Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 212/МА2019/00033

 

Б.Т-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2019/00318 дугаар шийдвэртэй, Б.Т-ын нэхэмжлэлтэй, тус аймгийн Татварын хэлтэст холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.           

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан татварын хэлтсийн нярав-архивчийн ажилд эргүүлэн тогтоолгох тухай.

  

Нэхэмжлэлд: “Миний бие аймгийн татварын хэлтсийн даргын 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 42 дугаар тушаалаар тус хэлтсийн нярав, цаг бүртгэгч, татвар төлөгчдөд үйлчлэх туслах ажилтнаар, мөн хэлтсийн даргын 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 43 дугаар тушаалаар нярав, цаг бүртгэгч, татвар төлөгчийн хувийн хэрэг хариуцсан туслах ажилтнаар тус тус томилогдон ажиллаж ирсэн. 2017 оноос эхлэн нярвын ажил дээр архивын ажлыг хавсран хийж гүйцэтгэж байсан. Гэтэл Татварын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг баримтлан ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажил олгогч намайг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг баримталсан нь ямар ч үндэслэлгүй. Ажил олгогч надтай 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээний хугацаа дуусаагүй байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтуудыг баримталсан боловч миний хувьд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан асуудал байхгүй. Жилийн эцсийн тооллогын үеэр тодорхой зөрчлүүд гаргасан гэх боловч эдгээр нь намайг ажлаас шууд халах үндэслэл болохгүй. Би 2 хүүхэдтэй эх хүн бөгөөд бага хүү болох А.А нь 2018 оны 5 дугаар сарын 17-нд төрсөн, одоо 9 сартай.Нөхөр ажилгүй, зөвхөн миний орлогоор амьдралаа залгуулдаг. Ар гэрийн ахуй амьдрал ийм хүнд байхад хөхүүл хүүхэдтэй эх намайг өвлийн идэр есийн хүйтэнд ажлаас халсан явдалд гомдолтой байна. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан татварын хэлтсийн нярав-архивчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Б.Т нь төрийн албанд ажиллах мэдлэг, ур чадваргүй, харьцааны соёлгүй, гаргасан алдаа дутагдлуудаа засаж залруулах боломжгүй болох нь жил бүр тооллогын ажлаар зөрчлүүдийг давтан гаргасаар ирсэн нь хэлтсийн даргын 2017 оны Б/04 дүгээр тушаалаар хүлээлгэсэн сахилгын шийтгэл, 2016 оны тооллогын комиссын дүгнэлт мөн хэлтсийн даргын 2014 оны 36 дугаар тушаалаар оногдуулсан сахилгын шийтгэл зэргээс  харагдана. Б.Т нь хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/59 дүгээр тушаалаар байгуулагдсан “тус хэлтсийн 2018 оны жилийн эцсийн үндсэн болон эргэлтийн эд хөрөнгө, үнэт цаасны тооллого явуулах ажлын хэсэг”-ийн дүгнэлтээр өмнөх зөрчлүүдийг засаж залруулаагүй дахин давтан гаргасан болох нь тогтоогдсон. Комиссын дүгнэлтээр Б.Т нь нярав-архивчийн ажлыг гүйцэтгэхдээ ажлын байрны тодорхойлолт болон ажил үүргийн хуваарьт заасан ажлын чиг үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад архив, албан хэргийн хөтлөлт, байгууллагын үндсэн хөрөнгийн болон эргэлтийн хөрөнгийн бүртгэл, эд хогшлын бүртгэлийг хангалтгүй бүртгэсэн, зохих журам стандартын дагуу бүртгэл хөтлөөгүй, үнэт цаасны хадгалалт, хамгаалалт хангалтгүй, үнэт цаасны тооцооны бүртгэлийг зөв хөтлөөгүй, үнэт цаасны тооцоог цаг тухайд нь хийгээгүй, үнэт цаас олгосон бүртгэлийг журмын дагуу хөтлөөгүй, дугаарын болон зарцуулалтын тооцооны судалгаа зөрүүтэй, албан хаагчдын картад тухай бүр өөрчлөлт хийгдээгүй, хийсэн ч засвартай зэрэг зөрчлүүд дахин илэрсэн болно. Мөн Б.Т нь 2018 оны татварын 4 дүгээр улирлын тайлан хүлээн авах буюу ХХОАТ-ын тухай хуульд заасны дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тайлангийн маягт болон өргөдлийн маягтыг 2000 ширхгийг гаднын хэвлэлийн цэгүүдэд ширхгийг нь 100 төгрөгөөр хувилуулж тайлангийн болон өргөдлийн маягтыг 200 төгрөгөөр татвар төлөгчдөд тарааж зардлыг нөхөхөөр нярав-архивч Б.Т-д хүлээлгэж өгсөн боловч Б.Т нь 2 төрлийн маягтыг татвар төлөгчдөд 200 төгрөгөөр биш 500 төгрөгөөр борлуулж өөртөө ашиг хонжоо олж байсан нь татвар төлөгчийн өгсөн мэдээллээр нотлогдсон. Эд хөрөнгө хариуцсан Б.Т нь ажил олгогчийн итгэлийг алдаж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг давтан гаргасан, эдгээр зөрчлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг ноцтой зөрчсөний улмаас Б.Т-д сонсох ажиллагаа явуулж хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Иймд Б.Т-ын шүүхэд гаргасан гомдолд дурдсан хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгож урд эрхэлж байсан татварын хэлтсийн нярав-архивчийн ажилд эргүүлэн тогтоолгох тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2019/00318 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.Т-ыг урьд эрхэлж байсан татварын хэлтсийн нярав архивчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн чиг үүрэгтэй холбогдуулан ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцохыг харилцан тохиролцож уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх шаардлагатай бөгөөд хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын Б.Т-ыг ажлаас чөлөөлсөн үндэслэлүүдийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй байна” гэжээ. Б.Т-той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.5-д “ажил олгогчийн дотоод хяналт болон бусад эрх бүхий байгууллагын хяналт шалгалт хийсэн дүнгээр хариуцсан ажилд нь хангалтгүй үнэлгээ өгсөн”-ийг ноцтой зөрчилд хамааруулахаар заасан. Гэтэл шүүхээс Б.Т-ыг чөлөөлсөн үндэслэлүүдийг “ноцтой зөрчил” гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн нь өрөөсгөл бөгөөд түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8.5 дахь заалтыг хэрхэн үнэлсэн нь тодорхой бус байгаа нь ноцтой зөрчил гаргасныг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Мөн шүүхээс “Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/59 дүгээр тооллогын ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар тус хэлтсийн 2018 оны жилийн эцсийн үндсэн болон эргэлтийн эд хөрөнгө, үнэт цаасны тооллого явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилон ажиллуулсан байхад тухайн бүрэлдэхүүн нь нярав Б.Т-ын эрхэлж буй албан тушаалд тэнцэж байгаа эсэхэд дүгнэлт өгөх байдлаар тооллогын үр дүнг дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ” хэмээн дүгнэжээ. Татварын хэлтсийн даргын 2018 оны 59 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр Б.Т эд хөрөнгийн бүртгэлийг хангалтгүй бүртгэсэн, үнэт цаасны хадгалалт, хамгаалалт, зарцуулалтын тооцооны судалгаа зөрүүтэй, стандартын дагуу бүртгэл хөтлөөгүй зөрчил илэрсэн. Шүүхийн энэ дүгнэлт нь хэргийн үйл баримтыг буруу үнэлсэнтэй холбоотой гэж үзэж байна. Тооллогын ажлын хэсэг нь Б.Т-ын эрхэлж буй ажил, албан тушаалд тэнцэж байгаа эсэхийг дүгнэх зорилгоор бус тус татварын хэлтсийн 2018 оны жилийн эцсийн үндсэн болон эргэлтийн эд хөрөнгө, үнэт цаасны тооллого хийх зорилгоор байгуулагдаж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дүгнэлт гаргасан. Мөн шүүхээс Б.Т-ыг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй, ажил олгогч зөрчлийг төсөөтэй байдлаар ноцтой зөрчилд хамааруулсан гэж үзжээ. Иргэний эрх зүйд төсөөтэй хэрэглэхийг зөвшөөрдөг бөгөөд энэ тохиолдолд төсөөтэй хэрэглэж шийдвэр гаргаагүй. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2019/00318 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар  Монгол улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дүгээр зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 10.4.9 дэх заалтуудыг үндэслэн Татварын хэлтсийн нярав-архивч  Б.Т-ыг “А/59 дүгээр тушаалаар батлагдсан хэлтсийн 2018 оны жилийн эцсийн үндсэн болон эргэлтийн эд хөрөнгө, үнэт цаасны тооллого явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүний хийсэн тооллогын ажлын үр дүнгээр эд хогшлын бүртгэлийг хангалтгүй бүртгэсэн, бүртгэл нь нэг нэгэндээ холилдсон, стандартын дагуу бүртгэл хөтлөөгүй, үнэт цаасны тооцоог цаг тухайд нь хийгээгүй, үнэт цаас олгосон бүртгэл хангалтгүй, дугаарын зөрчилтэй байсан зэрэг зөрчлүүд гаргасан нь тооллогын комиссын дүгнэлтээр нотлогдсон, мөн 2018 оны татварын 4 дүгээр улирлын тайлан хүлээн авах буюу ХХОАТ-ын тухай хуульд заасны дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тайлангийн маягт болон өргөдлийн маягт 2000 ширхгийг гаднын хэвлэлийн цэгүүдэд ширхгийг нь 100 төгрөгөөр хувилуулж тайлангийн болон өргөдлийн маягтыг 200 төгрөгөөр татвар төлөгчдөд тарааж зардлыг нөхөхөөр нярав-архивч Б.Т-д хүлээлгэж өгсөн боловч Б.Т нь 2 төрлийн маягтыг татвар төлөгчдөд 200 төгрөгөөр биш 500 төгрөгөөр борлуулж өөртөө ашиг хонжоо олж байсан нь татвар төлөгчдийн өгсөн мэдээллээр нотлогдож ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн нь хангалттай нотлох баримтуудаар нотлогдсон” гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.    

 

            Ажил олгогч нэхэмжлэгч Б.Т-ыг ажлаас халах тушаалдаа Татварын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/59 дугаартай тушаалаар байгуулагдсан тооллогын комиссын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтийг үндэслэсэн боловч уг дүгнэлтэд дурдсан зөрчлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлүүд биш бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/59 дугаартай тушаалаар байгуулагдсан тооллогын комисс Б.Т-д холбогдох дүгнэлтийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан байхад ажил олгогч ажлаас чөлөөлөх тушаалаа 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гарснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж дүгнэлээ.

 

            Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул  ажилтны гомдлыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

 

Иймд, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр ажилтан Б.Т-ыг Татварын хэлтсийн нярав-архивчийн ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2019/00318 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

            ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                Д.КӨБЕШ