Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/052

 

*******ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******ад холбогдох эрүүгийн 2014000000437 дугаар хэргийг 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ******* ******* овогт *******гийн *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар *******

******* нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын 3 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 1.014.662 /нэг сая арван дөрвөн мянга зураан зуун жаран хоёр/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: ******* ******* овогт *******гийн *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******ад нэг /01/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5-д зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн 16-70 улсын дугаартай экскаватор үнэ 9.200.000 төгрөг, усан буу 1.000.000 төгрөг, дизель мотор 1.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ын ковш 6.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ын 76-71 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 6.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ын 92-96 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл үнэ 11.500.000 төгрөг нийт 35.200.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн монгол гэр 3 ширхэг, 48 инчийн зурагт 1 ширхэг зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч *******ад буцаан олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3,-д зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэж олсон 5.7 грамм алтыг хэрэгцээний дагуу Монгол банкинд тушаахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн 16-70 улсын дугаартай экскаватор, усан буу, дизель мотор, иргэний нэхэмжлэгч ын ковш, иргэний нэхэмжлэгч ын 76-71 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, иргэний нэхэмжлэгч ын 92-96 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх техникүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч нарт нь тус тус буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 сарын 05-ны өдрийн 178 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Миний хувьд хийсэн гэмт үйлдлээ анхнаас нь хүлээн зөвшөөрч, гэм буруугаа мэдүүлэг болон бүх зүйлээ үнэн зөвөөр өгсөн билээ. Би зөвшөөрөлгүй газарт хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль эдийн засагт 1.014.662 төгрөгийн хохирол учруулсан байсныг 3 дахин нугалж хохирлыг нөхөн барагдуулсан. Мөн нөхөн сэргээх зардалд 73.847 төгрөгийг сумын тамгын газрын холбогдох дансанд хийж хохирлыг барагдуулсан. Одоо хийсэн хэрэгтээ гэмшиж шөнө ч нойр хүрэхгүй дахин хэзээ гэмт хэрэг хийхгүй гэж андгайлж байна. Миний хувьд хэрэг үйлдэх болсон шалтгаан нь тэр газрыг аймаг орж газрын зөвшөөрөл хөөцөлдөхөөр аймгийн төв рүү явахдаа контролдоод үзээдхээрэй гэж хэлээд явсан, миний хэлснээр тэнд байсан түрээсийн бүх техникийг оролцуулсан байсан. Би байсан бол тэгэхгүй байсан. Гэвч би удирдах үүрэг өгсөн учир буруугаа хүлээнэ. Миний хувьд эхнэр 8 настай хүүхэдтэй бөгөөд тэд ажил хөдөлмөр эрхэлдэггүй миний орлогоор амьдардаг. Мөн миний аав өндөр настай хүний асрамжид байдаг. Аавыгаа асардаг. Миний амьдралын хүнд байдлыг харгалзан хорих ялыг тэнсэж өгнө үү.” гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: *******ад ял оногдуулахгүйгээр тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна уу гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын 3 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газрын 0.07 га газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 1.014.662 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 Дээрх үйл баримт нь

-хохирогч байгууллагын төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч , иргэний нэхэмжлэгч , , , гэрч , , , нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,

-”...Тухайн эвдэгдсэн талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын 1.014.662 төгрөг болж байна. Тухайн эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх зардал нь 73.847 төгрөг болж байна.....гэх дүгнэлт Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/85 дугаар, “... гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл, тоног төхөөрөмж бусад эд зүйл, алтны зах зээлийн үнэ нь нийт 37.384.400 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон... “ Энх Нахиа ХХК-ийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 519 дугаар дүгнэлтүүд

-... хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 5.7 грамм жинтэй, нунтаг хэлбэрийн шар өнгөтэй металл нь алт мөн байна....790/4161 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 5.1 граммтай металл нь алт мөн гэж тодорхойлсон Стандарт хэмжил зүйн хэлтсийн Үнэт металл сорьц тогтоох лабораторийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл хэмжээний хүрээнд хорих ял оногдуулжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, уг хэрэгт шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон 1.014.662 /нэг сая арван дөрвөн мянга зураан зуун жаран хоёр/ төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4-ын 5-д зааснаар 3 дахин нугалж нийт 3.043.986 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөн нөхөн сэргээлт хийх зардал 73.847 төгрөгийг нэмж нийт 3.117.833 төгрөгийг шүүгдэгч нь нөхөн төлсөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч *******ад хорих ялын доод хэмжээг оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцэхгүй байна.

Харин Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******ын Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хэрэгт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын 3.117.833 төгрөгийг нөхөн төлсөн болон 0.07 га хэмжээтэй, урьд нь эвдэгдсэн газрыг ухсан зэрэг гэмт хэргийн нөхцөл байдал болон хувийн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ын давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан ” ... хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг хүссэн...” гомдол болон саналыг хангаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.4 -т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* Тангад овогт *******гийн *******ыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* Тангад овогт *******гийн *******ад хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай” гэж, 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3, 36.11 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар шүүгдэгч ******* нь 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 9 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 85 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, цагдан хоригдож байгаа шүүгдэгч *******ыг шүүх хуралдааны танхимаас суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Анхан болон Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Т.ЖАРГАЛСАЙХАН

Л.НЯМДОРЖ