| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 195/2025/2328/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/22 |
| Огноо | 2025-12-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Батгэрэл |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2026/ШЦТ/22
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхагвацэнд,
улсын яллагч С.Батгэрэл, /СХД/
шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ****** овогт ******ын ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн ****** дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
-Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ****** дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, ****** овогт ******ын ****** /РД:******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ****** нь 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед ****** гэх газар байхдаа хохирогч ****** “машинаа өгч байгаач ахаа, би хот ороод ирье” хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний эзэмшлийн ****** улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг авч явж ****** гэх хүнд 2.200.000 төгрөгийн зээлийн барьцаанд үлдээж хохирогч ******д 19,000,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч: “...шүүгдэгч ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч ******ийн өмгөөлөгч Ж.Батбаяр: “...гэм буруу дээр маргахгүй, хохирол төлөгдсөн байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууриас оролцоно” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч д холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд:
Шүүгдэгч нь 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед ****** гэх газар байхдаа аавынхаа эгчийн нөхөр болох хохирогч ****** “машинаа өгч байгаач ахаа, би хот ороод ирье” хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний эзэмшлийн ****** улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг авч яван ******од 3.100.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, ******д 19,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ****** дээр хамаатны дүүдээ машинаа өгч явуултал хүнд барьцаалан зээл авсан” гэх (хавтаст хэргийн 6-7 дахь тал),
2. Хохирогч ******ийн: “...2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ******т манай эхнэрийн дүү ******ынх Төв аймгийн Лүн сумаас нүүж ирсэн. Тэгээд тэднийд наадам болж байсан болохоор манай хамаатны ах дүү нар бөөнөөрөө өглөө 10 цагийн үед зочилж очсон ба тэдний хүү ****** 15 цагийн үед “машинаа өгч байгаач ахаа, би хот ороод ирье” гэж хэлээд миний машиныг ****** гэх газраас аваад явсан юм. Тэрнээс хойш 21 цагийн үед ****** рүү залгахад утсаа авахгүй байсан, тэгээд би машингүй болсон болохоор хамаатны хүний машинд суугаад хот орж ирсэн. Тэр өдрөөс хойш одоог хүртэл утсаа авахгүй ямар ч холбоо барьж чадахгүй байгаа, мөн аав ээжтэйгээ холбоо барихгүй байгаа талаар мэдсэн. Тэгсэн ****** гэдэг хүн залгаад машин чинь надад байгаа, ****** гэдэг хүн энэ машиныг барьцаанд тавиад 3.000.000 төгрөг надаас зээлсэн гэж хэлсэн, одоо ****** гэдэг хүн дээр байгаа. Миний учирсан хохирлыг барагдуулж өгнө үү .... ****** надаас машиныг маань авахад аав ээж нь, бид нар хамаатан саднаараа бүгдээрээ байсан. Надад машиныг минь буцааж өгөөгүй. ББСБ-н нэр дээр байдаг, би ББСБ-р авч байсан юм” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, 73-74 дэх тал),
3. Иргэний нэхэмжлэгч ******ын: “...Би цахим орчимд ашигтай бизнес хамтрагч хайж байна гэсэн группэд байдаг юм. Тухайн группээр ******тэй холбогдож “ямар бизнесийн санаа байна, ямар зүйл дээр хамтрах гээд байна” гэсэн чинь “******т наадмаар хуушуур, шарсан тахиа хийж зарах гэж байгаа тэр дээр хамтаръя” гэхээр нь би тэр талаар сайн мэдэхгүй болохоор татгалзсан. Тэгсэн чинь намайг “мөнгө зээлээч” гэхээр нь би мөнгө зээлэхгүй гэсэн чинь ****** “эхнэртэйгээ хамт хийлгэж байсан хурган дотортой хос дээл байгаа энийг барьцаалаад хэдэн төгрөг зээлээч” гэсэн юм. Тэгээд би боломжгүй талаараа хэлэхэд “дүү нь одоо юмаа эхлэх гэсэн чинь мөнгөгүй болчихлоо, та туслаач” гэхээр нь би чадахгүй талаараа хэлсэн чинь хэсэг алга болсон. Тэгээд хэд хоногийн дараа надтай холбогдоод “ахаа та хотод байна уу нэг хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч” гээд шалаад байсан. Тэгээд би үгүй гэж байсан чинь “дүү нь нэг хоногийн хугацаатай юм чинь машинаа барьцаанд үлдээе” гээд шалаад гуйгаад болохгүй болохоор нь зөвшөөрсөн. Тэгээд 2025 оны 07 дугаар сарын 14-ний орой манай гэрийг заалгаад ирж машинаа үлдээгээд 2.200.000 төгрөг зээлээд аваад явсан. Тэгээд нэг өдрийн дараа нь би “мөнгө яасан бэ” гэхэд “хүнээс юм авах гэж байна, тэгээд мөнгийг чинь өгнө одоохон” гээд байсан юм. Тэгээд байж байснаа надтай холбогдоод “ахаа таны мөнгийг өгөх гээд зээл авах гэсэн чинь зээлээ хааж байж авах юм байна, та нэмээд 1.500.000 төгрөг зээлээч” гэхээр нь би надаа 900.000 төгрөг байгаа талаараа хэлэхэд “та наад 900.000 төгрөгөө өгчих ахаа, дүү нь зээлээ дараад мөнгийг чинь өгье” гэж хэлээд таг болсон. Тэрнээс хойш алга болчихоор нь машины шилэн дээр байсан дугаар руу холбогдоход /дугаарыг нь санахгүй байна/ энэ ****** гэж хүн танай юу вэ гэж асуухад танихгүй гээд халгаахгүй байсан, тэгээд угаасаа авахгүй байгаад байхаар нь өөр утаснаас тухайн утас руу нь залгаж “машинаа холдуулаад өгөөч, гарах гэсэн юм” гэсэн чинь “наад машин чинь хаана байна, дүүдээ өгөөд явуулсан юм, хаана байгааг нь мэддэггүй” гэхээр нь ******гийн талаар ярилцсан чинь мөнгийг маань төлөөд машинаа авна гэж байснаа надтай ирж уулзаад “******тэй эхлээд уулзаад ярилцаж байгаад больё” гээд буцаад яваад өгсөн. Тэрнээс хойш сураггүй байж байгаад хэд хоногийн дараа над руу залгаад “машинаа авъя, чи хаана байна” гэхээр нь ******г асуухад “хаана байгааг нь мэдэхгүй байна, машинаа авна” гэхээр нь би өгч явуулаагүй юм. Тэгээд маргалдаж байгаад яваад өгсөн. Тэгээд тухайн хүмүүс цагдаад хандана гэхээр нь тэг тэг гэж хэлсэн чинь цагдаад хандсан байсан. Надад одоо нийт 3.100.000 төгрөгийн хохирол учирсан. Би мөнгөнийхөө хүүг бас бодож нэхэмжилмээр байна. Миний ярьсан зүйл бүгд үнэн, энэ хүмүүс хамтарч луйвар хийдэг хүмүүс гэж бодож байна, энэ хүмүүс нийлж намайг хохироосон. ****** манай гэрт нэг л удаа ирсэн, нөгөө машины эзэн гээд байгаа хүмүүс манайхыг мэдэхгүй ирж байгаагүй байж машинаа авна гээд манайд хүрээд ирсэн байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал ),
4. “Ашид Билгүүн” ХХК-ний 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ****** дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...****** улсын дугаартай приус 30 маркийн автомашиныг 19,000,000 төгрөг...” гэх (хавтаст хэргийн 32-34 дэх тал ),
5. ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа : “Ганчимэгийн ******ийн нэр дээр бүртгэлтэй” гэх (хавтаст хэргийн 39 дэх тал ),
6. Шүүгдэгч гийн: “…Би ****** улсын дугаартай приүс 30 маркийн тээврийн хэрэгсэл нь манай хадам ах ******ийн нэрээр банк бус санхүүгийн байгууллага дээр байдаг машин байгаа юм. Тухайн машиныг манай аав ээж хоёр унадаг. Зээлийг нь хэн төлдөг талаар мэдэхгүй байна. Би тухайн үед ******т наадмын үеэр хуушуур хийж зарах гээд ****** дээр байсан юм. 2025 оны 07 дугаар сарын 13-ны орой би өмнө зөндөө газар зээл тавьчихсан байсан бөгөөд тухайн өдөр зээл авсан газруудаас мөнгө нэхэгдээд болохгүй болохоор нь мөнгө хэрэг болоод манай аав болох ******ын зуслан буюу Хүй долоон худгийн цагаан хөтлөөс ****** улсын дугаартай машиныг барьцаанд тавьж зээл авах зорилгоор гэрийнхэндээ хот орчхоод ирье гэж хэлээд аваад явсан юм. Тэгээд би ****** гэх хүнтэй фейсбүүк зар дээрээс барьцаатай зээл олгоно гэсэн зараар холбогдож танилцаад тухайн машиныг 2025 оны 07 дугаар сарын 14-ний 00 цаг 10 минутын үед Монелын тэр хавьд очиж уулзаад 10 хувийн хүүтэй буцааж өгөхөөр тохиролцоод нэг өдрийн хугацаатай 2.200.000 төгрөгийн зээл аваад машинаа барьцаанд үлдээгээд ******тоотод байх аавынхаа гэртээ очсон. Би хэн нэгэн хүнээс авч яваагүй, машин авах гээд байшинд ороход гэрийнхэн бүгд байсан, тэгээд би хот орчхоод ирье гэж хэлээд аваад явсан. Тухайн тээврийн хэрэгсэл ****** буюу манай хадам ахын машин байгаа юм. Манай гэрт аав ****** ээж ****** дүү ******, ****** нар байсан, өөр хүн байгаагүй. Тухайн 2.200.000 төгрөгийг би 1.900.000 төгрөгийг зээлтэй байсан хүндээ өгсөн. Үлдсэн 300.000 төгрөгөөр хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Би тухайн машинаа хаана байгаа талаар мэдэхгүй байна, барьцаалсан хүний гэрт байгаа гэж бодож байна. Мөнгийг нь өгч буцааж авч чадаагүй байна.... ****** улсын дугаартай машиныг надад мөнгө хэрэг болоод барьцаанд тавьж зээл авах гээд авч явсан. Би ****** ахын машиныг нь өгөөгүй байгаа. ****** гэх хүнээс авсан мөнгөө бас өгөөгүй байгаа. Машин болон мөнгийг өгнө. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би аль болох хурдан хохирлыг нь барагдуулна…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24, 62-63 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хохирогчийн эд хөрөнгийг болон эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авахын тулд аливаа арга хэрэгслээр буюу худал үг яриа болон үйлдлээрээ хуурах, итгүүлэх зэрэг үйлдлийг итгэл үнэмшилтэй хийснээр хохирогч нь залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгснөөр хэргийн бүрдэл төгсдөг онцлогтой юм.
Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхээр ах дүүс, хамаатан садан нь иргэн н.******ын гэрт цугларч тэмдэглэсэн байх бөгөөд тухайн үед иргэн н.******ын хүү нь иргэн ****** ****** улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийг хэрэгслийг түр хэрэглэхээр авсан байх боловч хохирогчид буцаан өгөлгүй цааш нь бусдын барьцаанд тавьж зээлж авсан мөнгөө өөрийн өр төлбөрт өгч барагдуулсан нь хохирогч ****** болон иргэний нэхэмжлэгч ****** нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.
Хохирогч ******ийн мэдүүлгээс үзвэл, тэрээр шүүгдэгч гийн “хот ороод ирье, машинаа түр хэрэглүүлээч” гэсэн үгэнд итгэж өөрийн эзэмшлийн тээврийн хэрэглээ өгч явуулсан байх атал шүүгдэгч нь анхнаасаа буцаан өгөх зорилго агуулаагүй болох нь түүний хийсэн тээврийн хэрэгслийг авсан даруй бусдын барьцаанд тавьж зээл авсан үйлдлээр илэрч байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь амар аргаар мөнгө олох зорилготойгоор хохирогч ****** тээврийн хэрэгслийг нь худал хэлэн авч явсан, буцаан өгөх бодолгүй байсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч нь хохирогчоос эд зүйлийг авснаар тухайн гэмт хэрэг төгссөн шинжтэй байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэсэн хэргийн зүйлчлэл нь шүүгдэгч гийн гэм бурууд тохирсон гэж дүгнэн шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болохыг дурдав.
Хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******д нийт 19.000.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ****** нь иргэний нэхэмжлэгчид 3.100.000 төгрөгийг төлж, өөрийн тээврийн хэрэгслийг буцаан авсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэг дээр шүүгдэгч ******гээс 3100.000 төгрөгийг хохирогч ******д төлсөн талаарх хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг гаргаж өгсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч д 2 жилийн хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад газар зорчихгүй байх үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай...” дүгнэлтийг,
Шүүгдэгч ******гийн өмгөөлөгч Ж.Батбаяр нь “...Прокурорын гаргасан санал дээр маргах зүйлгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, амар хялбар байдлаар мөнгө олох гэсэн түүний үйлдлийн арга, сэдэлт, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал /...урьд нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт удаа дараа ял шийтгэгдсэн/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгч д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч ****** нь 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 34 хоног цагдан хоригдсон байх тул түүнд энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасаж, үлдсэн 1 жил 4 сар 26 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр байна.
Шүүгдэгч ****** өмнө нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, шүүгдэгч нь уг ялыг биелүүлээгүй талаар мэдүүлсэн. (шүүх хуралдааны тэмдэглэл)
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан.
Иймээс шүүгдэгч д энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 4 сар 26 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болон өмнөх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт ******ын ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар д 1 (нэг) жил 6 (зургаан) сарын хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч гийн цагдан хоригдсон 34 (гучин дөрөв) хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон 34 (гучин дөрөв) хоногийг хасаж, эдлэх ялыг 1 (нэг) жил 4 (дөрвөн) сар 26 (хорин зургаан) хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч д энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 4 сар 26 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял, өмнөх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ