Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 454

 

Б.Л, Ч.С, Г.Л нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, шүүгдэгч Б.Л-гийн өмгөөлөгч Ж.Яринпил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 637 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 623 дугаар магадлалтай, Б.Л, Ч.С, Г.Л нарт холбогдох 2015250001712 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Л түүний өмгөөлөгч Ж.Яринпил нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1996 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, ял шийтгэлгүй Тугчин овгийн Б.Л,

2. Монгол Улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, ял шийтгэлгүй, Зээрдүүл овгийн Ч.С,

3. Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, ял шийтгэлгүй, Хүслэг овгийн ГЛ.

Шүүгдэгч Б.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан “Онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах, хоёр, түүнээс олон хүнийг алахаар завдах” гэмт хэрэгт, шүүгдэгч Ч.С, Г.Л нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.С, Г.Л нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж,

Б.Л-г хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдсэн, мөн хоёр буюу түүнээс олон хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Б.Л-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д зааснаар 12 жил хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт
зааснаар Б.Л-д оногдуулсан хорих ялуудыг нэгтгэж, эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дугаар зүйлийн 511.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.Л-гээс оршуулгын зардалд 14.051.216 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөг, нийт 64.051.216 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Гэрлээд олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 637 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар бүх насаар нь хорих ял... шийтгэсүгэй” гэснийг “2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Бат-Эрдэнийн Лхамсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар хорин жил хорих ял... шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 20 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж Б.Л-гийн нийт эдлэх ялыг 20 жил хорих ялаар тогтоосугай.” гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Л-д оногдуулсан 20 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 9 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.Л-гээс оршуулгын зардалд 14.051.216 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Гэрлээд олгосугай” гэж тус тус өөрчилж,

шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Ж.Яринпил нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, 637 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Л гаргасан гомдолдоо: “Миний бие энэ хэргийг үйлдээгүй гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүх хурал дээр удаа дараа мэдүүлж надтай хамт байсан 2 залууг яагаад шалгаагүй, хэргийн анхны үзлэгийн баримт хавтаст хэрэгт ороогүйд маш их гомдолтой байдаг. Хавтаст хэрэгт ороогүй баримтуудыг анхан шатны шүүхэд гомдолдоо хавсарган шинжлэн судлуулах гэж өгсөн. Энэ гэмт хэргийг хэн үйлдсэнийг үнэн зөвөөр тогтоож өгнө үү. Мөрдөн байцаагч Содгэрэлийн ахалсан бүрэлдэхүүнд шинжээч Т.Батбаатар хэргийн газарт ажиллаж хэргийн газрын үзлэгийн зургийг анхны байдлаар бэхжүүлэн авч гэрэл зургийн үзүүлэлт хийж мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн байгаа нь уг 25 кадр зураг шаардлага хангасныг нотолж байна. Гэтэл хавтаст хэргийн бүх зураг, тэмдэглэлийг нар мандсан байгалийн гэрэлд үйлдсэн байх тул анхны үзлэгийн шаардлага хангасан шөнийн зураг хавтаст хэрэгт ороогүйг харуулж байна. Анхны үзлэгээс хойш 7 цагийн дараа 11:05 цагт үзлэг хийсэн гэрэл зурагт цустай хутга, заазуур, тавчиг ил харагдаж байна. Энэ айлын дуудлагаар анх очсон бүрэлдэхүүний үйлдсэн 25 кадр зураг, 19 тэмдэглэл хавтаст хэрэгт ороогүй нь хутга, заазуур, тавчиг анх 57 тоотод байгаагүйг харуулж байна. Иймээс хутга, заазуур, тавчигийг 11:05 цагт хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан гэж үнэлсэн байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэргийн газар цагдаагийн ажиллагаа эхлэхээс хэргийн бодит байдлыг санаатайгаар балласан. Хэрэгт чухал ач холбогдолтой зүйлүүд хавтаст хэрэгт ороогүй. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд бие нилэнхийдээ улаан хүрэн өнгийн цусаар бохирлогдсон гэж тэмдэглэсэн байхад хохирогчийн нилдээ цусаар бохирлогдсон зураг хавтаст хэрэгт байдаггүй. Талийгаачийг аврах ямар ч оролдлого хийгээгүй мөртлөө Сугар хохирогчийн дэргэдээс 1 цаг утсаар ярьсан үйлдлүүд нотлогдсон байхад хүнд зэргийн согтолттой, орчин тойрондоо болж байгаа үйл явдлыг ойлгох, дүгнэлт өгөх чадваргүй гэж үзэж Ч.С, Г.Л нарыг шүүхээс цагаатгасан. Гэтэл Сугар 0 хувийн согтолттой, Лхагвасүрэн 0.7 хувийн согтолттой байсан. Нөгөө талаар Сугарын мэдүүлэг нь Б.Л намайг буруутгаж ял нэмэх үндэслэл болдог. Лхагвасүрэнгийн гарын ар салаа хэсгээр цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байх тул энэ тухай 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хурал дээр ярихад “миний гар цустай байж болно, би талийгаачийг өргөлцсөн” гэж тайлбар хийсэн. Гэтэл цагдаа Б.Мөнхтулга “талийгаачийг би эмчтэй хамт дамнуурган дээр гаргасан” гэсэн мэдүүлгүүд зөрж байх тул шалгуулах хүсэлт өгснийг шалгах шаардлагагүй гэж прокурор тайлбар хийсэн. Хэргийн газар байсан ах дүү нарыг хууль зөрчин хамгаалж шалгахгүй байгаад гомдолтой байна. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн анхан шатны шүүх хуралд миний яриагүй зүйлийг оруулсан байсан. Үүнийг бичлэгээс шалгаж өгөөч гэж Ж.Батбаяр өмгөөлөгчид хэлж шалгуулахад бичлэгт байхгүй зүйлийг оруулсан нь батлагдсан. Энэ тухай би гомдолдоо бичсэн боловч ямар ч үр дүн гараагүй. Миний эсрэг зохиомол зүйл хавтаст хэрэгт байсаар байна. Намайг 2 хүн чирж нэг айлын босго давуулан хаясан, тэгээд нэг ах миний дээрээс гишгээд дараад байсан гэдгийг би анхнаасаа ярьсан. ...Сугар, Лхагвасүрэн нар эгч дүүсийн хүүхдүүд. Нэг гэрт өссөн учир нэг ашиг сонирхолтой ах дүүс. Намайг нийлж гүтгэж байна. 57 тоот айлд юу болсныг хэн ч хараагүй. Эхнэр, нөхрийн ярьснаар ам дамжин сонссон байдаг. Гэрт нь байсан гэх хутга, заазуур, тавчигийг хэн нэгэн байрлуулж, зохиомлоор нотлох баримт бий болгосон байхад 44 тоотын хүн амины хэрэгтэй хүчээр холбож байгаад гомдолтой байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Л-ийн өмгөөлөгч Ж.Яринпил гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Б.Л нь 44 тоотод хохирогч А.Эрдэмномыг онц харгис хэрцгий аргаар, биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж санаатай алсан болох нь ямар нотлох баримтуудаар тогтоогдож байгаа, үүнийг нотолсон баримтууд хэрэгт авагдаагүй байдаг. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай огт нийцээгүй. Хүний аминд халдсан ямар ч идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй Б.Л-гийн үйл ажиллагаанд тогтоогдоогүй. Прокурор ямар нотлох баримтыг үндэслэж яллаж байгаа нь ойлгомжгүй байдаг. Хохирогч А.Эрдэмномыг хутгаар хутгалж алаагүй болох нь түүний төрсөн бие цогцос дээр үүссэн гэмтлийн ул мөр, олон янзын дүрс хэлбэртэй гэмтлүүд нь хутга биш гэдгийг харуулж байдаг. Зүүн гүрээний артер венийн судас таслагдаж цус алдаж 50 мл цус үлдсэнээс хойш тодорхой хугацааны дараа уушгинд 3 удаа 7 см орчим гүн хутгалагдсан байна гэж шинжээч эмч Д.Ганболд дүгнэлтэндээ болон шүүх хуралдаанд тайлбарладаг. Иймд хутгаар сүүлд нь хэн 3 удаа хутгалав гэдгийг олж тогтоох шаардлагатай байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж ямар ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хатгах, бүлэх, зүсэх зэргээр гэмтэл учруулсныг бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах, мөн хэн сүүлд нь 3 удаа хутгалсныг тогтоолгох шаардлагатай бөгөөд сүүлд үүссэн гэмтлийн ул мөр нь хутгаар үүсгэгдсэн ул мөр байдаг.

Хохирогч, гэрч гэх Г.Ганзоригийг алахаар завдсан гэх зэвсэг болох хутга, заазуурыг эд мөрийн баримтаар газар дээр нь хураан авсан тэмдэглэл, энэ бүгдийг баталгаажуулсан 25 кадр шөнийн фото зургийг хавтаст хэрэгт хийгээгүй нь маш тодорхой байдаг. Б.Л хутга, заазуурыг хохирогч Г.Ганзоригийнд барьж ороогүйг нотолж байгаа нотлох баримт мөн юм. Хохирогч Г.Ганзоригийг анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй. Ганзориг ямар нэгэн шалтгаанаар зохиомол худал мэдүүлэг өгсөн учраас шүүх хуралдаан дээр их будилдаг, буруу зөрүү ярьдаг гэмтэй хүн учраас шүүх хуралдаанд зориуд оролцуулаагүй гэж Б.Л хэлдэг. Ганзориг мэдүүлгийнхээ эх сурвалжийг батлан зааж чадаагүй, олон янзаар хэлж мэдүүлдэг.

Шүүгдэгч Б.Л-г хохирогчийг хутгалж алсан тухай асуудлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн нотлох баримтаар нотлоогүй орхигдуулсан мөртлөө нотлогдож байна гэж дүгнэлт хийсэн нь огт ойлгомжгүй байдаг. Хохирогч А.Эрдэмномыг биеэ хамгаалах чадвартай байсныг шинжээч эмч Ц.Ганболд мэдүүлэхдээ дунд зэргийн согтолт тогтоогдсон, энэ нь биеэ хамгаалах чадвартай гэсэн үг гэжээ. Шинжээчийн 2035 тоот дүгнэлтээр хохирогч А.Эрдэмномын цуснаас 1.5 промилли алкоголь илэрсэн нь амь хохирогч хөнгөн зэргийн согтолттой, биеэ хамгаалах чадвартай гэж дүгнэлт гарсан байхад анхан шатны шүүх ямар нотлох баримтыг үндэслэж хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй гэж дүгнэлт хийсэн нь огт үндэслэлгүй байдаг. Б.Л хохирогчийг биеэ хамгаалж чадах эсэх тухай биш, өөрөө өөрийгөө хянах чадваргүй согтолттой байсан. Энэ бүгдээс дүгнэлт хийхэд шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Цаг хугацаа орон зайн хувьд тооцоо хийхэд Б.Л хохирогч А.Эрдэмномыг хутгалж алсан байх боломжит цаг хугацаа тооцоологдохгүй, харин ч үгүйсгэгдэж байдаг. Хохирогч А.Эрдэмном 2015 оны 2 дугаар сарын 17-ноос    18-нд шилжих шөнө 05 цаг 15 минутын орчимд эмч Ц.Нямдорж дуудлагаар ирж үзээд тариа хийгээд ванны өрөөнөөс цагдаа Мөнхтулгатай хамт дамнуурга дээр тавьж гаргаад эмнэлэг авч явах замд нас барсан гэж хэлдэг. Энэ цаг хугацааны хувьд ямар ч маргаан үүсгэдэггүй. Шинжээч мэдүүлэхдээ цаг алдаагүй эмчилгээ, анхны арга хэмжээ авсан бол амьд гарах боломжтой. Харин 30-40 минут амьд байх боломжтой гэдэг үндэслэлгүй. Талийгаачийг 18-нд шилжих шөнө 05 цаг 15 минут өнгөртөл амьд байсныг Сугар, Мөнхтулга, Бямбаханд, Нямдорж зэрэг гэрчүүд мэдүүлсэн. Энэ цаг хугацааг тооцоолон дүгнэлт хийхэд шинжээч эмч Ц.Ганболдын дүгнэлтэндээ дурдсан хугацаагаар тооцож үзээд талийгаач 04 цаг 03 минутаас өмнө гэмтэл авсан байх боломжгүй нь тогтоогддог.

Ч.Сын биед учирсан гэмтлийг Б.Л-г учруулсан нь нотлогдож байна гэж хууль хэрэглэж ял оногдуулсан нь огт үндэслэлгүй байдаг. Ч.Сын биед хэн, ямар учир шалтгаанаар ямар зэвсэг хэрэглэж, хэн гэмтэл учруулсныг огт шалгаагүй орхисон юм. Б.Л-г буруутгаж яллах, шүүхээс ял оногдуулах ямар ч нотлох баримт түүнд холбогдох эрүүгийн хавтаст хэрэгт авагдаагүй. А.Эрдэмном биеэ хамгаалж Ч.Стай тэмцэлдсэн байх магадлалтай. Хохирогч А.Эрдэмномын гарын салаа зүсэгдсэн, мөн өрөөний эд зүйлс эмх цэгцгүй болж зодоон болсон байх магадлал хэргийн материалтай танилцах явцад анзаарагддаг. Ийм учраас Ч.Сын биед шинжээчийн дүгнэлтэд тодорхойлогдсон гэмтлийг хэн, ямар зэвсгээр үүсгэв гэдгийг шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай юм.

Хохирогч Ганзориг мэдүүлэхдээ тэр залуу намайг цохиж зодоогүй, довтолсон зүйл байхгүй гэж тодорхой мэдүүлсэн байдаг. Гэмт хэрэг үйлдэхээр завдах гэдэг нь гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ гэж маш ойлгомжтой хуульчилсан байдаг. Ийм учраас Б.Л-д ял халдаах үндэслэл, нотлох баримт түүнд холбогдох эрүүгийн хэрэгт огт авагдаагүй юм.

Ч.С нь 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “Лхагвасүрэн” гэж мэдүүлсэн байдаг. Явцын дунд мэдүүлгээ өөрчилж заль зохион худал хэлж, Лхагвасүрэнг Б.Л болгож гуйвуулж мэдүүлэг өгдөг. Ч.С, ах Лхагвасүрэнг Б.Л гэж андуурдаг хүн биш.

Хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Сугар, Лхагвасүрэн хоёртой холбогдох эгзэгтэй, сэжиг бүхий зарим асуудлыг шалгаж тогтоох байтал огт шалгаагүй санаатайгаар орхигдуулсан мэт харагддаг. Хэргийн газар Сугар, Лхагвасүрэн нарын хувцас тодорхой хэмжээний цустай илт сэжиг бүхий байхад саатуулж шалгаагүй, Сугарын хувцас цус болсныг эмнэлэг дээр эмч хайчилж хогийн саванд хийснийг, архи ууж гэмт хэрэг үйлдэгдэх үед Сугар, Лхагвасүрэн хоёрын өмсөж байсан цустай хувцсыг бүрэн солих бололцоо олгосон, ванны өрөөний хана шалны цусыг хэн арчиж цэвэрлэснийг шалгаж тогтоогоогүй орхисныг шалгаж тогтоолгох ёстой, Сугарын толгойноос цус гарсанд хэн түмпэн тавьж тоссоныг, хохирогч А.Эрдэмномын цус яагаад Сугар, Лхагвасүрэн нарын хувцсанд шингэж наалдсан зэргийг дахин нарийвчлан шалгаж тогтоолгох зайлшгүй шаардлагатай бөгөөд хуулийг гарцаагүй зөв хэрэглэх боломж бүрдэнэ. Иймд Б.Л-д холбогдох хэргийг прокурорт буцааж, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ хэлсэн саналдаа: Анхан шатны шүүх Б.Л-г хохирогч А.Эрдэмномыг онц харгис хэрцгий аргаар, биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж 62 удаа хутгалж алсан гэж дүгнэн эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хохирогчид сэтгэл санааны хохирол гаргуулаагүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа шиг нотолбол зохих асуудлуудыг нотолж, судлалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн зүйл байхгүй. Хэрэг шинжээчийн дүгнэлт болон гэрч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа учраас хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлага байхгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирлыг гаргуулж өгнө үү гэв.  

Мөн шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт хуульд нийцсэн. Өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол таамаглалд тулгуурласан байгаа учраас хүлээж авах боломжгүй. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өөрчилсөн нь үндэслэлтэй. Харин шүүх хохирогчийг санаатай алсан үйлдэл нь “Биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх шинжтэй эсэх талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Биеэ хамгаалж чадахгүй нөхцөл байдал нь хохирогчийн согтолтын зэргээр тогтоогддог. Гэтэл хохирогч хүнд зэргийн согтолттой байгаагүй. Шүүх хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй нөхцөл байдалтай байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Ж.Яринпил нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Л, Ч.С, Г.Л нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Б.Л-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д зааснаар, шүүгдэгч Ч.С, Г.Л нарт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.С, Г.Л нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ч.С, Г.Л нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Шүүгдэгч Б.Л нь 2015 оны 2 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02-03 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 44 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ онц харгис хэрцгийгээр хохирогч А.Эрдэмномыг санаатай алсан,

Мөн хамт байсан хохирогч Ч.С-ыг хутгалахаар хөөж толгойн хуйх, хүзүүний ар, зүүн мөрөнд нь хутгалж хөнгөн хохирол учруулж алахыг завдсан,

Дээрх гэмт хэргийг үйлдсэний дараа 04 цаг өнгөрч байхад дээд давхарын буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 57 тоот айлын гэрт хутга, заазуур барьж дайран орж иргэн Г.Ганзоригийг “Чамайг ална, яаж алуулмаар байна, би сая хүн дүрчихсэн” гэх зэргээр айлган сүрдүүлж, хутга чичилж түүн рүү довтлон алахыг завдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 662 дугаар дүгнэлтээр Б.Л нь гэмт хэрэг үйлдэх үедээ ойгүйдэлт согтолттой хэдий ч хэрэг хариуцах чадвартай байсан нь тогтоогдсон ба Б.Л үйлдсэн хэргээ санахгүй байгаа нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Л нь 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байх үед хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн ба 2002 оны Эрүүгийн хуульд “Бүх насаар нь хорих ял”-ын төрөл хуульчлагдаагүй байхад анхан шатны шүүхээс түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар бүх насаар нь хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй гэж дүгнэн, шүүгдэгч Б.Л-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн байдал дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, нийт эдлэх ялыг 20 жил хорих ялаар тогтоож өөрчлөлт оруулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Харин анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдсон хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Л-гийн үйлдэлд хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж санаатай алсан гэж үзэх гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байхад дээрх шинжээр хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, энэ талаар хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпилын гаргасан гомдол үндэслэлтэй байх тул Б.Л-д холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар ял сонсгосон хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хяналтын шатны шүүхээс Б.Л-д холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн “шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөг гаргуулах”-аар шийдвэрлэснийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн болон Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж дахин үнэлэх замаар хэргийн нөхцөл байдлыг шинээр тогтоох, хавтаст хэрэгт цугларсан зарим нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцож, бусад баримтыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийх буюу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох эрхгүй тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хэргийг дахин шалгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 637 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн 623 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Прокуророос Б.Л-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар ял сонсгосон хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтаас “Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7” гэсэн хэсгийг тус тус хасч,  шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Ж.Яринпил нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН