Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 124/2016/0005/з |
Дугаар | 221/MA2017/0408 |
Огноо | 2017-06-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 221/MA2017/0408
Ц.Баясгалангийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ц.Баясгалан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил, Э.Энхзаяа нарыг оролцуулан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд болон хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Баясгалангийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Баясгалангийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулахыг Улаангом сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч болон гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: “...Шүүхээр хэргийг хянан хэлэлцэх явцад дараах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дэг журмыг зөрчсөн. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө нэхэмжлэгч Ц.Баясгалангаас тодруулга, тайлбар авсан байдаг. Энэхүү тодруулга тайлбарыг ямар хуулийн ямар заалтыг үндэслэж авсан нь тодорхойгүй байна. Гэтэл мөн адил хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх эдэлж, үүрэг хүлээн оролцдог гуравдагч этгээдээс тодруулга тайлбар аваагүй нь хэргийн оролцогч нэг талд давуу байдал олгон мэтгэлцэх зарчмыг алдагдуулахад хүргэсэн гэж үзэхэд хүргэж байна. Мөн энэхүү тодруулга, тайлбар гэгчийг ямар зорилгоор авсан, түүнийгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн үнэлж дүгнэсэн зэрэг нь тодорхой бус байдаг бөгөөд ийнхүү тодруулга, тайлбар авахдаа хэргийн бусад оролцогчдыг байлцуулаагүй зөвхөн шүүгчийн туслахыг байлцуулсан нь уг тайлбарын тэмдэглэлээр нотлогдож байна. Энэ нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.17 дахь хэсэгт “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах”-ыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна. Мөн хариуцагч Э.Галсайханаас тайлбар авсан байдаг бөгөөд түүнийгээ шүүхийн шийдвэр гаргахад хэрхэн үнэлсэн зэрэг нь ойлгомжгүй. Хариуцагчийг зөв тодорхойлоогүй. Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 05 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид байхаар харагдаж байна. Тиймээс тус захиргааны хэргийн хариуцагчийг зөв тодорхойлоогүй хэрэг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Гэрч асуух ажиллагааг дутуу хийсэн бөгөөд ийнхүү авахдаа хэргийн оролцогчдыг байлцуулаагүй. Гэрчүүдээс илт хөтөлсөн шинжтэй асуултуудыг асуусан байдаг. Хэргийн оролцогчид гэрчээс асуулт асуух боломжийг олгоогүй. Мөн шүүхээс саналын хуудас авсан баримтад гарын үсэг нь эргэлзээтэй гэх Д үсгээр эхэлсэн нэртэй багийн оршин суугчдын нэрс, холбоо барих хаяг, утсыг багийн Засаг даргаас гаргуулан авсан байгаа боловч тэдгээрээс зөвхөн нэгийг нь буюу Н.Дүгэрсүрэн гэгчийг гэрчээр дуудан мэдүүлэг авсан байдаг. Шүүхийн зүгээс дээрх этгээдүүдийг өөрөө гарын үсэг зурсан эсэхэд эргэлзээтэй гэж үзсэн бол бусад бүх этгээдүүдийг дуудан асууж тухайн гарын үсэг мөн эсэхийг лавлаж тодруулах нь илүү хөндлөнгийн шинжтэй гэрчийн мэдүүлгүүдээр батлагдах байсан болов уу. Гэтэл шүүхээс асуудлыг ийнхүү бодитоор тодруулах боломжтой байсаар байтал ганцхан хүнийг гэрчээр асуусан байдаг бөгөөд уг гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэр гаргахдаа үнэлээгүй байдаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэл ойлгомжгүй, эргэлзээ төрүүлэхүйц байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан бөгөөд энэхүү заалтын агуулга нь шүүхийн шийдвэр хууль болон нотлох баримтад үндэслэж гарах ёстой болохоос эргэлзээнд үндэслэж гарах ёсгүй. “Эргэлзээ төрөхүйц байна”, “үгүйсгэх боломжгүй байна” гэсэн үндэслэлээр шийдвэр гаргах нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй юм. Үнэхээр тухайн асуудал нь эргэлзээтэй байсан бол хэргийг бүх талаас нь бүрэн бодитой шийдвэрлэхийн тулд, тухайн асуудлыг тодорхой болгохын тулд шинжээч томилох, тухайн холбогдох этгээдийг гэрчээр асуух зэргийн ажиллагаа явуулах боломж шүүхэд байдаг билээ. Үзлэгээр болоод бусад нотлох баримтуудаар 303 сонгогч санал өгсөн бөгөөд нийт хэвлэгдсэн 335 ширхэг саналын хуудас байсан. Үүнээс 303 ширхэг саналын хуудас хайрцагнаас гарч ирсэн нь хангалттай нотлогдож байна. Шүүхийн бичиг баримтад хийсэн үзлэгээр 300 ширхэг хүчинтэй саналын хуудасны 2 ширхэг нь тамгалагдаагүй буюу хүчингүй саналын хуудас байсан гэдэг нь тогтоогдсон. Гэтэл сонгуулийн дүнгээр гуравдагч этгээд миний бие 4 хүний зөрөөтэй ялсан учир тэрхүү хүчингүй атлаа тооллогын комиссын шийдвэрээр хүчин төгөлдөр гэж үзсэн 2 ширхэг саналын хуудас нь сонгуулийн дүнд, санал хураалтын дүнд шууд нөлөөлөх боломжгүй юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчжээ.
Нэхэмжлэгч Ц.Баясгалан нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулахыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн Засаг даргыг сонгох сонгуульд сонгогчдыг санал өгөх боломжоор хангаагүй, хурлын дэгээ зөв баримтлаагүй, өөрсдийнхөө хүмүүсээр сонгуулийн бүхий л үйл ажиллагааг удирдуулж, зохион байгуулсан, сонгууль өгөхөөр ирсэн 12 сонгогчийг санал өгөх боломжоор хангаагүй, санал өгч дуусах хугацааг зарлахгүйгээр сонгуулиа шууд хаасан, нэрсийн жагсаалтад гарын үсэг зурж, саналын хуудас авсан сонгогчдын тоо олгосон саналын хуудасны тооноос зөрсөн, нэг хүний гарын үсгээр нилээд хэдэн хүнд саналын хуудас олгосон, өөр багийн иргэдийг авч ирж санал өгүүлсэн” гэж тайлбарлан маргасан.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь шүүхээр хэлэлцэгдэж буй маргааны талаар шүүх ямар дүгнэлт гаргаж байгаа, энэхүү дүгнэлт ямар нөхцөл байдалд тулгуурлаж, хуулийн ямар зүйл заалтад үндэслэсэн гэдгийг илэрхийлдэг бөгөөд энд дурдсан дүгнэлтийн үр дагаврыг тогтоох хэсэгт тусгадаг.
Гэтэл шүүх Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад Д-Н хүртэлх үсгээр эхэлсэн 32 иргэний гарын үсэг өмнөх санал хураалтын гарын үсгээс зөрүүтэй, тэдгээр иргэдийн гарын үсэг дотор ижил төстэй тэмдэглэгээ олон байгаа гэх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх...” үүргээ зөрчиж “эргэлзээ төрөхүйц байна”, “нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлийг үгүйсгэх боломжгүй болгож байна” гэх зэргээр дүгнэсэн нь хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй гэж үзнэ.
Зүй нь нэр бүхий иргэдийн гарын үсэг зөрүүтэй тохиолдолд тухайн сонгогч иргэдээс гэрчийн мэдүүлэг авах, өөр багийн иргэдийг авчирч санал өгүүлсэн гэх үйл баримтыг тогтоох зорилгоор холбогдох нотлох баримтыг бүрдүүлж хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох учиртай.
Мөн сонгуулийн явцад саналын хуудас дуусч саналын хуудас олон дахин хэвлэгдсэн, сонгогчдын саналын хуудас авахдаа зурдаг гарын үсгийг өөр баганад зуруулсан, хуралдааны бэлтгэл ажиллагаа хангаагүй нэгдсэн зохион байгуулалтгүй явагдсан, санал хураалтад оролцсон нийт сонгогчдын тоог тодорхойлох боломжгүй зэрэг процессийн үйл баримт нь саналын хайрцагнаас гарч ирсэн сонгогчдын саналыг үгүйсгэх, санал хураалтын дүнд үндэслэн гарсан маргаан бүхий 05 тоот тогтоолыг хүчингүй болгох шууд үндэслэл болж чадахгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотой асуудлыг тодруулж холбогдох баримтыг бүрэн цуглуулаагүй тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар хэлэлцэж шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд хариуцагч болон гуравдагч этгээдээс гаргасан “гэрч асуух ажиллагааг дутуу хийсэн, асуудлыг бодитоор тодруулах боломжтой байсаар байтал ганцхан хүнийг гэрчээр асууж, уг гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэр гаргахдаа үнэлээгүй, “эргэлзээ төрөхүйц байна”, “үгүйсгэх боломжгүй байна” гэсэн үндэслэлээр шийдвэр гарсан нь хууль зүйн үндэслэлгүй” гэх гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН