Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2023/03779

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2023/03779

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..............................., Ж Э /Регистрийн дугаар: ....../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .............................. тоотод бүртгэлтэй ч, .......................... тоотод оршин суух, . Г.Э /Регистрийн дугаар: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 4.142.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов. Хариуцагч хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ЖЭ нь Г.Э холбогдуулан гэрээний үүрэгт 4.142.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Г.Э нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай зуслангийн зориулалтын 0,07 га газрыг эхнэр  нэр дээр гаргаж өгөх үүрэг хүлээж 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Зээлийн эргэн төлөлтийн баталгаа гарган 3.000.000 төгрөгийг 45 хоногийн хугацаанд буцаан төлөх нөхцөлтэйгээр нэхэмжлэгчээс бэлнээр авсан. Анх зарын дагуу газар авч өгнө, гэрчилгээг 45 хоногт гаргаж өгнө гэж хэлээд 3.000.000 төгрөгийг авсан. Мөнгийг бэлнээр авна гэсэн тул мөнгийг өгөхдөө түүнээс зээлийн баталгаа бичүүлж авсан. Тэгээд удахгүй гэрчилгээ гарна, хүлээж бай гэж хэлээд байсан. Гэтэл газраа надад биш өөр хүнд худалдаад гэрчилгээ нь гарсан болохыг сүүлд мэдсэн.

Анхнаасаа хариуцагч хэсэг бүлэг этгээдтэй үгсэн хуйвалдаж залилан, луйвар хийсэн юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн тул Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өргөдөл өгсөн. Хариуцагч 3.000.000 төгрөгийг бэлнээр авснаа хүлээн зөвшөөрч хохиролгүй болгоно гэдгээ удаа дараа өчсөөр байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хаасан.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газар-ын шат, шатны прокурорт гомдол гаргасан боловч Г.Э холбогдох эрүүгийн хэргийн 221102202 дугаартай хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан нь үндэслэлтэй байна гэж үзээд учирсан хохирлоо Иргэний шүүхээр шийдвэрлүүлэх боломж байгаа тухай мэдэгдэл ирүүлсэн.

Иймд Зээлийн эргэн төлөлтийн баталгаа-ны дагуу үндсэн зээл 3.000.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сараас 2023 оны 9 сар хүртэлх хугацааны хүү, алданги 3.240.000 төгрөг, нийт 6.240.000 төгрөгийг гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан.

Хэрэв 3.000.000 төгрөгийг банкинд хадгалуулсан байсан бол гурван жилийн хугацааанд Голомт банкинд 1.172.712 төгрөгөөр, Төрийн банкинд 1.107.000 төгрөгөөр, Хаан банкинд 1.144.955 төгрөгөөр тус тус өсөх боломжтой гэсэн тооцооллыг банкны эдийн засагчид надад тооцоолж өгсөн. Хадгаламжийн хүү сарын 1,2 хувь юм байна. Иймд энэ гурван банкны тооцооллыг дундажлаад хэрэв би 3.000.000 төгрөгийг энэ гурван жилд хадгалуулсан бол 1.142.000 төгрөг олох боломжтой гэж үзэж шаардаж байгаа. Иймд нийт 4.142.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариу тайлбарт дурдсан н.Энхтайван гэдэг хүнтэй бид хэлцэл хийгээгүй, Г.Эын хамт дагаж явсан хүн нь юм гэв.

 

2.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ЖЭын нэхэмжлэлийн үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэсэгчлэн төлөхийг буюу анх авсан 3.000.000 төгрөгийг зөвшөөрч байна. Гэвч энэ 3.000.000 төгрөгийн 2.000.000 төгрөгийг н.Энхтайван гэдэг хүн төлнө гэж үзэж байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс баримтаар: өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн эргэн төлөлтийн баталгаа, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 841 тоот прокурорын тогтоол, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1/608 тоот хариу мэдэгдэх хуудас, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Хаан банкны зээлийн гэрээ, Голомт банкны зээлийн гэрээ, тооцоолол, Төрийн банкны дансны хуулга, тооцоолол зэргийг ирүүлжээ. /хх 5-9, 31-37/

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч ЖЭ нь Г.Э холбогдуулан гэрээний үүрэгт 6.240.000 төгрөг гаргуулахаар анх шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 4.142.000 төгрөг болгож багасгасан тул шүүх энэ хүрээгээр шийдвэрлэх нь зүйтэй.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр зарын дагуу уулзаж газар худалдан авахаар тохирч мөнгийг шилжүүлсэн боловч газрыг өгөөгүй тул төлсөн мөнгийг хохирлын хамт буцаан гаргуулна гэж тайлбарлав.

3.хэрэгт дараах баримтууд авагдсан. Үүнд:

3.1.2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Г.Э нь иргэн ЖЭаас 3.000.000 төгрөгийг 45 хоногийн хугацаатайгаар зээлж 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр буцаан төлөхийг баталсан Зээлийн эргэн төлөлтийн баталгаа гэсэн баримт авагдсан.

3.2. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 841 тоот прокурорын тогтоол, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1/608 тоот хариу мэдэгдэх хуудсаар: иргэн ЖЭаас гаргасан 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр газар худалдаж авахаар бусдад 3.000.000 төгрөг өгч залилуулсан тухай гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулаад Г.Э нь мөн өдөр 3.000.000 төгрөгийг авсан боловч зуслангийн газрын гэрчилгээг гаргаж өгөөгүй, мөнгөө буцаан өгөөгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэргийн шинжтэй байх боловч гэмт хэрэг үйлдэгдснээс хойш гурван жилийн хугацаа өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ.

4.Дээрх баримтууд болон зохигчийн хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэвэл: 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Г.Э, ЖЭ нарын хооронд амаар газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэл зориг илэрхийлсэн болох нь тогтоолд би Бат-ирээдүйд газрыг нь зараад өгье гэж тохирсон, Би үнэгүй.мн сайтад Шадивлан зусланд 1 айлын 0,7 га газар зарна гээд зар оруулсан. Эрдэнэбат зарын дагуу залгаад уг зуслангийн газрыг очиж үзүүлсэн. 8 сая төгрөгнөөс ярилцаад авч болно гээд бичиг баримтыг нь үзүүлсэн. Гэвч газар таалагдаж байгаа боловч үнэ өндөр юм гэхээр нь би миний нэр дээр энэ газрын хажуу талд 0,7 га газрын гэрчилгээ гарах гэж байгаа, та сонирхох бол үнээ тохирч болно гээд 3.000.000 төгрөгөөр тохирсон. 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр мөнгө өгч авалцсан гэсэн хариуцагчийн өгч байсан мэдүүлгээр тогтоогдож байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-д заасан эрх худалдах худалдан авах хэлцэл амаар байгуулагдсан байна.

Ийнхүү үүргийн хэлцэл амаар байгуулагдсан ч өмчийн хэлцэл хийгдээгүй, хариуцагч газрыг шилжүүлээгүй болох нь тогтоогдож байна. Улмаар нэхэмжлэгч төлсөн мөнгөө буцаан авах шаардлага гаргаснаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээ цуцлагдсан гэж үзнэ. Гэрээ цуцлагдах үндэслэлд хэлцэл хийгч нөгөө тал болох Г.Э буруутай, амаар харилцан тохиролцсон газраа нэхэмжлэгчид бус харин өөр гуравдагч этгээдэд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан прокурорын тогтоол, хариу мэдэгдэх хуудсаар тогтоогдсон тул гэрээнээс татгалзаж болохгүй Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан нөхцөл бүрдээгүй. Иймд нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа авсан 3.000.000 төгрөгийг төлнө гэж тусгасан тул маргаагүй гэж үзэж, түүнд шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

5.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч 2020 оны 5 дугаар сард шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг банкинд хадгалуулсан байсан тохиолдолд нэхэмжлэл гаргах хүртэлх гурван жилийн хугацаанд хадгалуулсан бол Голомт банк жилийн 12 хувиар 1.172.712 төгрөг, Төрийн банк жилийн 12,3 хувиар 1.107.000 төгрөг, Хаан банк жилийн 12 хувиар 1.144.955 төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан гэж тайлбарлаж дээрх гурван банкны хадгаламжийн хүүг дундажлаж 1.142.000 төгрөгийг хохиролд тооцон шаардаж байна.

Шүүх нэхэмжилсэн 1.142.000 төгрөгийг зайлшгүй олох ёстой байсан орлогод тооцож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

6.Хариуцагчид өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мэдэгдэж баримтаар баталгаажуулсан боловч тэрээр хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан Г.Эаас 4.142.000 /дөрвөн сая нэг зуун дөчин хоёр мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЖЭад олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114.790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 81.222 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ