-ын мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Хохирогч Н.П-ын дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
“Гранд Ассет Валью” ХХК-аас тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
Шинжээч Д.Д-ийн “...Ижил төрлийн хэмжээ загвартай, дугуйнуудын үнийг судлаад ингэхдээ одоогийн үнээс хэрэглэсэн жилийн элэгдэл хорогдлыг хасаж гаргасан болно..” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/,
Яллагдагч Д.Мын мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.М нь “…** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** цагийн үед ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” хотхоны ** байрны автомашины зогсоолд байрлуулсан байсан иргэн Н.П-ын “******************” загварын тээврийн хэрэгслийн “Bridgestone” брэндийн 4 дугуйг отверкаар хатгаж хагалан, хохирогч Н.П-д ******* төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан...” болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох нь хохирогч Н.-П-ын мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/, хохирогч Н.П-ын дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, “Гранд Ассет Валью” ХХК-аас тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 50-51 дүгээр хуудас/, шинжээч Д.Даваахүүгийн мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/, яллагдагч Д.М-ын мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.М-ын “…** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** цагийн үед ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” хотхоны **в байрны автомашины зогсоолд байрлуулсан байсан иргэн Н.П-ын “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийн “Bridgestone” брэндийн 4 дугуйг отверкаар хатгаж хагалан, хохирогч Н.Пүрэвжалд 303,912 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Д.М-ыг энэ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэргийн шинж нь “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” байхыг шаардана.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан устгах гэх ойлголт нь “…эд зүйлс, өмч хөрөнгө биет байдлын хувьд гэмтэж дахин ашиглаж, хэрэглэх боломжгүй болж засаж засварласан боловч анхны байдалд оруулж сэргээх бололцоогүй…” байдлаар илэрдэг бөгөөд шүүгдэгчийн хатгаж цоолсон дугуйг дахин ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул шүүгдэгчийг бусдын эд зүйлийг устгасан гэж дүгнэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Прокуророос, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн нөхцөл байдалд тохирсон гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Н.П-ын эд хөрөнгөд 303,912 /гурван зуун гурван мянга есөн зуун арван хоёр мянга/-н төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэргийн 50-51 дүгээр талд авагдсан 3.3. “Гранд Ассет Валью” ХХК-аас тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.М-ас 303,912 /гурван зуун гурван мянга есөн зуун арван хоёр мянга/-н төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Пүрэвжалд олгож шийдвэрлэлээ.
Хохирогч Н.П нь оношилгооны төлбөр болох 50.000 төгрөгийг шүүхийн шатанд нэхэмжилсэн байх ба энэ төлбөр тооцооны талаар баримтыг хэрэгт хавсаргаагүй байх тул хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Д.Мт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэмт үйлдэл, сэдэл санаа, түүний хувийн байдал, хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй зэрэгт дүгнэлт хийж шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянга төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.М-т оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ер хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч нь түүнд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ** овогт Д-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.М-т оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90/ер/-н хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.
5. Шүүгдэгч Д.М-аас 303,912 /гурван зуун гурван мянга есөн зуун арван хоёр мянга/-н төгрөгийг гаргуулж, хохирогч Н.П-д олгож, хохирогчийн нэхэмжилсэн 50.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ