Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2024/00060

 

 

 

 

                           

 

 

                                     

       2024       01         02 

                      181/ШШ2024/00060

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ............... хаягт оршин суух, И овогт Бийн Ж /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..... тоотод оршин байрлах, Т ХХК /РД: /-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц захиалах гэрээний үүрэгт 59,823,711 төгрөг гаргуулах үндсэн, орон сууц захиалах гэрээ цуцалсны торгууль 2,963,625 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаадлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Ж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саруултөгс,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан Орон сууц захиалах гэрээний үүрэгт 59,823,711  төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

“Б ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Орон сууц захиалах гэрээ” байгуулан 33,87 м2 1 өрөө байрыг 59,823,711 төгрөгийг 3 хуваан 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 100% бүрэн төлж захиалсан. Тус байр нь 2023 оны 1 дүгээр улиралд ашиглалтад орох товтой гэрээ хийгдсэн боловч 2023 оны 3 дугаар улирал болон хойшлогдсон учир 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ цуцлах өргөдөлөө өгч 40 хоногийн дотор захиалгын төлбөр буцаан олгоно гэж мэдэгдсэн ч төлбөр олгоогүй өнөөг хүрсэн. Иймд 59,823,711 төгрөгийг хариуцагч Т ХХК-аас гаргуулахаар анх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шарадлагын хэмжээг ихэсгэсэн: “Б” ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр “Орон сууц захиалах гэрээ”-г байгуулсан. Тус гэрээ нь Сүхбаатар дүүрэг, 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Green Ville” А блок 7 давхар 709 тоот 33,87 мкв 1 өрөө орон сууцыг 1 мкв 1.750.000 төгрөгөөр нийт 59.272.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон.

“Орон сууц захиалгын гэрээ”-ний зүйл болох Сүхбаатар дүүрэг, 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Green Ville” А блок 7 давхар 709 тоот 33,87 мкв 1 өрөө орон сууцыг 1 мкв 1.750.000 төгрөгөөр нийт 59.272.000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төлбөрийг төлж барагдуулж дуусгавар болгосон.

Сүхбаатар дүүрэг, 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Green Ville” А блок 7 давхар 709 тоот 33,87 мкв 1 өрөө орон сууцыг 2023 оны 01 дүгээр улиралд буюу 2023 оны 04 дүгээр сарын 01-ний дотор хүлээлгэж өгөх ёстой байсан боловч 2023 оны 03 дугаар улирал болж хойшлогдсон байдаг.

Ингээд 2022 оны 09 дүгээр сарын 23-нд “Орон сууц захиалгын гэрээ”-г цуцлахаар өргөдөл өгч, “Т” ХХК нь “40 хоногийн дотор захиалгын төлбөр буцаан олгоно” гэж хариу өгсөн боловч өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй байна.

“Т” ХХК нь “Орон сууц захиалгын гэрээ”-ний 4.2-т “Гүйцэтгэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш орон сууцны барилгыг ашиглалтад өгөх хугацаааг 60 хоног, түүнээс дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.01 хувиар тооцон алданги Захиалагчид талд өгнө.

“Т ХХК нь “Орон сууц захиалгын гэрээ”-ээр хүлээсэн үүргээ 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 93 хоног үүргээ биелүүлээгүй байх тул алданги нийт 551,211 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Иймд “Т” ХХК-иас “Орон сууц захиалгын гэрээ”-ний алдангид 551,211 төгрөгийг болон нийт 59,823,711 төгрөгийг гаргуулж Б.Ж-д олгож өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:

“Манай компани нь 2022 оны 04-р сарын 04-ний өдөр Орон сууц захиалгын GVA22040452-07 тоот гэрээг нэхэмжлэгч Б.Жтэй байгуулж Сүхбаатар дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Green ville” А блок 7 давхар 709 тоот 33,87 м.кв 1 өрөө орон сууцыг нэг м.кв 1.750.000 төгрөг буюу нийт 59.272.500 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон.

Тус гэрээний 1.6-д манай компани нь барилгыг 2023 оны 01-р улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн, мөн 4.2-т гэрээний хугацаа дууссанаас хойш орон сууцны барилгыг ашиглалтад өгөх хугацааг 60 хоног байхаар харилцан тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээнд заасан эдгээр хугацаа болоогүй байхад гэрээг захиалагчийн саналаар гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 59.272.500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

Мөн талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т “....Захиалагч гэрээг дангаар цуцалж баигаа тохиолдолд гэрээний дагуу төлсөн төлбөрийн 5 хувьтай тэнцэх торгууль ногдуулах бөгөөд орон сууцыг гуравдагч этгээдэд борлуулсны дараа тухайн төлбөрөөс суутгаж, үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно” гэж тодорхой заасан.

Иймд захиалагчийн саналаар гэрээг цуцалж байгаа учраас торгууль 5 хувь болох 2,963,625 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргана. Мөн үлдэгдэл төлбөрийг тухайн орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсны дараа нэхэмжлэгчид төлөхөөр гэрээнд заасан учир Сүхбаатар дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Green ville” A блок 7 давхар 709 тоот 33,87 м.кв 1 өрөө орон сууцыг худалдан борлуулсанаар нэхэмжлэгч Б.Жөд гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргаж өгнө.

Нэхэмжлэгч Б.Ж нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа “Орон сууц захиалгын гэрээ”-ний хугацааны алдангид 551.211 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Б.Ж нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр харилцан тохиролцож байгуулсан GVA22040452/07 тоот орон сууц захиалгын гэрээг 2022 оны 09 сарын 23-ний өдөр буюу өөрийн санаачилгаар, хугацаанаас өмнө цуцлах хүсэлт гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл дээрх гэрээ цуцлагдан, гэрээтэй холооотой эрх үүрэг дуусгавар болсон нь дан ганц захиагагчаас Б.Жөөс шатггаалсан.

Манай компанийн зүгээс Б.Жийн гэрээ цуцлах хүсэлтэд үндэслэн дээрх гэрээг цуцалсан учир GVA22040452/07 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-нд заасан эрх, үүрэг бүгд нэхэмжлэгчийн хүсэлтээр дуусгавар болсон. Учир нь алданги ногдуулах зохицуулалт нь гэрээгээр заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тодорхой хэмжээгээр төлөхөөр тогтоосон мөнгөн дүнгнйн хувь хэмжээ байдаг. Гэтэл захиалагч тал нь гүйцэтгэгч талыг гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлж, ажлаа гүйцэтгэж байх үед, өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээгээ цуцалж тэгш эрх, итгэлцлийн зарчмыг алдагдуулж манай байгууллагад тооцоолоогүй зардал гарах нөхцөлийг бий болгосон. Үүнээс гадна гэрээг цуцалсан өдрөөр талуудын эрх үүрэг дуусгавар болсон байтал нэг тал үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нөгөө талдаа төлж буй анзын зохицуулалтыг нэхэмжлэл болгон гаргаж байгаа илт үндэслэлгүй байна.

Иймд захиалагч Б.Ж өөрийн санаачлагаар, хугацаанаас өмнө гэрээ цуцлах хүсэлт гарган гэрээг дуусгавар болгосон учир дээрх гэрээтэй холбоотой эрх үүрэг дуусгавар болох ба нэхэмлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад тусгасан алданги 551,211 төгрөгийг гаргуулах шаардлага нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6-д “Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.

Мөн бидний байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлд Захиалагч гэрээг дангаар цуцалж байгаа тохиолдолд гэрээний дагуу төлсөн төлбөрийн 5 хувьтай тэнцэх торгууль ногдуулах бөгөөд орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсны дараа тухайн төлбөрөөс суутгаж, үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно” гэж, мөн гэрээний 4 дүгээр зүйлд “Дараах тохиолдол бий болсон бол гүйцэтгэгч тал гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж”, 4.4.3-т “Захиалагчийн санаачлагаар гэрээг цуцалсан” гэж тус тус харилцан тохиолцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагын алдангид хамаарах хэсгийг мөн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

Орон сууц захиалгын гэрээг Б.Жтэй байгуулж Сүхбаатар дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Green ville” А блок 7 давхар 709 тоот 33,87 м.кв 1 өрөө орон сууцыг нэг м.кв 1,750,000 төгрөг буюу нийт 59,823,711 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Тус гэрээгээр манай компани нь барилгыг 2023 оны 01 дүгээр улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн билээ. Гэтэл Б. Ж нь тус шүүхэд орон сууц захиалгын гэрээг цуцлах нэхэмжлэл гаргасан байна.

Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т “...Захиалагч гэрээг дангаар цуцалж байгаа тохиолдолд гэрээний дагуу төлсөн төлбөрийн 5 хувьтай тэнцэх торгууль ногдуулах бөгөөд орон сууцыг гуравдагч этгээдэд борлуулсны дараа тухайн төлбөрөөс суутгаж, үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно” гэж тодорхой заасан байдаг.

Нэхэмжлэлийн шаардлага: Иймд Б.Ж нь өөрийн саналаар орон сууц захиалгын гэрээг цуцалж байгаа тул орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан 5 хувийн торгууль болох 2,963,625 төгрөгийг Б.Жөөс гаргуулж өгнө үү” гэжээ.

4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргасан.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний 4.4-т зааснаар торгууль гэж нэхэж байгаа гэдэг.  Компанийн хохирол гэж яриад байна. Торгууль юм уу, хохирол нэхээд байна уу гэдэг нь өөрөө ойлгомжгүй. Нэхэмжлэл дээр торгууль гээд бичсэн байна. Сая тайлбарлахдаа дандаа хохирол яриад байх шиг байна. Манай байгууллага ингэж хохирсон, менежментийн зардал болон тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад инфляцийн түвшингээс үүдээд манай байгууллага хохирсон гэж яриад байна. Гэтэл компани эрсдэлээ өөрөө үүрэх үүрэгтэй. Эрсдэлийг тухайн захиалагчид хариуцуулах ямар ч боломжгүй. Тийм болохоор нэхэмжлэлийн шаардлага өөрөө үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй. Хүн бүрээс гэрээ цуцалсантай холбоотой 5 хувийг аваад байдаг юм бол энэ компани өөрөө үндэслэлгүй хөрөнгөжөөд байгаа юм биш үү гэдэг асуудал байна. Энэ компани өөрөө эрсдэлийг хангалттай үүрээд аваад явах бүрэн боломжтой. Гэрээний үнээ нэмээд захиалагчид зарах бүрэн боломжтой. Нэмэхгүй юмаа гэхэд 59 сая төгрөгөөр нь буцаагаад зарах боломжтой. Тэгэхээр ямар нэгэн алдагдал болон хохирол учрахгүй. Компанид учирсан хохирол гэхээр менежментийн зардал, ажилчдын цалин гэж нэхээд байх шиг байна. Ажилчдын цалин бол компанийн өөрсдийнх нь эрсдэл, компани өөрсдөө ажилчдаа цалинжуулах үүрэгтэй. Тэрийг захиалагч нарт халдаан хэрэглэх боломжгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна гэв.

5.Дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан. Үүнд:

а/.Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамжид /454,312+17,184/ нийт 471,496 төгрөг төлсөн баримт, Б.Жийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.04.04-ний өдрийн GVA22040452/07 дугаартай Орон сууц захиалгын гэрээ, Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн хуулбар, барилгын схем зураг, У.Төгсжаргалд олгосон итгэмжлэл, 2022.04.11-ний өдөр Б.Жийн Хаан банк дахь 5070333269 тоот данснаас Т ХХК-ийн Хаан банк дахь 8004095791 тоот данс руу 54,272,500 төгрөг шилжүүлсэн баримт, Б.Жийн Хаан банк дахь 5070333269 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Г.Ганбаярыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт зэргийг гаргаж өгсөн.

б/.Хариуцагч талаас: Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, А.Саруултөгст олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 62,368 төгрөг төлсөн баримт, Монгол Улсын Засгийн газрын 2022.01.12-ны өдрийн 27 дугаар, 2022.05.31-ний өдрийн 216 дугаар, 2022.09.05-ны өдрийн 333 дугаар тогтоолууд, Т ХХК-ийн Хас банк дахь 5004095791 тоот дансны цахим гүйлгээний баримтууд, Т ХХК-ийн Хаан банк дахь 5004154735 тоот дансын хуулга, Б.Алтанзулыг өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт, Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмж, С.Баярхишигт олгосон итгэмжлэл, 2022.04.01-ний өдрийн ЗГ/22-04 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ, П.Ундрах-Эрдэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт зэргийг гаргаж өгсөн.

в/.Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Т ХХК-ийн Griin ville хаягаас бичсэн зурвас, гар утсан дээрх зураг, Green Ville захиалагчдын нэгдсэн фэйсбүүк групп тус бүрт үзлэг хийсэн тэмдэглэл авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

6.Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

6.1.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Орон сууц захиалах гэрээ-г хариуцагчтай байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн боловч хариуцагч тал орон сууцыг ашиглалтанд оруулах гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тул гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөрт төлсөн 59,272,500 төгрөг, алданги 551,211 төгрөг, нийт 59,823,711 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.

6.2.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаа болоогүй байхад захиалагчийн саналаар гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 59,272,500 төгрөг, алданги 551,211 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т ...Захиалагч гэрээг дангаар цуцалж байгаа тохиолдолд гэрээний дагуу төлсөн төлбөрийн 5 хувьтай тэнцэх торгууль ногдуулах бөгөөд орон сууцыг гуравдагч этгээдэд борлуулсны дараа тухайн төлбөрөөс суутгаж, үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно гэж тодорхой заасан. Иймд захиалагчийн саналаар гэрээг цуцалж байгаа учраас торгууль 5 хувь болох 2,941,850 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Мөн төлбөрийг тухайн орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсны дараа нэхэмжлэгчид төлөхөөр гэрээнд заасан гэж маргасан.

6.3.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т ...Захиалагч гэрээг дангаар цуцалж байгаа тохиолдолд гэрээний дагуу төлсөн төлбөрийн 5 хувьтай тэнцэх торгууль ногдуулах бөгөөд орон сууцыг гуравдагч этгээдэд борлуулсны дараа тухайн төлбөрөөс суутгаж, үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно гэж заасан байдаг. Мөн дайн байлдаан, үнийн өсөлт зэрэг хүнд байдлаас шалтгаалж орон сууц хугацаандаа ашиглалтанд ороогүй, хүндэтгэн үзэх шалтгаантай. Б.Ж нь өөрийн саналаар орон сууц захиалгын гэрээг цуцалсан тул орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан 5 хувийн торгууль болох 2,963,625 төгрөгийг Б.Жөөс гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.

6.4.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хариуцагч байгууллага барилгыг ашиглалтанд оруулах хугацааг хожимдуулсан, гэрээ байгуулснаас хойш ажил үүрэг гүйцэтгээгүй, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэрээг цуцлах мэдэгдэл өгч төлсөн төлбөрийг буцаан олгох хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй. Хүнд нөхцөл байдал, дайн байлдааны асуудал нь орон сууцыг ашиглалтанд оруулахтай хамааралгүй. Иймд Т ХХК-ийн орон сууц захиалгын гэрээний үүрэгт 2,963,625 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр няцаасан.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

7.1.Талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, гэрээгээр хариуцагч талаас Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Green ville A блок, 7 давхар, 109 тоот 1 өрөө, 33,87 мкв талбайтай орон сууцыг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан барьж, ашиглалтанд оруулж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч талаас орон сууцыг хүлээн авч, орон сууцны үнэ болох 59,272,500 төгрөгийг хариуцагчид төлөхөөр талууд харилцан тохиролцжээ.

7.2.Нэхэмжлэгч талаас 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр барилгын ажил хойшлогдсонтой холбоотойгоор орон сууц захиалгын гэрээг цуцалж, төлбөрөө буцаан авах талаар хүсэлт гаргасныг хүлээн аваад, хариуцагч байгууллага 40 хоногийн дотор төлбөрийг буцаан өгнө гэж хэлсэн боловч уг мөнгийг нь олгоогүй үйл баримт тогтоогдож байна.

7.3.Б.Ж нь хариуцагч компанийн Хаан банкны 5004095791 тоот дансанд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 54,272,500 төгрөг, нийт 59,272,500 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд талууд маргаагүй.

8.Зохигчид гэрээний 4.4-т заасан 5 хувийн торгуулийг буцаан төлөх дүнгээс хасагдах эсэх, нэхэмжлэгч төлөх үүрэгтэй эсэхэд тус тус маргаж байна.

8.1.Талуудын хоорондох гэрээний 4.4-т Дараах тохиолдол бий болсны улмаас гэрээ цуцлагдсан нөхцөлд Гүйцэтгэгч төлсөн төлбөрийн 5 хувьтай тэнцэх торгуулийг гэрээ цуцалснаас учирсан хохиролд тооцон суутган авна гэж, үүнээс 4.4.3-т захиалагчийн санаачилгаар цуцалсан бол гэж тусгажээ.

8.2.Талууд гэрээний хүчинтэй байдал болон гэрээний дагуу төлсөн төлбөрийн талаар маргаагүй, харин гэрээнд заасны дагуу захиалагч гэрээг дангаар цуцалж байгаа тохиолдолд төлсөн төлбөрийн 5 хувьтай тэнцэх торгууль ногдуулах бөгөөд орон сууцыг гуравдагч этгээдэд борлуулсны дараа тухайн төлбөрөөс суутгаж, үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно, мөн орон сууцыг хугацаанд нь ашиглалтанд оруулаагүй нь цар тахал, дайнаас үүдэлтэй үнийн өсөлтөөс хамаарсан хүндэтгэн үзэх шалтгаантай гэж маргасан.

8.3.Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан шаардлагыг хангасан, 43 дугаар зүйлийн 43.1.1-т зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

8.4.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.Ж нь үнэ төлөх үүргээ хэрэгжүүлсэн ч нөгөө талаас хариуцагч компани гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн байна. Орон сууцыг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулахаар тохирсон, мөн энэ хугацаа хойшилсон үйл баримт тогтоогдсон, талууд маргаагүй.

8.5.Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны явцад талуудын хоорондох гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний төрөлд хамаарна гэж тайлбарласан ч гэрээний шинж байдал болоод 16 давхар барилгаас тодорхой хэсгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байдал зэргээс үзвэл худалдах худалдан авах гэрээ гэж үзэв.

8.6.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, хуулийн 225.5-т Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан. Талуудын байгуулсан гэрээний 1.6-д Гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулна гэж заасан боловч барилгын ажлыг 2023 оны 3 дугаар улиралд оруулахаар хойшлуулсан үйл баримт тогтоогдож байна. Энэ тохиолдолд захиалагч нь нэмэлт хугацаа тогтоолгүйгээр гэрээнээс татгалзах эрхтэй.

8.7.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ цуцлах талаар өргөдлөө гараар бичиж хариуцагчид өгсөн гэж тайлбарласантай хариуцагч тал маргаагүй тул энэ өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс нэхэмжлэгч татгалзсанаар уг гэрээг цуцлагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн шүүхээр гэрээ цуцлуулах тухай нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлгүй байна.

8.8.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Жийн төлсөн 59,272,500 төгрөгийг хариуцагч Т ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

9.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3-т гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээсээ татгалзах эрхтэй байхаар заасны дагуу нэхэмжлэгч 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэрээнээс татгалзсан байна. Энэ нь хууль зөрчөөгүй. Тодруулбал, хариуцагч маргааны зүйл болсон 16 давхар 160 айлын орон сууцны барилгыг өнөөдөр ч дуусгаагүй үйл баримт тогтоогдсон.

9.1.Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээнд заасны дагуу төлсөн мөнгөө буцаан шаардах болон гэрээний 4.2-т зааснаар алдангийн хамт хариуцагчаас шаардсан боловч хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлсөн төлбөрийг нь буцаан төлөөгүй хугацаа хэтрүүлсэн буруутай байна.

9.2.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2-т ...орон сууцны барилгыг ашиглалтанд өгөх хугацааг 60 хоног, түүнээс дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 61 хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.01 хувиар тооцон алданги Захиалагч талд төлнө гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангийг 59,272,500 х 0,01% = 5928 төгрөг х 93 хоног = 551,211 төгрөг гэж тодорхойлон шаардсан боловч тооцон үзэхэд /5,928 х 93/ 551,304 төгрөг болж байх хэдийч нэхэмжлэгчийн тодорхойлсон хэмжээгээр тооцох нь хуульд нийцэх тул алданги 551,211 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэв.

9.3.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан хэмжээнд нийцүүлэн нэхэмжлэгч нь хариуцагчаас 551,211 төгрөгийн алданги гаргуулахаар шаардсаныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

10.Захиалагч өөрийн санаачилгаар орон сууц захиалгын гэрээг цуцалсан тул орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан 5 хувийн торгууль болох 2,963,625 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд:

10.1.GVA22040452/07 тоот гэрээний 1.6-д хариуцагч барилгыг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан барьж ашиглалтад оруулахаар тохиролцсон. Харин нэхэмжлэгч хугацаанаас өмнө буюу 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс гэрээг цуцласан үйл баримт тогтоогдсон тул хариуцагч энэ гэрээний дагуу учирсан хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар шаардах эрхтэй.

10.2.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зохицуулсан. Хариуцагч гарсан зардал, гарах зардлыг тооцоолж гэрээнд төлсөн мөнгөний 5 хувиар тусгасан гэж тайлбарлаж үүний дагуу сөрөг нэхэмжлэлээр 2,963,625 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

10.3.Гэвч хуулийн дээрх зохицуулалтын дагуу гэрээнээс учирсан бодит хохирол буюу гарсан зардал, алдагдал, олох байсан орлого-ын талаарх дэмжих баримтад Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээг гаргасан боловч шүүх уг баримтыг үндэслэл болгож хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнээд эдгээр үндэслэлээр хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид /454,312+17,184/ нийт 471,496 төгрөг, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ 62,368 төгрөг төлөх үүрэгтэй байсны дагуу хураамжийг төлсөн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 471,496 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457,069 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн төлсөн 62,368 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар Т ХХК-иас 59,823,711 /тавин есөн сая найман зуун хорин гурван мянга долоон зуун арван нэгэн/ төгрөгийг гаргуулан Б.Жөд олгож, Б.Жөөс гэрээнээс учирсан хохирол 2,963,625 /хоёр сая есөн зуун жаран гурван мянга зургаан зуун хорин таван/ төгрөг гаргуулах тухай Т ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /454,312+17,184/ нийт 471,496 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,368 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч “Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 457,096 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Жт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ