Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сеймуратын Еркеш |
Хэргийн индекс | 110/2023/0033/З |
Дугаар | 110/ШШ2023/0040 |
Огноо | 2023-07-06 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 110/ШШ2023/0040
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос, Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №0091986 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай /прокурорын дүгнэлт/ захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч гаалийн улсын байцаагч А.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Р.Г 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 117 тоот дүгнэлттэй танилцав.
Уг дүгнэлтэд Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтны 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №0091986 дугаартай шийдвэрийн 1 дэх хэсэгт хуулийн зүйл заалт, шийтгэлийн төрөл хэмжээг, 5 дахь хэсэгт хураан авсан эд зүйлийг хэрхэн шийдвэрлэснийг тусгуулах шаардлагатай байх тул шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичиж хүргүүлсэн байна.
Тус №0091986 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байх тул энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0091986 дугаартай шийтгэлийн хуудсаар С.Е тарифын бус хязгаарласан барааг улсын хилээр оруулсан тул Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэж, оногдуулсан шийтгэлийн 100 000 төгрөгийг сайн дураар төлж биелүүлэхийг даалгажээ.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос “Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №0091986 дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх хэсэгт хуулийн зүйл заалт, шийтгэлийн төрөл хэмжээг, 5 дахь хэсэгт хураан авсан эд зүйлийг хэрхэн шийдвэрлэснийг тусгуулах шаардлагатай” гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар дүгнэлт гаргажээ.
Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, энэ талаар шүүхэд бичгээр тайлбар гаргасан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0091986 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Д.Б нь Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/251 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байх тул эрх залгамжлагчаар тус аймаг дахь Гаалийн газар/ дарга/-ыг оролцуулсныг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд гаргасан “Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №0091986 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын нэхэмжлэлтэй /дүгнэлт/, Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ С.ЕРКЕШ