Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/051

 

Л.Батхуягт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ц.Сүхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр

Шүүгдэгч Л.Батхуяг

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/589 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр Л.Батхуягт холбогдох эрүүгийн 2114000000101 дүгээр хэргийг 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Шош овогт Лхасүрэнгийн Батхуяг, 1улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ВЙ87040116

Л.Батхуяг нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 4 дүгээр багийн нутагт 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэн А.Мөнхтогтохыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Л.Батхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д зааснаар шүүгдэгч Л.Батхуягт холбогдох хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Л.Батхуягт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Орлогч прокурор Ц.Сүхбат тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/589 дугаартай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэрт заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлийн тухайд:

1. Шүүгчийн захирамжид “...шүүгдэгч нь хохирогчийг хацрын зүүн хэсэгт 1 удаа алгадсан нь тогтоогдсон байна...” гэж дүгнэн гэрч Н.Сайханбаяр, Б.Оюунгэрэл, гэрч Ө.Дэлгэрсайхан нарын өгсөн мэдүүлгийг дурдаж, өөр ямар нэгэн баримтад үндэслэлгүйгээр, бусад баримтуудыг няцаалгүйгээр прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальж дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан анхны шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчжээ.

Шүүхээс шүүгдэгч нь хохирогчийг хацрын зүүн хэсэгт 1 удаа алгадсан нь тогтоогдсон байна гэж дүгнэхдээ дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг иш татсан бөгөөд нотлох баримт бүрийн доор харгалзах дүгнэлтүүдийг хийе. Үүнд:

1.1 Гэрч Н.Сайханбаярын “...тэжээл буулгалцаад дуусаж байхад нярав Мөнхтогтох согтуу ирсэн. Тэгтэл тамгын газрын дарга А.Мөнхтогтох дээр очоод “ажлын өдөр, ажил ихтэй, дарга цэрэггүй ажиллаж байхад архи уулаа” гэдэг шаардлага тавьж байсан. Тэгж байгаад тамгын газрын дарга нярав Мөнхтогтохыг 1 удаа алгадсан... Миний харснаар тамгын газрын дарга Л.Батхуяг нярав Мөнхтогтохын зүүн талын хацар хэсэгт 1 удаа алгадсан...” гэх мэдүүлэг,

Дээрх Н.Сайханбаярын мэдүүлгээс Н.Сайханбаяр нь маргаан юунаас болсон, өөрийнх нь харснаар ямар үйл баримт болсныг өөрийн зогсож байсан, харж байсан өнцгөөс мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл “Миний харснаар” гэх өөрийнх нь тодотгож хэлснээс өөрөөр буюу өөрийнх нь хараагүй байхад юу болсон талаар мэдүүлээгүй байхад түүний мэдүүлгээр 1 л удаа зүүн хацарт нь цохисон гэж дүгнэх нь өрөөсгөл юм. Түүнчлэн хохирогч, шүүгдэгч нар нь 1-с илүү удаа цохисон талаар хэн аль нь мэдүүлснээс гэрчийн мэдүүлэг зөрж байна.

1.2. Гэрч Б.Оюунгэрэлийн “Намайг машинаас бууж байхад тамгын газрын дарга Л.Батхуяг нярав А.Мөнхтогтохын зүүн талын хацар хэсэгт 1 удаа алгадсан" гэх мэдүүлэг.

Дээрх Б.Оюунгэрэлийн мэдүүлгээс Б.Оюунгэрэл нь өөрөө машинаас бууж байсан, яг тэр уед нь Л.Батхуяг нярав А.Мөнхтогтохыг 1 удаа алгадаж байсан талаар өөрийнх нь харснаар ямар үйл баримт болсныг өөрийн машинаас буух үедээ харж байсан енцгеөс мэдүүлсэн байна. Өереөр хэлбэл “Машинаас буух үед” гэх өөрийнх нь тодотгож хэлснээр өөрийнх нь идэвхтэй үйлдэл хийж бусдын зодооныг тасралтгүй харсан мэт түүний мэдүүлгээр 1 л удаа зүүн хацарт нь цохисон гэж дүгнэх нь өрөөсгөл юм.

Түүнчлэн хохирогч, шүүгдэгч нар нь 1-с илүү удаа цохисон талаар хэн аль нь мэдүүлснээс гэрчийн мэдүүлэг зөрж байна.

1.3. Гэрч Ө.Дэлгэрсайханы “тамгын газрын дарга Л.Батхуяг нярав А.Мөнхтогтох нар машины цаана хоорондоо маргалдаад байгаа бололтой зогсож байсан. Би тэр үед тэжээл буулгаад юу болсныг анзаараагүй... тэгээд дараа нь сонссон тамгын дарга нярвыг нэг цохисон гэж сонссон юм” гэх мэдүүлэг.

Дээрх Ө.Дэлгэрсайханы мэдүүлгээс юу болсныг хараагүй бусдын амнаас сонссон мэдүүлгээр 1 л удаа зүүн хацарт нь цохисон гэж дүгнэх нь өрөөсгөл юм.

1.4. Гэрч Ө.Дэлгэрсайханы “...Тэгээд удалгүй тамгын газрын даргатай маргалдаж байгаа бололтой машины цаана харагдсан, миний хувьд хэрүүл маргаан болоход нь хажууд нь байгаагүй болохоор хэн нь хэнийгээ хаана нь хэдэн удаа цохисон... талаар мэдэхгүй байна. Тухайн үед Мөнхтогтохын нүүрэнд хавдсан хөхөрсөн зүйл байгаагүй зүгээр байсан” гэх мэдүүлэг.

Дээрх Ө.Дэлгэрсайханы мэдүүлгээс зодооныг огт хараагүй талаар мэдүүлсэн байхад уг мэдүүлгийг үндэслэж 1 л удаа зүүн хацарт нь цохисон гэж дүгнэх нь өрөөсгөл юм. Дээрх 4 мэдүүлгийг үндэслэж шүүгдэгч нь хохирогчийн зүүн хацарт 1 удаа цохисон нь тогтоогдож байна гэх шүүгчийн дүгнэлт нь үндэслэлгүй байна. Иш татсан 4 мэдүүлгийн 2 нь зодоон болохыг хараагүй, бусдаас сонссон, 2 нь миний харснаар, машинаас буух үед гэх мэтчилэн хэргийн үйл баримтыг бүрэн бүтэн харж чадаагүйгээгээ тодотгосон бөгөөд хохирогч, шүүгдэгч хэн аль нь нэгээс илүү цохисон талаар мэдүүлсээр байхад шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэснийг зөрчиж, хэргийн үйл баримтыг бүрэн харж мэдүүлсэн мэдүүлгүүдийг ямар баримтаар яаж үгүйсгэж байгаа . нь тодорхойгүйгээр өнгөц дүгнэлт хийсэн нь хууль зөрчсөн байна.

2. Шүүгчийн захирамжид “гэрч Ө.Дэлгэрсайханы мэдүүлэг зөрүүтэй өөрөөр хэлбэл эхлээд “юу болсныг анзаараагүй” дараа нь “Мөнхтогтохын нүүрэнд хөхөрсөн зүйл байгаагүй зүгээр байсан” гэж эрс зөрүүтэй өгсөн мэдүүлгийн зөрүүг арилгаагүй байна” гэжээ. Гэтэл Ө.Дэлгэрсайханы 2 удаа өгсөн мэдүүлгээр машины цаана маргаан болсон, зодолдож байхыг нь хараагүй талаар мэдүүлсэн байхад Ө.Дэлгэрсайхан руу чиглэсэн хэрэгт огт ач холбогдолгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй юм.

Түүнчлэн Ө.Дэлгэрсайханы мэдүүлэг зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь зодооны талаар юу болсныг анзаараагүй гэж зодолдох үеийн байдлыг, зодолдохоос өмнө Мөнхтогтохын нүүрэнд хөхөрсөн зүйл байгаагүй зүгээр байсан гэж зодооны өмнөх үеийн байдлын талаар мэдүүлсэн байхад 2 өөр цаг хугацаан дахь үйл баримтыг 1 болгож хооронд нь эрс зөрүүтэй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. #*

Хоёр. Шүүхийн шийдвэрт заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлийн талаар

2.1. Шүүгчийн захирамжид “2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 177 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. А.Мөнхтогтохын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. А.Мөнхтогтоход учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Шинжээч эмчийн үзлэг болон фото зургаар тодорхойлогдож байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй” гэсэн атлаа “Хамар, хацар хэсэгт цохиулснаас болж хамраас цус гарах боломжтой. Дараа нь нүдэнд нөлөөлж, нүд хавдах, хөхрөх гэмтэх боломжгүй” гэж эргэлзээтэй дүгнэлт гаргасан нь хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл зүүн нүдний цус хуралт гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн атлаа хамар хацар хэсэгт цохиулснаас болж хамраас цус гарах боломжтой харин нүд хавдах, хөхрөх гэмтэх боломжгүй гэж дүгнэсэн нь хохирогчийн зүүн нүдэнд хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж дүгнэсэн дүгнэлтээ үгүйсгэсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүхээс шинжээчийн дүгнэлтийн утга санааг ойлгоогүй байна гэж үзлээ.

Шинжээчийн дүгнэлтээр “зүүн нүдний цус хуралт гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна гэсэн атлаа хамар хацар хэсэгт цохиулснаас болж хамраас цус гарах боломжтой, харин нүд хавдах, хөхрөх гэмтэл учрах боломжгүй” гэж дүгнэсэн нь хамар луу цохиулснаас нүдний гэмтэл учраагүй, харин нүд рүү тусдаа цохисон гэж ойлгогдохоор байна. Шүүгдэгч Л.Батхуяг нь өөрөө хамар луу нь 2 цохисон гэж мэдүүлдэг тул хамарнаас үүдэлтэй гэмтэл нүдэнд нөлөөлөх боломжтой эсэхийг шүүх шинжилгээнээс тодруулсан болно.

Шүүгдэгч Л.Батхуяг нь хохирогчийн хамарнаас гадна нүд рүү цохисон болох нь:

Хохирогч А.Мөнхтогтохын “...тамгын газрын дарга Л.Батхуяг... хамар луу, нүд рүү цохитол хамраас цус гарахаар нь тонгойход гэдэс рүү 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 14-18, 178-181 дугаар тал/,

Гэрч А.Мөнхзаяагийн “ 2021 оны 03 сарын 11-ний өдөр хөдөө гэрээсээ 17 цагийн үед ирэхэд манай төрсөн ах А.Мөнхтогтох гэртээ зүүн талын нүд тойроод хөхөрсөн, доод зовхи нь хавдсан байхаар нь юу болсон талаар асуухад ямар нэг зүйл хэлээгүй. 2021 оны 03 сарын 11-ний өдөр хөдөө гэртээ байхад сумын төвөөс А.Мөнхзолбоо ах эхнэр Аптанчимэгтэй ирээд эхнэр нь А.Мөнхтогтох ахыг тамгын газрын дарга Л.Батхуяг элэг рүү нь цохиод нүд рүү цохисон талаар хэлж байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Буянхишигийн “ 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 17 цагийн үед өвсний фонд дээр машин дээрээс тэжээл буулгаад байж байхад А.Мөнхтогтох ирсэн зогсож байсан. Тэгтэл тамгын газрын дарга Л.Батхуяг очоод ажлын цагаар архи уулаа гэж хэлээд нүүр лүү 2-3 удаа цохиод гэдэс рүү нь 1 удаа өшиглөж байсан. Тэгтэл А.Мөнхтогтохын төрсөн ах А.Мөнхзолбоо, бэр эгч Алтанчимэг нар ирээд А.Мөнхтогтохыг машиндаа суулгаад аваад явсан..” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Долгорсүрэнгийн “2021 оны 03 дугаар сарын 10-ны орой 17 цаг өнгөрч байхад санагдаж байна худаг дээрээ ус авах гээд иртэл А.Мөнхтогтох бэр эгч нь гэрт нь хүргэж ирчихээд намайг дуудахаар нь гэрт ороход А.Мөнхтогтохын хамраас нь цус гарсан бололтой нүүр нь бага зэрэг цус болсон. Зүүн талын хацар нүд нь хавдсан Л.Батхуягт зодууллаа гэж яриад байхаар нь манайд очих юм уу гэж хэлэхэд гэртээ унтана гэж хэлэхээр нь би гараад худаг ороод усаа авчаад гэр рүүгээ явсан тэгээд орой 21 цаг өнгөрч байхад А.Мөнхтогтох манайд ирээд хоол идчихээд гараад яваад өгсөн. Тэр үед А.Мөнхтогтохын зүүн талын нүд хацар хэсэг хавдсан зүүн нүд нүдний доод хэсгээр бага хөх туяатай харагдаж байхаар нь маргааш нүд нь бүр хөхрөх юм байна гэж бодож байсан юм” гэх мэдүүлэг,

Яллагдагч, шүүгдэгч Л.Батхуягийн “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” мэдүүлэг,

Гэрч Ч.Баярдалайн “...тамгын газрын дарга Л.Батхуяг А.Мөнхтогтохыг ажлын цагаар архи уулаа гэж хэлээд 2 алгадсан...” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар хэрэг учрал болох үед шүүгдэгч Л.Батхуяг нь 1-с олон удаа хохирогчийг цохиж зодсон, зодуулсны дараа зүүн нүд нь хавдсан үйл баримт тогтоогдсон байхад уг нотлох баримтуудыг няцаагаагүй атлаа 1 удаа хацарт нь цохисон гэх илт буруу хууль зүйн дүгнэлт хийж хэргийг прокурорт буцааж байгаа нь хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр болжээ.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/589 дугаартай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэрт заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Орлогч прокурор Ц.Сүхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж оролцоно. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй, хэвээр үлдээнэ үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Аймгийн прокурорын газрын орлогч прокурор Ц.Сүхбатын давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

 Mөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоовол зохих зүйлийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоосон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас Л.Батхуягийг Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 4 дүгээр багийн нутагт, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэн А.Мөнхтогтохыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дагуу хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь харьцуулан хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн хэр хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Гэтэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...гэрч Н.Сайханбаяр, Б.Оюунгэрэл нар мөрдөн шалгах ажиллагааны явцад Мөнхтогтохын зүүн талын хацар хэсэгт 1 удаа алгадсан...” гэх мэдүүлэг нь гэрч Ө.Дэлгэрсайханы “юу болсоныг анзаараагүй” дараа нь “Мөнхтогтохын нүүрэнд хавдсан хөхөрсөн зүйл байгаагүй зүгээр байсан” гэж эрс зөрүүтэй өгсөн мэдүүлгийн зөрүүг арилгах,

-Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 348 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн атлаа “Хамар, хацар хэсэгт цохиулснаас болж хамраас цус гарах боломжтой. Дараа нь нүдэнд нөлөөлж, нүд хавдах, хөхрөх гэмтэх боломжгүй” гэж эргэлзээтэй дүгнэлт гаргасан нь хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүсгэсэн байна.

-Өөрөөр хэлбэл зүүн нүдний цус хуралт гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн атлаа хамар хацар хэсэгт цохиулснаас болж хамраас цус гарах боломжтой харин нүд хавдах, хөхрөх гэмтэх боломжгүй гэж дүгнэсэн нь хохирогчийн зүүн нүдэнд хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж дүгнэсэн дүгнэлтээ үгүйсгэсэн,

-хохирогч А.Мөнхтогтохыг шүүгдэгч Л.Батхуяг нь хаана нь хэдэн удаа цохисон, уг цохиулснаас болж гэмтэл учрах эсэх талаар хэрэг учрал болох үед байсан гэрчүүдээс дахин мэдүүлэг авч, мэдүүлэг зөрсөн бол нүүрэлдүүлэх зэргээр ажиллагааг хийж, хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгч хохирогчийг зүүн хацарт нэг удаа алгадсан гэж мэдүүлдэг бөгөөд хохирогч нь шүүгдэгчийг өөрийг нь хөлөөрөө өшиглөж зодсон гэж мэдүүлэг бөгөөд энэ бүхнийг нарийн дахин шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Батхуяг хохирогчийг хаана нь хэдэн удаа хэрхэн яаж цохиж зодсоныг нарийн шалгаж үйл баримтыг сэргээн дүрсэлж гаргасны дараа шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж, хохирогч нь шүүгдэгчийн цохилтын улмаас гэмтэл авсан эсэхийг тогтоох нь зүйтэй ...” гэх дүгнэлт нь зөвхөн гэрч Н.Сайханбаяр, Б.Оюунгэрэл, Ө.Дэлгэрсайхан нарын мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 348 дугаар дүгнэлтэд чиглэгдсэн байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1-т “шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээ авна” гэж заасантай нийцэхгүй юм.

Мөн шүүгчийн хийсэн дээрх дүгнэлт нь “...Иш татсан 4 мэдүүлгийн 2 нь зодоон болохыг хараагүй, бусдаас сонссон, 2 нь миний харснаар, машинаас буух үед гэх мэтчилэн хэргийн үйл баримтыг бүрэн бүтэн харж чадаагүйгээ тодотгосон ...”, “...Шинжээчийн дүгнэлтээр хамар луу цохиулснаас нүдний гэмтэл учраагүй, харин нүд рүү тусдаа цохисон...” талаар бичсэн Прокурорын эсэргүүцлээр үгүйсгэгдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/589 дүгээр захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин Прокурорын эсэргүүцэлд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэснийг зөрчиж, хэргийн үйл баримтыг бүрэн харж мэдүүлсэн мэдүүлгүүдийг ямар баримтаар яаж үгүйсгэж байгаа нь тодорхойгүйгээр өнгөц дүгнэлт хийсэн...” гэсэн нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.4.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/589 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлан анхан шатны шүүхэд хэргийг очтол хугацаагаар шүүгдэгч Л.Батхуягт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР

Л.НЯМДОРЖ