Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/146

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Хохирогч *******,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Доржготов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал 5 дугаар багийн нутаг Бэлийн улаан цохио гэх газарт өөрийн эзэмшлийн 07-1З БНА улсын дугаартай УАЗ-31512 маркийн автотээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь заалт болох “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ” гэх заалтыг зөрчсний улмаас мустанг-5 маркийн мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан *******ыг мөргөж амь насыг нь хохироож автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн … Тухайн өдөр манай эгчийн хүүхэд болох Уранчимэг нь сум орох ажилтай гээд гуйгаад мотоциклиор нь хамт явсан чинь буцаж ирж байхдаа осолд ороод ухаангүй сумын эмнэлэгт авчирсан байхад нь би өөрөө хөдөөнөөс дүүгийнхээ хамт суманд ирсэн. Намайг сумын эмнэлэгт ирэхэд хүүгийн биеийн байдлыг хүнд байна гэж сумын эмч нар хэлж байсан. Би тухайн үед нь сумын эмч нарыг аймгийн түргэн 103 дуудаж яаралтай арга хэмжээ авч миний хүүгийн амь насыг аварч өгөөч гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Аймгийн түргэн маш хурдан 21 цаг өнгөрч байхад суманд ирсэн. Түргэн ирэхэд манай хүү бараг амьсгаа хурааж байсан ... Би энэ хүнээс талийлаачийн оршуулганд гарсан зардал болон бусад зардлуудыг нэхэмжилнэ. Сая өөр өөрсдийнхөө хэдэн малнаас зарж борлуулаад ажил явдлаа өнгөрөөлөө. Одоогоор 3 сая гаруй төгрөгний зардал гарсан. Цаашид хоног ном хураах болон бусад зардалууд гарах байх. Үүнийгээ баримтаар нь гаргаж өгч нэхэмжилнэ ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-38/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Бэлийн улаан цохио гэх газар явж байсан чинь хажуу талын зэрэгцээ замаар явж байсан бор ногоон өнгийн УАЗ-31512 маркийн 07-1З БНА улсын дугаартай машин бид хоёрын өмнүүр дараад мотоциклийн урд талын жолооны гар орчмоор тухайн машины хаалгаар мөргөсөн чинь манай талийгаач дүү бид хоёр мотоциклиосоо сугараад замын зүүн тал руу унасан чинь тэр машин цаашаа явж байгаад эргээд зогссон. Би босч ирээд мотоцикль жолоодож явсан талийгаач дүү Балбарыг газар хэвтэж байхаар нь очоод үзсэн чинь ухаангүй, хурхираад байхаар нь тэвэрч аваад сууж байсан чинь тэр мөргөсөн машины жолооч эхнэртэйгээ буугаад ирэхээр “та яаж байгаа юм бэ, та хажуудаа явж байгаа хүн харахгүй өмнүүр дараад хүн алчихлаа ш дээ” гэсэн чинь би хүүхэд рүүгээ харж яваад ажсангүй ингэчихлээ гэж байсан. Тэгээд би та түргэн дуудаач гээд байж байсан чинь тэнд явуулын мотоцикльтой хүн ирж таараад тэр гуйж түргэн эмч дуудуулсан. Сумын эмнэлэгийн машин эмчтэйгээ ойрхон багийн төв дээр байсан болохоор хурдан ирсэн. Ирээд сумын эмнэлэгт авчирч хэвтүүлээд ухаангүй эмчилгээ хийлгэж байгаад нас барсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41/,

Гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... гэрээдээ явж байх замд Бэлийн улаан цохио гэх газар явж байгаад эргээд харсан чинь ард явсан манай хүү замаасаа салаад гэрээдээ эргэсэн байсан. Тэгээд арын машин замаасаа гараад гэрээдээ зам салчихсан байна гээд араас нь замаас гарах гээд зүүн тийшээ эргэсэн чинь түр гээд дуугарахаар нь харсан чинь жолооч талын хаалга руу мотоцикльтой хүн мөргөөд цаашаа унаж байсан. Тэгээд манай нөхөр машинаа зогсоогоод эргээд тэр унасан байсан мотоцикльтой явсан хүмүүс дээр ирсэн чинь тэр мотоцикль жолоодож явсан эрэгтэй хүн нь ухаангүй, хэвтчихсэн, эмэгтэй хүн босоод ирчихсэн хажууд нь байсан ... Машиныг манай нөхөр жолоодож явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/,

Насанд хүрээгүй гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Энэ хэрэг болох өдөр би аав *******, ээж Наранцэцэг нартай машинаар нь хөдөө гэрээдээ явж байсан. Тэр үед шуурга шуураад байсан чинь машины хажуунаас түк хийх чимээ гарсан. Тэгээд аав машинаа эргүүлээд буцаж ирээд зогссон чинь мотоцикльтой хоёр хүн замын хажууд ойччихсон байсан. Нэг эмэгтэй хүн нь босч газар хэвтэж байсан эрэгтэй хүн дээр очоод нөгөө эрэгтэй хүн нь босч ирэхгүй байсан. Би машинаасаа буугаагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/,

Шүүгдэгч *******гийн ... Миний тухайд бол энэ мотоцикльтой хүмүүсийг араас ирж байгааг нь өмнө бол машиныхаа толинд харж л байсан. Тэгээд явж байгаад эргэх үед байхгүй байх шиг байхаар нь зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийгээд залуурыг дартал хажуу руу түр гээд ирээд хаалганы орчноор мөргөөд цаашаа унахаар нь жолооны залуурыг эргүүлж буцааж дараад эргээд зогссон чинь мотоцикль нь замын хажууд уначихсан сундалж явсан эмэгтэй нь босоод ирчихсэн, цаад хажууд нь талийгаач хэвтэж байсан. Тэгээд тэнд байж байгаад замын хүмүүсээр цагдаа, эмнэлэг дуудуулсан. Энэ осол араас мотоцикльтой хүн ирж байгааг хараагүйгээс болсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Маш богино хугацаанд нүд ирмэх зуур л болсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 115-116/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 35 тоот шинжээчийн ... Талийгаач *******ын биед тархины баруун тал бөмбөлгийн зулайн орой, суурь хэсэг, дагз хэсгийн тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун, зүүн хажуугийн ховдлын цус хуралт, тархины зүүн хажуугийн ховдлын цусан хураа, тархины эдийн няцрал, дух, баруун шанаа, баруун чихний дэлбэн, зүүн нүдний дотор булан, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо ... Талийгаачийн *******ын тархины баруун тал бөмбөлгийн зулайн орой, суурь хэсэг, дагз хэсгийн тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун, зүүн хажуугийн ховдлын цус хуралт, тархины зүүн хажуугийн ховдлын цусан хураа, тархины эдийн няцрал нь амь насанд аюултай гэмтлийн хунд зэрэгт, бусад дух, баруун шанаа, баруун чихний дэлбэн, зүүн нүдний дотор булан, зүүн шанаанд зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 61-63/,

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 11 тоот ... 07-13 БНА улсын дугаартай УАЗ-31512 маркийн авто машины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.8 “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ” гэсэн заалтыг зөрчин замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 75-76/,

Баянхонгор аймгийн автотээврийн төвийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 17/10 тоот ... Мустанг-5 маркийн мотоцикль нь "Автотээврийн хэрэгслийн таних тэмдгийн дугаар (\/1М)-Агуулга ба бүтэц ММ5 130 3779:2010 стандартад заасны дагуу арлын дугаарын тэмдэгтүүдээр шалгахад уг мотоцикль нь 2013 онд үйлдвэрлэгдсэн, тээврийн хэрэгслийн бүртгэлийн программд шалгаж үзэхэд улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Мотоциклийг асааж шалгахад хөдөлгүүр нь ажиллаж байсан дуут дохио нь ажиллаагүй, тормосны дөрөөн дээр гишгэж хойд дугуйг гараар эргүүлж үзэхэд дугуй эргэхгүй байгаа нь тормос ажиллагаатай, жолоодлогын гарыг эргүүлж үзэхэд саадгүй эргэж байгаа нь жолоодлогын механизм ажиллагаатай явах эд ангид ямар нэгэн гэмтэлгүй байгаа нь тогтоогдлоо ... гэсэн дүгнэлт /хх-ийн 92-93/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 4-13/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл ... уг автомашины зүүн талын урд хаалганы шилний доод ирмэгээс 18 см, урд ирмэгээс 17.5 см-ийн зайд бага зэрэг зурагдсан, будаг цайрсан, мөн хаалганы доод ирмэгээс 13 см, урд ирмэгээс 14.5 см-ийн зайд будаг цайрч цөмөрсөн...шинээр үүссэн ул мөр...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-22/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 64-70/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 196-198/,

Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримт /хх-ийн 117-121, 182-186/ 83-103/,

*******ын иргэний үнэмлэхний хуулбар, нас басрны бүртгэлийн гэрчилгээ, засаг даргын тодорхойлолт /хх-ийн 122-124/,

Хохирлын баримтууд /хх-ийн 125-142,180/,

Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 189-191/,

Шүүх хуралдаанд гаргасан 1 хуудас хохирлын баримт зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч ******* нь 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал 5 дугаар багийн нутаг Бэлийн улаан цохио гэх газарт өөрийн эзэмшлийн 07-1З БНА улсын дугаартай УАЗ-31512 маркийн автотээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь заалт болох “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ” гэх заалтыг зөрчсний улмаас мустанг-5 маркийн мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан *******ыг мөргөж амь насыг нь хохироож Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Хохирогч ******* нь шүүгдэгчээс хохиролд нийт 5.500.000 төгрөг нэхэмжилж байгаагаа илэрхийлсэн ба хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг шалгахад 3.312.432 төгрөгийн баримт цугларсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохиролд нийт 4.000.000 төгрөгийг хүлээлгэн өгч баримтыг хавтаст хэргийн 191-192 дугаар хуудсанд хавсаргасан байх тул хохирогч нь үлдэгдэл 1.500.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй ба шүүгдэгч ******* нь үлдэгдэл 1.500.000 төгрөгийн нотлох баримт бүрдвэл нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн болно.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохиролд 4.000.000 төгрөгийг хүлээлгэн өгч үлдэгдэл хохирлын баримт бүрдвэл нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч *******гийн эзэмшлийн 1 тооны үхэрийг шүүгдэгчид буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг дурдсугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн 1 тооны үхэрийг шүүгдэгчид буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хохирогч ******* нь үлдэгдэл 1.500.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА