2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2026/ШЦТ/17

 

 

 

     Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхагвацэнд,

           улсын яллагч Б.Ундрах /СХД/,

            хохирогч ****** /цахимаар/,

            шинжээч ****** /цахимаар/,

            шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ****** овогт ******ын ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ****** дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ****** оны 03 дугаар сарын 01-ний өдөр ****** аймагт төрсөн, ****** настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ******-д сувилагч ажилтай, ам бүл ******, нөхөр хүүхдүүдийн хамт ****** дүүргийн ****** дугаар хороо, ****** хороолол ****** дүгээр байрны ****** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ****** овогт ******ын ****** /РД:******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ****** нь 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ****** хорооны нутаг дэвсгэр ****** орчимд хохирогч ******г “...нөхөртэй нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэлээ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, хүзүү, баруун өвдөг, зүүн, баруун гарын сарвуунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч ****** шүүхийн хэлэлцүүлэгт: “...Энэ асуудал 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр болсон. ****** нь манай нөхөр лүү чат бичиж өөртэй нь уулзахгүй бол  эхнэрт чинь хэлнэ  шүү гээд дарамтлаад  басан. Тэгэхээр нь би нөхрийнхөө өмнөөс уулзъя гэж бичсэн.  Тэгсэн өглөө хохирогч манай гадаа ирчихсэн гар утсаараа бичлэг хийж байсан а надтай муудалцсаны дараа манай нөхрийн гар утсыг авч яваад дэлгүүрт үлдээсэн байсан. Би хохирогчийг зодсон зүйл байхгүй. Манай нөхөр намайг тэвэрчихсэн байсан тул энэ хохирогч гэх ******д хүрэх гэж сарвалзсан ч хүрч чадаагүй юм.Тухайн үед хохирогчийн нүүр жаахан улайсан л байсан. Өөр юм харагдаагүй. Иймээс үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

            Хохирогч ****** шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед би нөхрөөсөө алсан, 2 хүүхдийн хамт байдаг байсан. Би тэр хүнтэй  харилцдаг байсан. ****** намайг зодсон, харин тэр хүн салгах гэж оролдсон. Би тэр өдөртөө эмнэлэгт үзүүлж зураг авхуулсан. Хамар хугаралтай байна гэж гарсан. Би одоогоор хагалгаанд ороогүй байна. Яагаад гэхээр би Япон улсад байгаа ба энд одоо халуун байгаа учир хагалгаа хийлгэх боломжгүй байна. Гэхдээ удахгүй хийлгэх тул хагалгааны зардлаа нэхэмжилнэ.Урд нь миний хамар гэмтэж байгаагүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

            Шинжээч ****** шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тус дүгнэлтийг гаргахдаа хохирогчийн  биед үзлэг хийснээс гадна 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн компьютер томографийн шинжилгээний хариуг үндэслэн гаргасан. Тус хариунд “хамрын баруун хажуу хана зөрүү багатай хугаралтай, таславч зүүн тийш бага зэрэг мурийсан” гэж бичсэн байсан. Аливаа ясны хугарал нь зөрж болон зөрөхгүйгээр хугарсан байдаг. Хохирогчийн хамрын ясны хугарал нь бороололт үүсээгүй байсан учир шинэ гэж дүгнэсэн. Энгийн нүдээр харахад уг гэмтэл нь мэдэгдэхгүй байж болно, энэ тохиолдолд гэмтэл учирсан эсэхийг  дүрс оношилгооны шинжилгээний хариуд үндэслэж тогтооно. Дүгнэлтдээ ерөнхий байдлаар хамар ясны хугарал гэж дүгнэсэн байгаа. Шинэ, хуучин гэмтлүүдийг бороололт үүссэн эсэхээс хамаарч ялгана. Зөрүү багатай хугарал нь хаван хавдар үүсэж ч болно, үүсэхгүй ч байж болно. Хохирогчийн хувьд  гэмтэлт бороололт үүсээгүй, бас  хамрын баруун хажуу ханын зөрүү нь мэдэгдэж байсан учир шинэ гэж дүгнэсэн байгаа. Дүрс оношилгооны эмчийн хариунд үндэслэж дүгнэлт гаргасан тул дахин дүрс оношилгооны эмчээр уншуулах шаардлагагүй гэж үзсэн. Мөн бид нарийн мэргэжлээр мэргэшиж 8 жил суралцаж төгссөн учир ийм тодорхой гэмтлийг дахин уншуулах шаардлагагүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Хохирогч ****** нь “...Шүүгдэгч ****** “надад гэмтэл учруулсан, би эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэсэн саналыг,

Шүүгдэгч ******гийн өмгөөлөгч Б.Болортуяа “...миний үйлчлүүлэгчийн нөхөр нь барьчихсан байсан учир хохирогчийг цохиж чадаагүй гэдэг. Мөн хохирогч нь урд нь бусдад зодуулж байсан гэсэн яриа өгүүлэмж байдаг тул хохирогчийн хамарт үүссэн хугарал нь шинэ хуучин аль нь болохыг, мөн хамарт нь 2,3 хугарал үүссэн байсан эсэхийг мэргэжлийн салбар зөвлөлөөр дахин нарийн дүгнэлт гаргуулмаар байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудыг бүх талаас нь шинжлэн судлахад:   

Шүүгдэгч ****** нь 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ****** хорооны нутаг дэвсгэр, ****** орчимд хохирогч ******г “...нөхөртэй нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэлээ” гэсэн шалтгаанаар маргалдаж, толгой, нүүр хэсэгт нь гараараа цохисноос эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

1. Хохирогч ******гийн: “...Би 2024 оны 06 дугаар сарын үеэс эхэлж ****** гэх эрэгтэй хүнтэй харилцдаг болсон. Тухайн үед хоолны газартаа засвар үйлчилгээ хийлгүүлж танилцаж байсан. Энэ хүнийг би анх уулзаж эхэлсэн үеэсээ л эхнэр, хүүхэдтэйг нь мэддэг байсан. Би ч бас нөхөр, 2 хүүхэдтэй ба миний энэ байдлыг ч гэсэн ****** мэддэг байсан. Хоорондоо ярилцаж тохироод уулздаг байсан юм. Өчигдөр орой 19 цагийн орчимд ****** бид хоёр утсаар ярьж маргалдсан. Тэгсэн чинь ****** намайг утас, фэйсбүүк, вайбер зэргээр бүгдээр нь блоколсон байсан. Тэгээд өнөө өглөө 07-08 цагийн үед ****** инстаграм хаягаараа над руу чат бичээд хоёулаа уулзаж ярилцъя, Сонгинохайрхан дүүргийн ****** хорооны 83 дугаар сургуулийн тэнд хүрээд ир гэхээр нь би тийшээ явж очоод ******тай сургуулийн гадна уулзаад юм яриад зогсож байтал ******ын эхнэр болох ****** гэх эмэгтэй гарч ирээд гар утсаараа бичлэг хийгээд өшөө цааш юу ярих юм, яриад бай гэснээ намайг ирж үсдэж байгаад миний толгой, нүүр хэсэг рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгсэн чинь ****** салгах гээд дийлээгүй. Би арай гэж салж зугтаагаад, зугтахдаа тэр газар унасан байсан ******ын айфон 14 про загварын гар утсыг аваад зугтсан. Би эргэж хараад өөрөө ирж утсаа аваарай гэж ******т хэлсэн. Намайг анхнаасаа үсдээд доошоо тонгойлгож байгаад зодоод байсан ба би өөдөөс нь зодож чадаагүй. Би түүний хэвлий хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Бусдаар бол би биеийн бүх хэсэгтээ зодуулсан. Миний мөр хэсгээр,  нүүр халуун оргиод гэдэс орчимд өвдөж байна. Тухайн үед тэр эмэгтэй миний хамар, нүүр лүү гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед би гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд томограф болон үзлэг оношилгоонд даатгалаар орсон. Өөр ямар нэгэн байдлаар эмчилгээ үйлчилгээ хийлгээгүй. Би одоогоор хагалгаанд ороогүй байна. Яагаад гэхээр би Япон улсад байгаа ба энд одоо халуун байгаа учир хагалгаа хийлгэх боломжгүй байна. Гэхдээ удахгүй хийлгэх тул хагалгааны зардлаа нэхэмжилнэ.Урд нь миний хамар гэмтэж байгаагүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21, 51 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

2. Гэрч ******ын: “...Би 2025 оны 06 дугаар сарын 14-ний орой Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 40 дүгээр байрны 64 тоот гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамт амарч байхад гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж явдаг ****** нь байнга миний гар утас руу залгаад, мессеж бичээд байсан. Тухайн орой эхнэр юун хүн юм гээд асуугаад уурлаад бид хоёр үл ойлголцож байхад ****** намайг утсаа авахгүй байсан тул эхнэр рүү залгаад надтай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж явдаг талаар хэлсэн байсан. Тухайн оройноос хойш эхнэр миний гар утсыг өгөөгүй, тэгээд хүүхдүүд гэрт байсан болохоор эхнэр намайг гадаа гаръя гээд хэсэг ярьж байгаад эхнэр гэр рүүгээ орохдоо гэрийн хаалгыг дотор талаас нь цоожлоод намайг оруулаагүй. Би гэрийн хаалганы гадаа буюу коридорт унтаж байхад эхнэр өглөө 08 цагийн үед гарч ирээд байрны ард талд байрлах сургуулийн хашаан дотор ороод тэр эмэгтэйгээ намайг байхгүй юм шиг уулзаадах гэж хэлээд би сургуулийн хашаа руу орох үед ****** намайг хараад хүрээд ирсэн. Тэгсэн эхнэр араас хүрч ирээд тэр хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж маргалдсан. Улмаар хэн хэнийхээ үснээс зулгааж, ноцолдож байхад нь эхнэрийн гар утас, мөн миний гар утас газарт унасан. Тэгээд би тэр хоёрыг салгасан чинь ****** нь миний газарт байсан гар утсыг аваад зугтсан. Тэгээд эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Би эхнэртэйгээ 2010 онд гэрлэлтээ батлуулж байсан, бид 4-15 насны 3 хүүхэдтэй. 2024 оны 06 дугаар сард бид хоёр нь барилга дээр ажиллаж байхдаа танилцаж, улмаар би одоог хүртэлх хугацаанд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэх болсон. ****** нь нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тухайн өдөр би ******г дуудаагүй, эхнэр миний гар утсыг ашиглаж дуудсан байх. Би тэр хоёрыг хэн хэнийгээ доромжилж байгаа эсэх талаар сайн сонсож чадаагүй, тэр хоёр уулзаад хэн хэндээ ганц хоёр үг хэлэх шиг болоод ноцолдоод, хэн хэнийхээ үснээс зулгааж, хэн хэнийхээ өмсөж явсан хувцас зэргээс татаж, ноцолдсон, тэгээд би салгасан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ****** дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ:

2025.06.16-ны өдрийн КТГ-н шинжилгээнд: хамрын баруун хажуу хана зөрүү багатай хугаралтай ба таславч зүүн тийш бага зэрэг мурийсан” дүгнэлт бичсэн эмч ******,

Хэсэг газрын үзлэгт: “...зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын төвгөр овойж хавдсан, зүүн нүдний доод зовхи, дотор булан хэсгээр, мөн баруун нүдний зовхины дотор булан хэсгээр хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, зүүн хацрын төвгөр, хамрын нуруу, ухархайн доод хэсгээр тэмтрэлтээр эмзэглэлтэй, хүзүүний урд доод хэсэгт 1х0,2см, 2,3х0,2см, 0,5х0,2см, баруун өвдөгч 1х1см, зүүн гарын сарвууны ар  талд 0,5х0,3см, зүүн гарын ядам хурууны 1-р үений ар талд 0,8х0,3см, баруун гарын сарвууны ар талд 0,6х0,4см хүрэн улаан өнгийн зулгаралттай” гэж,

Дүгнэлт хэсэгт:“...******гийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, хүзүү, баруун өвдөг, зүүн, баруун гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

4. Шинжээч ******ын: “...хохирогчийн хамар ясны хугарал дангаараа, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхины цус хуралт гэмтлүүд дангаараа буюу тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт бусад гэмтлүүд тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дүгнэлтэд дурдсан ******гийн биед учирсан гэмтлүүд тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Тус дүгнэлтийг гаргахдаа хохирогчийн  биед үзлэг хийснээс гадна 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн компьютер томографийн шинжилгээний хариуг үндэслэн гаргасан. Тус хариунд “хамрын баруун хажуу хана зөрүү багатай хугаралтай, таславч зүүн тийш бага зэрэг мурийсан” гэж бичсэн байсан. Аливаа ясны хугарал нь зөрж болон зөрөхгүйгээр хугарсан байдаг. Хохирогчийн хамрын ясны хугарал нь бороололт үүсээгүй байсан учир шинэ гэж дүгнэсэн. Энгийн нүдээр харахад уг гэмтэл нь мэдэгдэхгүй байж болно, энэ тохиолдолд гэмтэл учирсан эсэхийг  дүрс оношилгооны шинжилгээний хариуд үндэслэж тогтооно. Дүгнэлтдээ ерөнхий байдлаар хамар ясны хугарал гэж дүгнэсэн байгаа. Шинэ, хуучин гэмтлүүдийг бороололт үүссэн эсэхээс хамаарч ялгана. Зөрүү багатай хугарал нь хаван хавдар үүсэж ч болно, үүсэхгүй ч байж болно. Хохирогчийн хувьд  гэмтэлт бороололт үүсээгүй, бас  хамрын баруун хажуу ханын зөрүү нь мэдэгдэж байсан учир шинэ гэж дүгнэсэн байгаа. Дүрс оношилгооны эмчийн хариунд үндэслэж дүгнэлт гаргасан тул дахин дүрс оношилгооны эмчээр уншуулах шаардлагагүй гэж үзсэн. Мөн бид нарийн мэргэжлээр мэргэшиж 8 жил суралцаж төгссөн учир ийм тодорхой гэмтлийг дахин уншуулах шаардлагагүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

5.Шүүгдэгч ******гийн: “...Тухайн хэрэг болдог өдрийн урьд орой нь манай нөхөр болох ****** нь ****** гэх эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн талаар мэдсэн. Яаж мэдсэн гэхээр над руу танихгүй нууцалсан дугаараас залгаад би авч ярихад ******тай ярих гэсэн юм  гээд удаа дараа залгаад байхаар нь нөхөр байхгүй талаар хэлэхэд намайг эргүү тэнэгээр нь дуудаад нөхөртэйгөө яриулсангүй гээд уурлаад байсан. Ингээд над руу байсхийгээд залгаад байхаар нь би аваагүй. Улмаар нөхөр лүүгээ залгаад чиний унтаж хэвтсэн гэх хүүхэн залгаад болохгүй байна гэж хэлэхэд нөхөр урдаас би тайлбарлая, миний буруу гэж хэлэхэд би тухайн эмэгтэйг манай нөхөртэй ямар харилцаатай талаар ойлгосон. Тэгээд нөхөр гэртээ ирээд тухайн эмэгтэйтэй 2-3 удаа уулзсан. Сүүлдээ эхнэрт чинь хэлнэ шүү гээд дарамтлаад байхаар нь удаа дараа уулзсан гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй манай нөхрийн ажил дээр очоод “эхнэрт чинь, ар гэрийнхэнд чинь хэлнэ, чи надтай уулзаж холбоотой байж бай гэж дарамталдаг. Надтай уулзаж байхгүй бол би надтай харилцаатай болсон талаар гэрийнхэнд чинь болон эхнэрт чинь хэлнэ гэж дарамталж байсан” талаар хэлсэн. Тэгтэл маргааш өглөө 06 цагийн үед тэр эмэгтэй би байрны чинь гадна байна, гарч ирэхгүй бол эхнэрт чинь хэллээ, эсхүл гэр лүү чинь орлоо гэж хэлж дарамталсан чат ирэхээр нь би нөхрийнхөө өмнөөс 83 дугаар сургуулийн орчимд уулзъя гэж хэлээд улмаар би нөхрийн хамтаар очоод би нөхрөө үлдээгээд сургууль руу орсны дараа тэр эмэгтэй ирээд манай нөхөртэй уулзахаар нь би сургуулиас гараад тухайн эмэгтэй дээр очиход намайг ирснийг мэдчихээд нэг их юм яриагүй. Тэгэхээр нь би чи надтай уулзана гээд байсан биз дээ, юу яримаар байгаа юм бэ? Би нөхрөөсөө бүгдийг сонссон гэхэд чам шиг нөхрөө харж чаддаггүй, балиар авгай чамтай юм ярихгүй гээд элдвээр хэлээд доромжлоод миний цээж рүү түлхээд цохихоор нь би зөрүүлээд түлхсэн. Тэгтэл миний цээж рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд манай нөхөр дундуур ороод би сарвалзаад хэд хэдэн удаа цохих гэсэн боловч миний гар хүрээгүй. Ингээд би гараараа үүснээс нь зулгаагаад өшиглөх гэтэл хөл хүрээгүй. Тэгээд өшиглөх гээд хий дэмий хэд хэдэн удаа сарваганасан. Гэхдээ миний хөл хүрээгүй гэж бодож байна. Тухайн үед манай нөхрийн утсыг газраас аваад зугтаасан. Араас нь гүйгээд гүйцэлгүй цагдаагийн байгууллагад хандсан. ...Хөл нүүр хэсэгт нь хүрсэн эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан сарваганаад өшиглөх гэж оролдоход нүүрэнд нь хүрсэн байх, яг тухайн үед би мэдээгүй. Би тухайн хүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед ямар ч эмэгтэй хүн нөхөртэй нь янз бүр болсон эмэгтэй тэгээд бүр хэл амаар доромжлоод байвал тийм үйлдэл хийх байсан гэж бодож байна. Гэхдээ би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хүний Эрхийн түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан ба Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” хэмээн тунхаглан заасан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Хэргийн үйл баримтаас үзэхэд, хохирогч ****** нь шүүгдэгч ******гийн нөхөр ******тай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн уг асуудлаас шалтгаалсан байх бөгөөд энэ асуудлыг мэдсэн шүүгдэгч ****** нь хохирогч ******тай маргалдаж харилцан үсдэлцсэн төдийгүй хохирогчийн эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан, гэрч нь тэдгээрийг салгаснаар энэхүү үйлдэл төгссөн байна.

Хэдийгээр шүүгдэгч ****** нь хохирогчид учирсан гэмтлийг учруулаагүй, намайг манай нөхөр ****** барьчхаад хөдөлгөхгүй байсан гэж мэдүүлсэн боловч түүний энэ мэдүүлэг нь хохирогч ******, гэрч ****** нарын мэдүүлгээр үгүйсгэгдсэн, улмаар өөр этгээдийн үйлдлээс шалтгаалж хохирогчид гэмтэл учирсан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Тодруулбал, хохирогч ****** нь шүүгдэгч ******тэй маргалдсан, харилцан үсдэлцсэн төдийгүй шүүгдэгч нь түүний эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан, гэрч ****** нь тэдгээрийг салгасан болохыг мэдүүлсэн нь гэрч ******ын “...****** намайг хараад хүрээд ирсэн. Тэгсэн эхнэр араас хүрч ирээд тэр хоёр хоорондоо маргалдсан ба хэн хэнийхээ үснээс зулгааж, хэн хэнийхээ өмсөж явсан хувцас зэргээс татаж, ноцолдсон, тэгээд би салгасан” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдсон байна.

Хохирогч ****** нь 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ГССҮТ-д очиж КТГ шинжилгээ хийлгэсэн, уг шинжилгээгээр түүний биед хамрын баруун хажуу хана зөрүү багатай хугаралтай ба таславч зүүн тийш бага зэрэг мурийсан гэсэн оношийг дүгнэлт бичсэн эмч ****** нь тодорхойлсон. (хавтаст хэргийн 27 дахь тал)

Улмаар шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч ******ын гаргасан шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтлийг хөнгөн хохиролд тооцсон байх бөгөөд шинжээч мэдүүлэгтээ уг гэмтлийг бороололт үүсээгүй байсан учир шинэ гэмтэл гэж үзсэн, тус гэмтэл нь гэмт хэрэг гарсан тухайн хугацаанд үүссэн байх боломжтойг дүгнэсэн байна.

Дээрх байдлаас дүгнэвэл, тухайн өдөр хохирогч, шүүгдэгч нарын хооронд маргаан үүссэнийг хэн аль нь үгүйсгээгүй, улмаар шүүгдэгч ****** нь хохирогчийн биед халдсаныг хохирогч, гэрч нар мэдүүлсэн нь хоорондоо харилан зөрүүгүй, ГССҮТ-ийн дүрс оношилгооны эмчийн онош, шинжээчийн дүгнэлтээр хохирогчид хамар ясны хугарал гэмтэл учирсан, уг гэмтэл нь хөнгөн зэргийн ангилалд хамаарсан, шинжээч ****** нь дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл, хэрэг гарах хугацаанд үүссэн байх боломжтойг мэдүүлсэн зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч ******гийн үйлдлээс шалтгаалж хохирогчид гэмтэл учирсан гэж дүгнэх үндэслэл болсон.

Иймээс шүүгдэгч ******гийн хохирогчийн эсрэг хийсэн үйлдэл нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан шинжтэй, энэ нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүхийн хэлэлцүүлэг дээр шүүгдэгчийн өмгөөлөгч нь “хохирогч ****** урд нь өөр хүнд зодуулж хамартаа гэмтэл авсан байж болзошгүй байна, түүний хамарт 3 хугарал байгаа эсэхийг тогтоолгохоор мэргэжлийн салбар зөвлөлөөр дахин нарийн дүгнэлт гаргуулмаар байна” гэсэн хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь, тус хэрэгт хохирогч ******д өөр хүнд зодуулж гэмтсэн эсэх талаар мэдүүлэг, баримт байхгүй, мөн ГССҮТ-ийн дүрс оношилгооны хариунд “хохирогчийн хамрын баруун хажуу хана зөрүү багатай хугаралтай ба таславч зүүн тийш бага зэрэг мурийсан” онош тавигдсан, өөр ямар нэгэн хугарал гэмтэл тодорхойлогдож, оношлогдоогүй байх тул шүүхээс таамагт үндэслэн ГССҮТ-ийн дүрс оношилгооны хариу, шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг үгүйсэх боломжгүй, үндэслэлгүй юм.

Иймээс прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцэж, шүүгдэгч ******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн  нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс  үйлдэхүйгээр  гэмт хор учруулсан этгээд  уг гэмт  хорыг хариуцан  арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар  алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм  хор учруулсантай холбогдон  гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах  зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид  төлөх үүрэгтэй” гэж заасан.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч ******гийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд тэрээр өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзаж байна гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал) хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч ******г энэ тогтоолоор хохирогч ******д төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч ****** нь цаашид хамар ясны хугарлыг янзлуулах хагалгаанд орно, уг зардлаа нэхэмжилнэ гэх тул энэхүү зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ******гээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч ******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч ******гийн өмгөөлөгч Б.Болортуяа нь “...улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулж буй ял, албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгжих ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан  хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид зааснаар оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэм буруутай этгээдийн  хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Шүүгдэгч ******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, тус үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, хор уршгийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны хүүхдүүдтэй/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин, орлогын хэмжээг харгалзан 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч ****** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч ******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****** овогт ******ын ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч ****** нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ******гээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Г.АЛТАНЦЭЦЭГ