Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 131/ШШ2024/00056

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:******* ******* овогт *******гийн *******, 

Хариуцагч:  ******* овогт *******гийн *******, 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр,

Хариуцагч: Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар: Н.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Д.*******эд холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие нөхрийн хамт мод, модон материалын худалдааг хувиараа эрхэлдэг. 2023 оны 4 дүгээр сарын 22-ны үед Д.******* нь манай модон материалын худалдаан дээр ирж Баян-Овоо сумын мод хамгаалах хайс буюу хашаа хийх тендер авсан юм. Танай дээр захиалга өгөөд хашаа хийлгэе гэж ирсэн. Тооцоо хийгээд өгөөч гэсэн. Ингээд тооцоолол хийхэд нийт 8,193,000 төгрөгийн модон материал ажлын хөлс болохоор байсан. Ингээд манайх 8 сая төгрөгт тухайн модны хашаа буюу хайсыг хийж өгье гэхэд Д.******* нь тэгье гээд харилцан тохирсон. Ингээд төлбөр тооцоо хийхдээ 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр барагдуулж дуусгана гэж хэлсэн. Бид тус хайс буюу хашааг тохирсон хугацаандаа буюу 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хийж дуусгасан. Хашааг хийж байх явцад байнга өөрөө ирж хашааны чанар байдалтай танилцаж, чанар байдлын талаар хангалттай гэж үзсэн. Улмаар хашаа буюу хайсаа авахдаа 2 удаа ирж ачсан. Төлбөр хөлсөө бидэнд шилжүүлэхдээ 2023 оны 4 сарын 16-ны өдөр 2 сая төгрөг, 5 дугаар сарын 3-ны өдөр 1 сая төгрөг, 5 сарын 16-ны өдөр 3 сая төгрөг нийт 6 сая төгрөгийг төлсөн. Одоо 2 сая төгрөгийг төлөөгүй байна. Иймд Д.*******ээс модон материалаар хайс буюу хашаа хийсний үнэ 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.

1.2. Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нөхрийн хамт мод, модон материалын худалдааг хувиараа эрхэлдэг. 2023 оны 4 дүгээр сарын 22-ны үед Д.******* нь манай модон материалын худалдаан дээр ирж Баян-Овоо сумын мод хамгаалах хайс буюу хашаа хийх тендер авсан юм. Танай дээр захиалга өгөөд хашаа хийлгэе гэж ирсэн. Тооцоо хийгээд өгөөч гэсэн. Ингээд тооцоолол хийхэд нийт 8,193,000 төгрөгийн модон материал ажлын хөлс болохоор байсан. Ингээд манайх 8,000,000 төгрөгт тухайн модны хашаа буюу хайсыг хийж өгье гэхэд Д.******* нь тэгье гээд харилцан тохирсон. Ингээд төлбөр тооцоо хийхдээ 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр барагдуулж дуусгана гэж хэлсэн. Бид тус хайс буюу хашааг тохирсон хугацаандаа буюу 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хийж дуусгасан. Хашааг хийж байх явцад байнга өөрөө ирж хашааны чанар байдалтай танилцаж, чанар байдлын талаар хангалттай гэж үзсэн. Улмаар хашаа буюу хайсаа авахдаа 2 удаа ирж ачсан. Төлбөр хөлсөө бидэнд шилжүүлэхдээ 2023 оны 4 сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг, 5 дугаар сарын 3-ны өдөр 1,000,000 төгрөг, 5 сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөгийг төлсөн. Одоо 1,765,000 төгрөгийг нэхэмжилж байна.  Хашаагаа авахдаа тооцоогоо бүрэн дуусгана гэж тохирсон боловч өгөөгүй. Дараа нь манай нөхрийг идэшний үхэр авах уу гээд 2 үхрийн зураг өгсөн тул үхэр авахаар болсон. Намар үхрээ авъя гэхэд өгөөгүй тул маргаан үүссэн. Одоо 1,765,000 төгрөгийг Д.*******ээс гаргуулж өгнө үү гэв.

1.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч нь Д.*******тэй харилцан тохирч бараа, материал нийлүүлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор ажлын хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь гарцаагүй нотлогдож байгаа нөхцөл байдалд тохируулан янз бүрээр тайлбараа өөрчилж ярьж байна. Хавтаст хэрэгт авагдсан болон бусад нотлох баримтаар Д.******* нь 2023 оны 4 дүгээр сард Ц.*******той модон материал нийлүүлэх гэрээр байгуулж 6,000,000 төгрөг төлсөн талаарх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үлдэх 1,765,000 төгрөг нь тухайн хайс, шонг хийхэд гарах зардал, ажлын хөлсний 1,500,000 төгрөг гээд нийт 1,765,000 төгрөг төлөх нөхцөл байдал тогтоогдож байна. Хариуцагчийн зүгээс авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл энэ модон материалыг хариуцагч нь 2023 оны 5 дугаар сарын 16, 22-ны өдөр буюу 2 удаа ачиж явсан гэх нөхцөл байдал харагдаж байна. Нэхэмжлэгч нь өгч явуулсан зүйлсээ тоотой нь гаргаж өгсөн нь дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. Хариуцагчийн тайлбар нотлох баримттай нийцэхгүй байна. Янз бүрийн тайлбар гаргасны улмаас тайлбарууд нь хоорондоо зөрчилдөж байна. Мөнгөн хөрөнгийн бүртгэлд үзлэг хийсэн бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 04, 16,17-ны өдөр тус тус зарагдсан мөнгөн хөрөнгийн бүртгэлд хайс 40,000 төгрөгөөр зарагддаг болох нь нотлогдож байна. 40,000 төгрөгийн хайсыг 30,000 төгрөгөөр хийсэн нь тогтоогдож байна. Харин 28,000 төгрөг нь 30,000 төгрөг болсон гэх хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна. Мөн өнөөдрийн шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна гэв.  

2. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

2.1.  Миний бие Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын төвд мод хаших зориулалтаар Ц.*******, нөхөр Аюуртай 4 метр, 180 ширхэг хайс нэг ширхэг нь 28,000 төгрөгөөр бодож, хайсны үнэ 5,040,000 төгрөг, мөн шон хийх 4 метр, 6 см 180 ширхэг 9000 төгрөгөөр бодож прусны үнэ 1,620,000 төгрөг, хашаанд орох шрүп 90 ширхэг хайрцаг, нэг ширхэг нь 4000 төгрөг, нийт 360,000 төгрөг, ажлын хөлс 1,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөг гэж тохирсон боловч хайс хийж байх явцдаа хайсыг хар модон банзаар хийх байсан чинь нарсан болон хушин банзны зах янз бүрийн зүйлээр хийж чанар муу болж хайсыг дахин задалж сэлбэх ажлууд гараад надад 728,000 төгрөгийн алдагдал гарсан. Тус материалын үнийн урьдчилгаанд нийт 6,000,000 төгрөг, миний авсан материалын үнэ нийт 5,194,000 төгрөг, миний аваагүй материалын үнэ 1,500,000 төгрөг. Нийт 8,000,000 төгрөгийн тооцооноос 5,194,000 төгрөгийн материал авсан. Би өөрөө 6,000,000 төгрөг өгсөн. Мөн 26 хайс задарч бусад хайсыг сэлбэж 728,000 төгрөгийн алдагдал гарсан. Би өөрөө 728,000 төгрөг авах ёстой болж маргаан үүссэн гэж тайлбарыг гаргасан.

2.2.  Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх гэрээ хийхдээ 180 хайс, 180 шон авахаар болж 8,000,000 төгрөгөөр тохирсон. 1 ширхэг хайс, 2 ширхэг хар модон банз, 2 ширхэг шон орох байсан. Эхний удаа модоо ачаад явсан бөгөөд очоод үзэхэд хайс нь задарсан байсан. Дараа нь гэмтэлгүй эсэхийг асуухад гэхэд зүгээр гэсэн. Тэгээд 80 хайс, 65 шон авсан буюу нийт 145 хайс, 122 шон авсан. Одоо үлдэгдэл 35 хайс, 58 шон аваагүй байгаа. Үүнийг нь Баян-Овоо сумынхан хүлээж авахгүй байгаа тул засвар хийж байгаа. 35 хайс 58 шонгийн үнээ хасахгүй надаас нэхээд байна. 500,000 төгрөгийн үлдэгдэл байсан тул үхэр аваад зөрүү мөнгийг нь өгөөрэй гэж хэлсэн. Хэрэв хар модон банз, шонгоор хийсэн 500,000 төгрөгийг нь өгөөд тооцоо дуусах байсан. 26 хайс задарсны улмаас би хохирч өөрөөсөө 1,000,000 төгрөг гаргасан. Одоо тэр хайс нь хүрэхээр хугарчих гээд байдаг, эдэлгээ муутай хайснаас болж би хохирч байна. Чанартай зүйл хийгээгүй байж мөнгө нэхэмжлэхээ болимоор байна. Ярихаар би чамайг дийлнэ гэж заналхийлж доромжилдог. Иймд 35 хайс, 58 шонгийн үнийг хасаж өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч Ц.*******оос өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хууль зүйн туслалцаа авах хүсэлт болон гэрээ, ХААН банк ХХК-ийн депозит дансны хуулга, 09 дүгээр гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

5. Хариуцагч Д.*******ээс гэрэл зураг, CD зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

6. Шүүхээс нэхэмжлэгч Ц.*******ын Мөнгөн хөрөнгийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийлгэх тухай хүсэлтийг тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 131/ШЗ2024/00157 дугаар шүүгчийн захирамжаар хангаж, мөнгөн хөрөнгийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Хариуцагч Д.******* модон хашаа буюу хайсыг нийт 8,193,000 төгрөгөөр хийлгэхээр, хайс, ажлын хөлсөө 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Хайс, хашааг 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хийж дуусгасан. Улмаар хашаа буюу хайсаа авахдаа 2 удаа ирж ачсан. Төлбөр хөлсөө бидэнд шилжүүлэхдээ 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг, 5 дугаар сарын 3-ны өдөр 1,000,000 төгрөг, 5 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөгийг төлсөн. Тооцооллоо дахин нягтлахад 235,000 төгрөг илүү нэхэмжилсэн байсан тул энэ мөнгийг хасаад 1,765,000 төгрөгийг хариуцагч Д.*******ээс гаргуулахаар нэхэмжилж байна... нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлаж байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд ...35 хайс, 58 шонгийн үнээ хасахгүй надаас нэхээд байна. 500,000 төгрөгийн үлдэгдэл байсан. Хашаа хайсыг хар банзаар хийх байсан, гэтэл хуш болон нарс модны банзны захаар хийж, чанар муутай болсон. Хашааг дахин сэлбэхэд 728,000 төгрөгийн зардал гарсан... гэж маргасан.

  4.Талууд ажил гүйцэтгэх гэрээг байгуулан 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн дотор модон хайс буюу хашааг өөрийн материалаар хийж өгөх ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлсөнд 8,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн, Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хэлцэл хийсэн гэж үзэхээр заасан байх тул ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

5. Талууд гэрээнд заагдсан 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн дотор модон хайс буюу хашааг өөрийн материалаар хийж өгөх ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлсөнд 8,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдох ба, энэ талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хэн аль маргаагүй.

Харин гэрээгээр тохиролцсон хэмжээгээр ажлын үр дүн гүйцэтгэгдсэн эсэх талаар өөр өөрийн үндэслэл, тайлбарыг гарган маргаж мэтгэлцлээ.

6. Нэхэмжлэгч талаас ...бид тус хайс буюу хашааг тохирсон хугацаандаа буюу 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хийж дуусгасан. Хашааг хийж байх явцад байнга өөрөө ирж хашааны чанар байдалтай танилцаж, чанар байдлын талаар хангалттай гэж үзсэн. Улмаар хашаа буюу хайсаа авахдаа 2 удаа ирж ачсан...гэж тайлбарласан бол,

Хариуцагч талаас ... хэрэв хар модон банз, шонгоор хийсэн бол 500,000 төгрөгийг нь өгөөд тооцоо дуусах байсан. 26 хайс задарсны улмаас би хохирч өөрөөсөө 1,000,000 төгрөг гаргасан. Одоо тэр хайс нь хүрэхээр хугарчих гээд байдаг, эдэлгээ муутай хайснаас болж би хохирч байна. Чанартай зүйл хийгээгүй байж мөнгө нэхэмжлэхээ болимоор байна... гэж тус тус тайлбарлаж маргасан.

7. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ...ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Хариуцагч Д.******* нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу нэхэмжлэгч Ц.*******т 6,000,000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдох ба энэ талаар зохигчид маргаагүйг дурдах нь зүйтэй.

8. Нэхэмжлэгч Ц.******* нь модон хайс буюу хашааг өөрийн материалаар хийж гүйцэтгэсэн болохоо нотлохоор шүүхэд хүсэлт гаргасны дагуу Мөнгөн хөрөнгийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийхэд тус дэвтрийн 5-6 дугаар хуудаст: хайс, 5/7 хэмжээтэй прус, шон зэргийн өдөр тутам худалддаг үнийн тэмдэглэл, 23-24 дүгээр хуудаст: Д.******* нь анх хашаа хийлгэхэд орох материалын тооцоо, үнийн дүнг тохирсон тэмдэглэл, Д.******* материал хүлээж авсан огноо, тооцоо, үлдэгдэл тооцооны тэмдэглэл зэрэг бичиглэл хийгдсэн байв. /хх 53 дугаар хуудас/

Дээрх дэвтрийг нэхэмжлэгч өдөр тутмын хийж гүйцэтгэсэн ажлаа тэмдэглэдэг байсан гэж тайлбарласан ба тэр талаар хариуцагч маргаагүй болно.

9. Харин Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2 дахь хэсэгт захиалагч ... гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу захиалагч Д.******* нь ажил гүйцэтгэгч Ц.*******ын хийж гүйцэтгэсэн модон хайс буюу хашааг хүлээн авах үүрэгтэй.

Нэгэнт гүйцэтгэгчийн хийсэн ажлыг захиалагч хүлээж авсан бөгөөд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж заасны дагуу ажил гүйцэтгэгч Ц.*******ын гүйцэтгэсэн модон хайс буюу хашааг бүрэн хүлээн авсан гэж дүгнэх үндэслэлтэй.

10. Хариуцагч ....хашаа хайсыг хар банзаар хийх байсан, гэтэл хуш болон нарс модны банзны захаар хийж, чанар муутай болсон... гэж маргаж байгаа боловч, ажлын үр дүнг хүлээн авснаас хойш тийнхүү гэрээгээр тохирсон хэмжээнд хүрээгүй талаар хуульд заасан гомдлын шаардлага гаргаагүй байх тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана гэж заасны дагуу шаардах эрхгүй, тийнхүү шаардлага гаргаагүй бөгөөд, гэрээгээр тохирсон ажлын үр дүн бий болсон учир захиалагч нь ажлын хөлсийг төлөх үүрэгтэй.

Түүнчлэн, хариуцагч Д.******* ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлаж мэтгэлцэж байгаа хэдий ч тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д заасны дагуу нотлоогүй байна.

11. Иймд хариуцагч Д.*******ээс ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл 1,765,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Ц.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 235,000 төгрөгөөсөө татгалзсаныг дурдав.

12. Хариуцагч Д.*******ээс гаргаж өгсөн хашааны талаар гэрэл зургууд /хх 42 дугаар хуудас/, нэхэмжлэгч Ц.*******оос гаргаж өгсөн гэрэл зургууд /хх 55-58 дугаар хуудас/, CD зэрэг нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ээс 43,190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч  Д.*******ээс Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл 1,765,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.

2.Нэхэмжлэгч Ц.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 235,000 төгрөгөөсөө татгалзсаныг дурдсугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ээс 43,190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 ,,

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН