Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2023/03844

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 12 04

181/ШШ2023/03844

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: .................... тоотод оршин суух, Т... овогт Е. Д. /регистрийн дугаар:./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......................... байрлах, ӨБХ /регистрийн дугаар:..-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Е.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон: Үүнд: Иргэн Е овогтой Д би ӨБХ -тай 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын D/05 тоот гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо /одоогийн 17 дугаар хороо/ Стадион оргил, Зайсан гудамж, Оргил стар таун 59 дүгээр байрны Е хаалга /36 тоот/-ны 92.6 мкв талбай бүхий байр болон автомашины зогсоолын хамт 2012 оны 3 дугаар улиралд хүлээж авахаар захиалсан болно.

Захиалагчийн зүгээс гэрээний төлбөр болох орон сууцны 1 мкв нь 1.700.000 төгрөг буюу 157.420.000 төгрөг, автозогсоолын төлбөр болох 15.000.000 төгрөг, нийт 172.420.000 төгрөгийн төлбөр тооцоог цаг хугацаанд нь бүрэн төлж барагдуулсан. Хариуцагч ӨБХ гэрээнд заасан байр болон автозогсоолыг хүлээлгэн өгсөн болно. Гэвч байр, автозогсоол-оос зөвхөн байрны гэрчилгээ гарган өгсөн. Харин одоог хүртэл автозогсоолын гэрчилгээг гарган өгөөгүй байна. Миний бие удаа дараа шаардахад хариуцагч байгууллагын удирдлага болон хуулийн зөвлөх нар удахгүй өгнө гэсээр өдийг хүрлээ. Ингэхдээ хариуцагчаас миний зогсоолыг барьцаанд тавьсан байгаа барьцаанаас суллахаар өгнө гэж хэлдэг. Бодит байдал дээр автозогсоолыг эзэмшдэг боловч өнөөдрийн байдлаар гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргасан болно.

Иймд Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Стадион оргил, Зайсан гудамж, Оргил стар таун хотхоны 59 дүгээр байрны зоорийн давхарт байрлах 149 тоот автозогсоолын өмчлөгчөөр Е.Д ын нэр дээр гэрчилгээ гаргуулж, бүртгүүлэхийг ӨБХ -д даалгаж өгнө үү гэв.

2.Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй болно.

3.Нэхэмжлэгчээс баримтаар: 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн D/05 тоот Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ, төлбөр төлсөн Хаан банкны шилжүүлгийн баримт, Иргэний үнэмлэхний хуулбар, Өндөр буянт холдинг ХХК-д гаргасан 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн гэрчилгээ авах тухай хүсэлт, схем зураг хуулбараар, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зөвшөөрөх хуудас хуулбараар, БА ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 01/148 тоот тодорхойлолт, Оргил стар хотхоны сууц өмчлөгчдийн холбооны 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолт, орон сууцны төлбөрийн хуулга хуулбараар ирүүлжээ. /хх 4-16, 55-60/

Хариуцагчаас нотлох баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлжээ. /хх 24, 25/

Шүүхийн журмаар: тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШЗ2023/18679 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5/10791 тоот хариу зэргийг бүрдүүлжээ. /хх 40-51/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Е.Д нь ӨБХ -д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Стадион оргил /17012/, Зайсангийн гудамж, 59 дүгээр байрны 149 тоот зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч шаардлагаа авто зогсоолын гэрчилгээ гаргуулахыг даалгах гэж тодорхойлсон ч агуулгын хувьд тэрээр тухайн хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардсан байх тул энэ хүрээгээр тооцон шийдвэрлэв.

3.Шаардах эрхийн үндэслэлээ: 2011 онд гэрээ байгуулан орон сууц, автозогсоолыг худалдан авсан, мөнгийг төлсөн, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн ч авто зогсоолын гэрчилгээг гаргаж өгөөгүй, 2013 оноос хойш эзэмшиж ашиглаж байгаа тул өмчлөгчөөр тогтоолгоно гэж тайлбарлав.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гардан авч, 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаар ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

Мөн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ч хариуцагч талын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхийг хангах үүднээс хуралдааныг хойшлуулсан. Түүнчлэн өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгдэж баримтаар баталгаажуулсан хэдий ч мөн хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв.

5.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтооогдсон. Үүнд:

5.1.Нэг талаас ӨБХ , нөгөө талаас Е.Д нар 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр D/05 тоот Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулжээ. Энэ гэрээгээр Худалдагч нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах Оргил стар таун хотхоны D блок 1 дүгээр орц 5 давхарт, хаалганы дугаар Е, гурван өрөө орон сууцыг автомашины зогсоолын хамт худалдан авагчийн өмчлөлд 2012 оны 3 дугаар улиралд барьж ашиглалтад оруулахаар, Худалдан авагч нь үнэ 172.420.000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх 4-7/

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн гэрээ байна.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

4.2.Гэрээний дагуу нэхэмжлэгч Өндөр буянт холдинг ХХК-ийн Хаан банкны 5041084125 тоот данс руу 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 150.000.000 төгрөг, 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 22.420.000 төгрөгийг тус тус Дамбийням, D блок 2-р орц, 5 давхар Е хаалга, 3 өрөө 92,6 мкв гэсэн утгаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна. /хх 8, /

4.3.БА ХХК-иас Тус хотхоны 59 дүгээр байр 36 тоотын оршин суугч Е.Д нь хотхоны доор байрлах 149 тоот зогсоолыг барилга ашиглалтад орсон цагаас эхлэн ашигласан бөгөөд манай байгууллагад зогсоолын төлбөртэй холбоотой төлбөрийн үлдэгдэлгүй, өр авлагагүй болохыг тодорхойлов хэмээн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 01/148 тоот албан бичгээр тодорхойлжээ.

5.Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн лавлагаагаар Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/ Зайсангийн гудамж 56 тоот хаягт байрших 7996,87 мкв талбайтай хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021929 дугаарт, мөн газрын 59 тоот хаягт байрших 11824,3 мкв талбайтай хөрөнгө бүхэлдээ эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023057 дугаартайгаар тус тус ӨБХ -ийн өмчлөлд тус тус бүртгэгдсэн, тухайн 56, 59 тоот байрны зоорийн давхарт байрлах автозогсоол нь 2014 оны 2014/349 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, холбогдох нотлох баримт болон нэрсийн жагсаалтын дагуу салгаж бүртгэх ажиллагааг хийж байгаа талаар тодорохойлжээ.

Мөн гараж захиалагчдын нэрсийн жагсаалтыг барилгын компани болох хариуцагч ӨБХ -иас бүртгэх байгууллагад хүргүүлсний дотор нэрсийн жагсаалтын 2 дугаар хуудасны 73-д зогсоолын дугаар №149, талбайн хэмжээ 18 мкв, захиалагч Ерөнхүүгийн Дамбийням, регистрын дугаар:ЦБ73050279, үнэ 15.000.000 төгрөг, төлбөр төлсөн 100 хувь гэж тэмдэглэгдсэн байна.

Бүртгэх байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар тухайн автозогсоолын хувьд эрхийн улсын бүртгэл салж бүртгэгдээгүй, үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан, нэхэмжлэгч гэрээний үүргийг биелүүлж үнийг төлсөн гэж үзсэн тул тэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Стадион оргил /17012/ Зайсангийн гудамж 59 дүгээр байрны зоорийн давхарын 149 тоот автозогсоолын өмчлөгчөөр Е.Д ыг тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг ӨБХ -д даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ