Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 118/2018/0044/З |
Дугаар | 173 |
Огноо | 2018-04-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 173
“Э Э Э” ХХК, “З-А” ХХК, “П” ХХК-уудын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Дөрвөлжин сумын
иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Ч.Тунгалаг,
Шүүгчид: Г.Банзрагч,
Д.Мөнхтуяа,
П.Соёл-Эрдэнэ,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг.
Нэхэмжлэлийн шаардлага: “Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоолын хавсралтад заасан Дөрвөлжин сумын Мандал нэртэй 833.29 гектар талбайд холбогдох хэсэг, Нар нэртэй 11225.59 гектар талбайд холбогдох хэсэг, Хар нэртэй 33230 гектар талбайд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”,
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0054 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, түүний өмгөөлөгч Т.Ж нар.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 к, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоолын хавсралтаас Мандал нэртэй 833.29 гектар талбайд холбогдох хэсэг, Нар нэртэй 11225.59 гектар талбайд холбогдох хэсэг, Хар нэртэй 33230 гектар талбайд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий “Э Э Э” ХХК, “З-А” ХХК, “П” ХХК-уудын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0054 дүгээр магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. “...Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөвөөр дүгнээгүй байна.
4. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, маргаан бүхий захиргааны акт хууль зөрчөөгүй, Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэх ёсгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд нэхэмжлэгч нараас дараах үндэслэлээр шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Мөн давж заалдах шатны шүүхээс хуульд заасан үндэслэлээр газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан нь хууль тогтоомж зөрчөөгүй, илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт болоод хууль тогтоомжтой нийцэхгүй байна.
5. “Э Э Э” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоосон талбайд Уул уурхайн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 203 тоот тушаалаар Ашигт малтмалын газраас зарласан шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл цахимаар олгох журмын дагуу 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр оролцсон. Улмаар 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд бүрэн хамаарч байсан Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт байрлах Мандал нэртэй талбайд нийт 11 солбицлын цэг бүхий 833.29 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-018475-001-NЕ дугаар бүхий өргөдлийг Ашигт малтмалын газарт гаргасан. Өргөдлийг хүлээж аваад Ашигт малтмалын газраас зураг зүйн шүүлт хийхэд ямар нэгэн давхцалгүй болохыг Ашигт малтмалын газрын 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 6/2619 дүгээр албан тоотоор тодорхойлж энэ тухай Завхан аймгийн Засаг даргад хүргүүлсэн байдаг.
6. “З-А” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоосон талбайд Уул Уурхайн Сайдын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 203 тоот тушаалаар Ашигт малтмалын газраас зарласан шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл цахимаар олгох журмын дагуу 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр оролцсон. Улмаар 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд бүрэн хамаарч байсан Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт байрлах Нар нэртэй талбайд ХА-017957-001-NЕ дугаар бүхий өргөдлийг Ашигт малтмалын газарт гаргасан. Тус газраас өргөдлийг хүлээн авч NЕ-025209 дугаартай өргөдлийн бүртгэлийн дугаар олгосон. Өргөдлийг хүлээж аваад Ашигт малтмалын газраас зураг зүйн шүүлт хийхэд ямар нэгэн давхцалгүй болохыг Ашигт малтмалын газрын 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 6/1250 дугаар албан тоотоор тодорхойлж энэ тухай Завхан аймгийн Засаг даргад хүргүүлсэн байдаг.
7. “Плитум” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоосон талбайд Уул уурхайн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 203 тоот тушаалаар Ашигт малтмалын газраас зарласан шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл цахимаар олгох журмын дагуу 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр оролцсон. Улмаар 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд бүрэн хамаарч байсан Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт байрлах Хар нэртэй талбайд ХА-017737-001-NЕ дугаар бүхий өргөдлийг Ашигт малтмалын газарт гаргасан. Тус газраас өргөдлийг хүлээн авч №-025007 дугаартай өргөдлийн бүртгэлийн дугаар олгосон. Өргөдлийг хүлээж аваад Ашигт малтмалын газраас зураг зүйн шүүлт хийхэд ямар нэгэн давхцалгүй болохыг Ашигт малтмалын газрын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/429 дүгээр албан тоотоор тодорхойлж энэ тухай Завхан аймгийн Засаг даргад хүргүүлсэн байдаг. Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч нарын хайгуулын тусгай зөвшөөрөл цахимаар олгох журмын дагуу өргөдөл гаргасан талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоосон талбайд хамаарч байсан.
8. Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх” гэж заасныг үндэслэсэн байдаг. Иймд нэхэмжлэгч нарын өргөдөл гаргасан талбай нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбай байсан. Монгол Улсын Засгийн газраас хайгуулын талбай олгож болох талбай гэж тогтоосон талбайд өргөдөл гаргаж буй явдал нь тухайн компанид уг талбайд хайгуул явуулах ашиг сонирхол бий болсон буюу байгаа гэдгийг тодорхой харуулж буй гэж үзнэ. Гэтэл зөвхөн өргөдөл гаргаснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохгүй, Ашигт малтмалын газраас нэхэмжлэгч нарт тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан буюу нэхэмжлэгч нар хайгуулын тусгай зөвшөөрөл аваагүй гэдэг үндэслэлээр эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэж буй нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компаниудын тухайн талбайд хайгуулын ажил явуулах ашиг сонирхолтой байгаа гэдгээ Ашигт малтмалын газарт гаргасан өргөдлөөр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
9. Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 32 дугаар тогтоол илт хууль бус захиргааны акт болох тухайд: Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоол нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан дараах үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй юм.
10. а/Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3.захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлд сум, дүүргийн Хурлын бүрэн эрхийг хуульчилсан ба “18.1.2.нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар; к/нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж заасан. Нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг Засаг даргын саналыг үндэслэн сумын Хурлын Төлөөлөгчид нийтээрээ буюу хуулиар тогтоосон ирц бүрэн хангасан байдалтайгаар хуралдаж шийдвэрлэх ёстой байна.
11. Түүнчлэн тус хуулийн 20 дугаар зүйлд Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг хуульчилсан ба 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18.1.1.”е”, 18.1.1.”ж”, 18.1.2.”г”, 18.1.2. ”ж”, 18.1.2.”з”, 18.1.3. ”в”, 18.1.3. ”г”, 18.1.3.”ж”, 18.1.3.”з”, 18.1.3.”к”, 18.1.3. ”л”, 18.1.3.”н”-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараах асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ” гэж зааснаас үзвэл нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах талаарх эрхийг Хурлын Тэргүүлэгчид хэрэгжүүлэх эрхийг хуулиар олгоогүй байна. Гэтэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хурлын 2015 оны 32 дугаар тогтоолыг Тэргүүлэгчид хуралдан гаргасан байдаг ба шүүхээс энэхүү байдлыг зөвтгөсөн байдлаар дүгнэсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй юм.
12. Хэрэгт авагдсан нотлох баримтад маргаан бүхий тогтоолыг гаргасан хурлын тэмдэглэл “...Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл” гэсэн гарчигтай бөгөөд Төлөөлөгчид бус Тэргүүлэгчид хуралдсан байдаг. Энэ байдлыг шүүхээс дүгнэхдээ хэт нэг талыг баримтлан дүгнэсэн. Түүнчлэн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн газрыг тусгай хамгаалалтад авахаар заасан. Сумын Хурлын 32 дугаар тогтоол нь хэдийгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гэсэн нэртэй боловч хурлын тэмдэглэлээс үзэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдсан байна. Иймд эрх хэмжээгүй этгээдийн гаргасан шийдвэр гэж үзэхээр байна.
13. б/Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй. Түүнчлэн нэхэмжлэгчээс Засаг даргаас албан ёсоор гаргасан санал гаргаагүй байтал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдан маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэж маргаж байгаа.
14. Шүүхээс “...уг хуралдаанд сумын Засаг дарга Н.Б өөрийн биеэр оролцсон...” гэж дүгнэн, түүний саналыг үндэслэн шийдвэрлэсэн гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн юм. Захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь хуульд үндэслэсэн байх талаар Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоож өгсөн. Зүй нь бол Засаг даргаас бичгээр гаргасан саналыг үндэслэн сумын Хурал зарлан хуралдаж, асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл нэгэнт зарласан хуралд биечлэн оролцож, саналаа амаар хэлсэн гэсэн үндэслэлээр шүүхээс захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааг зөвтгөн тайлбарлаж байгаа нь шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байдалд хүргэж байна. Маргаан бүхий тогтоолыг гаргахдаа Засаг даргаас гаргасан саналыг үндэслээгүй бөгөөд санал гаргаагүй байтал газрыг тусгай хамгаалалтад авч шийдвэрлэснийг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл бүрдээгүй байхад акт гаргасан гэж үзэхээр байна.
15. Шүүхээс “...2015 онд батлан гаргасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг нэхэмжлэгчээс 2017 онд гаргаж байгаа тул уг захиргааны актыг гарах үед үйлчилж байсан бус одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг шүүх дээрх маргаанд хэрэглэж, маргаан бүхий захиргааны актыг хууль бус болох эсэхийг тогтоох нь зүйтэй байна” гэжээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хууль нь материаллаг болоод процессын зохицуулалтыг агуулсан хууль байсан бөгөөд материаллаг хуулийн зохицуулалтыг буцаан хэрэглэх нь эрх зүйд нийцэх юм. Захиргааны байгууллагаас үйл ажиллагаагаа тухайн цаг үед үйлчилж буй хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай тул маргаан бүхий захиргааны акт гарах үеийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх ёстой байна.
16. Давж заалдах шатны шүүхээс “газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгогдсон байх ба уг хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төлөөлөгчдийн 80 хувийн ирцтэйгээр буюу 12 төлөөлөгч оролцон хуралдаж 32 дугаар тогтоол гаргасан нь хуульд нийцсэн, нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдохгүй” гэж дүгнэсэн үндэслэлгүй. Учир нь, дээр дурдсан үндэслэлээр Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 32 дугаар тогтоол нь илт хууль бус захиргааны акт мөн болох нь тодорхой байтал энэхүү баримтыг үндэслэлтэй дүгнээгүй байна.
17. Иймд анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан захиргааны акт илт хууль бус байх үндэслэлийг агуулаагүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Ийнхүү дээрх үндэслэлээр Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0054 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгон, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
18. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
19. Нэхэмжлэгч “Э Э Э” ХХК, “З-А” ХХК, “П” ХХК нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоолын Дөрвөлжин сумын “Мандал” нэртэй 833.29 гектар талбайд холбогдох хэсэг, “Нар” нэртэй 11225.59 гектар талбайд холбогдох хэсэг, “Хар” нэртэй 33230 гектар талбайд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
20. Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн маргаанд хамааралтай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоол нь нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна.
21. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй бөгөөд түүний бүрэн эрхийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-ийн к, Газрын тухай хуулийн 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3-т тус тус нарийвчлан зааж хуульчилсан, иймд эрх хэмжээнийхээ хүрээнд сумын газар нутгийнхаа тодорхой хэсгийг /нэхэмжлэгч нарын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай хамаарсан/ орон нутгийн тусгай хамгаалалтад авсан маргаан бүхий 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
22. Хэрэгт авагдсан Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд тус өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд хурлын 15 төлөөлөгчөөс 12 төлөөлөгч оролцож /хуралдааны ирц 80%/ хуралдсан, тус хуралдаанд сумын Засаг дарга Н.Б өөрөө оролцож, түүний гаргасан саналын дагуу газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон. Харин тус хуралдааны тэмдэглэлийг “...Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл” гэсэн хэвлэмэл хуудсан дээр үйлдэж алдаа гаргасан байх боловч энэ үндэслэлээр, эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг илт хууль бусад тооцох үндэслэлгүй, энэ талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
23. Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 32 дугаар тогтоолыг захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан, ...хурлын тэмдэглэл нь “Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл” гэсэн гарчигтай байгаагаас үзэхэд Хурлын Төлөөлөгчид бус Тэргүүлэгчид хуралдаж шийдвэр гаргасан, ...маргаан бүхий тогтоолыг гаргахдаа Засаг даргын саналыг үндэслээгүй, ...тухайн акт нь илт хууль бус захиргааны акт байхад шүүхээс үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.
24. Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0054 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА