Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2023/03781

 

 

 

 

 

 

 

 

 

2023 11 28

181/ШШ2023/03781

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ................ тоотод оршин суух, Ш. овогт Ж.М. /Регистрийн дугаар:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..... тоотод оршин суух, Б овогт Б А /Регистрийн дугаар:.........../-д холбогдох,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцыг чөлөөлүүлэх, 10.320.000 төгрөг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Б.А гэрээний төлбөрийг хүлээн авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах, алданги 38.184.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэгч Ж.М нь Б.А холбогдуулан орон сууцыг чөлөөлүүлэх, 10.320.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч Б.А тай нэхэмжлэгч Ж.М 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээгээр төлбөрийг сар бүрийн 05-ны өдрийн дотор 8.000.000 төгрөг төлөхөөр заасан боловч графикийн дагуу төлөх үүргээ зөрчиж, хуваарьт төлбөрийг удаа дараа хугацаа хоцруулж үүрэг зөрчсөн. Тус гэрээний 3.2-т заасныг худалдан авагч тал 3 сар 12 хоног төлбөр төлөлт хийгдэхгүй ноцтой зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн талын гэр бүлийн санхүүгийн байдал хүндэрч, эрүүл мэндийн эмчилгээ тасалдаж улмаар дахин эмчилгээ хийлгэх шаардлага бий болсон. Иймд гэрээг дуусгавар болгох мэдэгдлийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өгч, хариуцагч тал үл хөдлөх хөрөнгийг өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж ашиглаж байна. Хүлээлгэн өгөхгүйгээс үүдэн Ж.М өөрийн өмчлөлийн орон сууцандаа амьдарч чадахгүй нөхцөл байдал үүссэн байна. Энэхүү хууль бус үйлдлээ зогсоохыг утсаар 3-4 удаа мэдэгдэж, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бичгээр мэдэгдэл өгч, удаа дараа хариуцагчаас шаардсан.

2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн бичгээр өгсөн мэдэгдэлд Та бүхэн уг орон сууцыг мэдэгдэл хүлээн авснаас хойш 2 сарын дотор чөлөөлж өгөхийг хүсье гэж мэдэгдсэн. Мэдэгдлийн хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр дууссан байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйл 106.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Мын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021385 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 14 дүгээр байр 05 тоотод байрлах 86 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг Б.А ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Мөн хариуцагч гэрээг дуусгавар болгох мэдэгдлийг өгч 2 сарын дотор чөлөөлж өгөхийг мэдэгдсэн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш үнэ төлбөргүй орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа тул ашигласан төлбөрийг нэг сарын 2.580.000 төгрөгөөр тооцож Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар өөрийн хөрөнгийг хэмнэх замаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн 10.320.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хоёр: Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ж.Мтай 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүний өмчлөлийн улсын бүртгэлийн эрхийн Ү- 2203021385 дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпын гудамж, 14 байр, 5 тоот хаягт байрлах, 86 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахаар тохиролцсон. Тус үл хөдлөх эд хөрөнгө нь одоо миний эзэмшилд, харин өмчлөх эрх нь Ж.Мад байгаа бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг гэрээнд заасны дагуу бүрэн төлж дууссаны дараа өмчлөх эрхийг шилжүүлэх талаар гэрээний 3.3-т заасан.

Бидний хооронд байгуулсан гэрээний 3.1-д дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 258.000.000 төгрөг юм. Гэрээний 3.2-т зааснаар худалдан авагч талаас урьдчилгаа төлбөрт 68.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 05-ны дотор 8.000.000 төгрөгийг төлөгдөөгүй үнээс сар бүрийн 1.1%-ийн хүүгийн хамт төлөх бөгөөд гэрээний хугацаа 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр дуусахаар тохирсон.

Миний бие урьдчилгаа төлбөр болох 68.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж, улмаар сар бүрийн төлбөрийг хүүгийн хамт төлөх үүргээ шударгаар, зохих ёсоор биелүүлж байсан.

Ингээд 2022 оны 7 дугаар сарын төлбөр төлөх ээлжит хугацаа дөхөж байтал Ж.М надад мөнгө хэрэгтэй болоод байна. Үлдсэн төлбөрөө бөөнд нь авъя гэж хэлсэн. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл төлбөр 99.200.000 төгрөг болж байсан. Уг мөнгийг шууд өгөх боломж манай гэр бүлд байгаагүй тул худалдаж аваад удаагүй байсан (73.000.000 орчим төгрөгөөр худалдаж авсан) автомашинаа төлбөрийн зарим хэсэгт нь тооцон өгөх санал хэлэхэд Ж.М автомашин авахаас татгалзсан. Энэ хүртэлх хугацаа миний зүгээс гэрээний төлбөрт нийтдээ 179.150.000 төгрөгийг төлж, гэрээгээр хүлээсэн үүргийнхээ ихэнх хэсэг буюу 2/3-ыг гүйцэтгэсэн байсан.

Миний зүгээс сар бүрийн төлбөрөө гэрээнд заасны дагуу зохих ёсоор хийгээд явах бүрэн боломжгүй байсан ч Ж.М мөнгөө нэг доор өгөхийг шаардсан тул үлдэгдэл төлбөрийг аль болох богино хугацаанд олохоор зорьж, улмаар 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 50.000.000 төгрөгийг Ж.Мын данс руу шилжүүлсэн. Үүний дараа үлдэгдэл 49.200.000 төгрөгийг төлөөд үл хөдлөхийн гэрчилгээгээ шууд шилжүүлж авах хүсэлтэй байгаагаа Ж.Мад хандан илэрхийлсээр байхад, тэрээр хөдөө явж байна... ажилтай байна... хэд хоногийн дараа холбогдъё... гэх зэргээр хойшлуулсаар 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр маргааш уулзъя, эмнэлэгт хэвтэж байна... гэж хэлсний дагуу маргааш нь буюу 9 дүгээр сарын 30-ны өдрийн Баасан гарагийн 16:30 цагт уулзахаар болсон.

Ж.Мтай уулзахаар төлөвлөсөн байх үед нөхөр, бид хоёр үлдэгдэл төлбөр болох 49.200.000 төгрөгийг төлөхөөр дансандаа төвлөрүүлэн бэлэн болгосон байсан. Ингээд 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр товлосон цагтаа Ж.Мтай уулзахаар явж байтал 16:05 цагт Ж.Маас 229.150.000 төгрөгийг байрны төлбөр буцаан олголт утгатайгаар буцаан шилжүүлсэн талаарх мессеж утсанд ирсэн. Би Ж.М руу залгаад Яагаад өгсөн мөнгийг маань буцаагаад шилжүүлчихэв гээд асуухад тэрээр уулзаж байгаад тайлбарлая гэсэн.

Ингээд Ж.Мтай уулзахад тэрээр би эрүүл мэндийн шалтгаантай болсон, чамд байраа худалдах боломжгүй болсон гэх агуулгатай тайлбар хэлсэн. Миний зүгээс Ж.Мын гэрээнээс татгалзаж буй саналыг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн. Бид хоёрыг уулзаж байхад манай нөхөр ирсэн ба бидний зүгээс 229.150.000 төгрөгийг буцаан авахыг Ж.Маас шаардсан төдийгүй үлдэгдэл төлбөрийг шууд төлөхийг хүссэн ч тэрээр хүлээж аваагүй.

Уулзалт дууссаны дараа нөхөр бид хоёр Монгол Улсын Боловсролын их сургуулийн төв байрны зүүн талд, Төгөлдөр төвийн хажууд байрлах Хаан банкны Киоск машинаар үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг бүрэн төлөхөөр гэрээний төлбөрөө байнга хүлээн авдаг Ж.Мын данс руу шилжүүлэг хийх гэсэн боловч тэрээр дансаа хаалгачихсан байсан. Ийнхүү Ж.М үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хүлээн авах үүргээ биелүүлэхгүй, худалдагч талаас гэрээнээс татгалзах үндэслэл бүрдээгүй байхад гэрээнээс татгалзаж буйгаа мэдэгдэж, улмаар үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг шаардаж байгаа нь миний эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Ж.М 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр (9 дүгээр сарын 30-ны өдрийн огноотой) Гэрээнээс татгалзаж, дуусгавар болгох тухай мэдэгдэл-ийг онлайн viber)-аар ирүүлсэн. Уг мэдэгдэлдээ ...худалдан авагч тал уг гэрээнд заасны дагуу төлбөр төлөх хугацааг 3 сар 12 хоног буюу 102 хоногоор хоцроож гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд төлбөр хийх талаар 2 удаа мэдэгдсэн боловч тодорхой үр дүн гараагүй болно... гэж бодит байдлыг илтэд гуйвуулж, гүжирдэж бичсэн байсан. Ийнхүү мэдэгдэл өгөхөөс өмнөх хугацаанд Ж.М нь гэрээгээ цуцлах, гэрээнд заасны дагуу сар бүрийн төлбөрийг төлөх талаар огт хэлж, мэдэгдэж байгаагүй юм.

Дээрх үйл явдлыг сүүлд дүгнэн үзэхэд Ж.М 2022 оны 7 дугаар сард үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь шаардсан урьдаас төлөвлөж зохион байгуулсан буюу намайг уг төлбөрийг хурдан хугацаанд өгч чадахгүй гэж тооцон улмаар сар бүрийн төлбөр төлөх гэрээний үүргээ зөрчсөн юм шиг байдалд албаар оруулж гэрээнээс татгалзах зорилготой байсан гэж ойлгохоос өөр аргагүй байна. Тэрээр уг үл хөдлөх эд хөрөнгийг өөр этгээдэд надад худалдсан үнээс хамаагүй өндөр үнээр худалдах боломжтой болсны улмаас ийм үйлдэл хийж байж болзошгүй гэж миний зүгээс хардаж байна.

Миний бие гэрээний дагуу төлөх сар тутмын төлбөрөө хоцроосон явдалд Ж.Мын гэрээгээ зөрчиж үл хөдлөх эд хөрөнгийн үнийг нэг дор өгөхийг шаардсанаас болсон, нөгөөтэйгүүр, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 50.000.000 төгрөгийг төлж, сар тутмын төлөлтөөс илүү төлөлт хийсэн байхад 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээний үүргээ зөрчсөн гэж гэрээнээс татгалзаж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.4.3-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй, 219 дүгээр зүйлийн 219.3-т Нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн дүнд хүрч чадахгүй нь тодорхой ... байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно гэж тус тус заасантай нийцэхгүй гэж үзэж байна.

Ж.Мын над руу 2022 оны 9 дугээр сэрын 30-ны өдөр буцаан шилжүүлсэн 229.150.000 төгрөг одоог хүртэл миний Хаан банкны дансанд байгаа бөгөөд үлдэгдэл 49.200.000 төгрөгийг миний бие одоо ч төлөхөд бэлэн байгаа гэдгээ илэрхийлж байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т зааснаар ялимгүй зөрчил-д гэрээг цуцалж болохгүй гэж заасан. Хэрэв хариуцагчийг үүрэг зөрчсөн гэвэл тэр нь ялимгүй зөрчилд тооцогдоно. Мөн орон сууцыг хууль бусаар хариуцагч эзэмшилдээ аваагүй, гэрээний дагуу хууль ёсоор олж авсан тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхгүй. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гурав:Хариуцагч Б.А аас Ж.Мад холбогдуулан гэрээний төлбөрийг Б.А аас хүлээн авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах, алданги 38.184.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Гэрээний дагуу 2022 оны 7, 8, 9 дүгээр сарын хуваарьт төлбөр нийтдээ 20 гаруй сая төгрөг болно. Гэтэл миний бие 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 50.000.000 төгрөг буюу 2022 оны 7,8,9 дүгээр сарын төлөлтөөс 2 дахин илүү хэмжээний төлөлт хийсэн байхад Ж.М 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээний үүргээ зөрчсөн гэж гэрээнээс татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Ж.М над руу 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр буцаан шилжүүлсэн 229.150.000 төгрөг одоог хүртэл миний Хаан банкны дансанд байгаа бөгөөд үлдэгдэл 49.200.000 төгрөгийг миний бие одоо ч төлөхөд бэлэн байгаа болно. Миний бие нэхэмжлэгч Ж.Мтай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргээ шударгаар, зохих ёсоор биелүүлсэн байхад нэхэмжлэгч Ж.М үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг хүлээн авах гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээнээс татгалзаж байгаан улмаас миний бие үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж, өмчлөх эрхийг түүнээс шилжүүлж авч чадахгүй, эрх маань зөрчигдөж байна.

Иймд хариуцагч Б.А аас төлөх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөр 278.350.000 төгрөгийг хүлээн авч, улсын бүртгэлийн Ү-2203021385 дугаартай, Улаанбаатар, Сүхбаатар, 1 дүгээр хороо, Олимпын гудамж, 14 байр, 5 тоот хаягт байрлах, 86 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч Б.А д шилжүүлэхийг нэхэмжлэгч Ж.Мад даалгаж өгнө үү. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, Талуудын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ-ний 3.5-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн дүнгээс алданги тооцож шаардаж байна.

Нэхэмжлэгч Ж.М 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг надад шилжүүлж өгөх ёстой ч гэрээний үүргээ зөрчсөөр байна. Иймд 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны хүртэл нийт 148 хоногийн алдангийг (258.000*148) тооцож, алданги 38.184.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Дөрөв.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 3.2 дугаар зүйлд үлдэгдэл гэрээний үнийг сар бүрийн 05-ны дотор 8.000.000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн. Хариуцагч Б.А гэрээний үүргийг удаа дараа зөрчдөг. Тус зөрчиж буй үйлдэл нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, тус хуулийн 222.8 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр үүргээ хугацаанаас нь өмнө гүйцэтгэсэн бол хугацаа хэтрүүлсэнтэй адилтгаж үзэж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, тус хуулийн 225 дугаар зүйлийн 225.7 дахь хэсэгт зааснаар ...үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт буюу урьдчилан сануулгын хугацаанд гэрээг биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно гэж тус тус заасны дагуу 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрээнээс татгалзаж, 229.150.000 төгрөгийг буцаан шилжүүлж, гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдэл хүргүүлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны дотор орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгасан боловч өнөөдөр хүртэлх хугацаанд чөлөөлөөгүй байна.

Тус мэдэгдлийг хүлээн авснаас хойш хариуцагч тал гэрээтэй холбоотой ямар нэгэн маргаан гараагүй бөгөөд 2023 оны 01 сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Худалдах худалдан авах гэрээний 3.5-д гэрээнд заасан хугацаанд хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүицэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлнө гэж тохиролцсон. Гэрээний зүйлийн үнэ болох 258.000.000 төгрөг гэрээнд заасан хугацаанд үүрэг гүйцэтгэгч тал огт төлөөгүй бөгөөд үүргээ биелүүлээгүй болно. Ямар үндэслэлээр хариуцагч орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан шаардах эрхийн үндэслэл тодорхойгүй. Мөнгийг бөөнд нь өг гэж нэхэмжлэгч шаардаагүй. Хариуцагч сар бүрийн 05-ны өдрийн дотор мөнгөө төлдөггүй, байнга утсаар залгаж нэхүүлж өгдөг. 2022 оны 7 дугаар сарын төлбөрийг төлөөгүй. Нэгэнт гэрээг зөрчсөн тул гэрээнээс татгалзсан. Татгалзсны дараа мөнгө шилжүүлчихсэн байсан. Гэрээ цуцалсан тул алданги шаардах эрхгүй.

 

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Тав.Нэхэмжлэгчээс баримтаар: Үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн төлбөрийн баримт, 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, Гэрээнээс татгалзаж дуусгавар болгох тухай мэдэгдэл хуулбараар, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, зүрхний шигдээсийн тасгийн эмчилгээний бичилт, шинжилгээний хариу зэргийг хуулбараар, амбулаториор эмчлүүлэгчдийн карт зэргийг ирүүлжээ. /хх 4-8, 77-83, хавсаргасан/

Хариуцагчаас баримтаар: өөрийн Хаан банкны дансны хуулга, данс хаагдсан тухай баримт хуулбараар, viber-аар харилцсан мессежүүд, гэрээнээс татгалзах мэдэгдэлд хариу өгсөн бичиг, өгсөн хариу хуулбараар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 182/ШЗ2022/15259 дүгээр шүүгчийн захирамж, 2023 оны хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 182/ШЗ2023/02378 дугаар шүүгчийн захирамж, Хаан банкны дансны үлдэгдэлийн тодорхойлолт, Хаан банкны мэдээлэл хүргэх тухай 5037/274 тоот албан бичиг, Б.Ууганбаярын Хаан банкны депозит хуулга, өөрийн Хаан банкны шилжүүлгийн баримтууд, худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл зэргийг ирүүлжээ. /хх 18-42, 44-56, 70-76, 137,138, 199/

Шүүхийн журмаар:хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн 181/ШЗ2023/05019 тоот захирамжийн дагуу Хаан банкнаас ирүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 29/3299 тоот хариу, 181/ШЗ2023/06222 тоот захирамжийн дагуу цахим захидалд хийсэн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5/4082 тоот хариу, тус шүүхийн Тамгын газрын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 830 тоот хариу зэргийг бүрдүүлжээ. /хх 93, 113-126, 132, 155-156/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Б.А д холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021385 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 4 сар үнэ төлбөргүй ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжсөн 10.320.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Б.А аас 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний төлбөр 278.350.000 төгрөгийг хүлээн авч, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021385 дугаарт бүртгэлтэй хөрөнгийн өмчлөх эрхийг Б.А д шилжүүлэхийг нэхэмжлэгч Ж.Мад даалгах, гэрээний дагуу 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх 148 хоногийн алданги 38.184.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзсан, энэ тухай мэдэгдэж, төлсөн мөнгийг буцаан төлсөн тул орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлнэ, чөлөөлөх хугацааг тогтоож өгсөн ч биелүүлээгүй тул түүнээс хойшх хугацаанд өөрийн хөрөнгийн хэмнэх аргаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх тул орон сууц хөлсөлснөөр тооцож гаргуулна гэж тайлбарлав.

3.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: Гэрээ цуцлахыг зөвшөөрөхгүй, үүргийн зөрчил гаргаагүй, хэрэв гаргасан гэж үзвэл ялимгүй зөрчилд тооцогдох тул гэрээнээс татгалзах үндэслэлгүй гэв.

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: Нэхэмжлэгч төлбөрт төлсөн бүх мөнгийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр буцаан шилжүүлмэгцээ дансаа хаалгасан байснаас мөнгийг төлж чадаагүй, төлөхөд бэлэн байгаа тул гэрээний дагуух мөнгийг хүлээн авахыг даалгана. Мөн гэрээнд зааснаар хугацаа хэтрүүлсэн алдангийг тооцож гаргуулна гэж тайлбарлав.

5.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: Гэрээг цуцалсан тул орон сууцыг шаардах үндэслэлгүй, мөн алданги шаардах эрхгүй гэж тайлбарлав.

6.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

6.1.нэг талаас Ж.М, нөгөө талаас Б.А нар 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр харилцан тохирч үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулжээ. Энэ гэрээгээр Худалдагч нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021385 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 14 дүгээр байр 5 тоот 86 мкв талбайтай орон сууцыг төлбөр бүрэн төлөгдөж дууссаны дараа худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, Худалдан авагч нь үнэ 258.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө урьдчилгаа 68.000.000 төгрөгийг төлж, үлдэх мөнгийг сар бүрийн 05-ны өдрийн дотор 8.000.000 төгрөгөөр төлөх, төлөгдөөгүй дүнгээс сар бүр 1,1 хувиар хүүг тооцох замаар 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлж дуусгахаар тус тус харилцан тохиролцжээ. /хх 6/

Зохигчид гэрээг байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн гэрээ байна.

6.2.Гэрээний дагуу хариуцагч 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 229.150.000 /хүүгийн хамт/ төгрөг төлсөн байсан, тухайн мөнгийг нэхэмжлэгч 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагчийн Хаан банкны дансанд байрны төлбөр буцаан олголт гэсэн утгаар шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй. /хх 5, 23/

6.3.Маргааны зүйл болсон эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021385 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 14 дүгээр байр 5 тоот 86 мкв талбайтай орон сууцны өмчлөгчөөр 2013 оноос хойш нэхэмжлэгч Ж.М бүртгэлтэй байгаа болох нь улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар, гэрээнд тусгагдсан мөнгө хүлээн авахаар заасан Хаан банкны 5015330210 тоот дансны эзэмшигчээр Ж.М бүртгэлтэй, уг дансыг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хаагдсан үйл баримтуудад маргаагүй, тогтоогдсон. /хх 113, 132/

6.4.Шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээнээс татгалзаж, дуусгавар болгох тухай мэдэгдлийг хариуцагчид цахимаар хүргүүлсэн, хариуцагч 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр түүний хариуг буцаан хүргүүлсэн, нэхэмжлэгчээс дахин 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хариуг хүргүүлсэн болох нь тогтоогдсон. /хх 113-126/

7.Зохигчид гэрээ цуцлах үндэслэл бүрдсэн эсэхэд маргасан.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Мөн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэх үүргийг хэлцэлд оролцогч талууд хүлээнэ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, 225 дугаар зүйлийн 225.4-т дараах тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан.

Хэрэгт авагдсан талуудын хоорондох гэрээний 3.2.-т гэрээ байгуулсан өдрөө урьдчилгаа 68.000.000 төгрөгийг төлөх, үлдэх мөнгийг сар бүрийн 05-ны өдрийн дотор 8.000.000 төгрөгөөр төлөх-өөр, мөн сар бүр төлөх мөнгийг нэг сар хойшлуулж, дараа сард 16.000.000 төгрөгөөр төлж болно гэж тохиролцжээ. Худалдан авагч тал болох Б.А аас гэрээ байгуулсан өдрөө урьдчилгаа 68.000.000 төгрөг, түүнээс хойш 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 6 дугаар сарын хооронд төлбөрөөс тодорхой хэсгийг тухай бүрт төлж байсан, 2022 оны 8 дугаар сарын 15-нд 5.000.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Ж.Мад утгаар 50.00.000 төгрөгийг гуравдагч этгээдийн /Сэц энх стар ХХК/ дансаар дамжуулж төлсөн, түүнээс өмнө 2022 оны 02 дугаар сард төлбөр төлөөгүй ч 2022 оны 3 дугаар сард нэгтгэж 19.036.000 төгрөг төлсөн болох нь дансны хуулгуудаар тогтоогдож байна. /хх 45-56/

Зохигчид үнийг 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хэсэгчлэн төлөхөөр анхнаасаа гэрээгээр тохиролцсон, хэргийн баримтаар хариуцагч зарим тохиолдолд хуваарьт төлбөрийг сарын бүрийн 05-ны өдрөөс хуанлийн хэд хоногоор хэтрүүлж төлсөн, түүнчлэн 2022 оны 02 дугаар сарын төлбөрийг дараа сартай нэгтгэж 3 дугаар сард төлсөн, 2022 оны 7 дугаар сарын хуваарьт төлбөрийг төлөөгүй, 2022 оны 8 дугаар сарын төлбөрийг гэрээнд заасан 8.000.000 төгрөгнөөс бага дүнгээр төлсөн боловч 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өмнөх үүргийн зөрчлүүдийг арилгаж нөхөж төлсөн байдал тогтоогдсон. Иймд дээрх үүргийн зөрчил Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан гэрээнээс татгалзаж болохгүй үүргийн ялимгүй зөрчилд хамаарна.

Иймд үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзах үндэслэл бүрдээгүй, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т заасан гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл тогтоогдсон тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарууд үндэслэлгүй.

8.Гэвч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж, 204 дүгээр зүйлийн 204.2-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж заасан.

Өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу үүргийн зөрчилтэй холбоогүй боловч гэрээний нэг тал байгуулсан гэрээнээс татгалзах эрхтэй байхаар, ийнхүү татгалзах тохиолдолд нөгөө талдаа мэдэгдсэн байх урьдач нөхцлийг хуулиар шаарджээ.

Хэргийн баримтаар шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзах хүсэл зоригоо 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн мэдэгдлээр 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчид цахимаар мэдэгдсэн нь тогтоогдсон, хариуцагч түүнийг зөвшөөрөхгүй тухайгаа тэр даруйдаа цахимаар мэдэгдсэн, нэхэмжлэгч дахин мөн өдрөө үргэлжлүүлэн гэрээнээс татгалзах хүсэл зоригоо илэрхийлж мэдэгдсэн болох нь тогтоогдож байна. Мөн үүний дараа хариуцагч 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрээнээс татгалзах хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар хариуг дахин цахимаар хүргүүлсэн, нэхэмжлэгчээс дахин 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрээнээс татгалзах хүсэл зоригоо илэрхийлж орон сууцыг султгаж өгөх тухай хариуг хүргүүлжээ.

Өөрөөр хэлбэл дээрх байдлаар хоорондоо цахимаар харилцсан байдал, төлсөн төлбөрийг буцаан шилжүүлсэн байдал зэргээс үзвэл Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т зааснаар гэрээнээс татгалзах хүсэл зоригоо нэхэмжлэгч дахин илэрхийлсэн байх тул тэрээр татгалзах эрхээ алдаагүй, нөгөө талдаа мэдэгдэх хуульд заасан урьдач нөхцөл биелэсэн байна.

Түүнчлэн хуралдааны явцад гэрээнээс татгалзах хүсэл зориг мөнгөө төлөөгүйгээс гадна тухайн байрыг зарах сонирхолгүй, өөрөө эрдэнэт хотод амьдардаг тул эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хотод ирэх үедээ хэрэглэнэ гэж тайлбарлаж байна. Ийнхүү нэхэмжлэгч байгуулсан гэрээнээсээ өөрийн сайн дураар татгалзах хүсэл зоригоо илэрхийлж нөгөө талдаа мэдэгдсэн байх тул шүүх энэ тохиолдолд үүргийн зөрчилтэй холбоогүй ч гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээнээс татгалзах эрхээ нэхэмжлэгч алдаагүй, хэрэгжүүлсэн гэж үзэв.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д ... аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэгтэй гэж зааснаар талууд маргааны зүйл зүйл болсон хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.

Харин ийнхүү сайн дураар татгалзсантай холбоотойгоор хариуцагчид учирсан хохирол болоод гэрээгээр тохиролцсон /5.3/ торгуулийг төлөх үүргийг нэхэмжлэгч хүлээнэ. Гэвч хариуцагч ийм шаардлагуудыг сөрөг нэхэмжлэлээр шаардаагүй, харин гэрээний үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгчээс шаардсан /гэрээний төлбөрийг хүлээн авч, хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, алданги гаргуулах/ тул энэ нэхэмжлэлээр хамтатган шийдвэрлэх боломжгүй. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбоотой хариуцагч учирсан хохирлоо /зардал, орон сууцны зөрүү гэх мэт/ жич шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар тодорхойлсон нь үндэслэлгүй, хуульд заасан урьдач нөхцөл бүрдээгүйг дурдав.

9.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд ... буцаан шаардах эрхтэй гэж, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг хожим хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шилжүүлэхээр заасан.

Нэхэмжлэгч 2022 оны 12 дугаар сараас хойш 4 сарын хугацаанд орон сууцыг үнэ төлбөргүй ашигласан үндэслэлээр хариуцагчаас нэг сард 2.580.000 төгрөгөөр тооцож 10.320.000 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжснөөр шаардсан.

Хэргийн баримтаар хариуцагч орон сууцыг хууль бусаар эзэмшиж ашигласан байдал тогтоогдоогүй, гэрээний дагуу орон сууцыг хүлээн авч эзэмшиж ашиглаж байгаа байдал тогтоогдсон. Түүнээс гадна талууд гэрээнээс татгалзсан тохиолдолд орон сууцыг хөлсөлснөөр тооцох тухай тохиролцоогүй тул хариуцагчийг өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй. Түүнээс гадна нэхэмжлэгч өөрөө гэрээнээс татгалзсан тул тэрээр хохирол, зардал шаардах эрхгүй. Иймд энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10.Сөрөг нэхэмжлэлийн тухайд: энэ шийдвэрийн 8-д дүгнэснээр шүүх гэрээнээс татгалзсан гэж үзэж гэрээний дагуу шилжүүлж авсан хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэсэн тул Б.А аас 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний төлбөр 278.350.000 төгрөгийг хүлээн авч, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021385 дугаарт бүртгэлтэй хөрөнгийн өмчлөх эрхийг Б.А д шилжүүлэхийг нэхэмжлэгч Ж.Мад даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсч, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан.

Түүнээс гадна маргаан зүйл болсон орон сууцыг хариуцагчид худалдах үүргийн хэлцэл хийгдсэн боловч гэрээнд болзол тавьснаас түүнд өмчлөх эрхийг шилжүүлээгүй буюу өмчийн хэлцэл хийгдээгүй, болзол бүрэн хангагдаагүйгээс хариуцагчийн эрх баталгаажаагүй байна. Түүнээс гадна эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх замаар худалдан авагчийн эрхийг баталгаажуулсан, хамгаалсан байдал тогтоогдоогүй. Улмаар нэхэмжлэгч төлсөн мөнгийг буцаан шилжүүлснээр нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажсан эрх-ийг үгүйсгэх боломжгүй.

11.Хариуцагч гэрээний дагуу 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх 148 хоногийн алданги 38.184.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Талуудын хоорондох гэрээний 3.5-д хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцохоор тусгасан, дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангажээ.

Гэвч 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээнээс татгалзснаар гэрээ дуусгавар болох тул хариуцагч түүнээс хойшх хугацааны алдангийг шаардах үндэслэлгүй. Иймд энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12.Хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 236.525 төгрөгийг илүү төлсөн байх тул улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид олгов. Мөн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021385 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 14 дүгээр байрны 5 тоот орон сууцыг нэхэмжлэгчид буцаан өгөхийг хариуцагч Б.А д даалгаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа үлдэх 10.320.000 төгрөг гаргуулах хэсгийг, мөн Ж.Мад холбогдох худалдах худалдан авах гэрээний төлбөр 278.350.000 төгрөгийг хүлээн авч, улсын бүртгэлийн Ү-2203021385 дугаарт бүртгэлтэй хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, алданги 38.184.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.А ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.631.000 төгрөг, хариуцагчийн төлсөн 2.103.548 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 1.518.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, илүү төлсөн 236.525 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ