Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 37

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.Төрболд Шүүгдэгч Д.Баянмөнх Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Д.Баянмөнхөд холбогдох 201713000022 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багт оршин суудаг, мал малладаг, хэрэг хариуцах чадвартай, Балган овгийн Дамдинсүрэнгийн Баянмөнх. Регистрийн дугаар:ИЭ84032816

Шүүгдэгч Д.Баянмөнх нь Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Баянмөнх нь 2017 оны 02 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Яруу сумын Хэц-Улаан багийн нутаг Барзангийн товгор гэдэг газраас хохирогч А.Чинбатын адуунаас шар хээр морь, цагаан өсгийтэй хар морь буюу 2 адуу хулгайлсан болох нь хохирогчийн “...манай 2 азаргатай нийт 110 орчим тооны адуу Завхан аймгийн Яруу сумын Хэц-Улаан багийн Барзангийн товгор гэдэг газар байсан. Манай адууг хариулдаг Өлзийбаатар гэдэг залуу 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр адуугаа үзэхэд цөм бүрэн байсан гэсэн. Маргааш буюу 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Өлзийбаатар адуугаа үзэхэд хүрэн азаргатай адуу Барзангийн товгорын тэр орчим буюу Улаан дэлийн тэнд байсан гэсэн. Адуугаа бүртгэж үзэхэд хүрэн азаргатай адуунаас шар хээр зүсмийн 1 тооны морь алга болсон байсан гэсэн. Тэгээд надад хэлэхээр нь би тэр морио хайхаар маргааш нь өөрийнхөө микро машинтай Яруу сумын бэлчээрлэдэг газруудаар хайгаад Алдархаан сумын нутаг Сээр, Алагийн ар, баруун хойд тал, Сайрын дөрөлжийн ар, Ханын худаг гэх мэт газруудаар хайж явсан боловч олоогүй. Тэгээд хонгор халзан азаргатай адуугаа Улаан дэлийн ар гэдэг газар байхаар нь очоод адуугаа бүртгэсэн чинь дотроос нь цагаан өсгийтэй хар морь бас алга болсон байсан. Миний алдсан морьд шар хээр зүсмийн 2 гуяндаа гүл шар тамгатай 10 настай, нөгөөдөх өсгий цагаан хар зүсмийн морь мөн 2 гуяндаа гүл шар тамгатай миний уналгын хайртай морьд байсан. Ямар нэгэн өндөр ашиг шим, жороо явдалгүй, уяж сойдоггүй, хурдан морьд биш байсан, Хол явахдаа унадаг номхон том биетэй хүч сайтай, тарган, зарж үрэхээргүй морьд байсан..” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Өлзийбаатарын “...би А.Чинбатын адууг 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 03 дугаар сар хүртэл малласан. Шар хээр морь нь жижиг хүрэн азаргатай адуунд, өсгий цагаан хар морь нь хонгор халзан азаргатай адуунд байдаг байсан... 2017 оны 02 дугаар сарын 13-нд Алдархаан сумын Аргалант багийн нутаг Шоовдор гэх газарт байхад тууж ирэх замдаа тоолж зүсээр тулгахад жижиг хүрэн азаргатай адуунаас шар хээр морь, хонгор халзан азаргатай адуунаас өсгий цагаан хар морь байхгүй байхаар нь тэр хавиар хайгаад олоогүй болохоор маргааш буюу 2017 оны 02 дугаар сарын 14-нд Чинбат ахад утсаар нь хэлсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч хар морийг нь нядалж хүнсэндээ хэрэглэн толгой, 4 шийрийг нь өвөлжөөнийхээ амбаарт хийснийг хураан авсан тэмдэглэл болон хэргийн бусад нөхцөл байдлаар нотлогдож байна. Хохирогчийн хулгайд алдагдсан 2 адууны үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр Д.Баянмөнхийн үйлдлийн улмаас хохирогч А.Чинбатад 1400000 төгрөгний хохирол учирсан болох нь тогтоогджээ. Түүнчлэн шүүгдэгч Д.Баянмөнх үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж гэм буруугийн талаар маргаагүй болно. Иймд түүнийг бусдын 2 адууг хулгайлж бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч Д.Баянмөнхийг яллагдагчаар татах тогтоолыг баталж шүүхэд шилжүүлэх үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд ”хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял” шийтгэхээр заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /хулгайлах гэмт хэрэг/-т ”хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна. Ийнхүү шинэ эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заагдаагүй нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах шинэ ял болон хорих ял шийтгэхээр зааж ял шийтгэлийг хүндрүүлсэн байна. Иймд шүүгдэгч Д.Баянмөнхөд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжгүй учир түүний үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар шийдвэрлэх үндэстэй. Шүүгдэгч Д.Баянмөнхийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна. Мөн Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй учир хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр шүүгдэгч Д.Баянмөнхөд холбогдох Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хохирогч А.Чинбат нь хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон хор уршигт нийт 2050000 төгрөг нэхэмжилж байсан бөгөөд шүүхийн шатанд нэмж тус бүр нь 56700 төгрөгний 2 ширхэг баримт гаргаж өгсөн боловч шүүгдэгчээс хохирлоо бүрэн төлүүлж авсан, одоо гомдол саналгүй гэдгээ өмнөх шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.8, 1.9 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Балган овогт Дамдинсүрэнгийн Баянмөнхийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Баянмөнхийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Д.Баянмөнхөд өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Д.Баянмөнх нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар зүсмийн адууны толгой, 4 шийрийг устгаж, хүрэн өнгийн эмжээртэй хар хоргой дэвстэй, шар өнгийн 3 ширхэг даруулгатай, 2 төмөр дөрөөтэй, урагдаж хуучирсан хар өнгийн хуучин булигааран гөлөмтэй, даавуун оломтой, сүлжмэл суран жирэмтэй монго эмээл 1 ширхэг, ногоон мяндсан жолоотой хазаар 1 ширхэг, суран ногт 1 ширхэг, 5 метр урттай саарал өнгийн мяндсан бугуйл 1 ширхэгийг тус тус шүүгдэгч Д.Баянмөнхөд буцаан олгосугай.

6. Шүүгдэгч Д.Баянмөнхийн өмчлөлийн 5000000 төгрөгийн үнэлгээтэй, хурдан удмын гэх хээр зүсмийн морийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны покурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ            Д.НЯМ