Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/36

 

 

 

 

 

 

М.Б, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Э.А /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: М.Б /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: Б.Б /зайнаас цахимаар/

Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч: Ж.Ж /зайнаас цахимаар/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж хийсэн, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/134 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б, өмгөөлөгч Ж.Ж нарын гомдлоор шүүгдэгч М.Б, Б.Б нарт холбогдох 2119001580161 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт М-ын Б,

 

М овогт Б-ын Б-т холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.А-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч М.Б, шүүгдэгч Б.Б нар 2021-07-04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Түмний нэртэй 8 нэрийн дэлгүүрийн гадна талбайд маргалдан, харилцан зодолдож,  М.Б нь Б.Б-ийн хөл рүү өшиглөх, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж, түүний биед тархи доргилт буюу хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Б М.Б-ын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж, түүний биед тархи доргилт буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт М-ын Б, М овогт Б-ын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Б.Б нарт тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Б.Б нар торгуулийн ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Б.Б нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ж.Ж нар давж заалдсан гомдолдоо:  “...Б миний бие уг хэрэг болдог өдөр Б-ийг ямар нэгэн байдлаар зодож түүний биед гар хүрсэн асуудал огт байхгүй, хэргийн талаар тайлбар мэдүүлэг авч шалгасан цагдаагийн ажилтан Г-т маш их гомдолтой ба би түүнийг танил талын хүрээгээр энэ бүгдийг зөвхөн Б-ийн эрх ашигт нийцүүлсэн ажиллагааг хийж ойр дотны найз нөхдийн хүрээг хамруулсан. Гэрч гэх А, Д нар Батхишигтэй найз нөхдийн холбоотой учраас болсон үйл баримтын талаар илтэд худал мэдүүлгийг өгч намайг тэд хуйвалдан гүтгэсэн. Мөн “Түмний дэлгүүр”-ийн эзэн болох Б-ийн дэлгүүрт Б ажилладаг тул түүний талд үйлчилж, намайг уг үйл явдал болсон дэлгүүрийн камерыг авахыг хүсэхэд илтэд дургүйцэн цагдаагийн ажилтан Г-т энэ талаар хүсэлтээ хэлэхэд уг камерыг эд мөрийн баримтаар авахыг эрс дургүйцсэн нь уг дэлгүүрийн камерыг тухайн үед Г-тэй хуйвалдаж  нар урьдчилаад үзэхэд тухайн үеийн үйл баримтууд маш тодорхой бичигдсэн байсантай холбоотой болох байдлууд эцсийн эцэст миний эрхийн асуудлыг ноцтойгоор зөрчих нөхцөл боломжийг буй болгосон хэмээн үзэж энэ бүгдэд маш их гомдолтой байна. Мөрдөгч Б миний Б.Б-ийн тархины доргилтыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хүсэлтийн талаар огт шийдвэрлэж дахин шинжээчийн дүгнэлт гаргах болон хуульд заасан миний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн эсэх талаар ямар нэгэн ажиллагааг огт хийгээгүй, Б миний хувьд хавтаст хэргийн материалтай танилцахдаа энэ хэргийн хохирогч гэсэн ойлголт, байр сууринаасаа хохирогч гэх гарын үсгийг зурснаас өөрөөр яллагдагч гэх ойлголт ухагдахууныг надад хэн ч тайлбарлаж ойлгуулаагүй болно. Миний хувьд энэхүү гаргасан хүсэлтээр хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгох буруу ойлголттой байсан учраас шүүхээс гэм буруутайд тооцонгуут маш ихээр балмагдаж өөрөө хохирчихоод эцэс нь өрөөлийн буруутай үйлдэлд өртөж хэрэгтэн хэмээгдэн нэрлэгдсэнд их гомдолтой байгаа учраас аливаа асуудалд шударга үнэн гэж байдаг бол тэр л үнэнийг олохын төлөө эцсээ хүртэл тэмцэхээр шийдэж энэхүү гомдлыг гаргаж байгаа болно. Батхишиг энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан болохоор уг хэрэгт гаршсан гэхэд хилсдэх боловч ямартай ч өөрийгөө өмгөөлж хамгаалах бүхий л нөхцөл байдлыг намайг дагуулахгүй сэтгэж, хэргийн байдалд 2 талын буруутай үйлдлийг адил тэнцүү хэмжээнд үнэлэх нөхцөл боломжийг буй болгож намайг илтэд гүтгэж чадсан нь түүний хувь хүний талаас харж үзэх үнэлэмж бөгөөд гэтэл х/х-ийн 106 дугаар хуудсанд авагдсан түүний ял шийтгэгдэж байсныг нотолсон Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоол байхад анхан шатны шүүх энэ бүгдийг огт анхаарахгүйгээр уг шийтгэх тогтоолдоо Б-ийг “урьд ял шийтгүүлж байгаагүй” гэсэн болохыг анхаарна уу. Мөн шийтгэх тогтоолд миний ам бүлийн байдал ч буруу бичигдсэн, миний бие нь ам бүл 4, нөхөр, 1 хүүхэд, ээж нарын хамт амьдардаг ба гэтэл намайг ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг гэжээ. Энэ нь аливаа шүүхийн бичиг баримтад хувь хүний холбогдол бүхий түүхчлэл үнэн зөв авагдсан байх ёстой шаардлага зөрчигдсөн болно.” гэжээ.

 

Шүүгдэгч М.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед камерын бичлэгийг баримтжуулаагүйг гайхаж байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэж Б мөрдөн байцаагч хэлсэн болохоор би ял авна гэж бодоогүй байсан учир юм хэлж чадаагүй. А, Д, Б гэдэг хүмүүс бүгдээрээ Батхишигт хамааралтай хүмүүс юм. Намайг танихгүй учраас нэг талыг барьж хуйвалдсан гэж бодож байна. Би Б-ийн биед огт гар хүрээгүй учраас гомдолтой байна. Үснээс нь зулгаасан гэж ярьсан, би үсэнд нь хүрээгүй. Бүх болсон зүйл камерын бичлэг дээр тодорхой байгаа. Тухайн үед Цагдаагийн байгууллага камерын бичлэгийг аваагүй юм.” гэв.

 

Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Ж.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинжээчийн дүгнэлттэй танилцаад тусгайлан гаргах санал хүсэлт дээр нь санал, хүсэлт гарган Бүрэнжаргалын хувьд Б-ийн биед гар хүрээгүй, хохирол учруулаагүй үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж бичсэн. Энэ санал хүсэлтийг албан ёсоор гаргаагүй гэдэг нь ямар учиртай юм бэ. Үүнийг ойлгохгүй байна. Албан ёсоор авагдсан нотлох баримт болохоор албан ёсоор хэлмээр байна. Камерын бичлэг нь уг хэрэг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр үйлдэгдсэн байдаг. 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр камерын бичлэгийн үзлэг хийгдсэн байдаг. Сар гаруйн дараа тухайн үйл баримт болж байсан үйл явдлыг харуулсан камерын бичлэг мөн үү биш үү гэдэгт эргэлзээтэй байна. Б-ын ярьж байгаа мэдүүлгүүд үндэслэлгүй гэж үнэлэхэд учир дутагдалтай гэж үзэж байна. Өөрийгөө  өмгөөлөх талаар өөрсдөө хүсэлт гаргасан. Хамгийн гол нь өмгөөлөгчийг сонголттой авахаас гадна мөрдөгчийн хувьд өмгөөлөгч 500,000 төгрөгөөр авдаг тиймээс та нар энэ хэрэг дээр өмгөөлөгч авч чадахгүй нь ойлгомжтой гэсэн байр сууриар хандсан учир Б-ын хувьд өмгөөлөгч аваагүй өөрийгөө өмгөөлөхөөр зөвшөөрсөн боловч бодит байдал дээр энэ нөхцөл байдал нь хэрэгжиж чадаагүй ийм учир дутагдалтай асуудлууд байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Камерын бичлэг дээр бүх зүйл тодорхой байгаа. Б намайг өшиглөсөн. Би тухайн үед цагаан өмдтэй байсан болохоор гутлын мөр нь тод гарсан байсан. Б-тай харилцан зодоон үүсгэсэн байж үүсгээгүй гэж байгаа нь сонин байна” гэв.

 

Прокурор Э.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогчоор тогтоож хохирогчийн эрх үүргийг танилцуулж, хохирогчоор мэдүүлэг авсан. Тухайн үйл баримт тогтоогдсоны дараа Б-ын хувьд бусдын биед халдсан нь Б гэдэг хүнд хохирол учирсан гэж прокурорын зүгээс үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллагдагчаар татах тогтоол гаргасан. Прокурорын тогтоолыг Бүрэнжаргалд танилцуулж яллагдагчийн эрх үүргийг танилцуулж, яллагдагчаар мэдүүлэг авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллагдагч шинжээч томилсон, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй гэж заасан байна. Тухайн үед өмгөөлөгч авахгүй гэж байсан. Ялыг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх журмыг ойлгоогүй гэж байна. Энэ прокурорын тогтоол дээр мөрдөгчийн яллагдагчид танилцуулах нэг ажиллагаа байдаг. Шүүгдэгч үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн бол хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явагддаг. Энэ хэргийн хувьд ердийн журмаар шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Б-ийн хувьд харилцан зодолдож хохирол учруулснаа хүлээн зөвшөөрдөг. Б-ын хувьд зөвшөөрдөггүй. Шүүгдэгчийн ярьсан гэрч Б, Д, А нарын танихгүй, бүгд Б-т хамааралтай хүмүүс гэж байна. Энэ гэрч нар тухайн үйл баримтыг нүдээр харсан. Камерын бичлэгт болсон үйл баримт тодорхой бичигдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б-ийн биеийн байцаалт, Б-ын биеийн байцаалт буруу бичигдэж бичиг техникийн алдаа гарсан байна. Бичиг техникийн алдааг давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой. Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай учруулсан, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байдалд халдсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Б-тэй маргалдаж түүний эрүүл мэндэд хөл рүү нь өшиглөж, үснээс нь зулгаасан нь хүний халдашгүй дархан байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан. Эдгээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б-ын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б болон түүний өмгөөлөгч Ж.Ж-ны гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүй, хэргийг бүхэлд нь хянаж үзээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Эдгээр хууль болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч М.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагааг хянахад:

 

Мөрдөгчөөс уг гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бүрэн гүйцэд шалгаж нотолжээ.

 

Өөрөөр хэлбэл энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, хэргийг мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдохгүйн гадна мөрдөгч, прокуророос нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох хуульд заасан шаардлагыг хангасан байна.

 

Прокуророос “...Шүүгдэгч М.Б, Б.Б нарыг 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Түмний нэртэй 8 нэрийн дэлгүүрийн гадна талбайд маргалдан, харилцан зодолдож,  шүүгдэгч М.Б, хохирогч Б.Б-ийн хөл рүү өшиглөх, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж, тархи доргилт буюу хөнгөн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Б.Б, хохирогч М.Б-ын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж, тархи доргилт буюу хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Аливаа гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь зөвхөн нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон байх ёстой бөгөөд энэхүү хууль зүйн үндэслэлийн дагуу анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан, яллах дүгнэлтэд дурдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн шүүгдэгч М.Б, Б.Б нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Хэдийгээр шүүгдэгч М.Б-аас шинжээчийн дүгнэлт/1хх-39/-тэй танилцаад, хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд учирсан “...тархины доргилт” гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй, би тэр хүний биед хүрч зодоогүй” гэсэн тайлбар бичсэн хэдий ч “хохирогчийн биед учирсан гэмтэл”-ийг дахин тогтоолгохоор нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг гаргаагүй байх тул холбогдох шийтгэх тогтоолд шинжээчийн дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх талаар хэргийн оролцогчоос ямар нэг санал хүсэлт гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, мөрдөгчөөс хэргийн оролцогчдын “хуулийн өмнө эрх тэгш” байх эрхийг бүрэн хангасан, оролцогчдоос гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй орхигдуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хэргийг мөрдөн шалгах явцад нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасан хуулийн шаардлагыг зөрчөөгүй, тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байна.  

 

Мөн хэрэгт хохирогч, гэрчүүд шүүгдэгч М.Б, Б.Б нарын гэм буруутай үйлдлийн талаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх ба хэрвээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болдоггүй учиртай.

 

Харин шүүгдэгчийн тухайд өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд хэрэгт шүүгдэгч М.Б-ын “...би тэр хүнийг зодоогүй” гэсэн мэдүүлгийг нотолсон өөр баримтгүй байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэсэн хуулийн шаардлагад нийцэж байна.

 

Тиймээс шүүгдэгч М.Б-ын гэм буруутай үйлдэл нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тус тус нотлогдож, тогтоогдсон гэж үзнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдгээрийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй, зөв юм.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шударга ёсны зарчим нийцсэн байна.

 

Тиймээс дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ж.Ж гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч нарын биеийн байцаалтыг бичихдээ шүүгдэгч М.Б-ын ам бүлийн тоог 4 гэхийг 6 гэж, шүүгдэгч Б.Б-ийг урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, энэ ялыг бүрэн эдэлж дууссан тухай албан бичиг/1хх-117/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол/1хх-118/-ыг урьд ял шийтгүүлж байгаагүй гэж зөрүүтэй бичсэн байгааг цаашид анхаарахыг магадлалд тэмдэглэв.

 

                  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/134 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ж.Ж нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                       А.САЙНТӨГС

                                                                                                           

                                                                                                      Н.БОЛОРМАА