| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/03619/И |
| Дугаар | 181/ШШ2023/04007 |
| Огноо | 2023-12-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2023/04007
| 2023 12 12 | 181/ШШ2023/04007 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин байрлах, Ө ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... тоот хаягт оршин суух, Б овогт Өийн У /РД: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг 750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сумъяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.
/Хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг нэхэмжлэгчийн төлөөлөгч гаргасны дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ө ХХК, хариуцагч Ө.Уас 750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Ө ХХК нь БНСУ-аас “Апил” брэндийн бидэ оруулж борлуулдаг юм. Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 229 байр, 104 тоотод оршин суух Ө овогтой У нь манай компаниас 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тус бүр нь 710,000 төгрөгийн үнэтэй бидэ худалдаж аваад (Гэрээ хийж) урьдчилгааны 210,000 төгрөг төлсөн ба гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, үлдэгдэл төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн.
Иймд Ө.Уас бидэний үнэ 500,000 төгрөг, гэрээний дагуу алданги хуульд зааснаар тооцож 250,000 төгрөг, нийт 750,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Манай компанийн нэхэмжилсэн 750,000 төгрөгийг Ө овогтой Уас гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч Ө.Уд 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариу тайлбараа шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд шүүх хуралдааны тов мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.
3.Хэрэгт цугларсан нотлох баримтууд:
3.1.Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамжид 22,550 төгрөг төлсөн баримт, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримт, Ө ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.Сумъяа, Б.Мөнхбаяр нарт олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.
3.2.Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Ө.Уд холбогдуулан 750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
5.Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
6.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
Үүнд: 201 оны 6 дугаар сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 710,000 төгрөгийн үнэтэй, Апил брэндийн бидэ /суултуур/ худалдаж аваад урьдчилгаа 210,000 төгрөг төлсөн ба гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, үлдэгдэл төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн тул гэрээний төлөгдөөгүй төлбөр 500,000 төгрөг, алданги 250,000 төгрөг, нийт 750,000 төгрөгийг шаардах эрхтэй гэжээ.
7.Хариуцагч Ө.У 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд зааснаар хариу тайлбар, холбогдох баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүх хуралдааны тов мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгч түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй., 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасанд нийцүүлэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
8.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Ө.У нь нэхэмжлэгч Ө ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Applebidet загварын, 750,000 төгрөгийн үнэтэй /бидэ/ суултуурыг урьдчилгаа төлбөрт 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 210,000 төгрөгийг төлж, 2021.07.25-ны өдөр 125,000 төгрөг, 2021.08.25-ны өдөр 125,000 төгрөг, 2023.09.25-ны өдөр 125,000 төгрөг, 2023.10.25-ны өдөр 125,000 төгрөгийг төлж дуусгахаар харилцан тохиролцжээ./хх-3-4/
9.Худалдагч буюу Ө ХХК-ийн зүгээс БНСУлсад үйлдвэрлэсэн, Applebidet загварын, 750,000 төгрөгийн үнэтэй /бидэ/ суултуурыг худалдан авагч буюу Ө.Уд худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсны дараа ямар нэгэн үйлдвэрийн гэмтэл согоггүй барааг заасан газарт нь хүргэж угсарч өгөх, худалдан авагч тал барааг хувийн, гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэх бөгөөд түүний бүрэн бүтэн байдлыг төлбөрийг бүрэн гүйцэд төлж, барагдуултал хариуцах, барааны үнийг төлөх графикт хугацаанд төлж дуусгах үүргийг талууд тус тус хүлээсэн байна.
10.Ийнхүү гэрээнд заасны дагуу Ө ХХК нь Applebidet загварын, 750,000 төгрөгийн үнэтэй /бидэ/ суултуурыг Ө.Уд хүлээлгэн өгч, угсарч өгсөн, урьдчилгаа 210,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 110,000 төгрөг болон 100,000 төгрөгөөр хоёр удаагийн гүйлгээгээр хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн үйл баримт тогтоогдож байна./хх-5/
11.Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалттай нийцсэн байна. Дээрх гэрээний дагуу хариуцагч талаас нэхэмжлэгч талд нийлүүлсэн барааны үнэд 210,000 төгрөгийг төлсөн, үлдэх 500,000 төгрөгийг төлөөгүй талаар хариуцагч Ө.Уянгыг маргаагүй гэж шүүх үзлээ.
12.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд худалдан авагч Ө.У гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдагч Ө ХХК нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ биелүүлэхийг худалдан авагч буюу хариуцагч Ө.Уас шаардах эрхтэй байна.
13.Нэхэмжлэгч нь гэрээний 4.4-т “Тохиролцсон хугацаанд төлбөрөө хийгээгүй тохиолдолд хоног тутамд 0,5%-ийн алданги тооцно” гэж заасны дагуу алдангийг төлөгдөөгүй үүрэг 750,000 төгрөгийн тавин хувь 250,000 төгрөгийг шаардаж буй шаардлага нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцэж байна.
14.Иймээс, хариуцагч Ө.Уас гэрээний төлбөрт 750,000 /500,000+250,000/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө ХХК-д олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
15.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу 750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 22,550 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,550 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул улсын тэмдэгтийн хураамж 22,550 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Уас 750,000 /долоон зуун тавин мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,550 /хорин хоёр мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ө.Уас 22,550 /хорин хоёр мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ